Амай: Үндсэрхэг үзэл биш эх оронч үзэл хэрэгтэй

Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn
http://news.gogo.mn/r/712052010 оны 6-р сарын 2

Өнгөрсөн долоо хоногт Амайтай ярилцлаа. Тэрээр эх орондоо ирээд зав муутай “гүйж” байгаа. Тиймээс түүнийг цөөн боловч хормыг манай GoGo.Cafe булангийн уншигчдад зарцуулахыг хүссэнд тэрээр уриалгахан зөвшөөрсөн юм.

Эх орноосоо хол дөрвөн жил зургаан сар дэлхийн 69 орноор аялсны эцэст нутгийнхаа хилийн дээсийг алхсан даруйдаа аавыгаа зөрөн өнгөрч, эх орныхоо газар шороог үнсэн, адис авсан энэ залуугийн дотоод сэтгэлийг таахуйяа бэрх. Магад тэр их зүйл үзэж, олон зүйлийг бодож буйгаас тэр биз. Хүн өөрийн бодлоо бүрэн гаргахад хэцүү шүү дээ. Ингээд олныг нуршилгүй та бүхэн ярилцлагат анхаарлаа хандуулна уу.

-Блогийн бичлэгүүдээ устгачихсан байна лээ. Яаж байгаа юм бэ?

-Аяллын бүх тэмдэглэл байхгүй болсон. Одоо бол зөвхөн Монголд ирсэн үеэс бичлэгүүд маань үргэлжилнэ.

-Яагаад тэр вэ?

-Үгүй яахав дээ, шинэ амьдралаа эхлэхгүй юу.

-Гэхдээ тэрийг чинь хүмүүс уншина шүү дээ?

-Одоо би энд амьдрах болохоор. Хүмүүс уншчихсан байхад нь би дахиад л яриад байлтай нь биш. Тэр чинь миний өнгөрсөн амьдрал. Одоо би шинэ амьдрал руу орж байгаа гэдэг утгаар нь хаачихсан. Манай найз нар ч бас бичлэгүүдээ устгана гэхэд дургүй байсан л даа. Яагаад гэвэл хандалтаараа нэлээд дээгүүр байсан. Бараг гурван зуу мянга гаруй хүн орсон байна лээ. Блог гэж хэлэхэд их хандалттай. Гэхдээ би тэр нь зөв л гэж бодсон.

-Тухайн газар нутгийн төсөөллийг хэрхэн олж авдаг байсан бэ?

-Мэдээж аливаа улс руу очихын өмнө эхлээд интернэт орж мэдээлэл уншдаг байсан. Сүүлдээ тэр мэдээллүүд хэтэрхий их, дээр нь улс болгонд дахиад шинэ мэдээлэл цуглуулах нь хэцүү болсон. Нөгөөтэйгээр дараагийнхаа улсад орж ирэхэд барилга байшин, хүмүүсийн хувцаслалтаас нь хараад дүгнэлт хийчих боломжтой болчихсон. Өөрөөр хэлбэл европын бүх оронд очих шаардлагагүй. Түүхийг нь хараад социалист байсан байна, байшин барилгыг нь хараад тийм тийм улсад колони байсан гэх зэргээр дүгнэлт хийж болдог. Дүгнэлт хийхийн тулд дандаа замын унаанд дайгдана. Машинд 2-4 цаг явж байгаа хүмүүс юу ярихав. Улс төр, эдийн засаг, хоол унд гээд л бүгдийг нь ярина. Тэр ярианаас нь тухайн улсын нийгмийн байдлыг мэдчихнэ. Бас дисконд орно. Гайгүй клубт орно гэдэг чинь тухайн нийгмийн арай гайгүй түвшний залуус байгаа шүү дээ. Ажлаа хийчихсэн, эсвэл баян ээж, аавтай залуус ч юм уу. Тэдний бүжиглэж, хувцаслаж, ууж байгаа бүтээгдэхүүнийх нь үнийг харахад нэг дүгнэлтэд хүрдэг.


-Дараагийнхаа зорчих улс орныг яаж сонгох вэ?

-Гинжин цуваагаар л. Нэг улсыг алгасаад нөгөө улс руу очно гэж байхгүй. Заавал дайраад гардаг. Зарим улсад дайн болж байсан ч гэсэн хамаагүй дайраад л гарсан даа.

-Монголд бас л замын унаагаар явсан. Монголчуудынхаа ялгааг хэлээч. “Манай монголчууд шиг зочломтгой хүмүүс байхгүй” гэж бид өөрсдийгөө магтдаг. Бид үнэхээр зочломтгой ард түмэн хэвээр байна уу?

-Эдийн засгийн хямралтай байгаа зарим улс орон замын унаанд дайгдах тохиолдолд мөнгө авдаг. Зарим улсад зүгээр үнэгүй хүргэж өгдөг. Ерөнхийдөө ажиглаад байхад эх оронч улс, болон өөрийнхөө соёлд маш бардам улсууд дандаа зогсож замын хүнийг авдаг юм байна. Яг үнэнийг хэлэхэд Монголд замын унаанд гар өргөхөд хажуугаар өнгөрөөд явсан хүмүүс байгаагүй ээ. Замын унаа болгон зогсоод л, мөнгө асуухгүйгээр дараагийн зогсоолд маань хүргэж өгч байсан. Ихэнх машин Амай мөн эсэхийг мэдэхгүй шүү дээ. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд. Тэгэхээр тэр хүмүүстэй бол машинд нь орж суугаад л “амьдрал ямаршуу байна даа” гэхэд хүмүүс амьдралаа ярьж байсан. Энэ нь би хэдийгээр удаан хугацаанд эх орондоо байхгүй байсан ч богино хугацаанд мэдээллийг нөхөөд авчих боломжийг өгч байсан.

-Монгол айлуудаар хоноглоод явсан. Гадаадад явж байгаад эх орондоо ирсэн хүн юмыг шинэ соргогоор тусгаж авдаг. Тэд яажшуу угтаж авч байх юм?
-Ер нь айлууд ирсэн гийчнээ цай, хоолоор дайлдаг ёс бол байна. Тэрэнд их баяртай байна. Ядраад айлд ороод ирэхэд цай уу, хоол идээд яв гэж байсан.

-Огт танихгүй хүмүүс.
-Огт танихгүй. Тэд намайг мэдэхгүй ш дээ. Тэдний хувьд би жирийн л нэг явуулын залуу. Намайг тэгж нүүдэлчний ёс заншлаар угтаж авч байсан хүмүүс байгаад би их баяртай байсан. Яагаад гэхээр би нүүдэлчний соёл бараг үгүй болсон болов уу гэж бодож байсан. Яахав, зарим айлаас таагүй байдал ажиглагдаж байсан л даа. Зочин орж ирж байхад доромж маягийн үг хэлэх ч юмуу. Гэхдээ тэр бол бяцхан тохиолдол гэж ойлгож болно. Уулын мод урттай, богинотой шүү дээ.

-Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэгчлэн их ч зүйл үзэж, их ч зүйл мэдлээ. Өөрөөрөө бахархаж байна уу?
-Эр хүн чинь туг ч барина, тугал ч хариулна гэж ярьдаг. Би тугалыг нь бол хариулчихлаа гэж үзэж байна. Өлсөж, ядарч, өвдөж үзлээ. Хүний нутагт, харийн хүмүүсийн нөхцөл байдалд ганцаараа амьдарч үзлээ. Тэгээд би “за ингээд эх орондоо очоод ёстой жинхэнэ тугаа бариад, бардам байна даа” гэж бодож байсан үгүй юм байна. Эх орондоо иртэл миний энэ бүх аялал зүгээр л бяцхан эхлэл байж. Миний цаашдаа хийх ажлын бэлтгэл хэсэг юм шиг санагдсан. Өнөө өглөө босоод би бодож байна л даа. Энэ чинь одоо зүүд байв уу, бодитой байв уу. Яагаад гэхээр тэр Африк, миний үзсэн дайн гэх зэрэг нь ерөөсөө байгаагүй ч юм шиг, эсвэл нэг кино үзчихсэн юм шиг л санагдаж байна. “Миний блогийг тогтмол дагадаг байсан залуус нээрээ л миний тэмдэглэлээр надтай адилхан тэр бүхнийг кино шиг үзсэн мэт санагддаг юм байна даа” гэж өнөөдөр бодож байлаа.

-Нэг их хурдан болоод өнгөрчихсөн ч юм шиг.
-Тийм. Гэхдээ дөрвөн жил зургаан сард Улаанбаатар өөрчлөгдсөн байна. Миний мэддэг байсан жаахан хүүхдүүд том болсон байна. Том нь хөгшин болсон байна гэх мэтээр маш их зүйл өөрчлөгдөж. Би болохоор цаг хугацааны машинаар явчихаад ирсэн юм шиг. Гэхдээ энэ цаг хугацааны машин надад боломж олгосон. Яагаад гэвэл би ерөөсөө хөгшрөөгүй байхгүй юу. Би байнга л залуугаараа байгаад байсан. Аялал гэдэг чинь өдөр тутмын тэмцэл шүү дээ. Орчинтойгоо дасан зохицох, амьд байх, огт танихгүй хүмүүсийн дунд байр сууриа олох тэмцэл. Энэ бүх тэмцлийн дүнд би яг л 25-тай юм шиг л үлдэж. Тэгээд би өөрийнхөө үеийнхнийг харахаар хамаагүй залуу байна. Эрч хүчтэй. Тэгэхээр залуус аялах нь ямар их ач холбогдолтой болохыг эндээс мэдэх байх. Энэ таван жилд би зарим хүний хэдэн үеийн амьдралдаа ч үзэхээргүй тэр бүхнийг үзсэн гэдэг талаараа их бардам байна л даа.

-Гэхдээ зовлон туулахаар хөгшрөхгүй гэж үү?
-Залуу хүнд зовлон үзэх нь их зүгээр юм. Ахмад хүнд зовлон хэцүү шүү дээ. Залуу хүнд зовлонг эрт давна гэдэг нь дараа дараагийн уул нурууд нь жижиг товгор болж хувирч байгаа гэсэн үг. Өмнө нь “яаж давна даа” гэж байсан зүйл одоо жижигхэн харагдаж байх жишээтэй. Тэр утгаараа залууст их л зөвлөмөөр санагдаад байна.

-Энэ их аяллынхаа дунд юу олж авав?
-Маш олон асуултын хариултыг олсон. Тэр хариултуудын заримыг миний блогийг уншиж байсан хүмүүс нэг хоёроор нь уншаад ойлгож байсан байх.

-Ганцаардал гэж юу вэ гэх мэтээр, тийм үү?
-Зөндөө зөндөө. Дөрвөн жил хагасын хугацаанд тэд гэж хэлэхийн аргагүй тийм их хэмжээний асуултын хариултыг олсон. Элдэв төөрөгдлүүдийнхээ хариултыг бас олсон. Хөгжлийн түлхүүрийг олсон гээд зөндөө л юм байна.

-Хөгжлийн түлхүүр?
-Мэдээж тэрийгээ одоо би ярихгүй л дээ. Ярихгүйгээр хийх л ажил. Хүмүүс зүгээр л бэлэн юм хүлээдэг нийгэм болчихоод байна. Төр засгаа томилонгуут тэд нар нь хөгжлийг бий болгочихдог гэж боддог ч юм уу. Гэтэл хүмүүс өөрсдөө хөгжлийн гарцаа олж харах, өөрөө өөрсдийгөө нээх, дараа нь ямар орчинд амьдарч байгаагаа нээх, тэгээд энэ дэлхийд өөрийгөө хэн бэ гэдгээ олох нь чухал. Тэгсэн цагт л юм хялбар болоод явчихдаг юм байна.

-Эх орон гэж юу юм бэ гэдгийг хамгийн сайн ухаарсан байх?
-Эх орон гэдэг бол миний хувьд нэг л хариулттай. Тэр бол амь насаа өгөхөд ч бэлэн тийм үнэт зүйл. Эх орон гэдэг дотор бүх зүйл орж байгаа юм. Ээж, аав, эмээ, хамаатан садан, найз нөхөд, төрсөн нутаг, төрсөн байр, дүүрэг гээд. Тэгэхээр эх орон гэдэг бол том юм байна аа. Өмнө нь боддог байсан эх орноос хамаагүй том юм байна. Тэгээд эх орондоо эрх чөлөөтэй байна гэдгийн сайхныг манай гадаадад байгаа хүмүүс л ойлгодог юм байна. Эх орондоо ийм сайхан нутагт амьдарч байж бачимдаад гадагшаа явах гээд байгаа хүмүүс нэг л өдөр гарчихаараа амаа барих юм байна даа гэдгийг би ойлгочихоод байна. Энийг уншсан залуус магадгүй ойлгохгүй байх. Тийм учраас залуусаа “аял, юм үз, газар үз” гээд л хэлэх гээд байна.

-Мөнгө байхгүй шд.
-Мөнгө байхгүйдээ биш юм байна. Хүн хэрвээ хийе гэвэл болдог л юм байна. Би өөрөө харууллаа шүү дээ. Би баян айлын хүүхэд биш. Гэхдээ юм хийе гээд зориод зүтгэх л юм бол бүтэхгүй юм гэж байдаггүй юм байна.

-Заавал эх орон гэж туйлшрах шаардлага алга. Глобальчлагдаж байгаа нийгэмд дэлхий ертөнц бүхэлдээ бидний эх орон гэж залуус яриад байгаа шүү дээ?
-Үгүй тийм биш. Сургуулийн нэг анги гээд аваад үзэхэд л тэр ангид олон хүүхэд байгаа. Нэг нь давамгайлж байхад, нөгөө нь шал угаадаг ч юм уу. Бид тэр ангид хаана байх вэ гэдгээ бодохгүй бол глобальчлагдаж байна гээд хүчтэй эдийн засаг, соёл иргэншилтэй улсуудын өмнө бид зогсож чадахгүй. Тэгэхээр эх оронч бодол, эх оронч соёл, Монгол соёлоо сайн ойлгохгүй бол болохгүй. Өнөөдөр глобальчлагдаж байна гээд Монголоор ярихгүй англиар ярьдаг л хүмүүс бий болчихоод байна. Гэтэл Монгол хэл өөрөө ямар агуу гайхалтай билээ. Ээж аав, ахмад настныхаа ярьж хэлж байсан тэр бүхнийг, бүх соёлоо мартана гэвэл бид хэн ч биш болно. Социализмын үед бид Оросын соёлыг авч байсан бол одоо Америкийн соёлыг шүтэж байна. Тэгвэл дараа нь хэний соёлыг авах вэ. Бид үндсэндээ хэн ч биш болоод зүгээр л нэг дагуул хүмүүс болчихоод байна гэдгээ залуучууд ойлгох хэрэгтэй. Глобальчлал бол зөв. Гэхдээ түүнд ямар байр сууринаас хандах вэ, өөрсдөө хэн бэ гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Хүний амьдралд хамгийн чухал хэрэгтэй тэр зүйлийг нэрлээч гэвэл?
-Итгэл. Итгэл бишрэл гээч юм байхгүй л бол амьдрал ерөөсөө утгагүй юм байна. Аливаад итгэх итгэл, зорилго байх ёстой. Хүнд тодорхой хэмжээгээр бурхан гээч зүйл байх ёстой. Бурхангүй хүн ямар ч нийгэмд хэцүү л байдаг юм байна. Хэдийгээр зарим хүн шашингүй гэж байгаа ч ямар нэгэн зүйлд итгэдэг л байгаа байхгүй юу.

-Жишээ нь би өөрөө өөртөө итгэдэг. Аль нэгэн бурханд биш.
-Бид өөрсдөө ч гэсэн бурхан шүү дээ. Бидний амаараа хэлж байгаа бүхэн биелдэг. Хэрвээ бид муу зүйл яриад л байвал муу зүйл л болдог, сайн зүйл яриад байвал сайн болдог. Тэгвэл бид өөрсдөө бурхан юм. Яагаад энэ олон амьтнаас хүн гэдэг амьтан бид тусгаар байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Бурхан гэхээр л нэг хөгшин хүн, эсвэл лам царайтай хүн тэнгэр дээр сууж байдаг гэдэг ойлголтыг өгч байгаа нь өөрөө буруу хэрэг юм. Жишээ нь би өөрийнхөө бурханг олчихсон учраас ийм итгэлтэй тэр бүх газраар яваад ирлээ. Гэтэл миний итгэж байгаа тэр зүйлийг хүн бүхэн өөрөөр тайлбарлаж болно. Түүнээс би заавал бурхан гэж тийм зүйлийг хэлнэ гээд хэлээд байгаа биш. Хүн дотор өөрт нь бас бурхан байгаа хэрэг.

-Амай гэж хэн бэ?
-Би аль дээр наад асуултын чинь хариултыг олчихсон. Их сургуульд байхдаа л олчихсон. Миний хоёр дахь цомог “Би хэн бэ” гэдэг нэртэй байсан. Тэр цомгийг авсан хүмүүс өөрөөсөө “энэ нийгэмд би хэн бэ” гэж асуугаасай л гэж бодож хийсэн. Харин энэ бадарчлалын үед бол би “бид хэн бэ” гэдгээ олчихоод ирсэн.

-Хариулах уу?

-Одоо бол хариулахгүй л дээ. Цаг нь болохоор бага багаар харагдах байх.

-Амай анх трансыг оруулж иржээ. Амай анх ямар ч мөнгөгүй хэрнээ дэлхийгээр нэг бадарчилжээ. Чи дандаа яагаад бүхнээс түрүүлж байдаг юм бэ?
-Би түрүүлээд байгаа юм биш л дээ. Дэлхийгээр ярих юм бол би өөрийнхөө цаг үедээ л явж байна гэж бодоод байгаа. Тэгэхээр тэрнээс хоцорч байгаа хүмүүс нь л “хэн бэ” гэдгээ бодох хэрэгтэй байх. Монгол гэж эдийн засаг, соёлын хувьд баруунаас хоцрогдсон улс байна, улс төрийн хувьд хямралтай байна. Хүмүүс өөрийнхөө амьдарч байгаа гудамжийг л мэдэж байгаа болохоос хот гэдгийг мэдэхгүй байна. Тэдний дунд хэдийгээр би цаг үеэсээ түрүүлээд байгаа юм шиг боловч, дэлхийн хэмжээнд бол дэлхийн хүн л болж байгаа хэрэг. Тэгэхээр миний зорьж байгаа зүйл гэвэл өөрийнхөө бадарчлал, блогоороо дамжуулж залуучуудыг “аялъя, дэлхийг таньж мэдье, түүн дотор бид хэн бэ гэдгээ мэдье л” гээд байгаа хэрэг. Тэгж байгаад байр сууриа зөв авъя гэдгийг л тайлбарлаад, уриалаад байгаа хэрэг юм.

-Ирээд клубт орсон л байх. Манай клубуудын хөгжил хэр байна?

-Бүх клуб л транс болчихсон байна. Гэхдээ миний зорилго бол бүх клубыг транс болгох сонирхол байгаагүй юм. Рок, поп, хип хоп гээд хэдэн стиль нь миний хувьд их уйтгартай байсан учраас ядахдаа электро, чил-аут гээд баяжуулъя гэж бодсон. Гэтэл өнөөдөр бүх клуб хоорндоо адилхан болчихож. Өөрөөр хэлбэл манай нийгэм хэт туйлшрамтгай байна. Нэг зүйл рүүгээ бүгд хошуурдаг зан нь хэвээрээ байна. Тийм болохоор энэ зун урлагийн тал дээр би их шургуу ажиллана. Бас хажуугаар нь үндэснийхээ урлагийг их хүчтэй хөгжүүлэх ёстой юм байна.

-Үндсэрхэг үзэлтэй байх хэрэгтэй гэх мэтээр сүүлийн үед их ярих болсон. Чинийхээр үндсэрхэг үзэл гэж юу вэ?

-Үндсэрхэг үзэл гэдэг нь өөрийгөө бусдаас дээгүүр тавих үзлийг хэлээд байгаа юм. Гэтэл бид бусдаас дээр биш л байхгүй юу. Зүгээр л өвөрмөц. Бид үүнийгээ ойлгох хэрэгтэй. Үндсэрхэг үзлийг би үгүйсгэж байна. Яагаад гэвэл бид өвөрмөц өөр. Дундад улс өөр, америк өөр, франц өөр. Тэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гагцхүү бид өөрсдийн соёлоороо байх хэрэгтэй. Монгол ёсоороо гадны хүнийг хүндлэх л ёстой. Монгол хүн ямар ч тохиолдолд ирсэн зочноо цай, хоолоор дайлаад хүндлээд, амраагаад явуулдаг ёс заншилтай өвөрмөц сайхан ард түмэн. Үндэсний үзлийг бол би огт хэрэггүй зүйл гэж бодож байна. Харин эх оронч үзэл байх хэрэгтэй. Бид аюулын дунд амьдарч байгаа үндэстэн биш. Бид өөрийн гэсэн байр суурьтай, агуу их түүхтэй улс. Тиймээс бид эх оронч үзлээрээ өөрсдийгөө хөгжүүлчих юм бол бид цаашид хөгжиж, өндөр хөгжилтэй орнуудаас дутахааргүй болж болохоор байна гэдгийг л хэлмээр байна.

-Бидний үеийнхэн бол хагас социалист хүмүүжилтэй. Гэтэл одооны хүүхдүүдийг “шинэ Монгол” гэж нэрлэж болмоор ч юм шиг. Хятадуудыг хүндэлдэг, Солонгосчуудыг дуурайдаг, Америкчуудыг биширдэг. Монгол гэдгээ нэг л алдаад байх шиг?
-Би тэднийг “төөрсөн Монгол” гэж нэрлээд байгаа л даа. Яагаад гэхээр Манжийн дарлалын 200 жилийн дараа бид “хоцрогдсон Монгол” байсан. Социализмын үед бид “өөрчлөгдсөн Монгол” байсан. Монголоосоо татгалзсан тэс өөр хүмүүс болсон шүү дээ. Харин ерэн оноос хойш бид Монгол руугаа орсон боловч барууны маш хүчтэй нөлөөн дор бид өөрчлөгдсөн. Тэгэхээр сүүлийн 20 жилийнхнийг “төөрсөн Монгол” гэж би нэрлээд байгаа юм. “Төөрсөн Монгол”-ын нэгэн хөдөлгөөнийг ч өрнүүлээд байгаа. Тэр нь “Ухаарсан Монгол болцгооё”. Ухаарсан Монгол нь би шүү. Надтай адилхан ухаарах хүн байвал цуг явна шүү гэдгийг л уриалаад байгаа юм. Тэр нь үндсэрхэг үзэл биш. Хэн нэгнийг үзэн ядах, хэн нэгнээс өөрийгөө дээрд гэж бодох биш зүгээр л бид энэ нутагтаа соёлтойгоо хамт дасан зохицож зөв амьдаръя гэдгийг л хэлээд байгаа юм.

-Гадаадад байгаа Монголчууд нэгэнтэйгээ таарахгүй байхыг хичээдэг гэсэн. Яагаад юм бол. Чи юу гэж бодож байна?
-Тийм байдал мэдээж ажиглагдсан. Яагаад гэхээр Монголчуудын бие биедээ тусалдаг соёлыг хүндрүүлээд байна. Хэрвээ хэн нэгэнд тусламаар байвал л тусална уу гэхээс хэн нэгэн хүрч ирээд “чи надад туслах ёстой” гэж хэлэх хоёрын хооронд их ялгаа бий. Үүнийг бид буруу талаас нь хараад байна гэж хэлмээр байна. Монгол хүмүүс хаа нэгтээ очоод нэгнийгээ хүндрүүлэх биш өөрөө аль болох биеэ дааж яваад, хүн туслах боломжтой байвал тусалдаг байх ёстой юм болов уу. Нүүдэлчин айлд орж очингуутаа “та нар яасан Монголоо алдсан юм бэ. Цай өг, хоол өг. Би унтах эрхтэй. Яагаад гэвэл та нар Монгол бид нар, Монгол” гэж хэлж байгаатай л адил зүйл болоод байгаа юм.

-Очсон улс орон болгондоо Монгол Улсынхаа ЭСЯ-д болон консулын газрынхантай уулзаж байсан гэсэн. Тэд ажлаа хийж чадаж байна уу. Чи юу гэж дүгнэв?
-Тэднийг ажлаа бүрэн хийж байна уу, үгүй юу гэдгийг анзаараагүй л дээ.

-Гэхдээ чи тэдэнд хандаж очсон шүү дээ. Тэд бадарчилж яваа Монгол хүнийг яаж хүлээж авч байгаагаас л тэдний ажил дүгнэгдэнэ гэж бодоод байна.

-Өөрөө бадарчин байж очиж үзсэний хувьд хэлэхэд тэд нэг их авч хэлэлцэхээр биш байсан. Тэнд амьдарч байгаа Монголын иргэд байтугай дэлхийгээр бадарчилж байгаа Монгол хүнийг дулаахан хүлээж авсан удаа бараг байхгүй дээ. Хоёрхон удаа л анзаарагдсан гэж хэлж болно. Хоёрхон удаа, маш жижигхэн. Гомдмоор тохиолдол олон байсан. Хүний нутагт өдөр бүр явж байгаад тэдэн дээр очиход зарим нь мөнгө нэхэх, зарим нь хөөсөн тохиолдол ч байсан. Манай ЭСЯ, консулын газарт хамгийн гол нь Монгол иргэдээ ойлгох сэтгэлтэй хүмүүс ажиллах ёстой юм шүү гэдгийг хэлмээр байна. Тийм хүмүүс байх ёстой учраас Монгол улсаа төлөөлж байгаа шүү. Түүнээс зүгээр нэг дипломат ажил хийгээд иргэдээ хаячихдаг ажил биш шүү гэдгийг хэлмээр байна.

-Өндөр хөгжилтэй орны залуус, Монгол залуусын ялгаа гэвэл?

-Өндөр хөгжилтэй орнуудад боловсролын системээрээ бас хэвлэл мэдээллээр иргэдээ маш их боловсруулж байна. Их юм зааж, ойлгуулж байна. Түүнээс гадна бусад өндөр хөгжилтэй орнуудтай визний асуудлыг шийдэнгүүтээ иргэдээ бусад улс орон луу аялуулж байна. Тэгж тархийг нь задлаж байна л даа. Манайх болохоор гадагшаа аялах боломжгүй, аялж үзээгүй учраас зөвхөн телевизээр гарч байгаа зүйлийг л дуурайж байна. Энэ тал дээрээ анхаараад, өөрийн гэсэн зүйлүүдээ илүү дэмжье. Гэхдээ мэдээж дотоодоо дэмжиж байна гээд гадныхыг хаях биш гадны соёлыг газар дээрээс нь судлах л хэрэгтэй байна.

-Одоо яаж амьдаръя гэсэн төлөвлөгөөтэй байна. Монголд юмны үнэ өссөн. Хэцүүхэн л байна.

-Надад одоо юу ч байхгүй. Байгаа нь гурван пасспорт. Амьдралаа ингээд л эхлэх гэж байна. Дэлхийгээр аялахдаа тэр олон хэцүү давааг туулчихсан хүн эх орондоо хөлөө олохгүй байна гэж байхгүй л дээ. Тийм болохоор айхгүй байна. Болж л таарна. Хамгийн гол нь миний хойноос эх орондоо ирэх Монгол залууст “энэ залуу юу ч үгүй яваад ирж байна. Гэхдээ энэ богино хугацаанд ямар ажил хийгээд, яаж амьдралаа авч явж чадах нь вэ” гэдгийг харуулмаар байна. Би Монгол залуустаа гадаад оронд хэрхэн аялахыг үзүүлж байсан. Харин одоо гаднаас ирэх гээд хүлээж байгаа олон мянган хүнд өөрийнхөө тэмдэглэлээр “би энд ирээд ийм байна” гэдгээ бичнэ. Тэд Монголд ирээд юу хийх үү, яах вэ гэдгээ мэдэхгүй л байгаа шүү дээ. Тиймээс миний мэдээлэл намайг аялах явцад гаднаас дотогшоо байсан бол одоо дотроосоо гадагшаа чиглэнэ. Мөн энэ зунаас соёлын хувьсгал хийх бодолтой байна. Залуусын сэтгэлгээг илүү задлах, илүү өргөнөөр сэтгэх боломжийг олгох, түүнээс гадна гадаад улс оронд судалсан тэр бүх мэдээллийг иргэддээ хүргэхийг хичээнэ. Залуус маань аливааг өнгөцөөр биш дотроос нь, бүтцээр нь судлаасай гэдгийг л мэдрүүлж, хийж эхлэх гээд бэлтгээд байна.

-Чи улс төрд орох уу?
-Орохгүй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.

No comments:

Post a Comment