С.Авирмэд: Таван тонн алт буюу 100 сая ам.доллараа хар захын наймаагаар алдлаа

Монголын мэдээ /2006.12.16/ Гэнэтийн ашгийн татвар Үндсэн хуулийн Цэцийн өмнө бүдрээд байна. Ашигт малтмалын салбарынханд бол таатай байж мэдэх энэ мэдээний талаар мэргэжилтний үгийг сонсохоор эдийн засгийн ухааны доктор С.Авирмэдэд хандлаа. -Та Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэрхэн хүлээж авав даа? -Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухай буюу хүмүүсийн хэлж заншсанаар гэнэтийн ашгийн татвар бол үнэндээ нэр шигээ гэнэтийн хууль байсан. Урьд өмнө нь ч би энэ тухай олон удаа ярьж байсан. Хуулийн хүрээнд биш, УИХ-ын гишүүд дуртай цагтаа ярьж байгаад татвар зохиогоод байж болохгүй. Түрүүнд ч гэсэн эргэлзэж байсан. Зарчмын хувьд алтнаас өндөр ашиг олдог. Түүнээс ахиу татвар авна гэдэг нь зөв санаа. Гэхдээ Үндсэн хуулийн хүрээнд бүх асуудлыг шийдсэн байх учиртай. Тиймээс Цэцийн гаргасан шийдвэрийг зөв зүйтэй л гэж ойлгож сууна. -Лондонгийн металлын биржид алт зардаггүй, зөвхөн зэс худалдаалдаг гэж байсан. Үнэхээр тийм бол манай парламент алтны гэнэтийн ашгийн татварыг Лондонгийн биржийн жишгээр тооцон хууль баталж, дэлхийн өмнө шившгээ дэлгэсэн хэрэг биш үү? -Лондон, Нью-Йоркийн биржийн ханшаар ашигт малтмалын үнэ ерөнхийдөө тодорхойлогддог нь үнэн. Гэхдээ наймаа хийдэг, зардаг гэдэг утгаар бол үгүй байж болох юм. Энэ талаар миний хувьд нарийн тайлбар хиймээргүй байна. Цэцийн хуралдааны үеэр ямар яриа болсныгби мэдэхгүй. Гэхдээ энд ханшийг гаргадаг, харин зардаггүй гэж яригдсан байх гэж ойлгож байгаа. Ингээд бодоход л манайхан хуульдаа Лондонгийн металлын биржид зарагдаж байгаа ханшаас тэдийг хасч тооцно гэх мэтээр хуульчилсан нь өнөөдөр энэ хууль Үндсэн хуулийн Цэцийн өмнө бүдрэхэд хүрсэн болов уу. -Энэ хавар хууль батлагдаж, аж ахуйн нэгж байгууллагууд 68 хувийн татвараа төсөвт төвлөрүүлсээр ирсэн. Тэд Цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулан мөнгөө эргүүлж авна гэх яриа гаргах вий. Тийм боломж бий юу? -Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан учраас гэнэтийн ашгийн энэ татвар Үндсэн хууль зөрчсөн нь илэрхий болж таарна. Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч байх ёсгүй гэдэг юм билээ. Энэ утгаар нь ойлговол асуудал ямар байдлаар эргэхийг би үнэндээ хэлж чадахгүй нь. Ер нь бол алт маш их ашигтай гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ ашгаас улам ихийгхүртэх гэж луйврын хууль гаргадаг нь тусгүй хэрэг. Миний бодлоор дэлхийн зах зээл дээрх үнэ нэмэгдсэн гэдэг ч юм уу, ийм ялихгүй аятай таатай нөхцөл үүсэхээр нэг шинэ хууль яаран баталж байснаас нэг мөр ашигт малтмалын салбарын хуульдаа энэ асуудлыг бүрэн тусгаж өгөх ёстой байсан юм. Гэтэл манайхан тэгдэггүй. Сая гэхэд Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэхдээ энэ хуульд байсан татварын хэмжээ 7.5 байсныг таван хувь болгон бууруулаад баталчих жишээтэй. Гэтэл хавар яаран сандран 68 хувийн татварын хууль гаргаад ирсэн байдаг. Ашигт малтмалын салбар цаашид ийм бодлогогүй хэвээр яваад байж болохгүй л дээ. -Гэнэтийн ашгийн татварын хувь хэмжээг ер нь яагаад яг 68 хувь гэж тогтсон юм бол оо. Энэ талаар танд мэдээлэл байна уу? -Үнэнийг хэлэхэд гэнэтийн ашгийн татварыг ягтэдэн хувь байна гэсэн нарийн тооцоо хийгдээгүй гэдэг юм. Ямар сайндаа онигоо гарч байхав. Манайхан шоглодог ш дээ, гэнэтийн ашгаас хэдэн хувийг татах вэ, яагаад 23 байж болохгүй гэж, эсвэл өөр хэд ч юм байж болохгүй юу хэмээн асуухад “68 нь дээрээ. Манай Дагваа аварга 68 дахь Ёкозуна болоод байхад” гэсэн гэж байгаа. Энэ бол онигоо. Гэхдээ татварын хувь хэмжээг манай төрийн түшээд тэгтлээ сүрхий тооцоогүй гэдэг нь бол үнэн. -Тулгуур хуулийг зөрчин байж баталсан энэ хуулийн дагуу төсөвт яг хэдийг оруулчихаад байгаа билээ? -Зэс, алтнаас нийлээд 150 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн тухай бичигдэж байгаа. Үүнээс 10 тэрбум нь алтнаас орсон гэдэг. Энэ бол манай ашигт малтмалын салбар ямар ч бодлогогүй явж ирсний хамгийн тод жишээ. Гэнэтийн ашгийн татварыг Үндсэн хууль зөрчжээ гээд Цэц хүчингүй болгууллаа гэхэд ч төрийн өмч, байгалийн баялгийг үр ашигтай хуваарилах, зарцуулах төрийн бодлого ард нь үлдэхгүй, ер нь байх ч үгүй. -Гэнэтийн ашгийн татварын тухай хууль төсвийн хэлэлцүүлгийн үед хамгийн сайн нь, улсдаа ашигтай нь болж таарч байсан. Гишүүд ч сэтгэл хангалуун байсан. Одоо энэ хууль Цэцийн өмнө бүдэрлээ. Эндээс эргээд улсад учрах хор хохирол нь хэр бол? -За даа, 68 хувийн татвараас төр тэгтлээ ихийг олсон гэдэгт би л лав итгэхгүй. Өндөр тоо мэт харагдавч үүнээс илүү үр дүнг хүлээж буй бидэнд бол санаанд тулсан амжилт биш. Харин энэ татварын дуулианаас болоод маш их алт хилийн гадна далд, нууцаар гарлаа. Өнгөрсөн онд төв банкинд тушааж байсан алтнаас энэ жилийнх 5 тонноор дутуу байлаа шүү дээ. Алт өөрөө ямар үнэтэй билээ. Ганцхан гр нь 20 ам.доллар гэж тооцоход 100 сая ам.доллараа бид хар захын наймаагаар алдсан байхгүй юу. Гэтэл өнөөдөр дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарч байгаа билээ. Ам.долларын ханш унаж, евро өсч байна. Тиймээс улс орнууд валютын нөөцдөө доллар биш алт худалдан авч байна. Гэтэл манайхан 68 хувийн татвараасаа болоод гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээгээд, дотоодын үйлдвэрлэгчдээ айлгаад л сууж байна. Аливаа улсын баялаг баян байдгын хэмжүүр нь банкиндаа хадгалагдсан алтны хэмжээгээр хэмжигддэг болж байхад шүү дээ, тэгээд. Үүгээрээ манай улс маш их хохирол амссан. Тав арван кг-аар урагш алт гаргах явдал бол ил болсон. Алтны ач холбогдол өндөр болсон цагт бид тал алтаа тавиад туучихна гэдэг нь харамсалтай. Байдал ийм байхад манайхан яадагбилээ. Авирмэд мэт нь хууль өөрчил, төрийн бодлого хэрэгтэй энэ тэр гээд гадныхныг үргээчихлээ гэдэг. Үгүй, тийм биш. 68 хувийн татварын хууль гэх мэт юмнаас болж л тэд үргэж байгаа юм. Б.Энхмаа

No comments:

Post a Comment