"С.Баяр монголчуудаас урвасандаа л гадаадад амьдарч байгаа"

http://politics.news.mn/content/132649.shtml
"С.Баяр монголчуудаас урвасандаа л гадаадад амьдарч байгаа"
2013 оны 1 сарын 31

-С.Баярцогт гишүүнийг ганцааранг нь буруутгах учир дутагдалтай юм. С.Баяр гэрээг заавал үзэглэнэ гэж намынхнаа дарамталж байгаад гэрээ байгуулсан шүү дээ-


УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ дээр “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулахаар ярилцаж байна. Түр хороог яагаад байгуулах болсон юм бэ? Зарим гишүүд эсэргүүцэж байгаа бололтой...

-Өнөөдөр Монголын уул уурхай, хайгуул, ашиглалт, лиценз олголт зэрэг бүх зүйл дээр монгол хүн бүхэн санаа зовж, бодлого нь буруу байна, баялагтай хэрнээ бид ядуу амьдарч байна гэж бухимдаж байна. Өмнө нь монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин” гэдэг байсан бол одоо нүхний амсар дээр суусан гуйлгачид болчих вий гэж бүгдээрээ санаа зовж байна. Хөдөө аж ахуйн орон гэгдэж байсан Монгол орон одоо уул уурхайн хөгжил дээр тулгуурласан эдийн засагтай улс болж байна. Ийм үед уул уурхайн баялгаа зөв зүйтэй ашиглах, ашигтай гэрээ хийж борлуулах чадамжтай байх ёстой.  Ингэж байж Монголын ард түмний амьдрал жигд сайхан болно. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд явж ирсэн өмнөх жишгээрээ явбал нэг хэсэг нь ядуурч, нэг хэсэг нь амьдралаас тасартлаа баяжаад л дуусна. Тиймээс Монголын уул уурхайг зөв голдрилд нь оруулахсан гэж санаа зовдог УИХ-ын гишүүд санаачлан, энэ түр хороог байгуулахыг хүссэн юм. Түр хороонд ороогүй ч гэсэн дэмжиж байгаа гишүүд олон бий. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ түр хороог хэлэлцэх эсэхийг нь шийдсэн, 21:26-аар байгуулах нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Тооны хувьд тун бага зөрүү. Байнгын хорооны хуралдаанаар мөн дэмжиж, чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж дэмжсэнд баяртай байна.


Ер нь бол тухай үед эрх мэдэлтэй хүмүүс ч гэсэн буруу хууль тогтоомж баталснаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засахын төлөө ажиллаж байвал тэр хүн Монгол Улсын иргэн.  УИХ-ын гишүүд дотор амиа бодсон, уул уурхайгаар баяжсан, ил далд уул уурхайтай холбогдсон цөөхөн гишүүд  л түр хороо байгуулахын эсрэг зогсоно. Бусад нь бол бүгд дэмжинэ гэж бодож байна. Энэ түр хороог байгуулах цаг нь ч болсон. УИХ найман байнгын хороотой, уул уурхайн түр хороо бус байнгын хороо байх нь зүйтэй гэж би үздэг. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар олон асуудал хэлэлцдэг учраас уул уурхайн асуудалд цаг гаргаж, нухацтай хандахгүй байна. Тиймээс энэ түр хороог байгуулж, уул уурхайн асуудлыг нэг тийш нь болгох, жижиг, том уурхайн асуудалд цэгцтэй бодлого хэрэгтэй гэж үзэж УИХ-ын гишүүд нэгдэн түр хороо байгуулахаар болсон.

-Уул уурхайгаа түшиглэн эдийн засагаа хөгжүүлнэ гэж ярьдаг. Гэтэл хоёр жилийн өмнө “Монголын уул уурхай нэг алхмаар урагшилж,  монголчуудын мөрөөдөл биелж байна хэмээн” дарцаглаж байсан “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд өнөөдөр алдагдалд орж үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байна?

-Ер нь бол иймэрхүү муу гэрээ хийгээд, нүүрсээ олборлосон өртөгөөс нь доогуур борлуулаад байвал зогсох ёстой юм. Тавантолгой зогсох ёстой гэдгийг  нэг сарын өмнө буюу ажиллаж байхад нь би хэлж байсан. Тавантолгойн гэрээ муу гэрээ байсан. Ганцхан худалдан авагчтайгаар нийлүүлтийн гэрээ хийсэн. Ингэхдээ маш хямд үнээр буюу нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар зарах гэрээ хийсэн. Тухайн үедээ гурван хувийн хүүтэйгээр 350 сая долларын урьдчилгаа авч Монгол улсын Засгийн газарт өгсөн. Тавантолгойг гэрээ хийж байхад нэг тонн нүүрсний үнэ 90 ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсийг Чалько  53 доллараар худалдан авч байгаа нь гэрээ хийсэн анхны үнэд ч хүрэхгүй байгаа нь алдагдалд хүрэхээс аргагүй байдал юм. Мөн үйл ажиллагаа нь өргөжөөгүй хэрнээ байгуулагдсан цагаасаа хойш долоон тэрбум төгрөгийн шахааны бизнест өртчихсөн байна. Худалдаж авсан техник хэрэгслүүдийн ихэнхи нь ашиглагдахгүй техник байсан. Төрийн өмчийн үйлдвэр гэдэг зүгээр л шахааны бизнес болоод хувиргачихсан. Энэ мэт асуудал олон байна. Шинэ удирдлагуудтай болж байгаа учраас цаашид үр ашигтай ажиллахын төлөө хичээж байх шиг байна. Гэрээгээ цуцлая гэхэд 50 сая долларын торгууль  төлнө гэж Чалько Тавантолгойн хооронд хийсэн гэрээнд заасан байгаа. Тэгэхээр улс орноо бодохгүй муу гэрээ хийж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой юм.

-Тавантолгойд тээвэрлэлтийн зардал их гарч байгаа. Гэтэл Тавантолгойгоос урагш чиглэлийн төмөр замын асуудал гацчихсан. Төмөр зам барихын тулд нарийн, өргөн цариг хэрэгтэй гээд хариуцсан сайд, дарга нарын маргаан үргэлжилсээр байгаа. Тавантолгойд төмөр замын ямар цариг нь ашигтай юм бэ?

-Тавантолгойтой  холбоотой өргөн, нарийн царигын асуудал улс төрийн маргаан болж байна. Монгол Улс төмөр замын бодлогодоо өргөн царигтай байна гэсэн УИХ-ын шийдвэр гарсан. Бид үүнийг залгамж болгон хэрэгжүүлэх, төрийн бодлогоо дагаж мөрддөг байх ёстой. Нарийн цариг зөвхөн БНХАУ-тай холбогдоно. Бусад орон бол нарийн царигийг хэрэглэхгүй байгаа. Тэгэхээр нарийн цариг тавьснаар бид юмаа үнэтэй өгнө гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа БНХАУ-ын тал 2012 оны тавдугаар сард Өмнөговийн Ганц модны боомтоос Тяньжин хүртэл 1300 км-т Тавантолгойгоос нүүрс зөөвөрлөх тарифын үнийг 14 хувиар өсгөсөн. Өөр аль ч чиглэлийн үнээ өсгөөгүй хэрнээ зөвхөн энэ чиглэлийн тээвэрлэлтийн үнийг өсгөсөн юм. Энэ бол Монголын нүүрсийг өөрсдөөрөө дамжуулах, өөрсдөө хэрэглэх сонирхолтой байна гэсэн үг. Тэгэхээр бид Тавантолгойгоос Сайншанд чиглэлийн 1000 км-ийн төмөр замыг барихаас өөр аргагүй. Үүнийг бид мөнгөгүй гээд хойш тавихаас илүү болгоё, бүтээе гэж зүтгэх ёстой. Ингэж байж бид хоёр дахь, гурав дахь зах зээлтэй болох боломжтой. ОХУ-аар мөн дамжин өнгөрүүлнэ. ОХУ-ын хувьд жил бүрийн арванхоёрдугаар сард төмөр замын тарифийг 50 хувь хөнгөлдөг. ОХУ руу бол гаргах боломжтой.  Хоёр хөршөөрөө дамжуулан гурав дахь зах зээлтэй холбогдоно, тэгвэл БНХАУ ч гэсэн хатуурхаад байхгүй шүү дээ. Бидэнд  баялаг нь байгаа үед ийм хэмжээний нүүрс нийлүүлэе, төмөр зам барихад хөрөнгө оруулаач гэхэд гаднын хөрөнгө оруулагчид буюу гурав дахь зах зээл олдох байх.  Хийе гэвэл боломж бий.

-Одоо бол Тавантолгойг яаж эргэлтэд оруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Гэтэл өмнөх алдагдалтай гэрээний хариуцлага ч бас яригдах ёстой байх. Цаашид  олон гэрээ үзэглэнэ шүү дээ?

-Миний бодлоор бид урагшаа явахын тулд эргэж харж алдаа дутагдлаа шүүн тунгааж, дутагдлаасаа сургамж авч, улс орныг хувийн эрх ашгийн өмнөөс өрөнд оруулж, муу гэрээ хийсэн, ард түмний өмчийг үгүй хийж байгаа улстөрчид хариуцлага тооцох ёстой. Тооцож байж бид урагшаа явах ёстой.

-Гэтэл хариуцлага тооцох хүмүүс нь өөрсдөө УИХ, Засгийн газрын гишүүд, гишүүний бүрэн эрх, хамтын шийдвэр гэдгээр халхавч хийгээд байна шүү дээ?


-Ер нь дэндүү том алдаа гаргаж, улс орныг хохиролд оруулсан бол бүрэн эрхийг нь хөндөж болно шүү дээ.

-“Эрдэнэс Тавантолгой” шинэ удирдлагуудтай болсон учраас өөрчлөгдөх, шинэчлэгдэх, үйл ажиллагаа нь сайжрах байх. Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар та болон хэсэг гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлж байсан. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?

-Оюутолгой орд ямар орд вэ гэдгийг бодоод үзье. “Эрдэнэт” үйлдвэрээс 4-5 дахин том, зэсийн агууламжаараа 3-4 дахин их, дэлхийд эхний гуравт орж байгаа орд. Энэ орд өөрөө Эрдэс баялгийн зөвлөлд 2009 онд бүртгүүлэхдээ 45 сая тонн зэс,  1838 тонн алтны нөөцтэй хэмээн бүртгүүлсэн. 45 сая тонн зэсийг өнөөгийн ханшаар бодоод үзэхэд 350 миллиард доллар, 1800 тонн алт 90 миллиард доллар болж байгаа юм. Үүгээр ч тооцож хувьцаагаа зах зээлд гаргасан. Анх бүртгүүлснээр тооцоод үзвэл, нийлээд 440 миллиард ам.доллар болж байгаа. Сүүлд хийсэн ТЭЗҮ-гээр 270 орчим миллиард доллар болгож багасгасан байсан, үнэ цэнэ нь. Гэтэл Оюутолгойн гаргасан гэрээгээр бид ердөө 29 миллиард долларыг хүртэх төлөвлөгөөтэй. 30 жилийн гэрээ хийгээд 20, 20 жилээр сунгаад, 70 жил үргэлжилнэ гэж байгаа. Гэхдээ үүнийг 30 жилийн дотор зөөгөөд дуусна гэж би бодож байна. Техник технологи хөгжихийн хэрээр, зөвхөн Оюутолгойд зориулсан техник бүтээгдэж байна. Монголын баялгийг муу хийсэн гэрээнээс болоод ямар ч татваргүйгээр зөөж байна. Оюутолгойд Монголын төр хөнгөлж болох бүх татвар, хөнгөлөлтөө үзүүлсэн. Гэхдээ бид тэр эксковаторын шанаган дахь баялагтаа НӨАТ тооцох ёстой. Ийм том ордоо гаднын өмч болгосон. Ердөө 34 хувийг Монголын төр эзэмшинэ, гэхдээ түүнийгээ хүртэл худалдаж авахаар гэрээлсэн. Газар доор баялгийг ашиглаж буй техник технологийг 1,8 миллиард доллараар бид өөрсдөө худалдаж авч байна. Анхны хөрөнгө оруулалтаар зардлын  хэмжээ 4,4 миллиард доллар байхаар тооцсон ч одоо 6,6 миллирад доллар болоод байна. Үүнийг Монголын талд мэдэгдэхгүйгээр өсгөөд байна. Энэ байдлаар Оюутолгой том “Бороо гоулд” компани л болно. “Бороо гоулд” дээр 10 жилийн тогтвортой байдлын гэрээ хийгээд л эхний таван жилд нь бүгдийг нь зөөж гаргаад, тэгээд дампууруулсан шүү дээ. Оюутолгойн гэрээ ашигтай бус  гамшигтай гэрээ болсон.

-Тухайн үед гэрээг үзэглэсэн хүмүүс одоо ч гэсэн “Оюутолгой Монголд ашигтай” гэдгийг байнга хэлдэг. “Оюутолгой”-нхон ч өөрөө ашигтай гэдэг шүү дээ?

-УИХ-ын гишүүд С.Баярцогт гишүүнийг буруутгах нь учир дутагдалтай юм. Одоо бидэнтэй нэг танхимд сууж байгаа болохоор Оюутолгойн асуудал ярихаар С.Баярцогтод хаяглаж байгаа юм шиг ойлгогдох байх. Тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд асан С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой. Ялангуяа Ерөнхий сайд асан С.Баяр заавал гэрээг үзэглэнэ гэж намын гишүүдээ дарамталж байгаад гэрээ байгуулсан. С.Баяр бол үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа.

-Гэрээ буруу болсон гэдгийг одоогийн Засгийн газар, УИХ-ын гишүүд дэмжиж байна уу. Олонхи гишүүд харин ч сайн гэрээ гээд, шүүмжилсэн хүмүүсийг эсэргүүцээд байгаа биз дээ?

-Оюутолгойн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон. Тиймээс өөрчлөх боломжтой. Засгийн газар ч гэсэн үүн дээр ажиллах боломжтой. Монгол Улс хуулиа нэг компанид зориулж өөрчлөөд байх уу, эсвэл Монгол Улсын хуулинд тэд захирагдаж, хөрөнгө оруулалтаа хийх үү гэдэг асуудал юм.

-Түр хорооны гол зорилго нь Оюутолгойн гэрээг өөрчлөх үү, эсвэл?


-Түр хороо бол зөвхөн Оюутолгой руу чиглэсэн юм биш. Байгалийн баялгийн ашиглалт, зөв хуваарилалт, олборлолтын гэрээн дээр байгаль орчин, хүн амынхаа эрх ашгийг хамгаалахаар ажиллана. 19 гишүүн салбарт бүрт ажиллана. Бид хэлж, ярьж байж өөрчлөх цаг нь болсон. Байнгын хорооны гишүүд, дэмжиж байгаа 30 гаруй гишүүдийн эрх ашиг бус Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, хүсэн хүлээсэн нийгмийн захиалга  гэж ойлгож байгаа.

-Танхимын нөхөд тань хэр дэмжих бол? Таны хэлээд байгаа нийгмийн захиалгыг хүлээж авах гишүүд хэр олон байгаа бол?

-Түр хороо байгуулахаар санал хураахад 48 гишүүн санал өгөхөд 27 нь дэмжээд,  21 татгалзсан.  Яагаад татгалзаж байна гэхээр, уул уурхайн ил, далд хувьцаа эзэмшдэг, шахааны бизнес эрхэлдэг, уул уурхайтай хүмүүс өөрсдийн эрх ашгаа бодож байна. Хэрэв түр хороог УИХ дээр дэмжихгүй, унагаавал бид ил тод тэмцэнэ. Ямар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд татгалзав, ямар зөрчилтэй гэдгийг бүгдийг нь дэлгэнэ.

-Түр хороо байгуулахгүй бол ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг дэлгэнэ гэж байна. Үүнийг одоо дэлгэж яагаад болохгүй гэж. Хэн гэдэг гишүүн ашиг сонирхлыг зөрчилтэй байна гэдгийг нь олон нийтэд мэдээлэх нь зүйтэй юм биш үү?


-Тийм тал байж болно. Гэхдээ шударгаар уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс бас бий. Зарим нь хууль бусаар авсан ч байж болно. Үндэсний компаниудыг бол Монголын төр дэмжих ёстой. Харин гадаадын компаниуд дэндүү хэтэрсэн хөнгөлөлт эдэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эхний таван жил 100 хувь татвараас чөлөөлөгдөнө, дараагийн таван жил 50 хувь татвараас чөлөөлнө гэх мэт давуу эрх эдэлж байгаа. Гэтэл үүний хажууд бор зүрхээрээ үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгчид  олон бий гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бид ямар ч нөхцөлд тууштай, шантрахгүй ажиллана. Сэтгэлзүйн хувьд, бүх талаараа бэлэн байгаа. Хамгийн чухал нь бид ард түмний эрх ашгийг нэгдүгээрт бодох нь чухал юм.

Ш.ОЮУНЧИМЭГ

No comments:

Post a Comment