Showing posts with label Содбилэг. Show all posts
Showing posts with label Содбилэг. Show all posts

Ерөнхийлөгч нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзлаа

Уулзалтын дараа "Мон Ойл энд Газ" ХХК-ийн гүй­цэт­гэх захирал О.Содбилэгтэй цөөн хором уулзсан юм. 
 -Уулзалтын гол зорилго юу байв? 
 
 -Энэ нь манай нефть им­порт­логч компаниуд гадаа­даас авах өөр эх үүсвэр байгаа эсэх, энэ тал дээр төрөөс дэмжлэг авч болох талаар Ерөнхийлөгч Н.Энх­баяртай уулзаж ярилцлаа. Одоогоор шийдэгдсэн зүйл байхгүй. Дэлхийн хэмжээнд бензин шатахууны үнийн түвшин өсч байгаа нь манай улсад хүндээр тусч байгаа болохоор арай хямдхан, өөр эх үүсвэр олох боломж юу байна гэдэг дээр манай им­портлогч компаниуд ажиллаж байгаа. 
 
 -Ямар учраас ком­паниуд нэгдэж, консер­циум байгуулсан бэ? 
 
 -Нефть импортлогч то­моохон компаниудын удирд­ла­гууд уулзаад Монгол Улсад нефть өгнө гэсэн байгаа ажлыг ганц компани хийх нь хүндрэлтэй тул салбарын компаниуд нэгдэж "Мон Ойл энд Газ" компанийг бай­гуулсан.   
 
 -Өөр бусад компаниуд нэгдэх боломжтой юу? 
 
 -Одоогийн байдлаар 5, 6 компани нэгдээд, ажлаа эх­лүү­лээд явж байна. Консер­циумд элсүүлэх тусгай бод­лого байхгүй. 
 
 -Нефтийн үнэд өөрч­лөлт гарах болов уу? 
 
 -Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ буурлаа гэхэд манай улс тэндээс нефть бүтээгдэхүүн авдаггүй болохоор нөлөөлдөггүй. Үүнийг манай хэрэглэгчид ойлгох хэрэгтэй. Импортлогч компаниуд гадаадынхны хэл­сэн үнээр нь бүтээгдэхүүнээ авдаг болохоор бодлогоор үнэ барих гэсэн зүйл байдаггүй. Сүүлийн хэдэн сард Засгийн газраас татаас өгч үнийн түвшинг нэлээн барьсан. Монгол Улсын эдийн засаг жижиг. Гэсэн хэдий ч ирээдүйд огцом өсөлт гарвал ямар ч улс нефтийн үнийг барьж чадахгүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд АНУ ч барьж чадахгүй байгаа шүү дээ.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Мон Ойл энд Газ” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

http://news.gogo.mn/news/print/41208

Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Мон Ойл энд Газ” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2008 оны 9-р сарын 8
Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Мон Ойл энд Газ” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай улсад шинээр байгуулагдаж буй “Мон Ойл энд Газ” ХХК-ийн удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад “Мон Ойл энд Газ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Содбилэг, “Петровис” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Энхчимэг, “НИК” ХК-ийн Ерөнхий захирал Ч.Давааням, “Магнай трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Ганзориг нар байлцлаа.

“Мон ойл энд Газ” ХХК нь стратегийн чухал ач холбогдолтой нефтийн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчдийн тоог нэмэх, дотоодын зах зээл дэхь шатахууны үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор түлш эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон компаниуд болох “Петровис” ХХК, “НИК” ХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай групп” ХХК, “Жаст групп” ХХК-иудын санаачлагаар шинээр байгуулагдаж буй аж.

Тус компанийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж манай улстай найрсаг харьцаат түнш орнуудаас санал болгож буй нефть, нефтийн бүтээгдэхүүний хангалтын болон тус салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд төрийн дэмжлэгтэйгээр өөрийн орныг нефтийн бүтээгдэхүүнээр хангах, нефть боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “шатахуун импортлогч компаниуд нэгдэн ажиллах хүсэлтээ илэрхийлж байгааг зарчмын хувьд дэмжиж байна” гээд “хамгийн гол нь улс эх оронд ашигтай, үйл ажиллагаа явуулж буй компаниудад үр ашигтай хувилбараар төрийн бодлогын хэмжээнд нэгдэж ажиллавал үр дүнд хүрэх болно” гэдгийг энэ үеэр онцлон хэлж байлаа. Төрийн тэргүүн мөн цааш хэлэхдээ нефть бүтээгдэхүүний чиглэлээр ажиллаж байгаа компаниуд нэгдэж тодорхой судалгаа, шийдэлтэй санал боловсруулж Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж гарцаа зөв тодорхойлж ажиллах нь зүйтэй болохыг уулзалтын үеэр зөвлөмж, чиглэл болголоо.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв