Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: “Хан ресурс” дэх оросуудын дарамт монголчуудын боломжийг хаачихлаа

http://economics.gogo.mn/news/77295


2010 оны 10-р сарын 7
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: “Хан ресурс” дэх оросуудын дарамт монголчуудын боломжийг хаачихлаа
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай хөрөнгийн зах зээл, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн өмчийн хороо гэдэг байгууллагыг улсын өмчийг хувьчилдаг үүрэгтэй гэсэн ойлголт нийгэмд байдаг. Тиймдээ ч төр өмчөө хувьчлаад бараг дууссан, энэ байгууллагыг татан буулгах ёстой гэсэн яриа бий. Харин одоо танай байгууллага өөр чиг үүрэгтэй болсон гэх юм...?
-Хуучин нэрээр Өмч хувьчлалын комисс гэж байсныг өргөтгөж, Төрийн өмчийн хороо болгон зохион байгуулсан. Өөрчилж зохион байгуулснаас хойш ч нөгөө л уламжлалаараа  өмч хувьчлал дээр гол анхаарлаа хандуулсан байдаг. Намайг энэ албанд ирснээс хойш манай баг том зорилго тавьж ажилласан. Мэдээж эхний ээлжинд өмч хувьчлал гэж байна.


Үүнтэй зэрэгцүүлээд өмчийг хувьчлахаас өмнө бүртгэх, хянах, алдаж асгахаас болгоомжлох ёстой. Гуравдугаарт, төрийн өмчийн компаниудын менежментийг өөрчлөх зорилт тавьсан. Одоо бол төрийн өмчийн компаниудыг хөрөнгийн зах зээлд бэлтгэх том ажил ид хийгдэж байна. Өнөө үед хөгжлийн бүх бүтээгдэхүүн мөнгөнөөс шалтгаалдаг болсон, тэр мөнгө үндсэндээ банкны зээлээр шийдэгдэж байна. Хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгож, түүнийгээ хөгжилд ашигладаг том боломжийг бид өнгөрсөн хугацаанд төдийлөн ашиглаагүй.

Дараагийн бас нэг анхаарах асуудал бол төр, хувийн хэвшлийн түншлэл буюу Концессын хуулийг хэрэгжүүлэх явдал юм. Хөгжлийн бүх л хөрөнгийг улсын төсвөөс дангаар гаргадаг байсан цаг өнгөрсөн. Одоо Монголд хувийн компаниуд бэхжээд, энэ салбарт мөнгө бий болчихож. Тэгэхээр хувийн хэвшилд байгаа мөнгийг нийгмийн том асуудлыг шийдвэрлэхэд татан дайчлах нэг зорилт бидэнд зайлшгүй байх ёстой.

Жишээлбэл, томоохон зам ч юм уу, эмнэлгийг хувийнхнаар бариулчихаад дараа нь тухайн компани нь тодорхой хугацаанд ашиглаж, гаргасан зардал, ашгаа олчихоод, төрд  шилжүүлдэг боломжийн хэлбэр байна. Зөвхөн эдгээрийг нэрлэхэд л Төрийн өмчийн хорооны ажил хуучнаасаа гурав, дөрөв дахин нэмэгдэж, үйл ажиллагаа нь шал өөр болчихож байгаа юм.

-Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл дээр бие даан тоглох боломж нөхцөл хэр байгаа вэ. Ер нь ийм чадамжтай компаниуд хэр олон байгаа бол?
-Юуны өмнө эхлээд нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Үлгэрлэж хэлбэл, нэг дэлгүүрийг л өргөжүүлж сайжруулъя гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эхлээд соёлтой үйлчилгээ, мэдлэгтэй худалдагчтай орчин үеийн дэлгүүр хэрэгтэй. Дараа нь энэ дэлгүүрт бараа, худалдан авагч хэрэгтэй. Ингэж байж дэлгүүр хөгжинө. Манай хувьд тэр дэлгүүр нь хөрөнгийн бирж юм. Бирж дээр бид гадаадын олон улсын зах зээлийн туршлагатай, олон улсын төвшинд харилцах боломжтой тийм багийг гаргах ёстой. Тэгээд эхний ээлжинд дэлгүүрээ сайжруулъя гэж зорьсон. Тендер зарласан, олон том компани материалаа ирүүлсэн. Гэхдээ бидний хамгийн гол сонирхож байсан асуултад хариу өгөөгүй учраас энэ удаагийн тендер хаагдаж байгаа юм.

-Тэгэхээр энэ ажил ингээд дуусч байгаа хэрэг үү?
-Үүгээр бүх ажил зогсчихож байгаа хэрэг биш. Дахиад олон улсын санхүүгийн төвүүдэд бид хүсэлтээ гаргачихсан. Түрүүчээсээ эхлээд чухал саналууд ирж байна. Энэ саналуудыг судалж үзээд, түншээ олоод хөрөнгийн биржийг магадгүй манай үндэсний, гадны зөвлөхүүдтэй холбогдсон багаар ойрын үед  яаралтай шинэчилнэ. Оноос өмнө энэ ажил цэгцэрч, чухал шийдвэр гарах байх. Үүгээр юу хэлж байна гэхээр гадны хөрөнгө оруулагчид манай биржид итгээд хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ.

Ингээд дэлгүүрийн асуудал шийдэгдлээ. Дэлгүүрт тавих бүтээгдэхүүний асуудал яригдаж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүн бол дэлгүүрийн хамгийн боломжтой бараа байх ёстой. Түрүүчээсээ Монголын хувийн компаниуд гадаадын зах зээлд гарчихлаа. Гэхдээ тэд гадаадын дэлгүүрт бараагаа худалдаад байгаа юм. Одоо дотоодын дэлгүүрт худалдах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалах нь тийм ч муу биш л дээ. Яагаад гэвэл гаднаас эх орон руугаа мөнгө оруулж ирж байгаа.

-Хувийн компаниуд гадаад зах зээлд гараад байхад Засгийн газрын бонд зэрэг шинэ гэрээ, хэлэлцээрүүд хойшилсоор байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Одоо бид төрийн компаниудыг гаргах ёстой. Бэлтгэл ажил ч эхэлчихсэн. Төрийн компани олон улсын хөрөнгийн зах зээлд гарахад бидэнд хоёр том нөхцөл байдал ээлтэй. Стратегийн чухал орд газруудыг бид ашиглах гэж байна. Хуулиараа стратегийн ач холбогдолтой орд газруудын хувьцааны 10 хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах ёстой. Энэ ажлуудыг хийхээр гэрээ хэлцэл явж байна. Заавал стратегийн ач холбогдолтойд ороогүй компаниудын хувьцаа ч гараад эхэлнэ.

Жишээ нь, “Монгол шуудан” компанийн 30 хувийг хөрөнгийн зах зээл дээр гаргахад бэлэн болчихоод байна. Өөрөөр хэлбэл төрийн компаниуд хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргаад эхэлчихлээ гэсэн үг.  Дараа нь  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргана. Компаниа байгуулчихлаа, гүйцэтгэх захирлыг сонгоод дуусч байна.

Ордыг ашиглах оператор компанийн тендер зарлагдчихсан, энэ сарын дундуур дүгнэчихнэ. Ингээд компаниа ашиглаад эхэлнэ. Бүтээгдэхүүнээ гаргаад, ашигтай гэдгийг нь олон нийт ойлгоод эхлэхээр хувьцаа нь үнэ хүрнэ. Энэ том компанийн хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр  гаргана. Мөн хуулийн дагуу 10 хувиас доошгүй хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр ч гаргана. 10 хувийг нь иргэддээ нэрлэсэн үнээр нь олгоно. 10 хувийг нь дотоодын компаниудад борлуулна.

-Монголын уран ойрын жилүүдэд ирээдүйтэйд тооцогдож байгаа. Манайх ч ашиглах талаар ажил эхлүүлсэн. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалттай хэчнээн компани ажлаа эхлэхэд бэлэн байгаа вэ?

-Манайд канад, Америк, Францууд энэ салбарыг сонирхоод хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Одоогоор “Дэнисон Майнинг” Канадын хөрөнгө оруулалттай нэг уурхай ашиглалтад ороход их ойрхон болсон. Хуулиараа энэ компанийн 34 хувийг Засгийн газар эзэмшиж хамтарч ажиллах ёстой. Ойрын үед хувьцааг нь гаргах төлөвлөгөөтэй. Мөн Францын “Арева” компанийн ашиглаж байгаа уурхай бэлэн болоогүй байна. Бид “Хуулийн дагуу өмчөө шийдье. 34 хувиа манай Засгийн газрын мэдэлд өг” гэж саналаа тавьсан.

-”Арева” яаж хүлээж авсан бэ?
-Нааштай байгаа. Бэлтгэл хангагдангуут ажилдаа орно.

-Орос, Канадтай холбоотой “Хан ресурс”-ын маргаан яаж шийдэгдэж байгаа вэ. Одоо болтол хүмүүс яг ямар шалтгаанаар гэрээ хэлэлцээрээсээ ухрах гээд байгааг төдийлөн ойлгохгүй байгаа?
-”Хан ресурс”-ын гол ордынх нь 21 хувийг Монголын Засгийн газар, 21 хувийг Оросын Засгийн газар, 58 хувийг Канадын компани эзэмшдэг, “Төв Азийн уран” нэртэй компани бий. Ний нуугүй хэлэхэд энд амаргүй нөхцөл үүссэн. Мэдээж ураныг ашиглаад боловсруулаад, атом цөмийн энерги гаргах боломж бидэнд байхгүй.

Тэгэхээр гадны өндөр технологитой компанитай хамтарч таарна, хамгийн ойр нь Оросын тал. Орос бол яах аргагүй өндөр технологитой, олон жилийн туршлагатай. Гэхдээ тэднээс дутахгүй орчин үеийн технологи канадууд бий. Гэхдээ энд энэ ордыг ашиглаж, бэлэн болгоод хувиа хэн нэгэнд зараад, хамтарч ажиллах сонирхол байгаа л байх.

Тэгэхээр Оростой хамтаръя, дээр нь “Тошиба” компанид технологи, нөөц нь байгаа, үүнийг ашиглая, мөн канадуудтай хамтарч ажиллая гэсэн төлөвлөгөө Төрийн өмчийн хороонд байсан юм. Гэтэл орос түншүүд маань дарамт гэхээр арай хатуу болох байх, нэлээн шургуу яриад “Канадыг шахаад гаргачихъя. Орос-Монгол” 51:49-өөр хамтраад явъя гэсэн санал тавьж байгаа.

Орос манай чухал хөрш, улс төр эдийн засгийн гүнзгий холбоотой гээд харах юм бол энэ саналыг нь анхаарахгүй байж болохгүй байх. Гэхдээ Ерөнхий сайд Канадад очоод “Бид цаашдаа Канадын загвараар хөгжье” гээд хэлчихсэн. Мөн Канадын Элчин сайд надтай уулзаад “Та нар манай компанийн эрх ашгийг яах гэж байна вэ?” гэсэн. Би “Монгол бол ардчилсан орон. Хэзээ ч Монголд оруулсан хөрөнгийг хурааж авч, хэн нэгнийг хөөж гаргахгүй. Тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу явагдсан ажил учраас зүгээр хөөгөөд гаргачихгүй гэж бодож байна.

Зайлшгүй гаргахаар болвол нөхөн төлбөр төлөх нь гарцаагүй. Тийм учраас та санаа зоволтгүй” гэж хэлээд явуулсан. Гэхдээ Оросын талын дарамт шахалтаар манай удирдлагын хэмжээнд ч гэсэн тэдний саналыг хүлээж авах хандлагатай хүн байдаг л даа. Гэхдээ бид дүрэм, олон улсын хуулийнхаа дагуу ажиллах ёстой. Тэгээд ч эхний маргаанд л манайх ялагдчихсан шүү дээ. Олон улсын шүүхэд очиход улам хэцүүднэ. Цаашлаад Монгол Улсад ер нь хөрөнгө оруулах хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэдэг ноцтой байдал үүснэ.

Тэгээд ч Канадтай хамтрахад бидэнд их ашигтай байх боломж гарсан юм. Бид хуулиараа Монголын хувь 51 байх ёстой гэсэн шаардлагаа өгчихсөн байгаа. Тэгэхээр манай 21 хувь 51 болохын тулд Канадын 58-аас, Оросын 21 хувиас авна. Үр дүнд нь Канадынх 36, Оросынх 13 болох юм. Канадууд үүнийг зөвшөөрсөн, Оросын тал зөвшөөрөхгүй байгаа юм.

-Оросууд ямар санал тавьсан юм бэ?
-Оросууд “Энэ уурхайг бид нээсэн биз дээ” гэсэн. Үнэхээр нээсэн нь үнэн. Гэхдээ 1981 онд Оросууд хууль зүйн хувьд бүх зүйлээ  Монголд хүлээлгэж өгөөд, одоо манай оролцоо байхгүй гээд явчихсан байдаг юм. Буцаад ярихаар хуулийн дагуу бусдын адил харилцах ёстой гэсэн шаардлагыг бид тавьж бай¬гаа. Энэ бүхэн яриа хэлэлцээрийн төвшинд явж байгаа гэж ойлгож болно. Бидэнд ашигтай бас нэг том боломж гарсан нь Канадууд энэ уурхайнхаа операторын ажлаа өөрсдөд нь өгчихвөл Канадын толгой компанийн 17 хувийг манайд шилжүүлэх боломжтой гэсэн. Харамсалтай нь бид үүнийг ашиглаж чадсангүй.

-Толгой компанийн 17 хувь гэдгээ тодруулаач. Зөвхөн энэ уурхайд хамаарахгүй гэсэн үг үү?
-Энэ уурхай бол хамтарсан компани. Канадын тэр саналыг хүлээж авсан бол толгой компанийнх нь 17 хувийг бид авна. Тэгсэн бол энэ хамтарсан компанийн хувьцаа шууд Торонтогийн бирж дээр гараад бидний хийх гэж байгаа ажил улам нээлттэй, саадгүй болох байсан. Харамсалтай нь, үүнийг Оросын талын байр сууриас болоод ашиглаж чадсангүй. Гэхдээ бүх зүйл дуусчихаагүй байна. Оростой, Канадтай  аль алинтай нь хэлэлцээгээ үргэлжүүлнэ. Монголчууд бид нэр төрөө сэвтээхгүйгээр асуудлыг шийдэх арга гарцыг хайж байна. Цаашдаа “Оюутолгой”-н 34 хувь, “Эрдэнэт”-ийн 51 хувийг гаргах уу гэдэг асуудал ч бас бий.

-Мэдээж олон улсын зах зээлд гаръя гэх амархан. Гэхдээ хийхэд ярвигтай. Манай хувьд гарах бэлтгэл, бололцоо нь хэр бүрдсэн юм бэ?
-Олон улсын зах зээлд гаргахын тулд хамгийн эхлээд компанийн засаглалыг жинхэнээр нь тогтоох зүй ёсны шаардлага байна. Өөрөөр хэлбэл, компанийн менежментийг улс төрийн оролцооноос ангид байлгах, ил тод байдлыг хангах нь хамгийн чухал юм.

-Төрийн компаниудын менежментийг улс төрөөс ангид байлгана гэдэг манайд боломжтой юм уу?
-Боломжтой байхаас аргагүй. Сүүлийн үед компаниудын захирлыг нээлттэй шалгаруулалтын дагуу сонгож байх тухай журмыг Төрийн өмчийн хорооноос батлаад, олон нийтэд зарласан. Хоёрдугаарт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн буюу төрийн албан хаагчдыг болиод олон нийтийн төлөөлөл, хараат бус гишүүнийг сонгож байгаа. 2010 оноос эхлээд бид Компанийн засаглалын код гэж зарчмыг нэвтрүүлж байгаа.

Гадаадын олон улсын тусламжтайгаар маш том төсөл хэрэгжээд ид явж байна. Дээр нь төрийн өмчийн компаниудын тайлан балансыг нийтэд, ил тод тавиад эхэллээ. Энэ бүхэн аль болох улс төрөөс хараат бус байдлаар удирдахад чиглэж байгаа юм. Үүний дараа л хувьцаагаа амжилттай бүрдүүлэх нөхцөл бололцоотой.

Түүнээс биш юу нь ч  мэдэгдэхгүй, ил тод биш, нууц компанийн хувьцааг хэн ч худалдаж авдаггүй. Дээр нь Төрийн өмчийн хороо компаниудад юм шахдаг гэсэн мөнхийн яриа байдаг. Тэгвэл адаглаад манайхыг ингэж хардахаа болиод, олон нийт өөрөө хяначихдаг болно. Ийм том өөрчлөлтийн өмнө зогсож байгаа учраас Төрийн өмчийн хороо ч өөрчлөгдөхөөс өөр аргагүй.

-Оюутолгой, Эрдэнэтийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах тухай та яриандаа цухас дурдлаа. Ялангуяа, Эрдэнэтийн 51 хувийг гаргана, гаргахгүй гэж олон жил ярьсан. Ер нь Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийнхээ хувьцааг зах зээлд гаргах юм уу үгүй юм уу. Зайлшгүй шаардлага бий юу?
-”Эрдэнэт” бол дэлхийд нэртэй компани. Гэтэл гадны хүн сонсоод танай тэр том компанийн чинь хувьцааг нь авъя гэхээр хаана ч байхгүй. Хоёрдугаарт, дэлхийн том компани юм бол мэдээллийг нь үзье гэхээр бас байхгүй. Тиймээс эрт, орой хэзээ нэгэн цагт Эрдэнэтийг нээлттэй компани болгож зарлах ёстой.

-Нээлттэй компани болгох талаар олон удаа ярьсан. Гэхдээ бэлтгэл ажил эхэлсэн үү?

-Нэгдүгээрт, хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан учраас Оросын талтай тохиролцож байж явуулна. Анхныхаа яриа хэлэлцээг хийж байгаа, амаргүй байна. Эрдэнэтийн 51 хувийг Монгол Улс эзэмшиж байгаа учраас бидэнд давуу эрх байгаа. Үүнийг алдаж болохгүй. Эрдэнэтийн 10 хувийг ч юм уу зах зээл дээр гаргахаар Оросууд биднээс илүү мөнгө цохиод авчихвал Оросын хувь 49 биш 59 болчихвол Монголын давуу тал үгүй болчихно. Тэгэхээр үүний гаргалгааг нь зөв гаргах ёстой. Тийм схемүүд ч байдаг. Гэхдээ хамаагүй ярих цаг нь болоогүй. “Эрдэнэт”-ийг нээлттэй компани болгоё гэхээр Оросууд их дуртай байгаа. Яагаад гэвэл дээр дурьдсан эрх ашиг байна.

-“Монросцветмет”, Төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг Оростой хамтарсан хэд хэдэн компани бий. Тэдний дунд “Улаанбаатар төмөр зам”-аас гадна шинээр байгуулагдсан, үйл ажиллагаа нь тодорхой биш төрийн өмчит компани бий. Шинэ төмөр замын талаар олон нийтэд мэдээлэл хангалттай байдаггүй. Энэ хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан компани юм бэ? Яагаад ийм нуугдмал байдаг юм бол?

-Оросын тал манайд гурван чиглэлийн том асуудал тавьсан юм. Нэг нь Оросын төмөр зам, Монголын төмөр зам, “Эрдэнэс МГЛ”-ын оролцоотой хамтарсан төмөр зам байгуулъя гэсэн. Хоёрдугаарт, ураны салбарт хамтрахыг хүссэн. Энэ талаар түрүүн ярьсан. Гуравдугаарт “Эрдэнэт”, “Оюутолгой”, Оросын “Удакан” зэсийн уурхай гурвын дунд зэс хайлуулах үйлдвэр байгуулъя гэж санал тавьсан. Эхлээд харахад энэ гурав их давгүй санал шиг санагдана.

Гэхдээ цаана нь бидэнд үндэстнийхээ хувьд болгоомжлох зүйл байгаа. Монгол, Оросын хамтарсан төмөр зам байгуулаад шинээр нээгдэж байгаа уурхайнуудын ачааг зөөх нь зөв. Гэхдээ “Эрдэнэс МГЛ”-ийг татан оролцуулна гэдэгт би жаахан эргэлзэж байсан. Яагаад гэвэл Орос үүгээр дамжаад Тавантолгойн орд руу орох сонирхол байсан. Товчоор хэлэхэд, Тавантолгойн мөнгөөр зам тавиад хувааж үр ашгийг нь хүртэх учраас би жаахан болгоомжилсон юм. Зэс хайлуулах үйлдвэр бас л Оюутолгойд орох эрх ашиг байсан. Эд бүгдээрээ нийлээд их гүрний Монголын эдийн засгийн түлхүүр цэгүүдэд орох бодлого байж болзошгүй гэх болгоомжлол төрүүлж байгаа юм.

Ялангуяа, тэр шинэ байгуулагдсан төмөр замын талаар Оросын хэвлэлд ч бичсэн байсан. “Төмөр замаа байгуулъя. Тавантолгойгоо нааш нь өг. Монголын Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байна” гэсэн утгатай нийтлэл гарсан. Ийм аюул байгаа учраас бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. Мэдээж Орост төмөр замын маш сайн технологи байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэр замыг гаргах хөрөнгийг адилхан хуваагаад гаргах ёстой. Гэтэл Оросын оруулж байгаа хөрөнгө нь харагдахгүй байна. Иймэрхүү нөхцөл байдлаас болоод шинэ төмөр замын асуудал жаахан саатаж байна.

-Оросын хэвлэлд гарснаас үзэхэд Оросын тал хэлэлцээ хийгээд тохирчихсон гэж үзээд байгаа юм байна. Харин таны хэлснээр энэ эсрэгээрээ гэж ойлгож болох уу?
-Оросын олон нийт, хэвлэлийнхэн Тавантолгойнхоо хэсгийг нь оросуудад тасдаад өгчихнө, тэгэхээр нь мөнгө болгоод, төмөр зам барих юм байна гэж ойлгосон юм шиг байгаа юм. Гэтэл Тавантолгойн асуудлыг УИХ өөр байдлаар шийдчихсэн. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” гэж компани байгуулагдчихсан, ойролцоогоор 50 хувийг нь ашиглаад эхэлж байна. Нөгөө 50 хувь нь бас л Засгийн газрын мэдэлд хэвээрээ бий. Гэхдээ энд гадаадын компаниудын дунд  тендер зарлаад ялсныг нь оруулаад ашиглахыг үгүйсгэхгүй. Тэрнээс шууд Тавантолгойн хэсгийг таслаад “май” гээд өгчихөж байгаа хэрэг биш шүү дээ.

-Төрийн өмчийн хороо хувьчлах ажлыг голлон хийхээ больсон ч үйл ажиллагааных нь нэг хэсэг байсаар л байгаа. Одоо ер нь төрд менежментийн гэрээгээр болон шууд хувьчлах компани хэр олон байгаа вэ?
-Хувьчлах гэхээр хуучин дуудлага худалдаа зохион байгуулдаг байсан уламжлалт хэлбэрийг нь хүмүүс ойлгоод байдаг. Тэр бол өмнөх үеийн хувьчлал. Одоо бид хувьчлалын дараагийн боловсронгуй шат руу орчихсон. Үнэт цаасны зах зээлээр дамжуулан хувьцаа гаргаж хувьчилж байна гэсэн үг. Тэр жагсаалтад олон компани байгаа. Уламжлалт аргаар хувьчлах компани бол цөөхөн үлдсэн. Ер нь тэгж хувьчилдаг цаг одоо дууссан гэж ойлгож болно. Ерөөсөө үнэт цаасаа зах зээлд санал болгох IPO бол хувьчлалын шинэ, боловсронгуй хэлбэр юм.

Хэн ч хаанаас ч оролцож болох ардчилсан хувьчлал. Менежментийн хувьчлал гэдэг тодорхой удирдлагын баг тэр компанийг яаж өөрчлөх тухай саналаа  ирүүлээд, тэр нь үр дүнтэй болвол менежмент хийсэн багт хувьчилж өгөхийг хэлдэг. Манайд одоогоор гурван объектийг тэгж хувьчилсан. Залуучууд театр, СЭЗДС, бас нэг дүүргийн эмнэлэг байдаг юм. Үүнийг голчлон нийгмийн салбарт л хэрэглэдэг юм. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн байгууллага дээр бол хэрэглэдэггүй.

Одоогийн бидний яриа бол менежментийн багаар ажлаа сайжруулахыг хэлж байгаа юм. Хувьчлалтай огт холбоогүй. Жишээ нь, Монголын хөрөнгийн биржийг бид эхлээд туршлагатай багаар сайжруулаад тэр багийнханд зохих хөлсийг нь өгөөд явуулчихна. Түүнээс биш хувьчлахгүй. Гэтэл сая тендерт оролцсон зарим оролцогчид шууд хувьчлах юм байна гэж ойлгоод материалаа бүрдүүлчихсэн байсан.

Өөр хэд хэдэн газарт ч ярьж байгаа. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” дээр бид сайн удирдаад аваад явах менежментийн багийг сонгон шалгаруулж  ажиллуулах тухай ярьж байна. Ийм жишиг зөвхөн төрийн компанид ч биш, хувийн компаниудад ч байдаг. “Энержи ресурс”-ынхан операторын үйл ажиллагаагаа Австралийн “Лэйтон” компаниар гүйцэтгүүлж байгаа юм. Энэ нь ч зөв юм билээ. Гэхдээ бүтээгдэхүүнээ яаж борлуулах, ашгаа яаж хуваарилахаа эзэн л өөрөө мэддэг. Ийм учраас “Эрдэнэс Тавантолгой”-г ч Засгийн газар өөрөө мэднэ. МИАТ-ийн хувьд ч менежментийн багаар сайжруулах тухай яригдаж байгаа. Энэ нь МИАТ-ийг хувьчлах нь гэсэн үг биш. МИАТ-ийг хувьчлах төлөвлөгөө байсан, Засгийн газар хувьчлаагүй. Шинээр хувьчлах байгууллагуудын жагсаалтад МИАТ-ийг оруулаагүй ч, сайжруулах шаардлага хэвээрээ байгаа.

Б.Нямсүрэн

No comments:

Post a Comment