Х.Сүхбаатар: Манай ураныг сөрөг мэдээллээр далайлгаж авах гээд байна шүү дээ

http://news.gogo.mn/r/89497
2011.6.17
Х.Сүхбаатар: Манай ураныг сөрөг мэдээллээр далайлгаж авах гээд байна шүү дээ
Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчийг үгүйсгэж атомын цахилгаан станцыг ихэд дэмжсэн юм.


-Та эрчим хүчний талаар судалж, энэ талаар дуугарч явдаг хүний нэг. Тэгэхээр дэлхий нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээсээ илүү бусад эх үүсвэрийг хайдаг болжээ. Тэр ч бүү хэл атомын цахилгаан станцаас татгалзаж байна. Энэ талаар?
-Хүн төрөлхтөн том хүчний цахилгаан станц, энергийн цэвэр эх үүсвэр гээд энэ бага чадлын цахилгаан станц хэрэглэж байна. Ийм хоёр янзын цахилгаан хэрэглэж байгаа юм. Том хүчний цахилгаан станц гэдэг нь хүн төрөлхтөн өөрөө физикийн хуулийг ашиглаж дурын хэмжээгээр цахилгаан гаргаж авч байгаа юм. Энергийн цэвэр гээд байгаа нь мэдээж байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Үүнээс бол хүн хүссэн хэмжээгээрээ цахилгаан гаргаж авч чадахгүй. Хамгийн гол нь барьж байгуулахад амархан, хэрэглэхэд хялбар боловч өргөн хэрэглэхэд хэцүү. Нар, ус, салхины гээд байгалийн хүчин зүйлсээс цахилгаан гаргаж авч байгаа ч ялангуяа салхины хүчнээс эрчим хүч гаргахыг дэлхий нийтээр татгалзаж байна. Дани улс бол энэ талын туршлагатай орон учраас бүр татгалзсан.

-Татгалзаж байгаагийн учир нь юу билээ?
-Ерөөсөө салхи гэдэг чинь байнгын хөдөлгөөнтэй зүйл. Тиймээс салхин эх үүсвэрийг цэнэглэхийн тулд шөнөжин ажиллаж байгаа юм. Нэгдүгээрт хүн амьтан амраахгүй салхи хөгжөөдөг. Түүнчлэн их хэмжээний салхийг улам хөөрөгдөж гамшгийн хэмжээнд хүргэх аюултай учраас татталзаж байгаа хэрэг. Орчны газрыг их үймүүлдэг зүйл. Агаарын салхийг дунд үед хуралдуулан авчирч гамшгийн хэмжээнд хүргэдэг зүйл. Өөрөөр хэлбэл байгалийн аюултай үзэгддийг улам хөөргөж гамшиг учруулдаг юм байна. Одоо бол нарны эрчим хүчнийг гайгүй хэрэглэж байна. Усны цахилгааныг бол хэрэглэж л байна. Хамгийн гол нь усан цахилгаан станцыг эх орондоо хэрэглэх хэрэггүй. Угаасаа ус ховордож байгаа үед энэ их хэцүү зүйл.

Манайд Тайшир, Дөргөнө гэсэн хоёр усан цахилгаан станц байна даа. Энэ хоёр усан цахилгаан станц ч цаашид ажиллахгүй, явахгүй. Дэмий л хөрөнгө зарж байгуулж байгаа юм. Усан цахилгаан станц байгуулахад асар их хэмжээний усан сан байгуулдаг. Тайширыг ашиглах гэж хэчнээн удаан хүлээснээс л харахгүй юу. Тиймээс усны алдагдал ихтэй. Ерөөсөө ууршилтаас их алдагдал бий болдог. Тэртэй тэргүй байгаль дэлхий усны нөөц их багасч байна. Тэгэхээр энэ ямар ч хэрэггүй юм. Харин гадагшаа гарч байгаа голыг бол ашиглах хэрэгтэй. Энэ нь манай Сэлэнгэ юм.

-Усан цахилгаан станц барьж эхлэхтэй зэрэгцээд янз бүрийн зүйл ярьж байсан. Байгальд үзүүлэх сөрөг нөлөө нь юу байдаг юм?
-Сүйдтэй хор хөнөөл байхгүй. Яагаад үүнийг яриад байгаа юм гэхээр усны нөөц багасч байна шүү дээ. Тэгэхээр ярихаас өөр арга байхгүй. Тиймээс л цааш явахгүй гэж яриад байгаа хэрэг. Жилд хэдэн зуугаараа гол горхи ширгэж, усны түвшин доошилсоор байна. Бид энд уул уурхайгаас боллоо гэж гэдэс гэдсэндээ хөлөө жийлцэж байна. Ерөөсөө хүний зохисгүй хэрэглээнээс үүдэн байгаль сүйдлээ гээд анхаарал хандуулах болсон.

"Ногоон хөтөлбөр", "Эх дэлхийгээ аваръя" гээд зөндөө зүйл ярьж эхэлсэн. Нэг талдаа энэ бүгд зөв ч ерөөсөө дэлхий ертөнцийн насжилттай холбоотой. Гараг ертөнц хэдэн сая жил эргээд насжиж яваагийн нэг хэлбэр нь ердөө л энэ. Гайхах юм алга. Гэхдээ дэлхий өвгөрлөө маргааш сөнөнө гэсэн үг биш, гараг ертөнц дээр нэгэн эрин явж өнгөрлөө, одоо ахиад нэгэн эрин эхэлж байна. Цэрдийн галаваас усан галав руу орлоо гэж байна. Мэдээж ертөнц дахин сэргээд нэгэн галавыг элээх л гэж хүлээж байгаа хэрэг шүү дээ. Үүний наана олон юм ярьж, өнөө маргаашгүй ертөнц сөнөх тухай ярьж болохгүй.

-Тэгэхээр бидний хөрөнгө зарж байгуулаад байгаа усан цахилгаан станцууд ямар ч хэрэггүй гэсэн үг үү?

-Усны түвшин доошилж буй энэ үед үр ашгаа өгөхгүй хөрөнгө зарсан л зүйл болж байна гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс биш усан цахилгаан станц бол хамгийн хямд төсөр эрчим хүч мөн шүү дээ. Байгаль дэлхий чинь өөрөө илүү зүйлээ зарж, дутуугаа бусдаас нөхдөг бодьгал юм. Тэгэхээр манайхан сэргээгдэх эрчим хүч гэж хөл хугалах шаардлага байгаа ч билүү, үгүй ч билүү.

-Атомоос татгалзана, хамгийн хямд усан цахилгаан станцаас татгалзана гэхээр бид ямар цахилгаан хэрэглэх болж таарах вэ?

-Миний хувьд атомын цахилгаан станцыг дүүрэн дэмждэг. Монголд уран байна. Тэгэхээр бид атомын цахилгаан станц барих л хэрэгтэй шүү дээ. Сая л Японд дэлбэрэлт болсноос үүдээд дэлхий нийт атомоос татгалзлаа л гэж байна. Үнэн хэрэгтээ үгүй шүү дээ. Үнэндээ манайд атомын цахилгаан станц байгуулна гэхэд тулгарах зөндөө асуудал байгаа нь үнэн. Хамгийн наад зах нь хог хаягдлаа хаана булах вэ гээд бий. Гэтэл үүнд чинь мөн л их ус орно. Ер нь аливаа зүйлийг бий болгоход сөрөг эерэг талтай шүү дээ. Яахав, 61 хувь нь болж байхад болчихож байгаа юм.

Манай физикчид гэхэд л атомын цахилгаан станцыг барих хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Бүгд санал нэгтэйгээр дуугардаг. Атомын цахилгаан станц байгуулах нь туйлын зөв гэж хэлэх байна. Миний бодоход дэлхийд атомын цахилгаан станцын эцэг орон гэгдэх Францаар бариулах хэрэгтэй. Ерөөсөө дэлхийн цөмийн станцуудын гол учгийг тэнд барьж байдаг юм. Францчуудаар бариулвал аюул бага юм. Түүнээс биш Солонгос, Хятадаар бариулна гэдэг бол юу л бол. Тэнд нэг атомын үйлдвэр дэлбэрснээс болж ашигтай зүйлээ алдаж болохгүй. Дэлхий нийт татгалзсан юм бол яагаад оросууд, канадууд дэлхийн бусад орон манай дорнод ураныг сонирхоод байгаа юм бэ. Магадгүй жижиг буурай оронд байгаа ураны нөөцийг ийм мэдээллээр далайлгаж байж зүгээр шахам авах гэсэн их гүрнүүдийн нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Манай ураныг сөрөг мэдээллээр далайлгаж авах гээд байна шүү дээ.

-Дэлхийн томоохон атомын үйлдвэрүүдийн хог хаягдлыг манай улсад булшлах тухай мэдээлэл ч үүнтэй холбоотой гэж үзэж болох уу?
-Үгүй гэх газаргүй шүү дээ. Дэлхий нийтийн хортой хог шаарыг манайд бул гээд гуйх Монгол хүн байх уу. Тийм дур зоргоороо авчраад хаячих хүн ч байхгүй. Энэ мэт сөрөг мэдээллээс болж, атомын үйлдвэр барихгүй гэх эрх байхгүй.

-Гэтэл дулааны цахилгаан станц байна шүү дээ?

-Энэ бол хэзээ ч ач холбогдлоо алдаагүй, алсдаа ч алдахгүй шүү дээ. Ерөөсөө олон улсын жишгийн гол цөм нь энэ. Ялангуяа нүүрс ихтэй манай орны хувьд бол хамгийн зөв зүйл. Тэгэхээр усан цахилгаан станц ч юм уу, бусад эх үүсвэрээр эрчим хүчээ авлаа гэхэд заавал дулааны цахилгаан станц барих шаарддага гарна. Ингэж тус тусдаа цахилгаан станц барьж байхын оронд дулааны цахилгаан станцаа түшиглэх нь хамгийн ойрын гарц. Хотоо дулаан байлгах шаардлага зүй ёсоор тулгарна биз дээ. Манайд одоо тавдугаар дулааны цахилгаан станц барина гэж байна. Үүн шиг зөв юм байхгүй.

-Заавал хөрөнгө хүч зарж, Усан цахилгаан станц байгуулах хэрэг байна уу. Хамгийн гол нь ус дутагдаад үр ашиг маш бага байна шүү дээ. Тэгэхээр Оросоос ч юм уу, Хятадаас эх үүсвэрээ татчихна экологидоо ч халгүй амар биш үү. Хамгийн гол нь хүссэн хэмжээгээрээ цахилгаан хэрэглэнэ гэсэн үг?

-Яахав дээ, өөрийн гэсэн эх үүсвэртэй болох гэсэн улс орны маань санаа буруу ч юу байхав ээ. Даанч усны нөөц бага, үр ашиг муу л байна. Түүнээс биш алийн болгон бусдаас хараат байгаад байя гэж бодох билээ. Орос, Хятадаас эрчим хүч татъя гэвэл өртөг өндөр хол байна. Нөгөө талаар уснаас дутуугүй байгаль экологидоо халтай шүү дээ. Тэр хүчдэлийн шугам доогуур ан амьтан чөлөөтэй нэвтрэхгүй, улмаар үргэн зайлах гээд олон асуудал бий.

Одоо хар оросууд нефтиэ хаалаа л гэнэ. Бүх зүйлээс хараат байх нь улс орны эмгэнэл биз дээ. Гэнэт нэг өдөр эрчимээ тасаллаа гэвэл яах вэ гээд бодох асуудал зөндөө бий. Тэгэхээр дэмий цаг үрж усан цахилгаан станц байгуулж байхаар өөрсдийн хэрэглээнд таарсан атомын үйлдвэртэй бол л доо. Бид өөрөө өөрсдийгөө дэмий мэдээллээр бохирдуулж, санаа зовоох асуудлаа бүрдүүлээд байна. Ялангуяа, мал аж ахуйн салбарт ихэд ажиглагдах боллоо. Мөрөөрөө малаа маллаад, амьдралаа залгуулаад явж байгаа хүмүүсийн сэтгэл санааг ч их бохирдуулж, үймүүлж байна.

-Мал аж ахуй гэснээс таны мал аж ахуйн чиглэлээр туурвисан судалгааны ном олон байдаг. Таны ярьж байгаатай холбогдуулан асуухад сүүлийн үед нүүдлийн аж ахуйд гадны нөлөө их ороод байна уу гэмээр ярих боллоо?
-Манайхан л буруу яриад байгаа болохоос биш манай таван хошуу мал чинь таван төрөл мөртлөө орчин үеийнхээр бол хонины ферм байхгүй юу. Унах унаатай хөллөх тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйлэх ямаатай байх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр унах унаатай гэдэг нь олон адуу хэрэггүй хонио хариулах морь байхад л болно. Хөллөх тэмээтэй гэдэг нь гэрээ нүүлгэдэг л тэмээ хэрэгтэй гэсэн үг юм. Саах үнээтэй гэсэн нь ч үхэр олон хэрэггүй, цайны сүүтэй байхад болон гэсэн үг. Үгүйлэх ямаатай гэдэг нь болохоор ямаа олон хэрэггүй, гэхдээ үгүйлэх төдий байг гэсэн санаа юм.

Гэтэл хотлох хоньтой гэсэн нь хонийг хэдэн зуугаараа хэдэн мянгаараа байж болно гэсэн санааг илэрхийлсэн хэрэг шүү дээ. Эндээс харахад ерөөсөө хонио маллахад л хэрэглэх зүйлс байг гэж хэлжээ. Эрт дээр үеэс л ноёны адуу 72-оос дээш хэрэггүй гэж байсан түүхтэй. Үүнээс олон болохоор л ашгаа авч чадахгүй гэж үздэг байсан. Адуунд бас дутагдал бий. Адуу чинь хоногийн 24 цагийн ганцхан цагт нь унтаж, 23 цагт нь идэж бэлчээр талхалж байдаг амьтан. Ямаа гэхэд л бэлчээр талхалдаг амьтан. Хонь чинь өөрөө 500 гаруй хорт ургамал иддэг амьтан. Суурин иргэншлийнхэн гэхэд л хонийг тариалангийнхаа талбайд бэлчээж хорт ургамлаа идүүлдэг гээд олон ашиг бий.

-Тэгвэл өнөөдөр энэ тэнцвэрт байдал алдагдсанаас үүдэн бэлчээр хомсдлоо гэж ярих болж дээ?
-Чиний гадны нөлөө гэж яриад байгаа чинь өнөөх сөрөг мэдээллийг хэлж байгаа байх. Манайд бэлчээр хомсдоогүй. 40-өөд сая малд элбэг хүрэлцэх бэлчээр бий. Бид л мөн байгаль амьтны уялдаа холбоогоо муу мэдэрч байгаагийн шинж. Өнөөдөр бэлчээр хомсдлоо гэж мал үхээгүй шүү дээ. Зуд, ган гээд байгалийн элдэв ширүүн үзэгддээс болж үхэж байгаа юм. Ялангуяа хот суурингийнхан бэлчээр хомсдлоо гэж их ярих юм. Тэд хоёр байшингийн дунд явж байж юугаа мэдэж яриад байгааг ойлгох юм алга.

Гэтэл хөдөөх малчид тэр бүрий үглэж дуулаад байхгүй л байна. Яахав, уул уурхай хөгжих болсноор бэлчээрийн нэг хэсэгт гамшиг бий болж л байгаа байх. Гэхдээ л тэр чинь энэ уудам нутгийн зөвхөн нэгээхэн хэсэг нь шүү дээ. Нөхөн сэргээхэд болохгүй юм алга. Мэдэхгүй байж энэ суурингийнхан дэмий зүйл их хөөрөгдөх юм.

Би дээр хэлсэн, ерөөсөө байгаль дэлхийн өөрчлөлт явагдаж байгаа үед бид амьдарч байна шүү дээ. Магадгүй энэ усан галавын үе эхлэхээр хур бороо элбэг болно. Тэгэхээр байгаль дэлхий жилээс жилд сэргээд өнөөх л хэдэн аравны өмнө байсан өвс ургамал ирнэ гэж л хүлээх хэрэгтэй. Түүнээс биш бид юу юуны духанд хүрэлгүй өнөө маргаашгүй дэлхий сөнөх нь, бэлчээр үгүй боллоо гэж гаслаад байх нь дэмий зүйл.

С.Ууганбаяр

No comments:

Post a Comment