С.Авирмэд: Тавантолгойг долоо, найм хуваах хувилбарууд явж байна. Ийм замбараагүй байж болохгүй

http://news.gogo.mn/r/71282 2010 оны 6-р сарын 3 С.Авирмэд: Тавантолгойг долоо, найм хуваах хувилбарууд явж байна. Ийм замбараагүй байж болохгүй Геологич эдийн засагч С.Авирмэдтэй уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тэрээр нийгмийн зүгээс Оюутолгой төсөл дээр ганц дуугарч байсан иргэний байгууллагын төлөөлөл байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаа тэрээр Тавантолгой ордыг ашиглахтай холбоотойгоор санал бодлоо хэлж байна. -Эрдэс баялгийн салбар өнөөдөр Монголд тэргүүлэх болоод байна. Гэтэл энэ салбарыг улс орны хөгжилд ямар ч нэмэргүй, хохирол ихтэй гэдэг. Бидэнд энэ салбараас авч үлдэх зүйл юу байна вэ? -Улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар бид олон жил ярьж байна. Социализмын үед манай улс "Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон" боллоо гэж байсан. Тэгэхээр одоогийн яриад байдаг үйлдвэржилтийн зорилт тэр үед биелж байсан хэрэг гэж ойлгохоор. Гэтэл 1990 оноос хойш ямар зорилт тавьж, юу нь тэргүүлэх салбар болох нь тодорхой бус, орхигдож ирсэн. Өөрийн чинь хэлж байгаачлан уул уурхайн салбарыг тэргүүлэх болгоно гэсэн зорилтыг энэ хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс олж үзсэнгүй. Зүгээр л Оюутолгой, Тавантолгойг ашиглана гэсэн байна. Тэдгээрийг ашигласнаар Монгол Улс үйлдвэржих, эсвэл тэргүүлэх салбар нь энэ гэсэн албан ёсны баримт алга. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар улсын хөгжилд юу өгөв, ямар хор хохирол авчрав гэдэг гол асуулт, үүнийг ярихгүй өнгөрч болохгүй. Манайхыг дэлхий даяар байгалийн асар их баялагтай орон гэдэг. Гэтэл улс орон маань хөгжихгүй, ядуу, буурай орны тоонд байсаар байна. Энэ нь миний бодлоор хууль эрх зүйн бодлого алдагдсан, улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн тийм хууль байхгүй учраас баялаг Монголын ард түмэнд биш гадагшаа гарах нөхцөл бүрдээд байна. Төр засаг, дарга сайд нараас авахуулаад хуулиа мөрдөхгүй, улс орныг хөгжүүлэх эдийн засгийн хөтөлбөргүй байна. Энэ нь сүүлийн 20 жилд тодорхой харагдлаа. Бидний нүдэн дээр нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш, алт, зэс бүгд урагшаа гарч байна. Сэлэнгэ аймаг дахь дэлхийд өндөр чанартай төмрийн хүдрийг өдөрт 60 гаруй вагоноор урд хөрш рүү гаргаж байна. Үүнийг Д.Зоригт сайд "Өнгөрсөн онд 7.8 сая тонн нүүрс экспортлолоо" гэж бахархалтай мэдэгдэж байна. Тэр экспортлосон нүүрсээ 2,7 сая хүндээ хуваахад нэг хүнд гурван тонн нүүрс ногдож байна. Та бид хоёрт зургаан тонн нүүрс, таван ам бүлтэй айлд 15 тонн нүүрс буюу таван "ЗИЛ-130" машины хэмжээтэй нүүрс урагшаа гарчээ. Энэ бахархах үзүүлэлт мөн гэж үү. Хэрвээ та бид хоёр гурван тонн нүүрсээ өөрсдөө мэдээд ашиглах юм уу борлуулсан бол бид ингэж амьдрахгүй. Тэгэхээр 7.8 сая тонн нүүрс ямар ч хяналтгүйгээр үнэгүй гарчихсан байна. Төрийн өмчийг цөөхөи хэдэн хүн лиценз нэрээр аваад тэр их баялгийг гадагшаа гаргаж байгаагийн нэг тод жишээ энэ юм. -Та Оюутолгойн гэрээний талаар олонтоо ярьж ирсэн хүн. Таны ярьсан байдал өнөөдөр хэвээрээ л байна уу? -Манай ард түмэн их гэнэн, цагаан. 1990 онд зах зээлд орлоо амьдрал сайхан болно гээд итгээд байсан чинь тэр нь одоо ад чөтгөр болж хувирлаа. Өөрөөр хэлбэл хувиргачихлаа. Монголын ард түмэн үүнийг хүсээгүй. Төрийн толгойд гарсан хоёр намын хэсэг нөхөд Монголын төрийн жолоог барьсан хорин жилд гадныхантай нийлж Монголын асар их баялгийг гадагш нь цөлмөх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь хуулийг засварлахаас эхэлдэг юм байна. "Ашигт малтмалын тухай хууль" 1994 онд хийгдээд 1995 оноос мөрдөж эхэлсэн, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн гайгүй хууль байсан. Гэтэл 1996 онд "Ардчилсан холбоо эвсэл"-ийн нөхөд Засгийн газрын эрхэнд гараад хамгийн түрүүнд хүчингүй болгосон. Тэгээд гадаадаас өнөөгийн мөрдөж байгаа хуулийг авчраад Засгийн газарт тулгаад 1997 онд чимээгүй баталчихсан. Энэ талаар бид 1996 оны сүүлээс мэдсэн. Тэр үед Дэлхийн банкны төлөөлөгчид манайд ирээд Монгол Улсыг хөгжүүлэх үндэс нь ашигт малтмал юм. Үүнийг ашиглахад гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах ёстой гэсэн суртал ухуулгыг хийсэн. Түүнд нь тэр үеийн Засгийн газар, УИХ үнэмшсэн. Өндөр хөгжилтэй гадаад орны тусламжтайгаар Монгол Улс хөгжих юм байна гээд испани хэл дээр байсан хүүлийг дараа нь англи хэл рүү орчуулсан Латин Америкийн Болив, Перу болон Африкийн орнуудад туршчихсан, тэдгээр орныг цөлмөсөн хуулийг тэр чигээр нь авчирсан. Манайхан харамсалтай нь тэрийг мэдээгүй. Тухайн үед бид үүнийг үзээд ийм бусармаг зүйл болж байна гэдгийг УИХ, Засгийн газарт хэлж байсан харамсалтай нь үл тоомсорлосон. Ингээд 2000 онд энэ хуулийн үр дагавар гарч ирсэн. Хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг голдуу гадаадынхан авчихсан байсан учир тэр их баялаг биднийх биш болсон. 2000 онд Б.Батбаяр (Баабар) Сангийн сайдаар гуравхан сар ажиллахдаа 43 тонн алттай Бороогийн орд, мөн Сүхбаатар аймгийн нутагт дахь нэг сая тонны нөөцтэй маш өндөр агуулгатай цайрын ордыг Хятадын компанид тогтвортой байдлын гэрээ гэдгээр 3-5 жил 100 хувь татвараас чөлөөлөөд өгчихсөн. Ингэж Монгол Улс хөгжих ёстой, бид сайхан амьдрах ёстой их баялгийг гадагш нь урсах зам нээгдсэндээ. Лицензээ тарааж өгснөөс болж ийм төрлийн наймаа цэцэглэсэн. Улс орон, ард түмэнд ногдох баялгийг компаниуд хоорондоо наймаалцдаг болсон. Нэг Монгол хүнээс нөгөөд шилжиж байгаа, дотоодын наймаа бол хор нөлөөгүй, сүртэй зүйл биш гэхсэн. Гэтэл манай баялаг гадаадынхны хооронд хийгдэж хэдэн саяараа гадагшаа урссан нь хамгийн аймшигтай буруу зүйл юм. Монголын баялгийг эхлээд канадууд өөр хоорондоо наймаалцсан. Бороогийн ордын лиценз байна. Дараа нь "Алтан Дорнод"-ын оросууд 12 тонн алттай ордыг зургаан сая доллараар авсан. Энэ наймааг хийсэн бүх хүн одоо төр, засгийн эрхэнд, УИХ-д сууж байна. Ийм маягаар Монголын асар их баялаг гадагшаа гарсан. Гаргахдаа нүүрс, алт, хайлуур жонш, зэс, төмөр үндсэндээ өмнөд хөршийн гарт орчихоод байна. 2000 оны сонгуулиар төр, засаг солигдож, МАХН засгийн эрхэнд гарч ирэхэд бид нөгөө аймшигт хуулийг өөрчлөх нь гэж найдаж байв. Гэтэл эхэндээ бидний үгийг сонсох аятай байснаа сүүлдээ үл тоомсорлосон. Хуулиа өөрчлөөч гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч 2006 онд өөрчилж байна гээд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихсон. Бид Монголд ногдох ашиг орлогыг аль болох ихэсгэх шаардлага тавьж байсан юм. Нөгөө хэл амны бай болоод байдаг 34, 50 хувь гэдгийг тэр үед хийсэн. Үүнийг захиалгаар хийсэн лобби гэж ярьдаг. Цаанаа асар их луйвар тэгэхэд эхэлсэн. Д.Одхүү гэдэг УИХ-ын гишүүн тэргүүтэй хэсэг нөхөд 2006 онд Оюутолгой ордын талаар "Айвенхоу Майнз" компанид зориулж "Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглахад оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болно" гэсэн заалт хийсэн. Үлдсэн 66 хувийг хувийн компани эзэмшинэ, тэдний өмч байна гэсэн. Ийм хулгайгаар Оюутолгой гадныхны гарт орсон. Одоо улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50 хүртэлх хувийг төр эзэмшиж болно гэж байна. Энэ нь 51 хувиас дээш хувьтай байж өмчийн эзэн болно гэсэн үг. Энэ бүхэн Монголчууд ядуу амьдарч байгаагийн гол шалтгаан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө өмч, өөрийнхөө баялагт эзэн болж чадахгүй байна. -Тавантолгойн ордыг ашиглах тал дээр та ямар бодолтой байна. "Монгол-999" үндэсний нэгдэл дотоодын компаниудыг нэгтгээд эхэллээ? -Баялгаа өөрсдөө эзэмших ёстой гэдэг үүднээс үндэсний компаниудын санаачлагад баярлаж, ажил үйлс нь сайн байгаасай гэж хүсч байгаа. Энэ бол сайн үйл, том эхлэл. Гэхдээ бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Эрх баригч хоёр намын олигархууд буюу баячуудын зүгээс дарамт үүснэ. Учир нь Ашигт малтмалын хууль Монгол Улс, Монголын ард түмэнд биш хэсэг бүлэг хүн, гадныханд зориулсан учраас тэр. Энэ ордыг төр 100 хувь эзэмшинэ гэж Ерөнхий сайд амлаж байгаа боловч энэ нь биелэхэд мөн бэрхшээлтэй. Яагаад гэхээр нэг хэсэг гол ордуудыг нь хувийн компани эзэмшиж байгаа. Тавантолгойн ихэнх нөөц Цанхийн хэсэгт төвлөрсөн. Түүнийг нь "Ажнай" корпораци орон нутагтай хамтран эзэмшиж байгаа. Ийм үл ойлгогдох өмчлөлтэй. Цаана нь Ухаа худаг, Зүүн хэсэг, Бор хужир гэсэн 4-5 хэсэг байгаа. Эдгээрийн зарим нь "Буян"-гийн Жагаа зэрэг хүмүүст зарим нь очсон ч юм шиг. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй. Миний сонссоноор Тавантолгойг дөрөв, зургаа, найм хуваах хувилбарууд явж байна гэсэн. Ийм замбараагүй юм байж болохгүй. Тавантолгой гэдэг талхаар авч үзвэл нэг том талх. Энэ том талхыг найм, ес хуваагаад тал талаас нь авах юм бол утгагүй, юу үлдэх билээ. Харин талхаа нэг бодлогоор төр, хувийн хэвшил, ард түмэн, гадаадынханд аль алинд нь ашигтай ашиглах ёстой. Үнэндээ тэр 4-5 хэсэг чинь өөр хоорондоо харилцан адилгүй, чанарын ялгаатай. Нөөцийн тоо нь өөр өөр. Зарим хэсэг нь ил байхад зарим нь асар гүнд, зарим нь хамгийн үнэтэй коксжих нүүрс байхад нөгөөд нь эрчим хүчний хэрэглээний хүрэн нүүрс байх жишээтэй. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулсан нэгдсэн бодлого хэрэгтэй. Энэ нь ТЭЗҮ-ээр илрэх ёстой. Эхлээд төр өөрөө энэ ордыг яаж ашиглаж, хэрхэн хуваах бодлогоо гаргана. Дараа нь хууль эрх зүйн орчин гэж нэг хэцүү зүйл байна. Одоогийн хуулиар бол 50 хувийг нь төр эзэмшинэ гээд заачихсан. Үлдсэн нь гадаадынхан. Миний ойлгосноор бол тэднийг түлхүү оруулна гэж байгаа. Тэгэхээр манай 1500 компани хаана багтах вэ. Энэ бүх бодлого тодорхой биш учраас хүндрэл бэрхшээл гарна. Ашигг малтмалын ордыг ашиглаж, уурхай байгуулна гэдэг бол талх, сүүний үйлдвэр байгуулахтай адилгүй. -Тавантолгойг ашиглахад юуны өмнө төмөр зам хэрэгтэй. Үүнийг одооноос ярьж байна. Тэгэхээс аргагүй. Гэтэл төмөр зам дээр царигийн асуудал яригдаж, түүнээс болж төмөр замаа хаашаа тавих тухай хөндөгдөж байна. Та энэ дээр гарц хэлэх үү? -Тавантолгойд төмөр зам тавина гэдэг ордыг ашиглахаас дутахгүй төрийн бодлого юм. Энэ нь улс төр, олон улсын бодлогын асуудал. Урагшаа, хойшоо төмөр зам тавих нь зөв. Гэхдээ царигийн хувьд дэлхийн хөгжлийн хандлагыг харах хэрэгтэй. Тавантолгой, Оюутолгойгоос хичнээн тонн нүүрсийг хэдэн онд гаргах вэ гэсэн нарийн тооцооны дагуу Хятад-Монгол, Монгол-ОХУ-ын Засгийн газруудын хооронд дээд түвшинд, удаан хугацааны хоёр талын эрх үүрэг бүхий гэрээ байгуулах хэрэгтэй. Жишээлбэл, бид хойшоо чиглэсэн төмөр зам тавих юм бол Оросын нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээврийн үнээс хэдэн хувь нь хөнгөлөгдөх юм. 50 жилийн хугацаанд Монгол Улсыг төмөр замын үнээс 30 хувиар хөнгөлнө гэдэг заалтын талаар Засгийн газар хооронд дээд хэмжээнд хэлэлцсэн гэрээ байвал би тэрэнд үнэмшинэ. Тэрнээс биш нэг талын улсын дунд тушаалын нэг албан хаагч ийм юм ярьж байгаа бол дараа жил биднийг хуурсан байхыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас зарчмын хувьд төмөр зам тавих ёстой ч нөгөө талаас өргөн замыг халах талаар яриад байгааг бас анхаарахгүй байж болохгүй. Миний ойлгосноор, Сүрэн гэдэг хүн ийм нийтлэл бичээд байна. Түүний бичсэнээр бол өргөн төмөр зам тавих зардал нарийн төмөр замынхаас 2-3 дахин их байдаг гэсэн байна. Тиймээс бид нэгд, хямд үнээ, хоёрт, дэлхийн хөгжлийг, гуравт дотоодын тээврийн үнийг тус тус харах хэрэгтэй. Үүнийг эдийн засаг, улс төр, олон улсын харилцааны зохицуулалт бүхий бодлогоор авч үзэх ёстой. Хойд, урд хөрштэй тэнцүү, ухаалаг, гадаад худалдааны бодлого баримтлах үүднээс хамтрах ёстой. -Одоо нүүрсний хэрэглээ их байна. Цаашид дэлхийн зах зээл ямар байх бол. Нар, салхиар эрчим хүчээ хангая гэх болж? -Нүүрс хэрэггүй болно гэж Баабараас эхлээд бичиж байна. Тэгэж болохгүй. Хүн төрөлхтний нэгдүгээр зэргийн хэрэгцээ болсон эрчим хүчний эх үүсвэр нь нүүрс. Нар, салхиных бол орон нутгийн чанартай эрчим хүчний жижиг хэрэглээ. Асар том үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Тавантолгой, Оюутолгойн орд зайлшгүй хэрэгтэй. Том үйлдвэрүүдийг хангах эх үүсвэр том цахилгаан станцууд л байж таараа. Тэд нүүрсээр ажиллана. Монголд усны нөөц бага учраас УЦС томоор байгуулж чадахгүй. Тэгэхээр нүүрсээр юмуу уранаар ажиллах станцуудын сонголтууд л байна. Нүүрсний хэрэгцээ, үнэ өснө. Нүүрс зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэр болоод зогсохгүй, ирээдүйд бензин гаргана. Энэ олон арван сая авто машинуудыг шингэн түлшээр хангах эх үүсвэр болно. Тийм учраас нүүрс гэдэг бол их баялаг, үүнийгээ бид хайрлаж, хамгаалах хэрэгтэй. Цаашдаа ашиглалт болон нөөцийг 8-10 дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавих хэрэгтэй. Ирээдүйд ингэж ч харагдаж байгaa. Энэ бол бидний үр удам хэдэн зуун жил хувааж идэх баялаг. Тэгэхээр үүнийг нэг мөсөн гадагш нь гаргаж болохгүй. Гаргасан ч дэлхийн бусад улс орнууд шиг том бодлого барих хэрэгтэй. Бид энэ талаар ерөөс бодохгүй, өнөөдрөөр л хараад байна. Жишээ нь, манайд 2020 он хүртэл 50-60 сая тонн нүүрс экспортлоно гэсэн бодлого яваад байна. Тэр нь юу гэхээр Тавантолгойгоос 20-30 сая, Нарийн Сухайтаас 18 сая тонн, Хөшөөтөөс 8 сая тонн. Цаана нь Өмнөговь, Говь-Алтай аймгийн нутаг тэр чигтээ нүүрс. Энэ бүгдийг гадагш нь гаргах юм байх Монголын гурван сая хүрэхгүй хүнд ногдох асар их баялгийг миллиард 300 сая хүнтэй Хятадын ард түмний хэрэгцээнд зориулна гэх юм. Ийм бодлого байж болохгүй. -Ард түмэн нь чинээлэг баян амьдралтай улс болохын тулд бид юу хийх ёстой вэ. Та эрдэмтэн судлаач хүний хувьд саналаа хэлнэ үү? -Монгол Улсыг хөгжүүлэх, газрын хэвлийн баялаг-ашигт малтмалыг ашиглах төрийн бодлогыг 1993 оноос боловсруулж эхэлсэн. Өнөөдөр миний сейфэнд байж л байна. Хамгийн сүүлд 2006 онд Монгол Улсын эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх нь гэсэн тооцоо хийсэн. Үүгээр авч үзвэл манайх зэс, төмөр, хайлуур жонш, алт, фосфорит гэсэн тавхан ашигт малтмалын 60 гаруй ордоо төрийн бодлогоор ард түмэндээ зориулан зөв зохистой ашиглах юм бол манай улс 5-15 жилийн дараа дэлхийн дундаж хөгжилтэй орны тоонд орохоор байгаа. Гол нь өөрийнхөө баялагт эзэн болсон бодлого хэрэгтэй. Тийм бодлого бидэнд байна. Даан ч үзүүлж харуулж хэрэгжүүлье гэхээр эсэргүүцээд, эсвэл үл тоогоод байна. Гэсэн хэдий ч бид хэлсээр, хийсээр байх болно. Биднийг ойлгодог хүмүүс төр, засгийн эрхэнд нэг өдөр гарах байлгүй. Даан ч тэр болтол цаг хугацаа алдсаар байгаа нь харамсалтай. Г.Мөнхдэлгэр

No comments:

Post a Comment