http://www.news.mn/content/124478.shtml
”МИАТ”-ийн захирал Ц.Орхон халагдах өргөдлөө өгөв
2012 оны 11 сарын 2

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр алдагдлаа тайлбарлаж ажлаа
тайлагнасан ”МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон өчигдөр ажлаас
чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тиймээс өчигдөр ТӨХ, дараа нь “МИАТ”
хувьцаат компанийн ТУЗ хуралдаж уг асуудлыг хэлэлцэн Ц.Орхоныг үүрэгт
ажлаас нь чөлөөлж, оронд нь гавьяат нисэгч Г.Жаргалсайханыг томилсон
байна. Тэрбээр “МИАТ” ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий
менежерээр ажиллаж байсан юм.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө
“МИАТ” компанийн Техникийн газрын инженер, техникийн хэсэг ажилтан
“Боинг 737-800” онгоцыг барьцаалан нислэгийг саатуулж улмаар тус албаны
120 гаруй ажилтнаас 94 нь халагдах өргөдлөө өгч ажил хаялт зарласан.
Эцэст нь Засгийн газар, ТӨХ-ны төвшинд асуудлыг хэлэлцэж 2010 оны
тавдугаар сарын 26-нд тус компанийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийг
ажлаас нь чөлөөлж оронд нь Ц.Орхоныг томилсон билээ. Ц.Орхон захирал
ажлаа авсан даруйдаа инженер техникийн бүрэлдэхүүнтэй ойлголцон
удирдлагын багийг 100 хувь шинэчлэн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд
захирлаар Г.Жаргалсайхан, Бизнесийн асуудал эрхэлсэн дэд захирлаар
Г.Нямдаваа нарыг тус тус томилсон байдаг. Харин дараа нь
Г.Жаргалсайханыг “МИАТ” ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий
менежерээр томилсон аж. Ямартай ч “Ц.Орхоны багийнхан” өнгөрсөн хоёр
жил гаруйн хугацаанд тус компанийн алдагдлыг багасгаж ашигтай
ажилуулах, нислэгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч
аюулгүй ажиллагаа, нислэгийн техникийн бүрэлдэхүүний чадвар дадлагын
талаар өндөр шаардлага тавьж ажилласан. Гэвч УИХ-ын сонгуулийн дараа,
“шаардлагатай” бол Засгийн газар солигдох бүрт “МИАТ”-ийн удирдлагад
“халддаг”-ийг мэдэрсэн хүний хувьд энэ удаад ажлаас чөлөөлөгдөх
өргөдлөө өгсөн бололтой.