Доктор С.Авирмэд: "Дорнод-Уран"-д төр түргэдчихлээ, алдах вий гэж хардаж байна

http://economics.gogo.mn/news/81583 2011 оны 1-р сарын 6 Доктор С.Авирмэд: Оны өмнөхөн Ерөнхий сайд ОХУ-д айлчилж "Дорнод-Уран" хамтарсан компанид Монголын тал 51 хувь эзэмшсэнийг мэдэгдсэн. Харин уранаа хэрхэн ашиглах, ямар аргаар олборлох, олсон ашгаа яаж хуваарилах талаарх мэдээлэл таг чиг. Уран тойрсон сэдвээр доктор С.Авирмэдтэй ярилцлаа. -Ураны хамтарсан үйлдвэр дэх хувь эзэмшлийг эн тэнцүү болгохоор оросууд хичээсэн. Манай тал 49 хувь эзэмших гэрээ байгууллаа. Энэ гэрээний талаар танд мэдээлэл байна уу? -ОХУ-тай хийсэн хэлэлцээрээр төрийн түшээд "Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг" гэдгээ харуулж байх шиг байна. Уранаас хувь эзэмших гэрээний талаар тодорхойгүй зүйл олон бий. Юун дээр тохиролцож, ямар шалтгаанаар 51:49 гэсэн хувилбарыг сонгов гэдэгт би хувьдаа хариулт аваагүй л байна. Мөн Оросын тал "Цөмийн энергийн тухай хуульд Монголын тал 51 хувийг эзэмшинэ гэж заасан ч тусгай зүйл заалтаар манай талд 50 хувийг өгөх боломж бий" гээд л Оросын тал зүтгэж байсан санагдана. Оюутолгой, Тавантолгойд хувь эзэмших гэрээ байгуулах гэж манайх арваад жил болсон. Харин ураны хувьд асуудал харьцангуй хурдан, нааштай шийдэгдлээ. Энэ бол таатай мэдээ, төрийн удирдлагууддаа талархууштай үйл явдал болсон. Гэхдээ дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байгаа энэ үеэр оросууд гэрээ хэлэлцээрийг яаравчлах төлөвлөгөөтэй байгааг үгүйсгэх аргагүй. Надад энэ гэрээ арай л түргэдчих шиг санагдсан. Сайн нягталж, судлах ёстой байсан. Цөмийн энергийн газар байгуулагдаад хоёр жилийн хугацаа ч болоогүй. Монголчууд уул уурхайн салбарт харийнханд дахиад ашиглуулчихав уу гэсэн хардлага байна. -"Дорнод-Уран" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг даргалах талаар хоёр тал мөн л санал зөрчилдөж байсан. Оросын тал "Танайх энэ салбарт ажиллах туршлага багатай. Тиймээс орос хүнийг даргаар томилох нь зөв" гээд л? -Үнэхээр манай тал 51 хувийг эзэмших юм бол Монголын талаас ТУЗ-ийн удирдлага сонгогдох ёстой. Энэ сэдвийг тойрсон яриа олон удаа яригдаж, хэн нь болох гээд байгаа нь тодорхойгүй их удсан. Харин Ерөнхий сайдын айлчлалаар Монголын талын таван гишүүнээс сонгохоор болсон байна. "Дорнод-Уран" компанийн ТУЗ-д багтах манай талын таван гишүүнээр юу хийдэг, ямар боловсрол, мэргэжилтэй байх нь мөн л тодорхойгүй байгаа юм. -"Дорнод-Уран" компаниар дамжуулан Монгол Улс уранаа олборлох нь. Хэрхэн ашиглаж, хуваарилах бол. Уранаа бид яаж ашиглавал илүү ашигтай тусах вэ? -Ураны асуудал бол зөвхөн төрийн нэг агентлагийн шийдэх асуудал биш. Алсдаа уран Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийг тодорхойлох, ард түмнийг тэжээх салбар учраас энэ гэрээ хэлэлцээрийг байгуулахад Монголын өмнөө барих уурхайчид, атомын энергийн мэргэжилтнүүд, баяжуулах инженерүүд оролцох ёстой. Миний мэдэх нэртэй уурхайчин, геологчид, атомын энергийн мэргэжилтнүүд, ашигт малтмалын олборлолтын инженерүүдээс "Дорнод-Уран"-ыг ашиглахад санал бодлыг нь сонсоогүй юм билээ. Цөмийн энергийн газрын удирдлагууд ихэвчлэн физикийн мэргэжилтэй. Тэдний үг үнэтэй байх байсан даа. Мөн ураны энэ асуудалд төрийн оролцоо их байсан. Ураныг ашигт малтмал гэж гол салбараас нь салгаж Цөмийн энергийн газар гэдэгт харъяалуулсан. Үүнийг би тийм ч нүдээ олсон шийдвэр гэж бодохгүй байна. Саяны айлчлалаас "Дорнод-Уран"-д 51 хувийг бид эзэмшинэ. ТУЗ-ийн удирдах албан тушаалтан манайхаас сонгоно гэсэн мэдээлэлтэй л ирсэн. Үнэхээр асуудал нааштай шийдэгдсэн бол ураныг яаж олборлох, хэрхэн ашиглах, ард иргэддээ хэчнээн хувийг олгох, дэд бүтцэд олсон ашгаа яаж зарцуулах гээд олон ойлгомжгүй зүйл байна. Тодорхойгүй асуудалд Засгийн газраас тайлан тавих ёстой. -Та энэ салбарт 30 гаруй жил ажилласан хүний хувьд "Дорнод-Уран" компани байгуулах тайлантай танилцсан уу. Бодвол хоёр гүрэн, Канадыг тооцвол гурван ч улсын хамтарсан энэ том компанийн судалгааны ажил цаасан дээр буугаа байлгүй? -Зөвхөн ураны нөөцийн тайланд эрдэмтэд шүүмж бичнэ. Үүнээс дүгнэлт хийнэ. Дараа нь техник, эдийн засгийн үндэслэл хийдэг. Тэгээд уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэд үе шаттайгаар дүгнэлт гаргадаг. Ийм ажил хийгээгүй гэдэгт лав итгэж байна. Учир нь тэр тайлан нь хаана байна. Үнэлэлт, дүгнэлт хийсэн эрдэмтдийн ярилцлага сонин, телевизээр гарсан уу гэхээр үгүй юм. 1980-аад онд оросуудын Mapдайн орд дээр үндэслэн бичсэн тайлангаас өөрийг би өнөөдөр хүртэл олж хараагүй. Тэгэхээр энэ асуудал бас л тодорхойгүй, ойлгомжгүй байгаа юм. Эндээс харахаар манай эрх баригчид аливаа зүйлийг нууцалдаг. Тэдний хамгийн сүүлийн сонгодог жишээ бол хэвлэл мэдээллийнхнийг байнгын хорооны хуралдааны хаалганы цаана үлдээсэн явдал. Уран, зэс, нүүрс гээд ордын гэрээг хаалганы цаана зоргоороо шийдэх гэж эрх баригчид хаалгаа барилаа гэж би хувьдаа хардаж сууна. -Ураны салбарт хамтрах Оросоос илүү ашигтай хамтрагч манайд бий юу? -Уранаас бид атомын цахилгаан станц барьсан тохиолдолд ашиг үзнэ. Харин цөмийн зэвсэгтэй орнуудаас Японтой хамтарвал амжилттай. Учир нь уран бол Японы үндэсний аюулгүй байдалд нэн чухал. Харин Япон улс Оростой түншлэх тухай ярьж байгаа гэсэн. Гэхдээ Япон бол манай улстай нилээд дотно түнш. Хэрэв ураны салбарт Япон улс хамтрана гэвэл манай тал Оростой хамтарвал ОХУ-аас илүү ашигтай гэж бодож байна. Ганц ашигтай зүйл нь атомын энергийн цахилгаан станц барих юм. -Оросуудад 49 хувиас өөр сонирхол байгаа болов уу? -Их гүрэн мэдээж том л зүйл санаж байгаа. -Ураныг ямар хэлбэрээр ашиглавал илүү өгөөжөө өгөх вэ? -Монголд хамгийн хэрэгтэй зүйл хямд үнэтэй цахилгаан. Тиймээс уранаа атомын цахилгаан станцад ашиглах нь зүй. Баяжуулж, түүхийгээр нь экспортлоно гэдэг тийм ч ашигтай биш. Уранаа гадны нэг оронд ашиглуулах гэж байгаа бол Монгол Улсад атомын цахилгаан станц барь өг гэсэн болзол тавих нь зүй. -"Дорнод-Уран"-ны эрх зүйн хувьд хэр найдвартай компани вэ? -Уул уурхайн салбар компаниуд ихэвчлэн лицензийн асуудалтай байдаг. Энэ байдал "Дорнод-Уран"-ыг тойрч гараагүй ээ. Одоо болтол "Хан-Ресурс" Цөмийн энергийн газрын маргаан нэг тийш болоогүй. Э.Солонго

No comments:

Post a Comment