Өнөөдөр 12 цаг 2 минут
УИХ-ын Хууль зүйн байнгын
хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн
иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг багц хуулийн төслийн
анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн
шатанд ажлын хэсгээс санал болгосон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн
гишүүдийг дан ганц Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгодог нь учир
дутагдалтай байна, тиймээс санал болгох субьектийг УИХ, Засгийн газраар
өргөтгөх ёстой” гэсэн заалт маргаан дагуулав. УИХ-ын гишүүд “Хэрэв ажлын
хэсгийн саналыг байнгын хороо хүлээгээд авчихвал шүүх байгууллагын
хараат бус байдал алдагдана” гэж шүүмжилсэн.
Мөн
төсөл санаачлагчдын зүгээс ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын “Шүүхийн ерөнхий зөвлөл нь 14 хүний
бүрэлдэхүүнтэй, тэдний 10 нь шүүгч нар байдаг. Өөрөөр хэлбэл, тус
зөвлөлд бүх шүүгч нар багтаж байгаагаас захиргааны талын асуудлыг
мэддэггүй.
Гэтэл төсөв хөрөнгөтэй
холбоотой асуудал хөөцөлдөхөөс эхлээд Сангийн яамтай харилцах шаардлага
үүсдэг гээд ажил хийх шатанд шүүгч нарын мэдэхгүй асуудал нэлээд гарч
буй тул бүгдийг нь шүүгч томилогддог асуудлыг эргэж харах шаардлага
үүссэн”гэв.
Ийнхүү талуудын байр
суурь зөрүүтэй, санал хуваагдсан тул энэхүү саналын томъёоллыг эргэж
ажлын хэсгийн төвшинд хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, энэ удаад санал
хураасангүй нээлттэй үлдээн, бусад зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор
санал хураалгаж дууссанаар энэхүү багц хуулийн төслийг УИХ-ын
чуулганаар хэлэлцэхээр болов.