“ШИНЬШИНЬ”-ИЙНХЭН хүчингүй болсон лицензээр ашигт малтмал олборлож байжээ

http://www.gmic.mn/main/index.php?option=com_content&view=article&id=1635:news&catid=50:news&Itemid=84
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан манай улсын эдийн засагт хамгийн багадаа 100 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Дорнод аймагт Улааны холимог металлын ордоос түүхий эд олборлосон БНХАУ-ын есөн иргэнийг цагдан хорих хангалттай үндэслэл байхад прокурорууд эсэргүүцэж байгаа юм. Түүнээс гадна манай төрийн өндөр албан тушаалтнууд ч энэ хэрэгт оролцож, хятадуудыг хамгаалан эрүүгийн хэрэг үүсгүүлэхгүй, БНХАУ руу явуулахаар хөөцөлдөж байсан аж. Өдгөө энэ хэрэгт шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар болж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар уран олборлож гаргаснаар манай улсын эдийн засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа нь тодорхой болжээ. Тэднийг өөр компанийн лицензтэй талбай руу орж, уран олборлосон гэдэг ч солбилцол тодорхойлох төхөөрөмжөөр энэ нь батлагдаагүй гэнэ.


Шалгалтын явцад “Шинь шинь”-ийнхэн охин компани байгуулж, түүндээ тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа шилжүүлсэн нь илэрчээ. Энэ талаар Цөмийн энергийн газрын албаны эх сурвалж “Тус компанийнхан нэгэн хятад нэртэй компанид талбайгаа шилжүүлсэн нь тогтоогдсон. “Шинь шинь”-ийнхэн хууль бус тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлож, хилээр гаргаснаас болж улсын эдийн засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Түүнээс гадна тэд газрын ховор элементүүд мөн их хэмжээгээр олборлож хил давуулсан. Үүнийх нь хохирол тогтоогдоогүй байгаа. Газрын ховор элемент буюу алт, мөнгө, кадми гээд олборлосон ашигт малтмалыг нь тооцвол манай улсын эдийн засагт 110 тэрбумаар тогтохгүй хэмжээний хохирол учирчихаад байна.

Их хэмжээний хохирол учруулсан хятадуудыг хууль хяналтын байгууллагаас толгойг нь илээд хамгаалж, хаацайлаад байгаа нь хачирхалтай. УМБГ-ынхан энэ хэргийн талаарх бодит мэдээллийг ЦЭГ, ҮАБЗ-д өгчихөж болмоор байтал шалгаж байна гэхээс өөр юу ч хэлэхгүй байгаа нь их сэжигтэй” гэсэн юм. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 70 эрүүгийн хэрэг үүсгэсний дараа 40 гаруй вагон хүдэр хил давуулсан. Монгол Улсын бүхэл бүтэн хил, гааль гэж хоёр байгууллага байсаар байтал яаж хил нэвтрүүлсэн юм бол гэсэн асуултад дээрх эх сурвалж “Цөмийн энергийн тухай хууль батлагдахаас өмнө ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрлийг тус компанийнхан Ашигт малтмалын газраас авсан юм. Тэр зөвшөөрөл нь хууль ёсных байсан. Харин дээрх хууль батлагдсанаас хойш ЦЭГ байгуулаг даж, урантай холбоотой тусгай зөвшөөрлийг манайхаас олгодог болсон. Гэтэл тус компанийнхан тусгай зөвшөөрлөө шинэчлээгүйгээр тогтохгүй, хүчингүй болсон лицензээр ашигт малтмал, тэр дундаа уран олборлож, хил давуулсан.

Уг нь ЦЭГ-аас “Шинь шинь”-ийн удирдлагад удаа дараа албан тоот илгээж, хүчингүй болсон тусгай зөвшөөрлөө хураалгах шаардлага хүргүүлж байсан ч хууль бусаар ашигт малтмал гаргахын тулд тус компанийнхан үл тоомсорлосоор ирсэн. Орон нутгийн хил, гаалийнханд Цөмийн энергийн хууль тогтоомжийн мэдлэг дутмагаас тэд хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг хүчинтэй гэж үзээд ашигт малтмал хил нэвтрүүлээд байсан юм билээ. Уг нь ЦЭГ-аас “Шинь шинь”-ийнхэн рүү албан тоот илгээхийн оронд хил, гаалийн байгууллага руу тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, ашигт малтмал  хил нэвтрүүлэх асуудалд анхаарахыг сануулсан албан бичиг илгээсэн бол манай улсын эдийн засагт энэ их хэмжээний хохирол учрахгүй байсан. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хохирол уч руулсаных нь дараа шалгаад төлүүлж авах нь юу л бол” гэв.

No comments:

Post a Comment