Оюутолгойн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д тусгагдсан ноцтой алдаа, завхралын тухай

2010 оны 1-р сарын 25 Монгол Улсын Их Хурлын гишүүд ба Ерөнхий сайдад Оюутолгойн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д тусгагдсан ноцтой алдаа, завхралын тухай Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг, амин сүнс нь ордыг ашиглах ТЭЗҮ билээ. Гэтэл Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гурван өндөр албан тушаалтай, одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 30.1, 30.1.1 заалтыг зорчин техник-эдийн засгийн үндэслэлгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны 10 дугаар сарын 6-нд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Айвенхоу майнз Монголиа инк (АММИ) ба Рио тинто (РТ) компаниас боловсруулсан Оюутолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, гэрээг баталгаажуулснаас хойш 71 хоногийн дараа, 2009 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд түүнд тусгагдсан ноцтой алдаа дутагдлыг илрүүлж тэдгээрийг засаж, залруулахаар буцаасан байна. Эдгээр ноцтой алдаа дутагдал нь: 1. Хайгуулаар тогтоогдсон 45 сая тонн нөөц баялагаас 22 тонныг нь буюу тал хүрэхгүй хувийг, 1800 тонн алтнаас 770 тонн буюу 43 хувийг ашиглахаар тусгасан нь газрын хэвлийн баялгийг сорчлох төдийгүй, цөлмөж авах нөхцлийг бүрдүүллжээ. Үлдсэн нөөц баялгийг хэзээ яаж авах, эсхүл хаях эсэх нь тодорхой бус байна 2. Үйлдвэрийн хүч чадлыг дээд зэргээр, хамгийн их байж болох хувилбараар өсгөснөөс одоогоор тогтоогдоод байгаа усны нөөц хүрэлцэхгүй болсон, З. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үед энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум ам.доллар гэж зарлаж байсан бол ТЭЗҮ-д тэр даруй 27.5 хувиар өсөж 5.1 тэрбум ам.доллар болсон, 4. Хүдрийг баяжуулах хагас үйлдвэрийн ба үйлдвэрийн технологийн туршилтуудыг огт хийгээгүй, 5 .Монгол улсын хууль, журамд тусгагдаагүй роялти нэрийдэлтэй орлогыг (2 тэрбум 500-гаад сая доллар) гадаадын компаниуд өөр хоорондоо зувчуулах оролдлого хийж, Монголд ногдох үлэмж ашгийг зохиомлоор багасгасан, 6. Ордыг ашиглахад эцсийн бүтээгдэхүүн гаргах буюу зэс хайлуулах завод байгуулах хувилбарын тооцоо хийх удаа дараагийн хүсэлтийг үл хайхарч, түүхий эдийг 100-гаад км зайд автомашинаар БНХАУ-руу зөөх хамгийн тааруу хувилбараар ТЭЗҮ-ийг боловсруулсан, 7. Дэлхийн том ордыг ашиглахад үйлдвэрийн дагуул хот байгуулах асуудлыг орхигдуулж, ажиллагсдыг Хан богд, Манлай зэрэг сумдад тараан байршуулж, ажиллагсдын нийгмийн асуудлыг үндсэнд нь орхигдуулсан, 8. Канад улсын харьяалалтай хоёр компани нэг ордыг хэсэгчлэн хувааж, улмаар баялгийг олборлосноос гарах ашгийг 20:80, 30:70-ийн харьцаатайгаар хувааж авах урьдчилан гэрээ хэлцэл хийсэн зэрэг нь хүлээн зөвшөөрч боломгүй ноцтой алдаа, завхрал юм. Геологи, эрдэс судлалын ухааны доктор Ж.Бямба, Ч.Хурц, техникийн ухааны доктор М.Дамдинсүрэн, эдийн засгийн ухааны доктор С.Авирмэд нар 2005 оноос эхлэн АММИ компаниас боловсруулсан удаа дараагийн геологийн тайлан, нөөцийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэлд шүүлт, шинжилгээ хийсний үндсэн доор, дээр дурдсан зүйлсийг илрүүлж, экспертийн дүгнэлт гаргаж, санал, зөвлөмж бичиж байсан боловч, асуудлыг хариуцсан манай эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон АММИ-ийн зүгээс өнөөг хүртэл үл тоомсорлосон байдлаар хандсаар ийм байдалд хүрсэн нь өөрийн баялгаасаа хангалттай хэмжээгээр хүртэх гэсэн Монголын ард иргэдийн хүсэл зорилго, язгуур эрх ашигт харшилж байна. Энэхүү ТЭЗҮ нь бүхэлдээ эцсийн бүтээгдэхүүн гаргах тухай УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, геологийн судалгааг бүрэн хийж, ашигт малтмалыг бүрэн гүйцэд ашиглах тухай Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 32 дугаар зүйлийн 2 дугаар заалт болон Монгол Улсад олон жил мөрдөгдөж ирсэн ТЭЗҮ хийх, нөөц тооцоолох, кондиц үндэслэх заавар журмуудыг мөрдлөг болгоогүй байна. Монгол улсын гадаад өр 2010 онд хоёр миллиард долларт хүрэх мэдээлэл байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын 34 хувийг төлөхөд 1.7 тэрбум доллар шаардагдах ба манай гадаад өр дөрвөн тэрбумд хүрч болзошгүй байна. Энэ өр ДНБ-ний 60 хувь давбал, эдийн засгийн хувьд хараат улс болох тухай яригддаг билээ. 1.7 тэрбум долларыг 5-9 хувийн хүүтэйгээр гадаадын компаниас авах нь нэгэнт тодорхой болсон тул эдийн засгийн хувьд гадаадын компанийн хараат Монгол Улс болох нөхцлийг бид өөрсдөө бүрдүүлж байна. Саяхан 70 жил хуримтлуулсан 10 тэрбумаасаа дөнгөж салаад, хориод жил хоёр тэрбум өртэй болсон бол одоо хариуцлагагүй албан тушаалтны үзэгний үзүүр гялсхийхэд энэ өр хоёр дахин нэмэгдэж, өгөөжөө өгөх Оюутолгой биш, их өр үүсгэх Оюутолгой болох нь. ТЭЗҮ нь нэг янзын төлөвлөгөө болох тухай, түүнийг хэчнээн ч удаа буцааж, хэлэлцэж болох тухай Сангийн сайд С.Баярцогт бусдын захиалгаар ухуулга хийж, тэр ч байтугай, ТЭЗҮ-г засварласан төдий болж, хаалттай хуралдаанаар нэн даруй хэлэлцэж шийд гаргах тухай албан тушаалтнууд эрээ цээргүй мэдэгдэх боллоо. УИХ-ын эрхэм гишүүн таниас хичээнгүйлэн хүсэх нь: ТЭЗҮ-ийн талаар. 1. 2009 оны 12 дугаар сарын 17-ний Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн дагуу АММИ компаниас шинэчилж, засварлаж тооцоолон ТЭЗҮ-д дахин экспертүүд томилж дүгнэлт гаргуулахыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос шаардах, экспертийн бүрэлдэхүүнд дээр нэр заасан бидний мэргэжилтнүүдийг оролцуулах, 2. Монгол Улсын нэгдэн орсон олборлох салбарын ил тод байдлын олон улсын гэрээний зарчмын дагуу Оюутолгойн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэхэд Та өөрөө байлцахыг хүсэхийн сацуу, энэ чиглэлээр ажилладаг геологи уурхайн салбарын эрдэмтэд, судлаачдыг санал хэлэх, асуулт асуух эрхтэйгээр оролцуулах, мөн төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг ажиглах эрхтэйгээр оролцуулах, З. Шаардлагатай гэвэл, Оюутолгойн ордыг ашиглах төрийн бодлогыг томьёолж, техник-эдийн засгийн үндэслэлийг Монголын тал дангаараа буюу хөрөнгө оруулагч талтай хамтран боловсруулах, Хөрөнгө оруулалтын гэрээний талаар 4. 3асгийн газраас баталгаажуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 29.4-ийн дагуу УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж шийдвэр гаргуулах, 5. 2000 онд гадаадын хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээ байгуулж ашиглаж байгаа Бороогийн алт, Төмөртийн Овоогийн цайр, 200.. оноос мөн гэрээгээр ашиглаж байгаа Нарийн сухайтын нүүрсний ордуудаас жил бүр хэчнээн хэмжээний ашигт малтмал олборлосон, ямар үнээр борлуулсан, Монгол улсын төсөвт оруулсан ашиг болон техник эдийн засгийн үзүүлэлтүүд, олсон ололт, гаргасан алдаа, хууль эрх зүйн орчин, гэрээний биелэлтэд өгөх дүгнэлтийн татаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Сангийн сайд, ЭБЭХ-ний сайдаас лавлагаа гаргуулж, түүндээ дүгнэлт хийж, Оюутолгойн гэрээнд мөн дүгнэлт хийх. Тайлбар, санал бичсэн Уурхайн инженер-эдийн засагч, доктор Ч.Хурц, доктор С.Авирмэд, Ж.Бямба 2010 оны 1 дүгээр сарын 20

No comments:

Post a Comment