Л.Санжаасүрэн: Д.Энхбатыг хулгайлах ажиллагаанд тагнуул, цагдаа, дипломат алба, МИАТ-ийн ажилтнууд оролцсон

Ярилцсан Б.ДОЛЗОДМАА
эх сурвалж: http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=15284&vmet_main=1002

Өмгөөлөгч асан Л.Сан­жаасүрэнтэй ярилц­лаа.
-Францаас Д.Энх­ба­тыг хулгайлсан хэ­рэгт Монголын Үндэс­ний аюул­гүй байдлын зөв­лөлийн ажлын албаны дар­га Б.Хурц сэжиг­лэг­дэж Лондонд саа­туу­­лагдаад байгаа. Та Д.Энх­­бат агсны өм­гөөлөгчөөр ажил­лаж байсны хувьд одоо өр­нөж буй улс хоорондын энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Д.Энхбатыг Фран­цаас хулгайлж авчирсан асуудал бол хууль бус хэрэг. Түүнийг эрүүдэн шүүх ажиллагаа мөн хууль бус. Энэ ажиллагаа Монголын төдийгүй олон улсын хооронд байгуул­сан эрхийн хэм хэмжээг зөрчсөн гэж үздэг. НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн хүрээнд хориг­долтой харилцах наад захын жишгийг зөрчсөн үйлдэл байдаг. Би 2004 онд шүүх хурал дээр хууль дүрэм зөрчиж бай­гаа энэ үйлдлүүдийн та­лаар дэлгэрэнгүй хэлсэн. Д.Энхбатын эсрэг хэрэг­лэж байгаа эрүүдэн шүүх харгислал, хэлмэг­дүүлэл­тээ таслан зогсоохгүй бол асар их хор уршиг дагуул­на. Үүнийг би хариу­цах­гүй шүү гэдгийг хэлсэн. Д.Энхбатын эсрэг үйл ажиллагаа явуулсан ал­бан тушаалтан, түүний удирдлага хариуцах бол­но шүү гэдгийг би долоон жилийн өмнө хэл­чих­сэн.

-Хууль зөрчсөн ажил­­­лагаа явагдаад бай­на гэдгийг та хан­галт­тай их хэлж, ярьж байсныг тань санаж байна. Тэгвэл тэр үед манай ул­сын хуулийн бай­гууллага өмгөөлөгч таны асуулгад ямар байд­лаар хариулт өгч байсан гэдэг нь сонин байна?

-Тухайн үед ямар арга хэмжээ авч байсан нь надад мэдрэгдээгүй. Би өмгөөлөл хийснийхээ тө­лөө байцаагдаж байх үе­дээ мөрдөн байцаагчаас эхлээд бүх шатны проку­рор, шүүх, УИХ-ын 76 гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, тусгай хя­нал­тын бүх хороодод хууль бус ажиллагаа яваг­даад байна, Монголын нэр хүндийг унагаж бай­на гэдгийг мэдэгдэж бай­сан. Харамсалтай нь хэн ч хүлээж аваагүй. Гэтэл намайг шоронд хориг­доход зөвхөн миний гар дээр 20 гаруй орноос 320 захидал ирсэн. Тэр үед Монголын Хууль зүй, до­тоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Засгийн га­зар, Ерөнхийлөгчид, га­даа­­дад суугаа Монголын Элчин сайдын яамдад гадны иргэдээс асар их мэдээлэл ирсэн гэж би сонссон. Зөвхөн миний хүлээж авсан захидлаас харахад дэлхийн олон орноос Монголын эрх баригчдыг хууль бус ажил­­лагаагаа зогсоо гэж шаардаж байсан. Фран­цын талаас манай улсын дипломат ажилтныг нутаг орноосоо хөөсөн гэх мэт явдал гадна өрнөөд бай­хад Монгол ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Ха­рин Монгол Улсын Зас­гийн газар өмгөөлөгч Л.Сан­жаасүрэн, Д.Энх­бат нар хэрэгтэн, энэ хоёр буруутай гэсэн мэдээл­лийг гадагш цацаж бай­сан. Засгийн газар гэж хэлж байгаа учир нь НҮБ-ын субьект бол Засгийн газар байдаг учраас тэр.


Д.ЭНХБАТ ТАВДУГААР САРЫН 18-НААС 25-НЫГ ХҮРТЭЛ ХААНА БАЙСАН ГЭДЭГ НЬ МЭДЭГДДЭГГҮЙ

-Хил дамнуулан хүн хулгайлах ажилла­гааг хэн явуулав, гүй­цэтгэх ажилла­гаа хийсэн хү­мүү­сийн нэрсийг хэн зар­лав гэдгийг ид ярил­цаж байна. Нэгэнт Д.Энх­­бат нас барсан энэ үед хууль бус ажилла­гаа явагд­саныг хам­гийн сайн мэ­дэх хүний нэг та боло­хоор энэ талаар то­дор­хой зүйл яри­на биз дээ?

-Хулгайлах ажил­ла­гаанд тагнуул, цагдаа, дипломат алба, МИАТ-ийн ажилтнууд оролц­сон. Ямартай ч тухайн үеийн Эрүүгийн цаг­даа­гийн газрын дарга Ган­болд "Бид Д.Энхбатыг олон улсын интерполын шугамаар баривчилж ав­чир­сан" гэсэн албан ёсны мэдээллийг бидэнд өгч байсан л даа. Би тэр үед Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга, Ерөн­хий­лөгч нарт ил захидал илгээж энэ хууль бус ажил­лагаагаа зогсоогооч гэсэн. Энэ бүгдийн хариуд намайг шоронд хорих ялаар хариу барьсан.

-Та хууль бус ажил­лагаанд оролцсон хү­мүү­сийг нэр ус­тай нь яагаад хэлж болохгүй гэж. Хүн хулгайлах ажил­лагааг хэн хийсэн бэ гэдгийг танаас шууд тулгаад асуучихъя?

-Би өөрөө цэргийн хү­ний хувьд хэлэхэд цэр­гийн хүмүүс дарга нарын­хаа өгсөн тушаалыг бие­лүүлэх үүрэгтэй байдаг. Одоо сонин хэвлэл дээр Б.Хурцын тухайд энэ са­наа цухалзаж байна л даа. Гэхдээ цэргийн хүн дарга тушаал өгөхөд "Мэд­­лээ гүйцэтгэе" гэж гараад хэрвээ өгсөн ту­шаал нь Монгол Улсын хууль зөрч­сөн байх юм бол дээд шатны бай­гуул­лагад хэрэгжүүлэхээсээ өмнө хэлдэг дүрэмтэй. Таг­нуу­лын газрын ажилт­­нууд дээрээс өгсөн даргын­хаа тушаалыг хү­лээж аваад хэрэг­жүүлсэн бол цэр­гийн талаасаа байж бо­лох асуудал. Гэх­дээ өнөө­дөр XXI зуун. НҮБ-ын Аюулгүйн зөвлө­лийн орон болох Герма­ны ну­тагт хууль бус ажил­лагаа явуулж болохгүй гэдгийг хууль мэддэг хү­мүүс сайн мэдэж байх учиртай. Д.Энх­батыг хулгайлах ажилла­гаанд тагнуул, цагдаа, дипло­мат алба, МИАТ гэсэн дөрвөн бай­гуул­лагын хүн хүч хэрэгс­лийг нэг дор төвлөрүүлж чадах эрх мэдэлтэй нь Монголд хэн бай­хав гэд­гийг санах хэрэгтэй.

-Ерөнхий сайд, Ерөн­хийлөгч гэж та хэлэх гэж байна уу?

-Харин хэн байхав гэдгийг би та нараас асууя. Дүгнэлт хийхэд ийм эрх мэдэлтэй хүмүүс зо­хион байгуулсан байж таарна аа даа. Эсвэл баривчилгаа явуулсан тэр нөхдүүд онцгой эрх­тэй байсан юм уу. Хэрвээ энэ дөрвөн байгууллагыг нэг дор нэгтгэсэн хүн байх юм бол энэ зохион байгуу­лалттай хэрэг болно. Зо­хион байгуулалттай гэмт хэрэг дотор олон субьект бий. Энэ хэргийг хэн сэд­сэн, төлөвлөсөн, хэн зо­хион байгуулсан, хэн гүй­цэт­гэсэн, хэн хамжсан, хэн гэмт хэргийн ул мө­рийг балласан бэ. Тухайл­бал, Францын нутаг дээр Д.Энхбатыг цохиж унагаж болох­гүйгээр зөвхөн ба­рив­чилж авчир гэсэн үүрэг­тэй байсан гэж үзвэл цохиж унагасныхаа ха­риуц­лагыг хүлээх ёстой болно. Д.Энхбатын ам руу үл мэдэгдэх шингэн зүйл болон архи цутгасан энэ хүмүүс эрхээ хэтрүүл­сэн бол гүйцэтгэгч нар хариуцлага хүлээх ёстой. Монго­лын хуульд заас­наар гэмт хэргийг нуун дарагдуулсан хүн эрүү­гийн хариуцлага хүлээдэг. Энэ ажиллагаанд хам­жиг­чаар оролцох эсвэл гэмт хэрэг болсныг мэд­сээр байж долоон жи­лийн туршид нуун дараг­дуулсан хүмүүс бүгд хариуц­лага хүлээх ёстой. Тийм уч­раас энэ хэргийг хэрхэн шалгахыг нь би мэдэх асуудал биш. Би Фран­цад хүн хулгайлах үйл явц болсныг өөрийн нүдээр хараагүй тул илүүг хэлж мэдэхгүй. Юутай ч энэ хууль бус ажиллагаа НҮБ-ын олон дүрэм, хууль, конвенцийг зөрч­сөн. Мөн Монголын олон хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхой.

-НҮБ-ын хууль дүр­мийг зөрчсөн гэж та ярьж байна. Үүнээс илүүтэйгээр Д.Энх­бат агсан болон өмгөөлөгчөөр ажил­ла­сан та хоёрын эрхэнд халдсан нь илтэд ха­рагд­даг. Үүнийг бас ярих­гүй өнгөрч болох­гүй байх?

-НҮБ болон Монголын хуульд хүнийг эрүүдэн шүүж байцаахыг хориг­лосон байгаа. Д.Энх­ба­тыг бууны бөгсөөр цохиж унагасан, хурц гэрлээр шарсан, зодсон, нүдсэн бүхэн хууль бус ажил­лагаанд орно. Д.Энх­ба­тыг 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Фран­цаас баривчилсан. Тавду­гаар сарын 18-ны өдөр Берлинээс наашаа ав­чир­сан. Гэтэл Д.Энхбат тавдугаар сарын 18-наас 25-ныг хүртэл хаана бай­сан гэдэг нь мэдэгддэггүй. ЭЦГ-ын даргын гаргасан бичигт Д.Энхбатыг Фран­цаас интерполын шуга­маар 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр Мон­голд авчирсан гэдэг. МИАТ болохоор тавду­гаар сарын 18-нд онго­цоор ирсэн гэдэг. Хилийн цэргийн гаргасан бичгээр бол тавдугаар сарын 18-ны өдрийн бүртгэлд Да­ми­рангийн Энхбат гэсэн нэр байхгүй гэдэг юм. Гэ­тэл Тагнуулын ерөнхий газар Д.Энхбатыг зодож нүдэж гарын үсэг албад­лагаар зуруулсан гэх ажил­лагаагаа 2003 оны тавдугаар сарын 24-ний өдөр болсон гэх. Тэгэхээр энэ бүх цаг хугацаа зөр­чилдөж байгаа биз. Энэ хугацаанд Д.Энхбат хаа­на байсан юм бэ. Хэрвээ Монголын хууль хянал­тын байгууллагын гадуур нууцаар байсан бол бас л хууль зөрчсөн ажил­лагаа.

-Д.Энхбатыг хууль бус бичиг баримт ашиг­лаж ялаас зугт­сан гэж цагдаагаас мэдэгд­дэг. Ер нь Д.Энхбат юу­наас болж амиа алдсан юм бэ?

-Д.Энхбатыг ял зав­шиж хуу­рамч бичиг ба­рим­таар гадагшаа гар­сан гэж буруутган үздэг. Үүнийг үнэн гэж саная. Тэгсэн мөртлөө Д.Энх­батыг сүүлд Монголд авч­рахдаа хуурамч бичиг баримт ашиглаж авчир­сан байх магадлал өндөр байгааг бид мэднэ. Тэгэ­хээр хууль иргэнд хамаар­даг мөртлөө төрийн бай­гуул­лагынхан хуурамч бичиг баримтаар хилээр хүн нааш цааш нь зөө­хөд нь яагаад ижил тэгш үйлчилдэггүй юм бэ. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр эрүүл саруул биетэй баригдсан бол зургадугаар сарын 14 хавьцаа буюу намайг өмгөөлж эхлэх үед яагаад бие нь асар их дордсон байдаг юм бэ. Тэгэхээр тэр хоо­ронд эрүүл хүнийг хор­дуулсан байж таарах нь ээ дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­дорж тухайн үеийн нэг ярилцлагадаа Д.Энх­батыг өвчтэй биш эрүүл гэдгийг нь цохон хэлсэн бай­даг. Үүнээс үзвэл Д.Энхбат Монголд ба­ривч­лагдан ирэх­дээ биеийнх нь байдал тийм дор байгаагүй юм биш үү?

-Ц.Нямдорж сайд Д.Энх­батыг эрүүл гэдгийг нь баталсан. Миний сэжиг таамгаар Д.Энхбат эрүүл байх хувилбартай. Яа­гаад гэвэл тагнуулынхан Д.Энхбатад хэлэх­дээ чи Монголд ирсэн дансгүй гэсэн байдаг. Амь насыг нь хөнөө­сөн тохиолдолд цогцсыг нь хаяхаар төлөв­лөсөн ажил байсан юм болов уу гэж боддог. Нө­гөө­тэйгүүр Д.Энхбатыг хорих ялаас чөлөөлөгдөх өвчинтэйг баталсан бичиг баримт байдаг. Тэгвэл өвчтэй гэдгийг нь мэдсээр байж яагаад зодож нүдэж Монголд авчрав. Энэ нь Д.Энхбат амь насаа ал­дах болсон шалтгааны нэгд орж таарна. Д.Энх­батыг амиа алдсан асууд­лыг аль аль талаас нь авч үзэхэд ийм байдал хараг­дана. Миний өмгөөлөлд орсон Д.Энхбат үхэхээсээ өмнө надаас гуйсан л даа. Та миний хэлсэн үгийг олон түмэнд мэ­дээлж өгөөч гэж уйлан гуйсан. Би тэгэхээр нь түүний ярьсан хэлсэн бичлэгийг нь телевизэд өгсөн. Тэр нь эцэстээ төрийн нууц болж хувир­сан даа.

МИНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БҮРЭН БАТАЛГААТАЙ

-Та хоёрыг шүүхээс төрийн нууц зад­руул­сан гэж ялла­сан. Нууц биш бол та хоёр ямар нууц задруулсан байдаг юм бэ?

-Би өмгөөллийнхөө үйл ажил­лагааны хү­рээнд хулгайлагдаж ир­сэн, зодуулсныг нь ил­чил­сэн байх. Магадгүй Д.Энхбатын амийг хө­нөөх бэлтгэл ажлын асууд­лын зах зухыг ба­рим­таар дэлгэсэн байж болзошгүй. Үнэндээ тө­рийн албан тушаалтны хууль бус ажиллагаа тө­рийн нууцад хамаар­даг­гүй. Харин би нуун дараг­дуулсан бол гэмт хэрэгт тооцогдоно. Төрийн бай­гуул­лагуудын нууц задал­сан гэж намайг буруутгаж ял үүсгэсэн хүмүүс одоо өөрсдөө ял эдлэх ёстой болно. Яагаад гэвэл тө­рийн нууц нэрийн дор тодорхой албан тушаалт­нуудын гэмт хэргийг одоо хүртэл нуун дараг­дуул­саар байна. Долоон жи­лийн турш нуун дараг­дуулж байна гэдэг нь өөрөө гэмт хэрэг.

-Таны өмгөөллийн эрхийг тэр үед хасч байсан. Одоо сэр­гээсэн үү?

-Өмгөөллийн эрхийг маань 2004 оны дөрөв­дүгээр сард зогсоосон. Түүнээс хойш би өмгөө­лөл явуулаагүй ч олон хүнд үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөв­лөгөөгөө өгсөөр л байна. Миний хувьд хохирсон асуудал гэвэл олон зүйлийг тоо­цож болно л доо. Үүнээс илүүтэйгээр Монгол Ул­сад шударга ёс тог­тоо­сой. Хууль шүү­хийн өмнө иргэд, албан тушаалтан адилхан тэгш эрхтэй бай­гаасай гэдгийг хамгийн их хүсч байна.

-Та ер нь өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовдог уу?

-Миний аюулгүй бай­дал бүрэн баталгаатай. Надад заналхийлж бай­гаа этгээдүүд гэвэл миний түрүүний хэлсэн нэр бү­хий субьектүүд. Намайг ялласан хүмүүс нэрс хая­гаараа байгаа. Шүүхээс таслагдахынхаа өмнө танай "Өдрийн сонин"-д явуулсан захи­дал дээр бүх нэр, хаяг, үйлдлээрээ бий. Би өөрийгөө хам­гаалах ба­римт бичгээ судлаач нарт бас явуул­сан байгаа. Д.Энхбатыг хулгай хийсэн гэх мэдээ­лэл, баримт ганц надад байгаа юм биш ээ. Тэр тусмаа монголчууд чинь хүнд битгий хэлээрэй гээд гадагшаа ярьдаг хүмүүс шүү дээ. Миний сонс­соноор Д.Энхбатыг хул­гайлах ажиллагаанд оролц­сон хүмүүс авсан шагнал, урамшуул­лаа­саа болж эв түнжин хагар­сан гэдэг юм билээ.

-Тагнуулын гүйцэт­гэх ажил­лагаанд нэр бүхий дөрвөн хүн оролц­сон гэгддэг. Энэ дун­даас зөвхөн Б.Хур­цын нэрийг Европын холбооны орон руу явуул­сан гэж яригдаад бай­гаа?

-Д.Энхбатыг баривч­лах ажилла­гаанд оролц­сон хүний тоо арав хол гарна. Хэн Б.Хурцын нэ­рийг өгснийг би мэдэхгүй. Дэлхий нийтэд хүн хул­гайлах хэрэг онц ноцтойд тооцогддог. Манай улс НҮБ-ын гишүүн орон. Хүн хулгай­лах ажиллагаа явуул­сан нь Монгол Ул­сын нэр хүндэд асар хор уршиг дагуулж байна. Гутамшигт явдал. Монгол хүн бүр үүнд эмзэглэж байна. Бүхэл бүтэн эрх бүхий албан тушаалт­нууд Европын холбооны улс оронд Монголын нэр хүндийг тэгж балласан гэдэг маш хариуцлагагүй явдал.

-Д.Энхбатыг барив­чилж авч­рахыг харсан онгоцны үйлч­лэгч бүс­гүй учир битүүлгээр нас барсан тухай сонин хэв­лэл дээр бичигдэж бай­на. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би энэ талаар мэдэх­гүй юм. Би өөрийн чихээр сонссон, харсан үзсэнээ ярина. Миний ярьж бай­гаа зүйлс бол Д.Энх­ба­тын хэлсэн үг, яриан дээр түшиглэсэн байгаа. Одоо хууль хяналтын байгуул­лага яаж шалгахыг нь би харж сууна. УИХ-ын Хү­ний эрхийн дэд хороонд би саяхан өргөдөл явуул­сан. Уг нь би УИХ-ын тусгай хяналтын дэд хо­роонд урьд өмнө нь өргө­дөл өгч байсан ч хариу авч чадаагүй.

-Улс хоорондын харилцаанд ан цав үүсч болзошгүй ноц­той байдалд хүрээд бай­гаа хүн хулгайлах гэмт хэрэг цаашид хэр­хэн шийдэгдэх бол. Та юу гэж бодож байна?

-НҮБ-ын Дээд комис­сарын газрын тусгай шал­гагч намайг Амга­лан­гийн хорих ангид хориг­дож байхад ирж уулзаж байсан. Миний хүсэлт өргөдлийг хүний эрхийг хамгаалдаг "Эмнести Ин­те­рнэшнл" байгууллага дэлхийн олон улс орон руу явуулсан. Тэгээд улс төрийн хоригдол болжээ гэж үзээд суллуулах шаард­лага хүртэл тавьж байсныг санаж байгаа. Хүний эрхийг зөрчихгүй, хууль бус ажиллагаа явуу­лах­гүй байж л Монгол Улс нэр хүндээ хамгаалж чадна. Дэлхий нийтэд ил болсон ийм хэргийн бу­руут­ныг зарладаг жишиг бий.

No comments:

Post a Comment