элдэв ЯРИЛЦЛАГА, МЭДЭЭНИЙ ЦУГЛУУЛГА блог*Collection of interviews, news and articles* Sammlung von Interviews, Nachrichten und Artikeln
С.Авирмэд: Оюу толгойд хамтын үйлдвэр байгуулж байж, авах ашгийн хувиа ярих ёстой
2006-03-16 10:46:0010:46:00
-Тогтвортой байдлын гэрээг одоогийн мөрдөж байгаа хуулиар хийвэл манайд хэр хохиролтой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Тогтвортой байдлын гэрээ гэдгээ ард түмэн сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол 1997 оны Ашигт малтмалын хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч тухайн уурхай, үйлдвэрийг ашиглаж эхлэх үедээ татвар өөрчлөгдөхгүй тогтвортой байна гэсэн үндсэн гэрээ хийдэг. Доод тал нь хоёр сая ам.доллараас эхлээд 20-иад сая ам. долларын хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчидтай Тогтвортой байдлын гэрээ байгуулна гэсэн заалт бий. Саяхнаас Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Шадар сайд Тогтвортой байдлын гэрээг яаравчлах хэрэгтэй, түргэлье гэж танай сонин болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьсан байна лээ. Бидний ойлгож байгаагаар энэ гэрээг яаравчлан хийх үндэслэл алга. Яагаад гэвэл, тийм гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулна гэсэн мэдээлэл байна. Хэрэв ингэвэл 7.5 жил огт татвар өгөхгүй, дараагийн 7.5 жилд нь 50 хувь татвараас чөлөөлнө гэсэн үг. Ийм болохоор “Айванхоу майнз” компанитай Оюу толгойн ордыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ байгуулах үндэс нөхцөл бүрдээгүй. -Та дэлгэрүүлж тайлбарлана уу? -Учир нь нэгдүгээрт, Оюу толгой ордын хайгуул бүрэн гүйцэд дуусаагүй. Хоёрдугаарт, нэгэнт хайгуул дуусаагүй учраас Оюу толгойн ордын нөөцийн хэмжээ Монгол Улсын эрх бүхий байгууллагад орж ирээгүй. Гуравдугаарт, Оюу толгойн ордыг ашиглах эцсийн шатны техник-эдийн засгийн үндэслэл гараагүй. Ийм нөхцөлд ордыг ашиглах тухай Засгийн газар нэг компанитай гэрээ хийнэ гэдэг туйлын хариуцлагагүй асуудал. Үүнээс болж Монгол Улс, Монголын ард түмэн л хохирол амсана. Жишээлбэл, одоо Оюу толгойн ордыг ашиглах ямар дүр зураг байна гэхээр зөвхөн Фридланд гэдэг хүний бодлого л явж байгаа. Гэтэл Оюу толгойн ордыг ашиглах тухай Монгол Улсын төр, засгийн бодлого одоо хүртэл алга. Фридландын өөрийнх нь төлөвлөгөө юу вэ гэвэл Оюу толгойн ашигт малтмал зэсийн хүдрийг ил ба далд аргаар ухаж аваад баяжуулан, 25-28 хувийн зэс бүхий түүхий эдийг Хятад руу 80 км замаар ачааны машинаар зөөх л хувилбар.
-Тогтвортой байдлын гэрээг байгуулах тохиромжтой хугацаа таныхаар хэзээ вэ? -Тухайн ордын хайгуул бүрэн гүйцэд дуусаад Монгол Улсын эрднэсийн санд Оюу толгойн нөөц бүртгэгдээд, ашиглах техник технологи, ашиглалтын эдийн засгийн үзүүлэлтүүд бүрэн болсон тэр үед л Тогтвортой байдлын гэрээг хийж болно. Гэхдээ энэ бол дэлхийн том орд учраас хайгуулын ажил их сунжирч байгаа. Долоо найман жил хайгуул хийсэн, маш их зардал гарч байгаа. Бид Фридландыг бас ойлгох ёстой. Мэргэжилтний зүгээс бодоход нэг талаас энэ хүн ордод бүрэн гүйцэд хайгуул хийнэ гэж хугацаа алдсан. Бидний мэргэжилтнүүдийн бодож байгаагаар уг нь эхний хэсгийн хайгуулыг бүрэн гүйцэд дуусгаад, үүндээ тохируулан техник технологийн шийдэл гаргаад, техник-эдийн засгийн үндэслэлээ гаргасны дараа ашиглах асуудлыг ярьж болох байсан. Ингээгүйгээс аль аль талдаа ашиггүй болоод байгаа. -Оюу толгойд үйлдвэр хэзээ байгуулагдах юм бол... -Урьдчилсан байдлаар 2008 оноос эхлэн бүтээгдэхүүн гаргана гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ өмнө нь тэд Монгол Улсын Засгийн газар, төртэй ямар нэг хэлбэрээр зөвшилцөх ёстой. Түүнээс биш тэд өөрсдийнхөө сценар, хөтөлбөрийг Монгол Улсад тулгаж болохгүй. Нэг талаас энэ нь Монгол Улсын Засгийн газар сүүлийн тав зургаан жилд туйлын хариуцлагагүй байсны гэрч. Хоёрдугаарт, дутуу дулимаг боловсруулсан түүхий эд гадагш гаргахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. -Тогтвортой байдлын гэрээг ямар хувилбараар хийвэл манайд илүү ашигтай байх вэ? -Хэрвээ Монгол Улс төртэй юм бол өөрийнхөө нөхцөлийг соёлтойгоор “Айвенхоу майнз”-д ч байна уу, эсвэл өөр улсын ямар компани байна түүнд хэлэх ёстой. Тэр нөхцөл ямар байх вэ гэхээр Оюу толгойгоос гарах хүдэр, зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэр юуны өмнө байх ёстой. Хоёрдугаарт, зэсийн үйлдвэрийг бидний тооцоогоор Чойр эсвэл Шивээговь орчим байгуулах учиртай. -Зэсийн үйлдвэр байгууллаа гэхэд түүхий эд тийм хангалттай байж чадах уу? -Зөвхөн Оюу толгойн түүхий эдээс зэс ялгах биш Монгол Улсад байгаа одоогийн байдлаар нөөц нь тогтоогдсон “Эрдэнэт”, Цагаан суварга зэрэг ордын зэсийг хайлуулах үйлдвэр байх ёстой. Оюу толгойн ордоос жилд 500-600 мянган тонн зэс гарах урьдчилсан тооцоо бий. Бүрэн хүчин чадлаараа ажилласан үед шүү дээ. “Эрдэнэт”-ээс өнөөгийн байдлаар 120-130 мянган тонн зэс гарч байгаа. Цагаан суваргын ордыг ашиглах үед 50 мянган тонн зэс жилд гарах тооцоо байна. Эдгээрийг нийлүүлээд үзвэл жилд 700-гаад мянган тонн зэс гарах ёстой. Энэ бол маш өндөр хэмжээ. Үүнээс хаягдал энэ тэр юмыг тооцоод жилд 500-600 мянган тонн зэс хайлуулах хүчин чадалтай үйлдвэр зайлшгүй шаардлагатай. -Үүнийг дагаад цахилгаан эрчим хүч, хүн хүч гээд их олон асуудал үүснэ дээ... -Энэ том үйлдвэрийг дагаад бас том том асуудлууд гарч ирнэ. Юуны өмнө төмөр зам байгуулах хэрэгтэй болно. Оюу толгойгоос миний тооцож байгаагаар Зүүнбаян хүртэл 330 гаруй км төмөр зам тавих юм. Мөн цахилгааны асар их хэрэгцээ гарна. Тавантолгойн ордыг түшиглээд Оюу толгойгоос дутахгүй том үйлдвэр байгуулах ёстой. Тавантолгой Оюу толгой хоёрыг 100 км төмөр замаар холбоно. Ингээд Тавантолгойн уурхайн дэргэд 300-гаад мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх дулааны том цахилгаан станц барих ёстой. Ширээний ард суугаад хоёр тал өөрийн нөхцөлөө ярих ёстой. Монгол Улс төртэй, засагтай юм бол Үндсэн хуулийн дагуу эх орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд дээрх хувилбарыг тавих ёстой юм. -Эдгээрийг Тогтвортой байдлын гэрээнд тусгах ёстой юу? -Тусгах ёстой. Энэ Авирмэд том мөрөөдөл яриад байна гэх хүмүүс гарч магадгүй. Миний саяын ярьсан дотроос судлууштай, биелэхгүй байх магадлалтай ганцхан л зүйл бий. Юу вэ гэхээр, 500-600 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр түүхий эдээ боловсруулах үед хүхрийн хүчил маш их гардаг. Түүнийг яахав гэдэг асуудал байгаа юм. Хятадад экспортолж болно. Гэхдээ миний сонссоноор Хятадад хүхрийн хүчлийн хэрэгцээ бага, өөрсдийгөө хангадаг гэсэн. Тэгэхээр хүхрийн хүчлийг саармагжуулах асуудал л бий. Үүнийг бас шийдэх боломж бий. Хөвсгөлийн Бүрэн хааны фосфоритын орд гээд маш том орд бий. Тэр ордыг ашиглавал тэндээс гарах бүтээгдэхүүнд хүхрийн хүчил хэрэг болдог. Ганцхан биелэгдэхгүй байж болох юм нь л энэ. -Эдгээрийг ямар санхүүжилтээр барьж байгуулах вэ? -Хамгийн том асуудал бол санхүүжилт. Оюу толгойг төмөр замтай, зэс хайлуулах үйлдвэртэй, цахилгаан станцтай байна гээд бодохоор гурван тэрбум доллар шаардагдах болов уу. Тавантолгойд бас хоёр тэрбум орчим доллар шаардлагатай байх. Монгол Улсын төр үүнийг шийдэх боломжтой. Яагаад гэхээр жил бүр бид донор орнуудаас 400 сая төгрөг авдаг. Үүнийгээ дөрөв таван жил хуримтлуулах, хэмжээг нь өсгөх болон бусад боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Үүнээс гадна монгол хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо шаардлагатай. Манай хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нь ч туслах хэрэгтэй. Би хэтрүүлж байж магадгүй, Мянганы зам, жишиг хот зэрэг бол хэдэн жилийн дараагийн асуудал. -Мэдээж, эдгээрийг Тогтвортой байдлын гэрээнд тусгахад одоогийн хуулийг өөрчлөх хэрэгтэй юу?-Ашиг хуваарилах 50:50, 51:49 хувь гээд яриад байгаа. Хэрэв түрүүний таны ярьсан бүхнийг барьж байгуулбал дээрх хувь яаж өөрчлөгдөх вэ? -Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Эрүүл нийгмийнхэн ашгийн 30 хувь ард түмэнд ногдох ёстой гэдэг бол Н.Дашзэвэг доктор бүтээгдэхүүн хуваагдах зарчим буюу 50:50 хувь гэдэг. Үүнээс өмнө бид үйлдвэр яаж байгуулах асуудлыг ярих ёстой юм. Үйлдвэр байгуулах дэлхийн гурван зарчим байдаг. Нэгдүгээрт, үндэсний үйлдвэр байх ёстой. Хоёрдугаарт, хамтын үйлдвэр, гуравдугаарт түрээсийн үйлдвэр байдаг. Монгол Улс сүүлийн 10-аад жил хамгийн муу, өөртөө хохиролтой хувилбарыг бариад байгаа. Энэ бол түрээс юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө юмыг нэг хүнд өгчихөөд, нөгөөх нь хамаг юмыг нь мэддэг зарчим. Одоо зөвхөн л түрээс яриад байгаа. “Бороо”-г бид түрээсээр өгсөн. Одоо монголчуудад өгөх, өгөхгүй нь тэдний эрх болчихсон. Оюу толгой дээр хамтын үйлдвэр байгаасай гэж би боддог. Нэгэнт хамтын үйлдвэр байх юм бол 50:50 хувь байх уу, 51:49 байх уу гэдгийг шийдчихэж болно. Монголчууд өөрсдөө хөрөнгөө оруулж хамтын үйлдвэр байгуулах ёстой. Түүнээс биш мухар сохроор ашгийнхаа тал хувийг өг гээд байх нь утгагүй асуудал. 2008 онд үйлдвэр байгуулна гэж байгаа бол бид одооноос бэлтгэх ёстой. Дор хаяж 2000-3000 ажилчин шаардлагатай бол үүний 70-90 хувь нь монголчууд байх хэрэгтэй биз дээ. Одооноос л ажилчдаа бэлтгэх ёстой. Ингэж бэлтгэх боломж манайд бүрэн бий. -Одоогийн тогтоосноор Оюу толгойг хэдэн он хүртэл ашиглах нөөцтэй вэ? -Сүүлийн үед сонин хэвлэлд гарсан мэдээгээр 30-аад сая тонн зэс, 900-гаад тонн алт байна гэсэн байна лээ. Үүнийг хэдэн жил ашиглах вэ гэдэг нь төрийн бодлого байх ёстой. “Бороо”-г 10 жил ашиглана гэж байсан чинь канадууд орж ирээд дөрөв тавхан жил л ашиглаад хаячихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 жил ашиглавал манайд юм орж ирээд байна. Гэтэл палхийтэл нэг дор бүгдийг нь авчихсан. Үүнийгээ тогтвортой байдлын гэрээны хугацаанд хийчихээр бүр юу ч үгүй хоосон алдаж байгаа юм. Миний бодлоор дор хаяж 60 жил, бүр болдог бол 100 жил ашигламаар байгаа. Үүнийг л төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment