Баруун бүсийн урлагийнхан зовлонгоо ярив

Пүрэв, 2010 Зургадугаар сар 10 11:30
Л.СЭЛЭЭД (Завхан)
http://niigmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=4051:2010-06-10-03-31-01&catid=64:2009-11-09-04-30-53&Itemid=107

Монгол, Тува улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъяан санаачлан аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газар, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүж­гийн театр (ХЖТ), Хөгжим бүжгийн коллеж (ХБК), Монголын урлагийн ажилтны болон хөгжмийн зохиолчдын холбоо хамтарч “Баруун Монголын мэргэжлийн ХЖТ, чуулгын урлагийн их наадам”-ыг Улиастай хотод хийлээ. Уг наадамд Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн хөгжимт жүжгийн театр (ХЖТ), чуулга, ХБК-ийн уран бүтээлч, оюутнууд оролцож, авьяас билэг, сонсголоороо өрсөлдсөн. Дараа нь гала тоглолт хийж Улиастайчуудаа уяруулж, аадрын хур шаагих шиг алга ташилтаар шагнууллаа.

Их наадмын хүрээнд явагдсан гоцлол дуучдын уралдаанд Ховдын ХЖТ-ын гоцлол дуучин Хадхүү түрүүлж, Завханы ХЖТ-ын гоцлол дуучин Гантулга, Увс аймгийн ХЖТ-ын гоцлол дуучин Э.Мөнхзул, Баян-Өлгий аймгийн Жанбек нар удааллаа. Цөөхүүл хөгжимчдийн уралдаанд Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ХЖТ-ын чуулгын цөөхүүл хөгжмийн хамтлаг эхний байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн. Наадмын үеэр баруун бү­сийн ХЖТ, уран бүтээлчдийн дунд “Бид хэн бэ” гэсэн чөлөөт ярилцлага явагдаж цалин хөлс, ахуй хангамж, учирч байгаа бэрхшээлээ ний нуугүй ярьж, төр засаг, БСШУЯ-нд илгээлт явуулсан юм.

Баруун бүс нутгийн уран бү­тээл­чид өөрсдийгөө хол зайдуу төрс­нөөрөө амьдрал, ажлаараа хохирч яваа, хөдөө хөсөр хаягдсан, цалингийн зээлээр хоног сарыг өнгөрөөдөг хэмээн тодорхойлно билээ. Тэд “Хоосон ядуу ч гэсэн, хүн ардынхаа сэтгэл, оюуныг ариус­гахаар зүтгэж яваа, бурхан бууж саатмаар урлагийн алтан тайзнаа амьд­ралаа золиосолсон” хэмээн ярив. Ингээд баруун бүс нутгийн урлагийнхны яриаг тоймлон хүргэе.

БИДНИЙГ ХАРИУЦДАГ УДИРДЛАГА АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ БАЙНА

Ш.Доржжүгдэр (Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит ХЖТ-ын дарга)

Төр засаг хөдөөгийн театрын уран бүтээлчдийн цалин, нийгмийн хангамж, уран бүтээлийн үнэлэм­жид туйлын хангалтгүй хандаж бай­на. Бидний төсвийг жилээс жилд танаж, биелэх боломжгүй ор­логын төлөвлөгөө өгч байна. Төрөөс баримталж буй цалингийн сүлжээ нь санаачилга, зүтгэлтэй ажилласан хүний урмыг хугалж, сул уран бүтээлчдийг залхуу болгож байна. Бидэнд сайн ажиллаж байгаа уран бүтээлчдээ урамшуулах хүрэлцээтэй мөнгө, эрх мэдэл алга. Биднийг хариуцдаг удирдлага, мэргэжилтнүүд бидний ажил, амьд­ралыг мэдэхгүй байна. Цалинг чөлөөт тогтолцоонд шилжүүлбэл хүн бүрээс чанартай уран бүтээл гарч, үүндээ таарсан цалинг чөлөөтэй олгож баймаар санагдана. Ингэхгүй бол хөдөөгийн театр тогтвортой ажиллах уран бүтээлчгүй болох нээ.

НЭМЭГДЭЛ ГЭЖ САРД 2000 ТӨГРӨГ ӨГДӨГ

Р.Санжсүрэн (Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран сайхны удирдагч)

Төр засгаас соёл урлагийн чиглэлээр баримталж буй бодлого аль хэдийн алдагдсан. Аймаг бүрт Боловсрол соёлын газар гэж бий. Энэ байгууллага үйл ажиллагаа боловсрол талдаа чиглэж, соёл урлагтаа сайн анхаарахгүй байна. Төр засаг хөдөөгийн театр уран бүтээлчдийг байлгавал хүрэлцэхүйц цалин хангамжтай байлгах эс­вэл чадахгүй гээд тараачих нь дээр. Нэмэгдэл гэж доромжилж то­хуур­хаж байгаа юм шиг хүнд хэ­лэхээс ичмээр юм өгдөг. Гоцлол дуучид, хөгжимчдөд нэмэгдэл гэж сард 2000 төгрөг өгдөг, үүгээр бид яах билээ. Аймагтаа тоглолт хийхэд үзэх хүн алга. Төсөв мөнгөндөө боо­милуулаад шинэ уран бүтээл хийж чадахгүй байна. Харин аймаг бүрээс нэг нэг уран бүтээлч хамтран томоохон аялан тоглолт хийвэл өгөөжөө өгөх болов уу гэж боддог. Баруун бүсийн театр чуулгын нэгдсэн төв байгуулбал ямар вэ. Энэ ярилцлагаас удирдах байгууллагадаа илгээлт явуулъя.

ХОЛ ТӨРСӨН ГЭЭД ХОХИРЧ БАЙХ ЁСГҮЙ

Ц.Лхагва (“Увс-Ойрад” ХЖТ-ын найруулагч)

Манайд ардын уламжлалт урлаг судлал хөгжихгүй, үйл ажиллагаа ил тод явагдахгүй байна. Баруун бүс нутаг бол ардын уламжлал урлагийн барагдашгүй өвтэй, судлал сурталчилгааны арвин нөөцтэй газар билээ. Баруун бүсийн нэмэгдэл гэж олгох тухай яригдаж байсныг УИХ-ын гишүүн, шинэхэн баатар Э.Бат-Үүл эсэргүүцээд болиулчихлаа. Социалист нийгмийн үед говийн нэмэгдэл гэж олгож байсан. Хэн ч барьцаж хэл ам татлаагүй шүү дээ. Увс аймгаас сүүлийн 20 жил эх орны нийслэлд очоогүй, төрийн албан хаагч бий. Хол төрснөөрөө бид хо­хирч байх ёсгүй.

СТА ЦОЛ ТЭМДЭГ НЭР ХҮНДГҮЙ БОЛСОН

Х.Болд (Л.Ванганы нэрэмжит ХЖТ-ын ахмад уран бүтээлч МУСТА)

Манай уран бүтээлчид соёлын яам гэж байхад эзэнтэй юм шиг бай­жээ. Одоо хөдөөгийн театр уран бүтээлчдийг харах газаргүй бол­лоо. Цалин бага, хангамж муу, гавьяа шагнал өгөхөө болилоо. СТА цол, тэмдэг нэр хүндгүй болж хэн дуртай сайд, УИХ-ын ги­шүүд халаасалж яваад өгөх хүндээ өгчихдөг боллоо. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд явдаг уран бүтээлчид амархаан төрийн одон, медаль, гавьяат жүжигчин цол хүртчихдэг муу зуршил тогтлоо.

ХҮНД СУРТАЛТАЙ, ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ ДАРГА НАР ИХ БАЙНА

Ц.Жамъяан (Баруун бүсийн ХБК-ийн захирал, УГЗ хөгжмийн зохиолч)

Миний нэг танил саяхан “Соёл ур­лагийн газрын шинээр то­ми­логд­сон даргатай нийслэлд ажлаар очоод уулзах гэж дөрвөн өдөр яваад уулзаж чадсангүй, цаг ав гэх юм” хэмээн бухимдан ярьж байсан. Албан тушаалаа насны юм шиг саначихсан, хөдөөгийнхнийг хүн гэж тоодоггүй, амьдрал мэддэггүй, хүнд сурталтай, хүйтэн сэтгэлтэй дарга нарын ажил яаж бүтдэг байнаа.

МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ, АРГА ТУРШЛАГАА ХУВААЛЦАЖ БАЙЯ

Т.Мурат (Баян-Өлгий аймгийн ХЖТ-ын жүжигчин)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор морин хуур, уртын дуу, хөөмийн хөтөлбөр хэрэгжиж байна. Гэтэл Монгол Улсад ганц байдаг домбор найрал хөгжимчдийн чуулга дээрх хөтөлбөрт оролгүй орхигдов. Бүс нутгийн ХЖТ-т тавигдаж буй уран бүтээлээ бид мэдэхгүй байна. Өөр хоорондоо мэдээлэл солилцож, арга туршлагаа хуваалцаж байя.

200 МЯНГА ХҮРЭХГҮЙ ЦАЛИНГААР АМЬДАРЧ БАЙНА

н.Отгонжаргал (Говь-Алтай аймгийн Алтай чуулгын хөгжимчин)

Хүмүүс биднийг урлагийн тайзан дээрээ өмссөн хувцас шигээ сайхан амьдардаг байх гэж боддог биз. Бид чинь банкинд цалингийн зээлтэй, өдрийн ундандаа дэлгүүрээс бэлэн хоол зээлж идсэн хүмүүс. Гэхдээ ядуу гээд урлагаа гэсэн ариун сэт­гэлээ гээгээгүй, хөдөө ганд­сан хөөрхийлтэй хүмүүс шүү дээ. Бид үндсэн ажлаа хийчихээд үйлч­лүүлэгсэд, шавь нараасаа байн­га бэлэг авчихаад цалин хөлсөө нэ­мүүлэх гэж жагсдаг эмч, багш нар шиг жагсаж чадахгүй. Ажил гэж амьд­ралаа золиосолж, үзэгчдийн оюуныг ариусгаж явдаг нь бидний буруу гэж үү. Би энэ чуулгад гэр бүлийн хүнтэйгээ 27 жил ажиллаж 200 мянга хүрэхгүй төгрөгийн цалин авч өлөн зөмөг амьдарч явна.

No comments:

Post a Comment