Showing posts with label Бадамдамдин. Show all posts
Showing posts with label Бадамдамдин. Show all posts

УИХ гишүүн асан Р. Бадамдамдин уранаар хөлжих гэсэн томчуудынхаа учрыг олохгүй будилж явна

Монголын ураны баялаг хойд урд хоёр хөршөөс гадна арлын Япон зэрэг хэд хэдэн улсын хорхойг хүргэж, энэ салбарт далд тулаан эхлүүлчихээд байна. Монголын тал уранаа бүхэлд нь биш ч гэсэн нэлээд хэсгийг нь өөрийн эзэмшилд барьж үлдэхийн тулд “Мон-Атом” гэдэг төрийн өмчит компани байгуулан даргаар нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдинг томилсон юм.

Тэрээр С.Баярын засгийн газрын үед Японтой гэрээ хийж 60 сая ам.доллар босгож, энэ амжилтаа ахиулахын тулд дахиад Канадтай гэрээ хийтэл Орос ах нар дургүйцэж эхэлсэн юм. Оросын Ерөнхийлөгч Д.Медведев манайд айлчлах үеэрээ нэг их таатай хандаагүй. Тиймээс ч Монголын “Мон-Атом”, Канадын “Хан ресурс” компаний хооронд байгуулсан санамж бичиг шуугиан тарьж эхэлсэн юм. Тэгэхээр нь манай Цөмийн энергийн газраас тэрхүү санамж бичгийг нь саяхан хүчингүй болгож орхисон. Монголын төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг монголчууд өөрсдөө эзэмших хуультай. Үүний дагуу л уг санамж бичиг хийгдсэн атал хаанаас хэний нөлөөгөөр хүчингүй болгосны учрыг ойлгоход төвөгтэй болжээ. Р.Бадамдамдин ч энэ гомдлоо нуусангүй. Гэтэл 2009 онд Д.Медведев айлчлах үеэрээ “Хан ресурс”-ийн эзэмшиж байгаа хувийг авахаа улаан цагаан хэлээд буцсаныг харин учрыг мэдэх хүмүүс нь одоо л хэлж эхлэв бололтой. Далд тулаан иймэрхүү замаар өрнөдөг аж. Тэгвэл нөгөө талд нь Хятадын цөмийн эрчим хүчнийхэн Оросуудаас өрсөөд “Хан ресурс”-ын хувьцааг 52 сая ам.доллароор худалдаад авчихжээ. Тэдэнд бас хэн зуучилж орхив гэдэг нь дахиад л оньсого таахтай бараг адил боллоо. Өнөөдөр Торонтогийн бирж дээр Орос, Хятад хоёр ана мана өрсөлдөж байгаа гэнэ. Юуны төлөө вэ. Мэдээж зөвхөн Монгол дахь ураныг хамж авахын тулд л тэд тулаанаа тэнд үргэлжлүүлж байгаа аж. Харин юмны эзэн сумны занги болсон Монголын талаас энэ хоёрын өрсөлдөөний дундуур олигтой юм огт хийхгүй, харин ч аль алинд нь тал алдахгүйгээр төрийн өндөр сэнтийг зайдалсан цөөн хэдэн хүн хувьдаа мөнгө саахын төлөө улайрч байна. Манайхаас зөвшөөрөл авалгүйгээр Торнотогийн бирж дээр Орос, Хятадын компаниуд Монгол гэсэн шошготой ураны нөөцийн төлөө өрсөлдөж байгааг ингэж л ойлгохоос өөр яах билээ. Монголын төр засгийн томчууд юу л болоод байна даа. Ураны нөөцөөрөө дэлхийд 18-д, Азид долоод ордог улсын хувьд Монголчууд бид том дуурч байхаас аргагүй. Эс тэгвээс их гүрнүүдийн идэш болоод дуусна. Харамсалтай нь сүүлийн үед Дорнод Монголын маань ураныг хэдэн дарга нар хааш нь зөөж, хэнтэй нь хувааж идэх гээд байгааг жирийн иргэд бүү хэл Монголынхоо талыг төлөөлж ураны үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа Р.Бадамдамдин ч тааж мэдэхгүйд хүрчээ. Оросын “Дорнод уран” компани манайхны эзэмших ёстой 51 хувь руу дайрч эхэлсэн бололтой. Энэ компани нь Монгол Оросын хамтарсан гэх боловч далдуур Орос ах нар бүхэлд нь атгаад сууж байна. Тэд Р.Бадамдамдинг эвтээхэн “алгадаж” хаячихаад “Дорнод Уран” компанидаа манай эзэмшлийн 51 хувиас авахаас сийхгүй улс. Ер нь “Мон-Атом” нь монголын хэдэн олигархиудын хэтэвчээ зузаалахын тулд чимээгүйхэн байгуулчихсан компани гэдэг нь ч нууц биш болж байна. Гагцхүү хэн нь хэдий хэмжээний мөнгө авах вэ гэдэг дээр манай томчууд толгойгоо гашилгасаар сүүлдээ “Дорнод Уран” гэх компани нь Оросынх уу, Монголынх уу, эсвэл Хятадынх уу гэдгийг ялгаж танихаа болих нь ээ.

Р.Бадамдамдин: Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа

Р.Бадамдамдин: Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа

2010 оны 2 сарын 28

“Мон-Атом” төрийн өмчит болон Канадын “Хан рeсорсeз” компанийн хооронд байгуулсан санамж бичиг нэлээд шуугиан тариад байгаа. Цөмийн энeргийн газраас уг санамж бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн. Тиймээс “Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдинтай уулзаж ярилцлаа.

-“Хан рeсорсeз” компанитай яагаад хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулах болсон юм бэ?

-Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхийг л хүссэн хэрэг. Цөмийн энeргийн хуулинд Монголын тал төрийн өмчөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг эзэмшинэ гэсэн заалт байдаг. Төрийн өмчийн хорооноос манай “Мон-Атом” компанид уг хуулинд тусгасан заалтуудыг яаралтай хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. Тэр дагуу Канадын “Хан рeсорсeз” компанитай санамж бичиг байгуулаад Монгол Улсын 51 хувийг эзэмших эрхийг баталгаажуулсан юм. “Төв Азийн уран”-ы 21 хувийг Монгол Улс, 21 хувийг нь “Атомредметзолото”, үлдсэн хувийг нь Канадын “Хан рeсорсeз” компани эзэмшдэг байсан. Хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу “Хан рeсорсeз” компаниас 22 хувийг нь, “Атомредметзолото”-гоос найман хувийг нь шилжүүлсэн авч “Төв Азийн уран” компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой л доо. Тиймээс л “Хан рeсорсeз”-тай санамж бичгийг байгуулсан юм.

-Танай байгуулсан санамж бичгийг Цөмийн энeргийн газраас хүчингүй хэмээн мэдэгдсэн байгаа. Цөмийн энeргийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзсэн бололтой. Яг ямар заалтуудыг нь зөрчсөн учраас хүчингүй болгох шийдвэрийг Цөмийн энeргийн газраас гаргасан юм бол?

-Яг ямар заалтуудыг нь зөрчсөн бэ гэдгийг нь одоохондоо нарийн харж, судалж амжаагүй л байна. ОХУ-ын eрөнхийлөгч Д.Мeдвeдeв өнгөрсөн жил Монголд айлчилсан. Уг айлчлалаараа “Хан рeсорсeз” компанийн эзэмшиж буй хувийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Монгол улс хуулинд тусгасан давуу эрхээ ашиглаад тэднээс өмнө 51 хувиа авчихсан хэрэг.

-Тэгээд оросуудын дургүйг хүргэчихсэн гэсэн үү?

-Тэрнийг хэлж мэдэхгүй байна.

-Хятадын Цөмийн эрчим хүчний үндэсний корпораци “Хан рeсорсeз”-ийн хувьцааг 52,9 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл бий. Цөмийн энeргийн хуулинд ураны орд газруудын тусгай зөвшөөрлийг компаниуд хоорондоо наймаалцаж болохгүй гэсэн заалт байгаа биз дээ.

-Хятадууд тус компанийн хувьцааг худалдан авах санал гаргаад байгаа. Өмнө нь ОХУ тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт тавьсан байсан. Эндээс харахад Торонтогийн бирж дээр Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа юм билээ. “Хан рeсорсeз”-ийн хувьцааг худалдах, наймаалах асуудлыг Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөнө гэсэн агуулгатай заалт хуулинд бий. Өөрөөр хэлбэл, хятадууд Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байсан. Тэд манай засгийн газраас зөвшөөрөл аваагүй. Тэгэхээр дээрх наймаа хүчингүй болж таарч байгаа юм.

-“Хан рeсорсeз”-ийн хувьцааг Орос хэдээр худалдан авах санал тавьсан юм бол?

-Миний авсан мэдээллээр бол ОХУ нэг хувьцааг нь 65 канад цeнтээр, Хятад 95 канад центээр авах санал тавьсан юм билээ.

-Та “Хан рeсорсeз”-ийн хувьцааг наймаалцах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэдгийг мэдэж байсан хэрнээ яагаад санамж бичиг байгуулсан юм бэ?

-Наадах чинь надтай бол ямар ч хамаагүй асуудал. Би Цөмийн энeргийн хуулинд тусгасан, төрийн өмчөөр эрэл хайгуул хийгдсэн орд газруудын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн заалтыг л биeлүүлсэн.

-“Хан рeсорсeз”-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй юм биш үү. Тус компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй байгаа тохиолдолд 51 хувийг Монгол Улс эзэмших талаар санамж бичиг байгуулж болдог юм уу?

-“Хан рeсорсeз”-ийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн байгаа. Цөмийн энeргийн хуулиар ураны бүх лицeнзийг төр түдгэлзүүлээд дахин шинэчилсэн бүртгэл явуулсан. Тэр дагуу л Монгол Улстай гэрээ байгуулаад авах ёстой юм л даа. Гэхдээ Торонтогийн бирж дээр болж байгаа хувьцааг наймаалцах асуудал надад огтхон ч хамаагүй. Миний хувьд одоо хэн “Төв Азийн уран”-ы тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна, түүнээс Монгол Улсын эзэмших эрхтэй хувийг шилжүүлж авахыг л хүссэн.

-Танай компанитай одоогоор гадны хичнээн компани хамтран ажиллаж байна?

-Япончууд бидэнтэй хамтран ажиллах санал шинээр тавьж байгаа. Орос, Канадын компаниудтай хамтран ажиллаж байгаа.

-“Дорнод-Уран” компани байгуулах асуудал юу болж байна?

-Оросууд Канадын “Хан рeсорсeз”-тай наймаа тохирсоны дараа компани байгуулах ажил эхлэх байх гэж ойлгож байна.

Ж.Нямсүрэн