Эсэргүүцэлтэй тулгарсан ч Оюутолгойн ТЭЗҮ-ийг баталлаа

http://economics.gogo.mn/news/67892 2010 оны 3-р сарын 26 Эсэргүүцэлтэй тулгарсан ч Оюутолгойн ТЭЗҮ-ийг баталлаа -Гэхдээ засвартайгаар хүлээн зөвшөөрөв- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Техник эдийн засгийн үндэслэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нэг удаа “өвдөг шороодож”, өчигдөр л хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тус хурлын дараа албаны болон бусад төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа. М.Ариунбаяр: ТЭЗҮ мэргэжлийн түвшинд болсон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дэд дарга М.Ариунбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -Оюутолгойн ТЭЗҮ-ийг ямар засвартайгаар батлаж байгаа юм бэ? -Ирэх долоо хоногт Оюутолгойн ТЭЗҮ-ээр хуралдсан хуралдааны талаар мэдээлэл хийнэ. Энэ хурлаар дэлгэрэнгүй, ямар хэмжээний засвар хэрхэн хийх талаар тайлбарлаж танилцуулна. -Хаалттай байдлаар баталсан нь ямар учиртай юм бэ? -Хуралд эрдэмтэн мэргэд, иргэний хөдөлгөөний төлөөлөл орлоо. Тэгэхээр хаалттай болсон гэж үзэхгүй байна. Нэг талаас “Оюутолгой” бол компани. -Засвар оруулах шаардлагатай юм бол тэр ТЭЗҮ-г батлах хэрэгтэй гэж үү. Эсвэл цаана нь ямар нэгэн далд санаа агуулагдаж байна уу? -Иргэний зөвлөл болон эрдэмтэн мэргэдийн тавьсан тодорхой шаардлага, зөвлөмжийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөрөө хэлэлцсэн. Тэдний тавьсан шаардлага зөв юм байна гэж үзээд засвар оруулахаар болсон. -Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөрөө ТЭЗҮ-г өмнө нь хэлэлцэж буцаасан. Энэ удаа өөрчлөгдөж, шинэчилсэн юм байна уу? -Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлагуудыг хүлээн авч, тохиролцоонд хүрсэн. -Ус ашиглалтын тал дээр ямар тохиролцоонд хүрсэн бэ? -Усны нөөцийнхөө хэмжээг нэмэгдүүлэхэд усны өөрийнх нь техникийн зөвлөл гэж байдаг. Тэр техникийн зөвлөл албан ёсоор хариугаа өгсөн. Тэр ажлуудыг нь хийгээд, үүнтэй уялдаад цаашдаа тав, зургаа дахь жилээс нэмэгдэх хүчин чадлын асуудал яригдаад явчихна гэж ойлгож болно. -Хурлаар нийт ордын ашиглалтын асуудал яригдсан байх. Оюутолгойн хөрсөн дор 1800 тонн алт, 12 мянган тонн мөнгө, 157 мянган тонн молебдин, 145 сая тонн зэс байгаа. Гэтэл үүнээс алтны 770 буюу 1/3, зэсний талаас илүү хувийг нь ашиглана гэж байсан? -45 сая тонн зэсийн нөөц улсын бүртгэлд байгаа. Үүнээс 19 сая нь тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай гээд хойшлуулагдсан. 5.7 сая тонн зэсийг оруулаад ирсэн гэж ойлгож болно. ТЭЗҮ-ээр 5.7 сая тонн зэс нэмэгдэж орж ирсэн гэсэн үг. Үндсэндээ 31.1 сая тонн зэсийн нөөцөөр энэ ТЭЗҮ-г хийсэн. -Алтны хувьд? -Тэр хүдэртэйгээ холбогдох дагалдах алт, мөнгө, молебдины асуудал нэмэгдээд орж ирсэн. -Таны хувьд энэ удаагийн ТЭЗҮ хэр болж өндөрлөв? -Ямар ч байсан мэргэжлийн түвшинд хангалттай хийгдлээ. Тодорхой хэмжээний засвар байна. Гэхдээ хоёр талаас хамт сууж байгаад засвараа хийчих боломжтой гэж үзэж байна. -Салбарын сайдаас Оюутолгойн ТЭЗҮ-г батал гэсэн үүрэг өгсөн гэсэн. Мөн ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн талаар яригдаж байсан? -Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага. Энд сайд юм уу, улс төрийн хандлага байхгүй. -Та бүхний гаргаж байгаа шийдвэр Монголын ард түмний төлөө гаргасан шийдвэр гэдэгтээ итгэлтэй байна уу? -Тийм ээ. С.Авирмэд: Хуралдаан захиалгатай, бусдын даалгавараар хийгдлээ Уул уурхайн доктор С.Авирмэдтэй хурлын төгсгөлд уулзаж, зарим асуултад хариулт авлаа. -Оюутолгойн ТЭЗҮ-г хэлэлцэх хурал хэр болж өнгөрөв? -Бидний хүсэн хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. ТЭЗҮ-ийг буцаая гэж бодож энэ удаагийн хуралд оролцсон. Харамсалтай нь энэ хуралдаан захиалгаар, бусдын даалгавараар хийгдлээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. -ТЭЗҮ-ийг засвартайгаар хүлээн авлаа гэх юм. Ийм байж болно гэж үү? -ТЭЗҮ-ийг засвартайгаар хүлээн авлаа гэсэн өгүүлбэр орсон боловч одоо уурхайн ажлын төлөвлөгөөгөө хийгээд, ажилдаа ор гэсэн дүгнэлт гарчихлаа. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа эхлүүлээ л гээд хэлээд байна. -Та бүхний тавьсан шаардлагыг хүлээж авсан уу? -12 заалт бүхий шийдвэрт нь олон тодотгол бий. Жишээ нь, 5.7 тонн зэс нэмээд 31.1 сая болгохоор болсон. Бидний тэмцлийн дүн бага ч гэсэн гарч байна. Гэхдээ л сэтгэл их дундуур байна. Уг нь ТЭЗҮ-гул үндсээр нь өөрчлөх ёстой байсан юм. -Нэгэнт хүлээгээд авчихлаа. Одоо ямар арга хэмжээ авах вэ? -Цаашдаа тэмцлээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй. "Айвенхоу майнз" компанийнхантай илэн далангүй ярилцлаа. Битгий л ужигарсан тэмцэл болгочихоосой гэж найдаж байна. -Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд ТЭЗҮ-г буцаасан шүү дээ. Өмнөх зөрчлөө арилгаж уу? -Биелүүлээгүй байсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн найман зүйл заалтыг ч биелүүлээгүй. Үндсэндээ манай төрийн болон мэргэжлийн байгууллагууд "шургуулдаг" хэдэн тайлбар тайлангаа л оруулчихлаа. "Айвенхоу майнз" компанийнхан өөрсдийнхөө хүссэн үр дүнг гаргуулж чадлаа. -Нэгэнт баталчихсан ТЭЗҮ-гийн эсрэг яаж тэмцэх юм бэ? -Бидний найдах ганц юм бол засвартайгаар ТЭЗҮ-г хүлээж авлаа гэдгийг цааш нь тайлбарлаж, ярих шаардлагатай. Яагаад засвартай юмыг хүлээгээд авчихав. Яагаад болоогүй түүхий юмыг баталсан учрыг олох байх. -Өмнө нь ТЭЗҮ-г засвартайгаар батлаж байсан тохиолдол бий юу? -Олон жилийн туршлагаас үзэхэд 1-2 удаа засвар хийдэг юм. Гэхдээ 2-3 удаа хийдэггүй. Мэргэжлийн зөвлөлөөс 2-3 удаа засвар авах асуудал Монголын түүхэнд байдаггүй. Энэ ТЭЗҮ 2009 оны зургадугаар сарын 23-наас эхэлсэн. Дунд нь засаад л яваад байсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцээгүй болохоос биш засвар нэлээд орсон. Тухайн үед нь манай мэргэжилтнүүд оролцож, шүүмжлээд л байсан. -Д.Зоригт сайд хүчээр батал гэсэн чиг өгсөн гэх. Хуралдаанаар тийм зүйл ажиглагдсан уу? -Хурлын үйл ажиллагаа тиймэрхүү сэтгэгдэл төрүүлчихлээ. Уг нь хурал эхэндээ илэн далангүй болж байсан. Харамсалтай шийдвэр хаалттай гарчихлаа. Хамгийн сүүлд шийдвэр гаргах үйл ажиллагаа биднийг гаргаж байгаад хаалттай болсон. Шийдвэр 80-90 хувьтай гэж гарсан. Тэгэхээр энэ 32 хүнээс 3-4 хүн Монголоо гэсэн зөв сэтгэлтэй шударга гишүүн байсан юм болов уу. Харин 20 гаруй нь бусдад худалдагдчихсан, захиалгатайгаар л энэ хуралд оролцлоо л гэж ойлгож байна. -Ширээгээр зузаан зузаан боть харагдаж байсан. Та бүхэн тайлантай танилцсан уу? -Биднийг ороход тайлан тооцоо, бүх үндэслэлээ танилцуулж байсан. Бүх л бүтэн 20-30 боть тайлан. Хэн ч ийм богинохон хугацаанд хараад дүгнэж чадахгүй. Ямар ч мундаг хүн байсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 32 гишүүн ч үүнийг бүрэн уншиж танилцаагүй гэж бодож байна. Энэ нь их ноцтой асуудал. Бид нар 20-30 хуудастай л танилцлаа. Үүнийхээ хүрээнд мэтгэлцээн өрнүүлсэн. Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

No comments:

Post a Comment