С.Авирмэд: Өнөөдрийн Монгол орон Хятадын түүхий эдийн баазыг хангагч болчихсон байна

http://economy.time.mn/content/764.shtml Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 2 МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн доктор, профессор С.Авирмэдтэй ярилцлаа. Тэрбээр ирэх жилүүдэд биднийг “тэжээх” уул уурхайн томоохон төслүүдэд гар бие оролцож явсан нэгэн билээ. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжил, үйлдвэржилтийн бодлогын талаар уул уурхайн бус үзлийг дэмждэг бололтой. -Эдийн засгийн өндөр өсөлтийн талаар бид ярих боллоо. Гэтэл бодит амьдрал дээр өнөөх өсөлт маань үр дүнгээ өгөхгүй байна гэх юм? -Ядуурал 40 хувьд хүрчихсэн шүү дээ.Тэгэхээр иргэдийн таль хувь нь ядуу хэмээгдээд буй энэ нөхцөлд ядуурлыг бууруулна гэдэг нэгдүгээр зорилт байх ёстой. Өөрөөр хэлбэл хүний амьдралыг сайжруулах асуудал яригдах учиртай. Хүний амьдралыг сайжруулна гэхээр бид их ерөнхий юм ойлгоод байдаг. Гэтэл энэ чинь ердөө цөөхөн хэдэн зүйл шүү дээ. Идэх хоол, өмсөх хувцас, орон гэр тэгээд л болно. Үүнийг бүх иргэндээ жигд бий болгож өгөхийн тулд яах вэ гэдэг зорилт байх ёстой. Гэтэл үүнийхээ талаар ярихгүй дэд бүтэц хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхай гэсэн ерөнхий зүйлийн талаар яриад байна. Сүүлийн 20 жилийн төр засгийн бодлого ерөөсөө сонгуулиас сонгуулийн хооронд гардаг бодлого нэртэй мөрийн хөтөлбөр төдийхнөөр тодорхойлогддог болчихож. Нэг том зорилт тавиад л өнөөдрийнхөө байдлыг зөв дүгнэж цаашаа явмаар байна. Би өнөөдрийн Монголын талаар БНХАУ-ын үйлдвэрүүдийн түүхий эдийн баазыг хангагч болсон гэж дүгнэдэг. Бид өнөөдөр уул уурхай, үйлдвэрийн орон биш хөдөө аж ахуйн орон хэвээрээ байна. Эндээс юуг хэлэх гээд байна гэхээр бид эргээд 1921 оныхоо нөхцөл байдал руу буцжээ. Ийм нөхцөлд ямар зорилт тавих вэ. Ямар ч байсан ард түмнийхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах хэрэгтэй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, орон сууц гээд. Үүнийг л шийдвэрлэх зорилт тавимаар байгаа юм. -Үйлдвэрлэлийн хувьд ямар бодлого явуулах ёстой юм бол? -Хамгийн наад зах нь мал аж ахуйн түүхий эдээ өөрсдөө 100 хувь боловсруулах хэрэгтэй. Одоогийн яриад байгаа шиг Сайншандад бүх зүйлээ төвлөрүүлнэ гэдэг чинь учир дутагдалтай. Миний ойлголтоор маш буруу бодлого. Манай улсын тал хувь Улаанбаатарт төвлөрсөн. Гэтэл Сайншандад аж үйлдвэрийн парк нэртэй газарт зэсийн завод, кокс хими, хар төмөрлөгийн үйлдвэр гээд бүгдийг нь тэнд байгуулах гээд байх юм. Юуны төлөө Монгол Улс ийм өргөн дэлгэр нутагтай юм бэ. Бид Баян-Өлгийн тэр хол амьдарч байгаа казахаа ч, зүүн талд байгаа Дорнодын буриадаа ч бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо орон нутгийн энэ их эзгүйрэл гадныхан орж ирэх шалтгаан болж байна. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Цээл суманд том төмрийн хүдрийн ордыг ямар ч хяналтгүйгээр урагш нь гаргаад эхэллээ шүү дээ. Хятадын хилийн цаадахь гангийн үйлдвэртэй 15 жилийн гэрээ байгуулсан гэсэн. Жилд хэдэн сая тонноор нь гаргаж байна. -Ямар бодлого байх ёстой гэж бодож байна вэ? -Үйлдвэрлэлийн хувьд уламжлалт бодлого байх ёстой. Удаан хугацаанд мөрдөх бодлогын талаар ярьж байна. Тэгээд тэр бодлогоо аль ч Засгийн газар гарч ирсэн үргэлжлүүлээд авч явах ёстой. Тийм биш болохоор хэдэн хүн тойрч суугаад ямар ч судлаач, эрдэмтдийг оролцуулахгүйгээр хэдэн улс төрч нэртэй олигархиуд нийлээд бодлого боловсруулж байна. Жишээлбэл, Оюутолгойг ашиглахад зэсийн завод, нүүрсний ордуудыг түшиглээд цахилгаан станц байгуулна гэдэг бодлого байх ёстой байсан юм. Тийм байж чадахгүй болохоор С.Баярцогт, Д.Зоригт хэмээх хүмүүс Монгол Улсаар тоглож байна шүү дээ. Ерөөсөө бид Хятадын түүхийн эдийн бааз болж байна гэдэг чинь Хятадын биш манай удирдагчдын буруу. -Үйлдвэрлэлийн бодлого яагаад энэ олон жилд барьцтай, бодитой байж чадахгүй яваад байгаа юм бол? -Бид социализмын үеийг дандаа хар бараанаар харж, муулдаг. Гэтэл тэр үеийн төр, засгийн нэг том гавьяа бол үйлдвэржүүлэх бодлого байсан. Жишээлбэл, 1961 оны МАХН-ын IV программ гэдэгт “Монгол Улс бол аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болно” гэсэн зорилт тавьж байсан юм. 1921-1960 онд бид цэвэр хөдөө аж ахуйн орон байсан. Харин 1960 оноос үйлдвэржилтийн бодлогууд эрчимжсэн. Шарын голыг түшиглэж дулааны аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэсэн зорилт тавиад Дархан хотыг босгож байсан. Үүнээс хойш бодлогоос гадна хөгжлийн эрчимтэй үе шатууд эхэлсэн. Юу гэхээр Монгол Улс 1980-аад оны сүүлээр 20 гаруй сая малынхаа түүхий эдийг бүрэн боловсруулдаг байсан. Бидний үеийнхэн дотоодын үйлдвэрийн цэвэр даавуугаар хийсэн костюм өмсдөг байв. Чехийн тусламжаар арьс ширний үйлдвэр байгуулж гурван сая гутал хийдэг байсан гэдэг юм. Тэр үед хүн ам маань хоёр сая ч хүрээгүй байсан. Тухайн үед үйлдвэржүүлэх хувьсгал болсноор хүн амын дунд гуйлгачин байгаагүй. Өлсгөлөн, ядууралгүй ажилтай иргэдтэй байсан. Хөдөө аж ахуйн орноос үйлдвэрийн орон болж чадсан байгаа биз. Бидэнд ийм түүх, туршлага бий. Мэдээж би социализмыг магтан дуулж байгаа юм биш. Дутагдлууд байсан нь ойлгомжтой. Бид өнөөдөр ардчилал, эрх чөлөөтэй болсон гэж ярьдаг ч эдийн засгийн хөгжлийн хувьд эргээд 30, 40-өөд он руугаа оччихсон болов уу гэж би боддог. Time.mn сайтын сэтгүүлч: Т.Бэх

No comments:

Post a Comment