МИАТ ирэх онд өөрийн шинэ онгоцтой болно гэв

http://politics.time.mn/content/20458.shtml
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 31
МИАТ ирэх онд өөрийн шинэ онгоцтой болно гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр МИАТ ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаар мэдээлэл сонсон юм. Мэдээллийг МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон өглөө.

Монгол Улсад 1924 онд нисэх хүчин үүссэн бөгөөд 1993 онд МИАТ компани үүсчээ. Тус компани энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 9000 цагийн нислэг, 420 мянган зорчигч, 3200 тонн ачаа, 160 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар байгаа аж. Сүүлийн таван жилд МИАТ-ийн зорчигч тээвэр 34 хувиар өссөн бөгөөд Монголын нийт агаарын зах зээлийн 58 хувийг эзэлж байгаа юм байна.


МИАТ нь өнгөрөгч онд 360-аад мянган зорчигч тээвэрлэсэн бол өнгөрөгч онд 139 тэрбум төгрөгийн зардалтай, 133 тэрбум гаруй төгрөгийн орлоготой буюу 5 тэрбум  төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Алдагдалтай ажилласан гол шалтгаан нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд шатахууны үнэ өсөөгүй бол 5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байжээ. Гэсэн хэдий ч энэ оны эхний есөн сарын байдлаар МИАТ компани 100 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор холын нислэг болох Европын нислэгээс болж сүүлийн 12 жилд 75 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Хэдийгээр алдагдалтай байдаг ч Монгол Улс Европын агаарын харилцааг хангах үүрэг хүлээсний дагуу Берлин рүү тогтмол нислэг хийх шаардлага байдаг байна. Мөн шатахууны өсөлт нь орон нутгийн нислэгийг ашиггүй болгосон бөгөөд 2008 он хүртэл МИАТ нь 23 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Одоогоор орон нутгийн нислэгийг зогсоогоод байгаа аж.

МИАТ компани цаашдаа дөрвөн онгоц авах зорилт тавьсан бөгөөд нэг шинэ онгоц авахын тулд урьдчилгаанд зориулж дотоодын арилжааны банкуудаас 36 сая ам.долларын зээл авсан агаад хүүнд нь 29 сая ам.долларын хүү төлөх юм байна. Уг онгоц 100.3 сая ам.долларын үнэтэй ба ирэх оны зургадугаар сард ирнэ. Одоогоор МИАТ өөрийн гэсэн онгоцгүй боловч дөрвөн онгоцыг түрээсээр ашиглаж байгаа юм байна. Эдгээр онгоцны түрээсийн хугацаа 2013-2016 онд дуусах аж.

М.Хангал

No comments:

Post a Comment