С.Авирмэд: Оюу толгойд хамтын үйлдвэр байгуулж байж, авах ашгийн хувиа ярих ёстой

http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=72&vmet_main=72&vt=archive&vl=archive&vdate=&vofile=30&left=yes&vpage=97 -Тогтвортой байдлын гэрээг одоогийн мөрдөж байгаа хуулиар хийвэл манайд хэр хохиролтой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Тогтвортой байдлын гэ­рээ гэдгээ ард түмэн сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол 1997 оны Ашигт малт­малын хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч тухайн уур­хай, үйлдвэрийг ашиглаж эхлэх үедээ татвар өөрч­лөгдөхгүй тогтвортой байна гэсэн үндсэн гэрээ хийдэг. Доод тал нь хоёр сая ам.дол­лараас эхлээд 20-иад сая ам. долларын хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулаг­чид­тай Тогтвортой байдлын гэрээ байгуулна гэсэн заалт бий. Саяхнаас Засгийн газар, Ерөнхий сай­дын өгсөн чиг­лэлийн дагуу Шадар сайд Тогтвортой байд­лын гэрээг яаравчлах хэрэгтэй, түргэлье гэж танай сонин болон бусад хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лээр ярьсан байна лээ. Бид­ний ойлгож байгаагаар энэ гэрээг яаравчлан хийх үн­дэслэл алга. Яагаад гэ­вэл, тийм гэрээг 15 жилийн хуга­цаагаар байгуулна гэсэн мэ­дээ­лэл байна. Хэрэв ин­гэвэл 7.5 жил огт татвар өгөхгүй, дараагийн 7.5 жилд нь 50 хувь татвараас чөлөөлнө гэсэн үг. Ийм болохоор “Айванхоу майнз” компанитай Оюу тол­гойн ордыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ байгуулах үндэс нөхцөл бүр­дээгүй. -Та дэлгэрүүлж тайл­бар­лана уу? -Учир нь нэгдүгээрт, Оюу толгой ордын хайгуул бүрэн гүйцэд дуусаагүй. Хоёр­ду­гаарт, нэгэнт хай­гуул дуу­саагүй учраас Оюу толгойн ордын нөөцийн хэм­жээ Мон­гол Улсын эрх бүхий байгуул­лагад орж ирээгүй. Гурав­дугаарт, Оюу толгойн ордыг ашиглах эцсийн шатны тех­ник-эдийн засгийн үн­дэслэл гараагүй. Ийм нөх­цөлд ордыг ашиглах тухай Засгийн газар нэг компанитай гэрээ хийнэ гэдэг туйлын хариуц­лагагүй асуудал. Үүнээс болж Монгол Улс, Монголын ард түмэн л хохирол амсана. Жишээлбэл, одоо Оюу тол­гойн ордыг ашиглах ямар дүр зураг байна гэхээр зөвхөн Фридланд гэдэг хүний бодлого л явж байгаа. Гэтэл Оюу тол­гойн ордыг ашиглах тухай Монгол Улсын төр, засгийн бодлого одоо хүртэл алга. Фридландын өөрийнх нь төлөвлөгөө юу вэ гэвэл Оюу толгойн ашигт малтмал зэсийн хүдрийг ил ба далд аргаар ухаж аваад бая­жуулан, 25-28 хувийн зэс бүхий түүхий эдийг Хятад руу 80 км замаар ачааны маши­наар зөөх л хувилбар. -Тогтвортой байдлын гэрээг байгуулах тохи­ромж­той хугацаа таныхаар хэзээ вэ? -Тухайн ордын хайгуул бүрэн гүйцэд дуусаад Монгол Улсын эрднэсийн санд Оюу толгойн нөөц бүртгэгдээд, ашиглах техник технологи, ашиглалтын эдийн засгийн үзүүлэлтүүд бүрэн болсон тэр үед л Тогтвортой байдлын гэрээг хийж болно. Гэхдээ энэ бол дэлхийн том орд учраас хайгуулын ажил их сунжирч байгаа. Долоо найман жил хайгуул хийсэн, маш их зар­дал гарч байгаа. Бид Фрид­ландыг бас ойлгох ёстой. Мэргэжилтний зүгээс бодоход нэг талаас энэ хүн ордод бүрэн гүйцэд хайгуул хийнэ гэж хугацаа алдсан. Бидний мэргэжилтнүүдийн бодож байгаагаар уг нь эхний хэс­гийн хайгуулыг бүрэн гүйцэд дуусгаад, үүндээ тохируулан техник технологийн шийдэл гаргаад, техник-эдийн засгийн үндэслэлээ гаргасны дараа ашиглах асуудлыг ярьж болох байсан. Ингээгүйгээс аль аль талдаа ашиггүй бо­лоод байгаа. -Оюу толгойд үйлдвэр хэзээ байгуулагдах юм бол... -Урьдчилсан байдлаар 2008 оноос эхлэн бүтээг­дэхүүн гаргана гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ өмнө нь тэд Монгол Улсын Засгийн газар, төртэй ямар нэг хэл­бэрээр зөвшилцөх ёстой. Түүнээс биш тэд өөрс­дийн­хөө сценар, хөтөлбөрийг Мон­гол Улсад тулгаж бо­лохгүй. Нэг талаас энэ нь Монгол Улсын Засгийн газар сүүлийн тав зургаан жилд туйлын хариуцлагагүй байс­ны гэрч. Хоёрдугаарт, дутуу дулимаг боловсруулсан түү­хий эд гадагш гаргахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. -Тогтвортой байдлын гэрээг ямар хувилбараар хийвэл манайд илүү ашиг­тай байх вэ? -Хэрвээ Монгол Улс төр­тэй юм бол өөрийнхөө нөх­цөлийг соёлтойгоор “Айвен­хоу майнз”-д ч байна уу, эсвэл өөр улсын ямар ком­пани байна түүнд хэлэх ёстой. Тэр нөхцөл ямар байх вэ гэхээр Оюу толгойгоос гарах хүдэр, зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэр юуны өмнө байх ёстой. Хоёр­ду­гаарт, зэсийн үйлдвэрийг бидний тооцоо­гоор Чойр эс­вэл Шивээговь орчим байгуулах учиртай. -Зэсийн үйлдвэр бай­гуул­лаа гэхэд түүхий эд тийм хангалттай байж чадах уу? -Зөвхөн Оюу толгойн түү­хий эдээс зэс ялгах биш Монгол Улсад байгаа одоо­гийн байдлаар нөөц нь тог­тоогдсон “Эрдэнэт”, Цагаан суварга зэрэг ордын зэ­сийг хайлуулах үйлдвэр байх ёстой. Оюу толгойн ордоос жилд 500-600 мянган тонн зэс гарах урьдчилсан тооцоо бий. Бүрэн хүчин чадлаараа ажил­ласан үед шүү дээ. “Эр­дэнэт”-ээс өнөөгийн байдлаар 120-130 мянган тонн зэс гарч байгаа. Цагаан суваргын ор­дыг ашиглах үед 50 мянган тонн зэс жилд гарах тооцоо байна. Эдгээрийг нийлүүлээд үзвэл жилд 700-гаад мянган тонн зэс гарах ёстой. Энэ бол маш өндөр хэмжээ. Үүнээс хаягдал энэ тэр юмыг тооцоод жилд 500-600 мянган тонн зэс хайлуулах хүчин чадалтай үйлдвэр зайлшгүй шаард­лагатай. -Үүнийг дагаад цахил­гаан эрчим хүч, хүн хүч гээд их олон асуудал үүснэ дээ... -Энэ том үйлдвэрийг да­гаад бас том том асуудлууд гарч ирнэ. Юуны өмнө төмөр зам байгуулах хэрэгтэй бол­но. Оюу толгойгоос миний тооцож байгаагаар Зүүнбаян хүртэл 330 гаруй км төмөр зам тавих юм. Мөн цахил­гааны асар их хэрэгцээ гарна. Тавантолгойн ордыг түшиг­лээд Оюу толгойгоос дутахгүй том үйлдвэр байгуулах ёстой. Тавантолгой Оюу толгой хоё­рыг 100 км төмөр замаар холбоно. Ингээд Таван­тол­гойн уурхайн дэргэд 300-гаад мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэр­лэх дулааны том цахилгаан станц барих ёстой. Ширээний ард суугаад хоёр тал өөрийн нөхцөлөө ярих ёстой. Монгол Улс төр­тэй, засагтай юм бол Үндсэн хуу­лийн дагуу эх орноо хөг­жүү­лэх, ард түмний амьд­ралыг дээш­лүүлэхийн тулд дээрх хувил­барыг тавих ёстой юм. -Эдгээрийг Тогтвортой байдлын гэрээнд тусгах ёстой юу? -Тусгах ёстой. Энэ Авир­мэд том мөрөөдөл яриад байна гэх хүмүүс гарч магад­гүй. Миний саяын ярьсан дотроос судлууштай, биелэх­гүй байх магадлалтай ганцхан л зүйл бий. Юу вэ гэхээр, 500-600 мянган тонн зэс хай­луулах үйлдвэр түүхий эдээ боловсруулах үед хүхрийн хүчил маш их гардаг. Түүнийг яахав гэдэг асуудал байгаа юм. Хятадад экспортолж бол­но. Гэхдээ миний сонссоноор Хятадад хүхрийн хүчлийн хэрэгцээ бага, өөрсдийгөө хангадаг гэсэн. Тэгэхээр хүхрийн хүчлийг саар­маг­жуулах асуудал л бий. Үүнийг бас шийдэх боломж бий. Хөвсгөлийн Бүрэн хааны фосфоритын орд гээд маш том орд бий. Тэр ордыг ашиг­лавал тэндээс гарах бүтээг­дэхүүнд хүхрийн хүчил хэрэг болдог. Ганцхан биелэгдэхгүй байж болох юм нь л энэ. -Эдгээрийг ямар сан­хүү­жилтээр барьж бай­гуулах вэ? -Хамгийн том асуудал бол санхүүжилт. Оюу толгойг тө­мөр замтай, зэс хайлуулах үйлдвэртэй, цахилгаан станц­тай байна гээд бодохоор гурван тэрбум доллар шаар­дагдах болов уу. Таван­тол­гойд бас хоёр тэрбум орчим доллар шаардлагатай байх. Монгол Улсын төр үүнийг шийдэх боломжтой. Яагаад гэхээр жил бүр бид донор орнуудаас 400 сая төгрөг авдаг. Үүнийгээ дөрөв таван жил хуримт­луулах, хэмжээг нь өсгөх болон бусад бо­ломжуудыг эрэлхийлэх хэ­рэг­тэй. Үүнээс гадна мон­гол хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо шаард­лагатай. Ма­най хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нь ч туслах хэрэгтэй. Би хэтрүүлж байж магадгүй, Мянганы зам, жи­шиг хот зэрэг бол хэдэн жи­лийн дараагийн асуудал. -Мэдээж, эдгээрийг Тогт­­вортой байдлын гэ­рээнд тусгахад одоогийн хуулийг өөрчлөх хэрэгтэй юу?-Ашиг хуваарилах 50:50, 51:49 хувь гээд яриад бай­гаа. Хэрэв тү­рүү­ний таны ярьсан бүх­нийг барьж бай­гуулбал дээрх хувь яаж өөрчлөгдөх вэ? -Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Эрүүл нийг­мийнхэн ашгийн 30 хувь ард түмэнд ногдох ёстой гэдэг бол Н.Дашзэвэг доктор бүтээг­дэ­хүүн хуваагдах зарчим буюу 50:50 хувь гэдэг. Үүнээс өмнө бид үйлдвэр яаж байгуулах асуудлыг ярих ёстой юм. Үйлдвэр байгуулах дэлхийн гурван зарчим байдаг. Нэг­дүгээрт, үндэсний үйлдвэр байх ёстой. Хоёрдугаарт, хамтын үйлдвэр, гурав­ду­гаарт түрээсийн үйлдвэр бай­даг. Монгол Улс сүүлийн 10-аад жил хамгийн муу, өөртөө хохиролтой хувилбарыг ба­риад байгаа. Энэ бол түрээс юм. Өөрөөр хэлбэл, өөрийн­хөө юмыг нэг хүнд өг­чихөөд, нөгөөх нь хамаг юмыг нь мэддэг зарчим. Одоо зөвхөн л түрээс яриад байгаа. “Бороо”-г бид түрээсээр өгсөн. Одоо мон­голчуудад өгөх, өгөхгүй нь тэдний эрх болчихсон. Оюу толгой дээр хамтын үйлдвэр байгаасай гэж би боддог. Нэгэнт хамтын үйлд­вэр байх юм бол 50:50 хувь байх уу, 51:49 байх уу гэдгийг шийдчихэж болно. Монгол­чууд өөрсдөө хөрөнгөө оруулж хамтын үйлдвэр бай­гуулах ёстой. Түүнээс биш мухар сохроор ашгийнхаа тал хувийг өг гээд байх нь утгагүй асуудал. 2008 онд үйлдвэр бай­гуулна гэж байгаа бол бид одооноос бэлтгэх ёстой. Дор хаяж 2000-3000 ажил­чин шаардлагатай бол үүний 70-90 хувь нь мон­голчууд байх хэрэгтэй биз дээ. Одоо­ноос л ажилчдаа бэлтгэх ёстой. Ингэж бэлтгэх боломж манайд бүрэн бий. -Одоогийн тогтоос­ноор Оюу толгойг хэдэн он хүртэл ашиглах нөөцтэй вэ? -Сүүлийн үед сонин хэв­лэлд гарсан мэдээгээр 30-аад сая тонн зэс, 900-гаад тонн алт байна гэсэн байна лээ. Үүнийг хэдэн жил ашиглах вэ гэдэг нь төрийн бодлого байх ёстой. “Бороо”-г 10 жил ашиг­лана гэж байсан чинь кана­дууд орж ирээд дөрөв тавхан жил л ашиглаад хаячихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 жил ашиглавал манайд юм орж ирээд байна. Гэтэл пал­хийтэл нэг дор бүгдийг нь авчихсан. Үүнийгээ тогтвор­той байдлын гэрээны хуга­цаанд хийчихээр бүр юу ч үгүй хоосон алдаж байгаа юм. Миний бодлоор дор хаяж 60 жил, бүр болдог бол 100 жил ашигламаар байгаа. Үүнийг л төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй.

No comments:

Post a Comment