МИАТ-ийнхэн компанийнхаа 15 хувийг авна гэж ”солиорчээ”

http://www.wikimon.mn/content/36704.shtml
МИАТ-ийнхэн компанийнхаа 15 хувийг авна гэж ”солиорчээ”
2012 оны 11 сарын 8
МИАТ-ийн хувьчлалын асуудал олон жил ороолсоор одоо л нэг тийш болохоор яригдаж байна. Хэний ч шуналыг ихэд гозгонуулдаг эл газрын хувьчлал мөнгөтэй болгоныг унтуулахаа байжээ. Тус компанийн хөрөнгийн 49 хувийг гадна, дотны өрсөлдөгч компанид санал болгох ёстой юм. Үлдсэн нь мэдээж төрийнх болно. Гэтэл МИАТ-ийн одоогийн ажилтан, мэргэжилтнүүд УИХ-д саналаа хүргүүлжээ. “МИАТ-т өнөөг хүртэл мэдлэг, мэргэжлээ зориулж ирсэн, төрөөс нэг удаа ч нэг төгрөгийн тусламж хүсч яваагүй мянга мянган ажилчдыг нь гэнэт гудамжинд гаргаж болохгүй. Бидэнд 15 хувийг нь ажилласан жилээр нь тооцон үнэгүй хувьчлахыг хүсэмжлэв” гэжээ.

 
МИАТ компанийг хувьчлах асуудал гурван Засгийн газрын өнгөнд яригдсаар өнөөг хүрсэн юм. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн баримт бичгийг эрхэм гишүүдэд танилцуулжээ. Түүнд МИАТ ХК-ийн 49 хувийг одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн агаарын тээвэрлэгчдэд хувьчлах шийдвэр гаргах тухай тус салбарын удирдлагуудад танилцуулсан байна.

МИАТ-ийг хувьчлах, төрийн оролцоог багасгах бодлого, санаачлагыг тус компанийн нисгэгч, инженер, техникийн ажилтнууд дэмжиж байгаа ажээ. Гэхдээ олон жил ажил амьдралаа холбосны хувьд байр сууриа илэрхийлж, УИХ-аас гаргах иргэний нисэхийн бодлогын баримт бичигт нэмж оруулан, хувьчлалын арга механизмыг дэлгэрэнгүй тусгаж өгөхийг Монголын агаарын тээврийн нисгэгчдийн холбоо, Агаарын тээврийн инженер, техникийн ажилтнуудын холбооноос хүсч ил захидал илгээсэн нь энэ.

Тэдний саналд 1993 оноос хойш төрөөс нэг ч төгрөгийн мөнгөн дэмжлэг авалгүй агаарын тээврийн салбарын хөгжлийг өөрсдийн хүч хөдөлмөр, ур чадвар, мэдлэг мэргэжлээрээ үүрч ирсэн МИАТ-ийн хамт олонд компанийн 15-аас доошгүй хувийг ажилласан жилээс нь хамааруулан үнэгүй хувьчлах, мөн 34-өөс дээшгүй хувийг тус компанид хөрөнгө оруулах боломжтой бөгөөд МИАТ компанитай зах зээлийн өрсөлдөөнд шууд ордоггүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах буюу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, хуулийн этгээдүүдэд нээлттэй худалдах замаар хувьчлахыг баталгаажуулж өгөхийг хүсчээ. Цаашилбал, өөрсдийн бизнесээ үр ашигтай явуулж чадахгүй байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдэд МИАТ ХК-ийн 49 хувийг хувьчлах асуудлыг эргэн харж цуцлахыг санал болгосон байна.
Ер нь олон парламент, Засгийн газар дамжсан МИАТ компанийн хувьчлал болон иргэний нисэхийн салбарын бодлогын баримт бичгийг УИХ дахь улс төрийн бүх хүчин нэгдмэл санал, consensus ойлголцолд хүрч баталбал илүү үр дүнтэй гэж үзсэн байна.

МИАТ компанийг өдий хүртэл өргөжүүлэн тэлсэн тус хамт олныг хувьчлалын гадуур хувь хүртээлгүй орхиж, тэдний олон жилийн шударга хөдөлмөрөөрөө буй болгосон баялгийг зохиомол байдлаар үүсгэсэн ашиггүй үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудад давуу эрхээр хувьчилбал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараатай эсэргүүцлийн арга хэмжээ авахаа эрхэм гишүүдийн сонорт уламжилж нэг ёсондоо дарамталжээ. Үүнийг айлган сүрдүүлэлт гэж үзэхээс өөр аргагүй юм. МИАТ-ийн ажилтнууд арай даварч байгаа юм биш үү? Тэд ажилд ороод нэг их удалгүй орон байраар хангагдаж, өндөр цалин авч хий дэмий кофе ууж, тамхи татсан шигээ цагийг өнгөрөөж байсан үеийг хурдхан дуусгавар болгох нь зүйтэй билээ. Тэд бол ердөө хөлсний ажилчид гэдгээ мэддэггүй л юм байх даа. Эх сурвалж www.wikimon.mn

No comments:

Post a Comment