Шүүхийн бие даасан байдлыг хангах нь чухал

http://www.unen.mn/content/11061.shtml?alias=politics
Өнөөдөр 12 цаг 2 минут
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс санал болгосон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дан ганц Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгодог нь учир дутагдалтай байна, тиймээс санал болгох субьектийг УИХ, Засгийн газраар өргөтгөх ёстой” гэсэн заалт маргаан дагуулав. УИХ-ын гишүүд “Хэрэв ажлын хэсгийн саналыг байнгын хороо хүлээгээд авчихвал шүүх байгууллагын хараат бус байдал алдагдана” гэж шүүмжилсэн. 
Мөн төсөл санаачлагчдын зүгээс ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын “Шүүхийн ерөнхий зөвлөл нь 14 хүний бүрэлдэхүүнтэй, тэдний 10 нь шүүгч нар байдаг. Өөрөөр хэлбэл, тус зөвлөлд бүх шүүгч нар багтаж байгаагаас захиргааны талын асуудлыг мэддэггүй.
Гэтэл төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал хөөцөлдөхөөс эхлээд Сангийн яамтай харилцах шаардлага үүсдэг гээд ажил хийх шатанд шүүгч нарын мэдэхгүй асуудал нэлээд гарч буй тул бүгдийг нь шүүгч томилогддог асуудлыг эргэж харах шаардлага үүссэн”гэв. 
Ийнхүү талуудын байр суурь зөрүүтэй, санал хуваагдсан тул энэхүү саналын томъёоллыг эргэж ажлын хэсгийн төвшинд хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, энэ удаад санал хураасангүй нээлттэй үлдээн, бусад зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар энэхүү багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болов.

 Д.Одбаяр: Хуулиуд баталсны дараа шүүх засаглалынхаа төвшинд очно
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас байнгын хороогоор хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Өмнө нь одоогийн яригдаж байгаа хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилох асуудал хэрхэн тусгагдсан юм. Түүнийг одоо яаж өөрчилсөн юм бэ?

- Шүүхийн ерөнхий зөвлөл бол Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, иргэдэд түргэн, шуурхай үйлчилгээг үр дүнтэй хүргэх, нийгэмд шударга ёс, хүний эрхийг хангахад чухал ач холбогдолтой Үндсэн хуулийн байгууллага. Хуулийн төсөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог байх” санал оруулж ирсэн. Ажлын хэсэг тухайн саналыг үндсэн зорилготой хэр нийцэж байгаа талаар ярилцсан. Бид эдгээр хуулиуд баталсны дараа шүүх засаглалынхаа төвшинд очих юм гэж тооцож байна. Учир нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ард түмэн мэднэ. Харин шүүх засаглал яг хаана оршиж, төрийн бодлогыг хэрхэн авч явж байна гэдэг нь ойлгомжгүй. Тэгэхээр засаглалын хуваарилалт талаасаа шүүх засаглалыг гурван хуваарилалтын байр суурь дээр баттай тавих зорилгоор Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг багц хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангадаг Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг гол байгууллага хэрхэн бүрдүүлэх, аль нэг төрийн институцийн хараанд байх нь зөв, буруу эсэх асуудлыг намын бүлэг болон ажлын хэсэг дээр ярьсан. Тиймээс уг асуудлыг дахин нухацтай ярилцахаар боллоо.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилоход УИХ, Засгийн газраас оролцдог байя гэж ажлын хэсгээс санал гаргасан байна. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат болгож байгаа юм биш үү? 

-Хууль төслийн шатанд байгаа. Ажлын хэсэг “Шүүхийн Ерөнхий зөвлөлд орон тооны дөрвөн гишүүн байх бөгөөд тэдгээрийг Ерөнхийлөгчийн институци, УИХ, Засгийн газар, Дээд шүүх томилдог байя. Ингэснээр аль аль талаасаа тэнцүү бүрдэж, бие дааж ажиллах боломжтой болно” гэсэн санал оруулж байгаа юм. Орж ирсэн төслүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилдог байхаар тусгасан. Үүн дээр нэлээд яриа гарсан. 

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох засаглал томилно гэхээр заримын хувьд нийцэх үү? 

-Онолын хувьд буруу биш. Учир нь засаглал хуваарилах онол буюу эрх мэдлийн хуваарилалтын онол гэж бий. Энэ нь хууль тогтоох байгууллага хуулиа тогтоож, гүйцэтгэх засаглал нь хуулиа хэрэгжүүлж, уг хэрэгжилтэд нь шүүх хяналтаа тавь гэсэн гол онол. Үүний дагуу эдгээр гурван засаглалын хооронд хяналт тэнцэлийн систем бий болгоё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүх засаглал хяналт тавихын зэрэгцээ бүтэц зохион байгуулалтад санал орж, тусгагддаг байх ёстой. Хэт туйлширсан байдлаар бүгд тусдаа байж болохгүй. Шүүх засаглалын тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэтэл засаглалын төвшинд, нэг салбарыг тэргүүлдэг гэдэг утгаараа ил харагддаггүй. Хүмүүс бага мэддэг. Ерөнхийлөгч засаглалын хэвийн тасралтгүй явагдах үйл ажиллагаан дунд байж, ард түмэнд харагдах хүн. Энэ талаасаа шүүхийн идэвхтэй, өөрийгөө хамгаалах үйл ажиллагаа зэрэг олон арга барилыг хэвшүүлж амжаагүй байна. 

-Дээрх асуудал дээр улстөрийн өнцөг харагдаад байна уу? 

- Энэ талаас тайлбарлах нь зохисгүй. Би тэгж харахгүй байгаа. 

- Тэгвэл яагаад өмнө нь уг асуудал яригдаагүй юм бэ? 

- Өмнө нь яригдаж байгаад яг цаг хугацааны дагуу асуудал орж ирж байна. 1990-ээд оны сүүлээр Шүүхийн шинэчлэлийн стратеги төлөвлөгөөг УИХ баталсан. Ингэхдээ өнөөдрийн өөрчлөлт, шинэчлэлүүдийн ерөнхий зарчим тусгагсан. Хэлэлцэгдэж байгаа хуулийн хүрээнд зөвхөн эх газрын тогтолцооноос гадна Англи, Америк далайн орнуудын эрх зүйн зарим зохицуулалтууд амьдралын шаардлагаар орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, манай эрх зүй холимог талруугаа явж байна. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 20-иод жил хуульчдын дунд яригдаж байсан ажлууд шат шатандаа хийгдсэн. 

Ц.ЖАРГАЛ

www.UNEN.mn

No comments:

Post a Comment