"С.Баяр монголчуудаас урвасандаа л гадаадад амьдарч байгаа"
2013 оны 1 сарын 31
-С.Баярцогт
гишүүнийг ганцааранг нь буруутгах учир дутагдалтай юм. С.Баяр гэрээг
заавал үзэглэнэ гэж намынхнаа дарамталж байгаад гэрээ байгуулсан шүү
дээ-
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр Монголын уул уурхай, хайгуул, ашиглалт, лиценз олголт зэрэг бүх зүйл дээр монгол хүн бүхэн санаа зовж, бодлого нь буруу байна, баялагтай хэрнээ бид ядуу амьдарч байна гэж бухимдаж байна. Өмнө нь монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин” гэдэг байсан бол одоо нүхний амсар дээр суусан гуйлгачид болчих вий гэж бүгдээрээ санаа зовж байна. Хөдөө аж ахуйн орон гэгдэж байсан Монгол орон одоо уул уурхайн хөгжил дээр тулгуурласан эдийн засагтай улс болж байна. Ийм үед уул уурхайн баялгаа зөв зүйтэй ашиглах, ашигтай гэрээ хийж борлуулах чадамжтай байх ёстой. Ингэж байж Монголын ард түмний амьдрал жигд сайхан болно. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд явж ирсэн өмнөх жишгээрээ явбал нэг хэсэг нь ядуурч, нэг хэсэг нь амьдралаас тасартлаа баяжаад л дуусна. Тиймээс Монголын уул уурхайг зөв голдрилд нь оруулахсан гэж санаа зовдог УИХ-ын гишүүд санаачлан, энэ түр хороог байгуулахыг хүссэн юм. Түр хороонд ороогүй ч гэсэн дэмжиж байгаа гишүүд олон бий. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ түр хороог хэлэлцэх эсэхийг нь шийдсэн, 21:26-аар байгуулах нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Тооны хувьд тун бага зөрүү. Байнгын хорооны хуралдаанаар мөн дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж дэмжсэнд баяртай байна.