С.Авирмэд: Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо

http://economics.gogo.mn/news/68066 2010 оны 3-р сарын 30 С.Авирмэд: Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний эргэн тойронд өрнөөд буй маргааны талаар уул уурхайн доктор С.Авирмэдтэй ярилцлаа. -"Айвенхоу майнз"-ынхан амласан ёсоороо урьдчилгаа 100 сая ам.доллар эхний ээлжинд бидэнд хүргүүлээд байгаа. Гэвч үүнийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүний нэг нь та? -Оюутолгойгоос орж ирэх үр ашгийг урьдчилан хүртэх тухай асуудал С.Баярын Засгийн газраас эхлэлтэй. Орж ирээгүй ашиг орлогыг хуваарилна гэдэг Монгол Улсын түүхэнд байгаагүй тэнэглэл. Хоосон юмнаас ашиг авна гэдэг өөрөө эргэлзээтэй. 250 байтугай хэдэн тэрбумыг авах санаачлага С.Баяр сайдаас гаралтай юм. 2008 оны эхээр С.Баяртай уулзсан. Ноцтой гэх үү, аминчхан ч гэмээр юм уу тийм л уулзалт болсон. Тэгэхэд С.Баяр ашигт малтмалаас гурван тэрбум ам.долларыг ойрын үед авч болох уу. Гэхдээ бүр нэг жилийн дотор гэж надаас асуусан. Мань хүнийг мөнгө яриад эхлэхэд нь их гайхсан. Наана чинь тооцоо, судалгаа хийж байж ярихгүй бол болохгүй гэсэн хариулт өгч байсан, тухайн үед. Энэ асуултыг хүн болгонд л тавьсан юм шиг байна лээ. Одоо ч үүнийг ярьдаг хэсэг бүлэг нөхөд бий бололтой. Өөрөөр хэлбэл, урьдчилж баялгаасаа хүртэх сонирхолтой бүлэг байна. -Тодруулбал? -Оюутолгойн гэрээг үзэглэсний дараа Ерөнхий сайд асны мөрөөдөл бага ч атугай биелсэн. Өөрөөр хэлбэл, 250 сая ам.доллар орж ирэх болов. Энэ нь нэг үгээр бага зэргийн юмаар ард түмний амыг хаая гэсэн бодлого байсан болов уу. Хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй боллоо -Улс төрийн гол хүчнүүдийн сонгуулийн амлалтын 1.5 сая төгрөгийн тухай яриад байна уу, та? -Ийм их хэмжээний мөнгө өгөх ямар ч боломж байхгүй. Үүнийг албан ёсоор хэлье. Хэрэв өгөхөөр болбол 10 жилийн дараа л биелэлээ олно. Үйлдвэр хүчин чадлаараа ажиллаад ашиг олсны дараа гэсэн үг. Баригдаагүй үйлдвэрээс ашиг авна гэдэг утгагүй. Тэр ч бүү хэл, зарлага ч байхгүй. 2009 оны аравдугаар сарын 20-нд С.Баярцогт, Л.Гансүх нар 100 сая ам.доллар авчихлаа гэж бөөн баяр болсон. Музейд тавих гээд байсан чекэн дээр нь урьдчилгаа төлбөр гээд биччихсэн. Нөгөө намын нөхөд болохоор "Эх орны хишиг", "Хөгжлийн сан" гэж нэрлээд байгаа. Үнэндээ энэ нь өр гэдэг нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл, Монгол хүн бүр 70 мянган төгрөгийн өртэй болчихлоо. -Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаагүй байхад Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г хэлэлцээд баталчихлаа. Энэ нь зөв үү? -Ганц Ашигт малтмалын тухай хууль ч биш. Үндсэн хуулийн заалт, Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчөөд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээг байгуулах хоёр хүчин зүйл бий . Нэг нь нөөц, нөгөө нь ТЭЗҮ. Нөөцөө ч булхайтайгаар баталсан. 2007 оны долдугаар сарын 1-нд би дүгнэлт бичиж өгсөн юм. МУИС-аас Ж.Бямбаа доктор бид хоёр нөөцийн тооцоотой тайланд дүгнэлт хийх экспертийн гишүүн болсон. Д.Зоригт сайдын өөрийнх нь тушаалаар. Дүгнэлтээр нөөц алдаатай, будлиантай тооцоолжээ, хайгуул нь дуусаагүй байна хүлээж авах боломжгүй гэж гарсан. Гэтэл дүгнэлтийг үл тоомсорлоод биднийг тэр хуралд оролцуулахгүйгээр, хаалттай хуралдаад нөөцөө хэлэлцсэн. Хаалттай хурлаас 250 сая гэдэг цифр гарсан юм. Долдугаар сарын 1-нд хагас дутуу гарсан нөөц дээрээ үндэслэлээд ТЭЗҮ хийх ёстой. Гэтэл зургадугаар сарын 23-нд ТЭЗҮ-г оруулж ирсэн. Хуульд ТЭЗҮ-г оруулж ирснээс хойш гурван сарын хугацаанд хэлэлцэх талаар заалт бий. Алдаа дутагдал гарвал ахиад гурван cap сунгах ёстой. -Тэгвэл ТЭЗҮ-г есдүгээр сарын 23-нд хэлэлцэх ёстой байсан гэсэн үг үү? -Зургадугаар сарын 23-нд оруулсан ТЭЗҮ есдүгээр сарын 23-нд дуусах ёстой. Тэгээд дүгнэлт гарсны дараагаар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ёстой. Гэтэл есдүгээр сарын 23-нд ТЭЗҮ нь дуусаагүй. Учир нь "Айвенхоу майнз"-ийнхан гол гол үзүүлэлтийг өөрчилсөөр байсан юм. Гэтэл гэнэт аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээг баталчихсан. -Тэгэхээр хугацааны хувьд яаран үзэглэсэн нь ямар нэгэн учир шалтгаантай гэж хэлэх гээд байна уу? -ТЭЗҮ-гүй хөрөнгө оруулалтын гэрээг аравдугаар сарын 6-нд баталсан нь цаанаа учиртай. Гадаадын компаниуд хэлцэл хийх хугацаа тулчих гээд байсан юм гэнэ лээ. Мөн "Айвенхоу майнз" "Рио Тинто"-той хийсэн хөрөнгө оруулалтын хугацаа болчих гээд байсан гэж ярьдаг. Ингээд Монголчуудын эрх ашгийг хөсөр хаяж, "Айвенхоу майнз" компанийн талд зохицуулсан гэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйл заалт буюу ТЭЗҮ байх ёстой гэсэн заалтыг хэн ч харахыг хүсээгүй. Монголын түүхэнд байгаагүй эмгэнэлт өдөр болсон -Усны нөөц хүрэлцэхгүй гэх асуудал сөхөгдөх болсон. Нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэх хэсэг бүлэг байна. Мэргэжлийн хүний хувьд усны нөөцийг нэмэгдүүлэх боломж бий юу? -Усны нөөц анхаарлын гадна хаягдчихсан асуудал. Говийн хэдэн бор толгод дээр байгаа алт зэсний нөөц биш. Асар их далай тэнгис шиг усны нөөцийн асуудал. Мэргэжлийн хүний хувьд усны нөөц, хайгуул дүгнэлтүүд дутуу хийгдсэн гэж боддог. Манай нэртэй геологич "Усны нөөцийг дутуу судалжээ" гэж хэлсэн байдаг. Одоогоор тогтоогдоод байгаа нөөц бодитой биш. Тогтоогоод байгаа хэмжээнээс хэд дахин бага байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан. Усны нөөц хангалтгүй, усны судалгаа дуусаагүй байна. Байгаль орчны сайд "Айвенхоу майнз" компанид усыг нь батлаж өгсөн байсан. Эргэлзээтэй асуудал шүү. "Айвенхоу майнз" өдөрт 150 мянган тонн хүдэр боловсруулахад усны нөөц хүрэлцэхгүй гээд хэлсэн шүү дээ. -Харин ч усны нөөц бага гэж ойлгож болох уу? -Хэд хэдэн ноцтой асуудлыг дахин сануулах хэрэгтэй. Наймдугаар сард ээлжит бус чуулган хуралдсан. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй луйврын үйл ажиллагаа энэ өдөр болсон. Усны нөөц гэдэг Оюутолгойгоос дутахгүй их баялаг. Хэдэн километр үргэлжилсэн Галбын говь, Өнөр хоолой гэдэг өргөн уудам газрын дор тархсан хайгуулыг хийж дуусгасан гэж ярьдаг. Манай эрдэмтэд хайгуул нь бүрэн гүйцэд дуусаагүй, нөөц нь тогтоогдоогүй байгаа гэдгийг удаа дараа сануулах болсон. Гэтэл ээлжит бус чуулганаар усны нөөцөө "Айвенхоу майнз" компанийн өмч болгоод бэлэглэчихсэн. Хуулиа зөрчөөд шүү. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуульдаа 2-3 нэмэлт өөрчлөлт хийж байгаад баяр хөөртэйгөөр бэлэглэсэн. Энэ бол эхний эмгэнэлт явдал. -Дараагийнх нь гэж байгаа хэрэг үү? -Монголын түүхэнд байгаагүй хоёр дахь эмгэнэлт явдал нь гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийг тэглэсэн явдал. Хэний төлөө гэдэг нь тодорхой. Нөгөө л "Айвенхоу майнз"-д зориулсан хэрэг шүү дээ. Тэд луйвраа ч төлөвлөж хийсэн. Өөрөөр хэлбэл, Монголчуудын анхаарал нь суларсан, амралт, зугаалгын үеэр хуйвалдаанаа хийсэн юм. Үүнийг Монголын ард түмэн анзаараагүй. 68 хувийн татварыг тэглэснээр бид амьдрах боломжгүй болж байгаа юм. Улсын татварыг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлдэг. Эрдэнэт үйлдвэрээс олон зуун хүн тэжээгддэг. Нэг үгээр иргэдээ алаад хаячихсан. Энэ нь удахгүй тодорхой болно. Оюутолгойн нөөц 10-30 хувь өсөх магадлалтай -ТЭЗҮ-г өмнө нь буцаасан шүү дээ? -Аз таарсан хэрэг. Тухайн үед "Айвенхоу майнз", Монголын төрийн хулгайч нар ч анхаарлаа сулруулсан байсан юм. Өөрөөр хэлбэл, С.Баяр нь байхгүй үе таарсан. Бас хаалттай хуралдаанаар хэлэлцэх гэж байхад нь манайхан мэдэж, эрдэмтэн, мэргэд иргэний хөдөлгөөний төлөөлөл оролцсон юм. Ингээд аз таарч ТЭЗҮ-г буцаасан. Ингээд ТЭЗҮ-г бүр хаагдчихлаа гэж бодож байсан юм. Гэтэл сая дахин хуралдаад баталчихсан. -Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр сорчилж аваад үлдсэнийг хаяна гэх юм. Иргэний хөдөлгөөнүүд тэмцэж байж хэдэн сая тонн нэмсэн төдий? -Оюутолгойн ордын хайгуулын ажил дуусаагүй. Өөрөөр хэлбэл, зүүн хойд жигүүрийн, баруун урагшаагаа талбайн хэмжээнд хүдэрийн биет цаашаа үргэлжилнэ. Гүн рүүгээ бас асар их нөөцтэй. Ийм учраас 45 сая тонн гэдэг бол минамал тоо. Миний бодлоор энэ тоо 10-30 хувиар өсөх магадлалтай. Гэтэл талыг нь аваад үлдсэнийг нь хаяна гэдэг нүгэл. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 5-6 сая тонн нэмсэн гэж бахархаад байгаа. Энэ нь ч баттай биш. Зураг, тооцоогүй амаар ярьсан төдий. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ш.Сайхансамбуугаар ахлуулсан ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэг эхлээд "Айвенхоу майнз" компанийнхантай уулзсан юм. Тэгэхдээ нөөцийн 50 хувийг авна, 50 хувийг хаях гэж байгааг мэдээд эрдэмтэдтэй уулзсан юм. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг "Айвенхоу майнз"-ынхан цөлмөх гэж байгааг мэдсэн. Ингээд ноцтой алдаа гаргасан гэж үзээд найман зүйл заалт бүхий шаардлагыг "Айвенхоу майнз" компанид тавьсан. -Ажлын хэсгийн тавьсан шаардлагыг биелүүлсэн үү? -Гуравдугаар сарын 8-нд буюу хоёрхон долоон хоногийн дараа зургаан хуудас бүхий тайлбар мэдээлэл цацсан. Нөөц, уурхайн технологи, эдийн засаг, нийгмийн том алдаануудыг хэдхэн хуудас цаасаар арилгадаггүй юм. ТЭЗҮ хэдэн арван боть байгаа. Тэр хэдэн арван боть тайлан тооцоонд засвар оруулсны дараа ТЭЗҮ-д засвар хийгдлээ гэж үздэг. Ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болсон. Харамсалтай нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хамгийн наад захын шаардлага хангаагүй тайланг хүлээж аваад баталчихсан. Д.Зоригт, С.Баярцогт хоёрын халааснаас 100 саяын өрийг төлүүлэх хэрэгтэй -"Айвенхоу майнз" Оюутолгой ордын лицензийг "ВНР Billiton"-ooc авахдаа хоёр хувийн нөөц ашигласны төлбөр төлөхөөр тохирсон гэсэн. Өөрөөр хэлбэл, 2.3 тэрбум ам.долларын маргаан дэгдлээ. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? -ТЭЗҮ-д ганцхан засварласан юм нь энэ. Гэхдээ баталгаатай эсэх нь эргэлзээтэй. Хувь нийлүүлэгчийн гэрээн дотор байхыг үгүйсгэхгүй. Ганц өгүүлбэр байх төдийл биднийг хуурсан болж таарна. -Хувь нийлүүлэгчийн гэрээг үзсэн үү? -Хувь нийлүүлэгчийн гэрээг хараагүй. Нууцалсаар байгаа. -Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Д.Зоригт сайдын даалгаврыг сайн биелүүлсэн гээд байгаа. Уг мэргэжлийн зөвлөл улс төрийн дарамтгүй ажиллах боломж нөхцөл бий юу? -Харийнхны төлөө өөрсдийгөө худалддаг жишгийг УИХ өөрөө тавьсан. Олон хуулийг гадаадынхны захиалгаар, сонирхлоор баталдаг, өөрчилдөг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл сайдаас өгсөн даалгаврыг онц дүнтэй биелүүлсэн. Нотолгоо, баталгааг нь бид гаргаж тавих болно. Уг нь улс төрөөс ангид цэвэр мэргэжлийн зөвлөл гэж ойлгож байсан юм. Дээрээсээ доошоо хариуцлага тооцох цаг ирэх байлгүй дээ. -Энэ бүхний эцэст хариуцлагын асуудал хөндөгдөнө. Үүний гол буруутан хэн бэ? -Анхнаас нь зохион байгуулсан Ерөнхий сайд асан С.Баяр Монгол Улсын олон хуулийг дураараа өөрчилж, иргэдээ уландаа гишгэсэн хүн. Хоёр намын дарга нарийн дор С.Баяр бүхнийг командлаж байсан. Энэ хүн л хариуцлага хүлээх ёстой. Дараа нь гэрээ байгуулсан С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар хариуцлага хүлээх ёстой. Хүн бүрийн авсан 70 мянган төгрөг өр болсон. Энэ өрийг ард түмэн тавиагүй. Өрийг С.Баярцогт гэдэг хүн гарын үсэг зурж авсан. Тэгэхээр 100 сая ам.долларыг С.Баярцогт, Д.Зоригт нарын халааснаас төлүүлэх ёстой. Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

No comments:

Post a Comment