С.Авирмэд: "Бороо”-гийн гашуун сургамж Оюутолгойд давтагдах шинжтэй

С.Авирмэд: "Бороо”-гийн гашуун сургамж Оюутолгойд давтагдах шинжтэй Оюутолгойн ордын нөөцийн тооцоо, ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн шинжээч, МУИС-ийн багш, доктор С.Авирмэдтэй Оюутолгойн ордын техник, эдийн засгийн үндэслэлийн талаар яриа өрнүүллээ. -Өнгөрсөн долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн хуралдаж, Оюутолгойн орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хангалтгүй, засвар оруулах шаардлагатай гэж үзлээ. Энэ тухай таны байр суурийг сонсьё? -Техник, эдийн засгийн үзүүлэлт гэдэг бол хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг. Хөрөнгө оруулалтын гэрээ бол хоёр гол хүчин зүйл дээр үндэслэгддэг. Нэгдүгээрт хууль эрхзүйн баримт бичгүүд. Хоёрдугаарт техник, эдийн засгийн үндэслэл. Үүнээс гадна тухайн ордын нөөц байдаг. Ашигт малтмалын хуулийн 29, 30 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах өргөдлөө өгөхдөө тухайн компани нь Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөцөө бүртгүүлсэн байх ёстой. Хоёрдугаарт техник, эдийн засгийн үндэслэлээ хэлэлцүүлсэн байх ёстой гэсэн заалт бий. Гэтэл энэ оны 10 дугаар сарын 6-нд сүр дуулиантай болсон Оюутолгойн орд газрыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээг техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр байгуулчихсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа өнөөдрөөс эхлээд ил тод байх болно хэмээн С.Баярцогт сайд хэлж байсан. Гэтэл 10 дугаар сарын 6-наас 11 дүгээр сарын 16 –ны хооронд бид “Айванхоу майнз”-ийн веб сайтаас хөрөнгө оруулалтын гэрээний Англи, Монгол хувилбарыг олж үзэж байгаа байхгүй юу. Эндээс үзэхэд 40 хоногийн дараа хөрөнгө оруулалтын гэрээгээ ил болгожээ гэсэн үг. Техник, эдийн засгийн үндэслэлээ үзүүлээч ээ гэсэн шаардлагыг бид удаа дараа тавьж байсан. Гэтэл техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулчихсан гээд байдаг. Тэгсэн мөртлөө ил болгодоггүй. Бүр сүүлдээ нөгөө ил тод гээд байсан зүйлээ нууц гэж хэлэх болсон. /9-10 дугаар сард нууцлаад байсан/ Гэтэл “12 дугаар сарын 17-нд Эрдэс баялгийн зөвлөлөөр Оюутолгойн орд газрын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх боллоо” гэсэн мэдээллийг бид урд орой нь мэдэж байгаа байхгүй юу. Ингээд ТББ-ууд хөөцөлдөж байж Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанд ажиглагчийн зүгээс оролцуулаач гэсэн хүсэлт тавьж, зөвшөөрөл авсан юм. -Эрдэс баялгийн зөвлөлийн хурал ямар уур амьсгалтай болов. Засгийн газраар хөрөнгө оруулалтын гэрээгээ батлуулахдаа шаардагдах санхүүжилтийг дөрвөн тэрбум ам.доллар гэсэн. Гэтэл зөвлөлийн хурлаар яагаад 5,1 тэрбум ам. доллар болчихов? -Хуралдааны уур амьсгал ерөнхийдөө гайгүй түвшинд болсон гэж үзэж байгаа. Хурлын даргалагчийн хувьд компанийнхаа эрх ашгийг хамгаалсан нөхдүүдтэй нэлээн шударга ярьсан. Энэ хуралдаан дээр яагаад та нар нөөцийн тал хувийг орхигдуулчихав. Дэлхий нийтэд 4 тэрбум ам. доллар гэж зарлачихаад яагаад 5,1 тэрбум болгочихов гэсэн асуултыг тавьж байсан. Гэтэл нөгөө талаас энэ тооцоог танай Засгийн газарт чинь танилцуулсан. Энэ хариултаас үзэхэд буруу нь Сангийн сайд С.Баярцогтод тохогдож байх шиг байгаа юм. Миний хувьд “Айванхоу майнз” компанийнханд “Яах гэж Монголын ард түмнийг хууран мэхлээд байгаа юм бэ. Монголын ард түмнээс уучлалт гуй хэмээн Засгийн газартаа хэлж өгөөч ээ” гэсэн хүсэлт тавьсан. -Та 2004 оноос хойш Оюутолгойн ордыг ашиглах техник, эдийн засгийн тооцоо судалгаанд оролцож явсан хүн. Энэ ордын тооцоо судалгаанд дөрвөн удаа албан ёсны дүгнэлт өгсний хувьд одоогийн техник, эдийн засгийн үндэслэлд ямар үнэлэлт өгч байна вэ? -2009 оны эхээр гэнэт л Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлыг шуурхайлж эхэлсэн. 2004 оноос хойш техник, эдийн засгийн янз бүрийн тооцоо гарч байсан л даа. Үнэндээ олон нийтийн анхаарлыг татаж буй зүйл бол хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашгийн асуудал юм шүү дээ. Хөрөнгө оруулалтын хэмжээг бол Сангийн сайд С.Баярцогт 5,1 тэрбум ам. доллар байсныг бид дөрвөн тэрбум ам. доллар болголоо хэмээн зарлаж байсан. Нийт ашиг 28 тэрбум байсныг 29 тэрбум болголоо гэсэн цифрийг зарласан. Гэтэл саяын хурлаар оруулсан техник, эдийн засгийн үндэслэл дөрвөн тэрбум ам. доллар биш 5,1 тэрбум ам. доллар болоод ороод ирэх нь тэр. Өнөөдөр монгол хүн бүрийн сонирхож байгаа зүйл бол бидэнд юу унах вэ гэдэг асуудал. МАХН-ынхан 2008 оны сонгуульд оролцохдоо Оюутолгой, Тавантолгойг ашиглалтад оруулснаар 1,5 сая төгрөгийг хүн бүрт өгнө гэж амласан. Гэтэл АН-ынхан нэг сая төгрөгийг хүн бүрт өгнө гэсэн амлалт өгсөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хоёр намын амласан 2,5 сая төгрөгийг иргэн бүрт өгнө гэлээ. Үнэндээ ард түмэн үүнийг л харж байсан шүү дээ. Өнгөрсөн таван жилийн эдийн засгийн тооцоотой саяын хийсэн тооцоог харьцуулахад юун 2,5 сая төгрөгийг хүн бүрт өгөх. 100 мянган төгрөг хүн болгон авч чадах уу гэсэн тооцоо гарч байна. Эдийн засгийн хувьд ийм л үр ашиг гарч ирэх нь гэсэн үг. Нөгөө нэг гол үзүүлэлт бол Оюутолгойн орд газрын нөөц хэд юм бэ гэсэн асуудал. Хавар, зуны турш хайгуул хийсний үр дүнд энэ ордод 45 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөц, 5300 тонн мөнгөний нөөц бий гэж тогтоогдсон. 45 сая тонн зэс гэдэг маань ямар хэмжээний баялаг вэ гэдгийг хүмүүс тэр бүр тооцоолохгүй байгаа. Тэгвэл Эрдэнэтийн нөөц долоон сая тонн байдаг. Үүнтэй харьцуулбал Оюутолгойн нөөц Эрдэнэтээс 6-7 дахин их гэсэн үг. “Бороо”-г 40 тонн алтны нөөцтэй гэдэг. Нэг хэсэг 40 тонн алтаа алдсанаар монголчууд 40 мянган айлын орон сууц барих боломжийг хумилаа гэж шуугисан. Оюутолгойн 1800 тонн алтны нөөцийг “Бороо”-гийн 40 тонн алттай харьцуулбал 45 дахин илүү юм. Түүнчлэн Асгатын мөнгөний орд л гэхэд 3000 тоннын нөөцтэй гэгддэг. Тэгэхээр Оюутолгой бол 7 “Эрдэнэт”, 45 “Бороо” нэг Асгатын мөнгөний ордын дайтай баялагтай орд гэсэн үг юм. Үүнээс ямар их баялаг вэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Ийм их баялгийг хүнд өгч байгаа юм бол ард түмэн эндээс юу хүртээх вэ гэдэг хамгийн чухал зүйл. Гэтэл саяын техник, эдийн засгийн үндэслэлээр 21 саяыг нь авахаар харагдаж байгаа. Цаана нь үлдэж байгаа нөөцийг яах ёстой юм. 1800 тонн алтны маань 770 тонныг авахаар болж, 1000 гаруйг яах нь мэдэгдэхгүй байна. Говийн бор толгодын дор байгаа Оюутолгойн ордын тэр их баялагийн талыг нь үлдээгээд талыг нь авч байна гэдэг бол сэтгэл шимширмээр, дуугүй байж боломгүй тийм тооцоог гаргалаа даа гэж дүгнэж сууна. -Ингэхэд өөр алдаа байна уу? -Дараагийн эргэлзээ төрүүлсэн зүйл бол үйлдвэрийн хүчин чадлын асуудал. Үйлдвэрийн хүчин чадлын асуудал гэдэг бол маш чухал зүйл. Үнэндээ хүч чадлаар бидэнд юу унах вэ гэдэг нь тодорхойлогдоно шүү дээ. Сайн техникийн хүчээр бол энэ орд газраас 100-800 мянган тонн зэс гарах үндэслэл бий. Эрдэнэт бол 30 жилийн турш тогтвортой 120 мянган тонн зэс авсаар ирсэн. Тэгэхээр 800 мянган тонныг 120-д хуваах юм бол 5-6 дахин илүү хүчин чадлаар ашиглана гэдэг нь харагдаж байна. Үнэндээ бидэнд Бороогийн гашуун туршлага бий. Баабар гэдэг нөхөр 2000 онд монголын сор болсон “Бороо”, “Төмөртийн овоо” гэсэн ордуудыг ашиглах тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурж балласан. Гэтэл гадныхан 4-5 жилийн дотор хамаг баялгийг нь ховх сороод аваад явчихсан. Энэ туршлага Оюутолгой дээр дахиад давтагдах шинжтэй. “Эрдэнэт” шиг 5-6 дахин том үйлдвэр байгуулж буй мөртлөө Эрдэнэтээс илүү ашиг унахгүй тийм тооцоо орж ирж байгаа нь харамсалтай. -Тэгэхээр гадныхны эрх ашигт нийцсэн техник, эдийн засгийн үндэслэл гарчээ гэж ойлгож болох уу? -Бид дандаа “Айванхоу майнз”-ийг муулмааргүй байна. Тэд 10 жилийн турш 800 мянган тууш метрт өрөмдлөг хийж, 1400 метрийн гүн уурхай, орчин үеийн техник, технологи ашигласан, монголын боловсон хүчнийг бэлтгэсэн, бидний нөөц баялгийг тогтоосон гэдгийг нь бодитоор үнэлэх ёстой. Гэхдээ харамсалтай нь саяын техник, эдийн засгийн үндэслэлийг дээд зэргээр зөвхөн компанийнхаа эрх ашигт нийцүүлэн тооцжээ. Зөвхөн компанийн эдийн засгийн үр ашгийг бодоод Монгол Улсын эрх ашгийг орхигдуулсан байна. Түүнийг нь ч буруутгаж боломгүй юм. Аливаа бизнес хийж байгаа хувийн компани бол ашгийн төлөө л явна. Энд гол нь Монголын төр засаг гэж хаана явна вэ гэдэг асуудал гарч ирж байна. Яагаад энэ баялгийг сорж авах гэж байхад ямар ч техник, эдийн засгийн үзүүлэлтгүй, ашигт малтмалынхаа хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчөөд гэрээ хийчихэв ээ. Энд төр засаг яах ёстой вэ гэдэг асуудал гарч ирлээ. Б.Аз 2009/12/23

No comments:

Post a Comment