2011.6.15
Энэ удаагийн “Иргэний индэр” буландаа Л.Цогыг урьж ярилцлаа.
-Нийгмийн бухимдал хэрээс хэтэрлээ гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би одоогоос 20 жилийн өмнө Монголын анхны парламентын суурийг тавилцаж, тухайн үеийн анхны ардчилсан сонгуулиар Ардын их хурлын депутатаар сонгогдсон 430 хүний нэг. Түүнээс үүсгэн байгуулагдсан Улсын бага хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж, 1992 оны анхны Үндсэн хуулийг хэлэлцэх, боловсруулах үйл явдалд оролцож байхдаа 20 жилийн дараа нөхцөл байдал ийм юм болно гэж огт төсөөлөөгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр бидний анх мөрөөдөж, хүсч, тэмүүлсэн нийгэм биш болчихлоо.
Шуудхан хэлчихэд Монголд ардчилсан бус дэглэм тогтсон байна. Улстөрчдийн бодлогоо явуулж буй арга хэрэглүүр нь ардчилсан бус байна. Ард иргэдээс сонгогдсон мөртлөө сонгогдсоныхоо дараа ард иргэдийнхээ эсрэг хар хүч болдог болж. Монголд мөнгөний ноёрхлыг тогтоож чадлаа. Үнэт зүйлийн гол шалгуур нь мөнгө болдог болж. Албан тушаал, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн дураараараа дургидаг нийгэм болж хувирч байгаа нь шударга ёс, хууль ёсонд огт нийцэхгүй.
Эрх мэдэлтнүүд дураараа дургиж, Үндсэн хууль зөрчсөний гайгаар улсын тогтолцоо дампуурч байна. Улстөрийн тогтолцоо Үндсэн хуульд заасан утгаа алдаж, өөр болж гажлаа. Энэнээс улбаатайгаа нийгэм, эдийн засаг, ёс суртахууны хүрээнд янз бүрийн үр дагавар үүсч лайг нь энгийн иргэд үүрч байна. Өнөөдөр нийгэм доголдсон гэдэг нь хүн болгонд ойлгомжтой байна шүү дээ.
-Үүний гол шалтгаан нь юу юм бэ? Гарах гарц хаана байна вэ?
-Том утгаар нь авч үзвэл улстөрийн тогтолцоогоо зөвтгөх ёстой. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлтийг яаралтай засах ёстой. Тэр нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэц буруу гээд шийдвэрээ гаргаснаас хойш 11 жил өнгөрлөө. Монгол Улсын Үндсэн хуулийн манаачийн гаргасан, буруу гэсэн дүтэлтийн тоггоолыг ойшоохгүй, одоо болтол мөрддөг эрх хаана, хэнд байгаа юм бэ. Хаана ч байх ёсгүй л байхгүй юу. Нөгөөтэйгүүр эрх мэдэлд мөнгөөр хүрдэг явдлыг таслан зогсоох ёстой.
Ард түмнээ хуурдаг, худпаа мөнгө амладаг явдал хэрээс хэтэрлээ. Үндсэндээ мөнгө, эрх мэдэл хоёр нэг саванд орчихож. Ашгийн төлөө явж байгаа хүн хэзээ ч ард түмнээ боддоггүй гэдгийг одоогийн бүтэц харуулж байна. Тодруулбал, Монголд шударга бус нийгэм ноёрхлоо тогтоочихлоо. Нэгэнт эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлохгүй, ашгийн төлөө үхэн хатан явж байгаа учраас ард түмнээ мартчихсан. Нийт ард түмний 80 хувь нь ядуу, 40 хувь нь үгээгүй ядуу, таван хувь нь хагартлаа баяжчихсан тийм л нийгэмд бид аж төрж байна.
Энэ бүхнийг засах ёстой. Эрх мэдэл, мөнгө хоёрыг салгах ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагуудаа амьдралын туршлагатай, чадвартай, ёс суртахууны дээд зэргийн ухамсартай, мэдлэгтэй шалгарсан хүнээр удирдуулах ёстой. Аль ч нийгэмд шилдгийн шилдгээ дээш нь гаргадаг болохоос хэдэн хулгайчийг дээрээ гаргаж тавьчихаад эрх мэдэлтэн гэж шүтдэгтүй юм. Шүтсэн ч их л ховорхон байх. Ер нь бол ийм гажиг ардчилсан бус нийгэмд байдаг үзэгдэл.
Ард түмний баялгийг өнөөдөр хэн захиран зарцуулж байна вэ гэвэл УИХ-ын цөөн хэдэн хүн л өөрийнхөө амин хувийн эрх ашгийн төлөө гадныхантай хувааж идэж байна. Энэ нь эцсийн утгаараа Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болох газрын хөрсний доорхи баялгийг хэдэн хулгайчид л мэдэж байдаг болсныг харууллаа. Үнэндээ Монгол Монголоороо байж чадахаа больчихлоо. Монголын эдийн засгийг гадныхан гартаа авахдаа туллаа. Хойч ирээдүйгээ бодсон ч ийм байж болохгүй шүү дээ.
-Ард түмэн УИХ-ын 76 гишүүнийг сонгодог. Тэгэхээр сонголтоо буруу хийсэн ард түмний буруу юу?
-Ард түмнээ хуурч байгаа юм чинь яах юм бэ. Ард түмэн хууртагдсандаа л буруутай байх. Сүүлийн хоёр, ялангуяа 2008 оны сонгууль бидэнд их зүйлийг ойлгууллаа. 2008 оны сонгууль бол сонгууль биш. Өнөөгийн терийн эрх баригчид ард түмнээ хуурч байж, хууль бусаар засгийн эрхэнд гарсан. Тэр утгаар нь бодоход хууртагдсан ард түмнээ буруутгах нь зовлонтой асуудал л даа. Гэхдээ эцсийн утгаараа ард түмэн яах аргагүй буруутай.
-Яагаад?
-Бид хүнээ харж сонгох хэрэгтэй шүү дээ. Өгч буй хэдэн төгрөгт нь хууртаад байж болохгүй. Бидэнд 21 мянган төгрөг, сая төгрөг амлачихаад араар нь эх орныг минь худалдаж байгаатай эвлэрч болохгүй. Бидний хойч ирээдүй тусгаар улс байх ёстой л юм бол ард түмэн энэ хандлагаа ухаарах цаг болсон. Монгол Улс цаашдаа орших уу, эс орших уу гэдэг хутганы ирэн дээр байна. Ийм байхад сонгуульд бид өнгө мөнгөнд хууртаж, оролцож болохгүй шүүдээ.
-Хэд хоногийн өмнө Сангийн яамны 100 жилийн ой тохиож Сангийн сайд Оюутолгойн ордын хөрөнгө оруулагчидаас дэлхийд данстай ордоо ашиглуулсны “буян”-д авсан зээлийн хэсэг болох 100 сая ам.долларын батламжийг нь гардуулж байна билээ. Тэгээд тэр өрийн бичгийг музейд хадгалуулна гэхийг сонсоод өрийн баталгаанаас өөр хадгалах юм олдоогүй юм байхдаа гэж бодогдсон шүү?
-Музейд тавиасай л гэж бодож байна. Энэ нь эргээд Монголын ард түмэн, хойч ирээдүйн өмнө үйлдэж буй том гэмт хэрэгт нь өөрсдийг нь яллах баримт болно. Ний нуугүй хэлэхэд Оюутолгойн гэрээг уншсан сайд, УИХ-ын гишүүн тун цөөхөн. Оюутолгойн гэрээ гээд байгаа зүйл чинь бүхэлдээ гадныхны манайханд тулгасан муухан орчуулга шүү дээ. Тэр муухан орчуулгыг амихандаа засах гээд л гүйгээд байгаа юм, эд нар.
Ингэж болохгүй. Монголын төрийг ингэж удирдаж болохгүй шүү. Эцсийн эцэст ийм улсаас Монголын төрийг бушуухан салгаж авах цаг нь болчихоод байгаа юм.
-Яаж салгах юм бэ?
-Эднээс салах хоёрхон арга бий. Нэгд, хүчээр салгана. Товчхондоо цус урсана гэсэн үг. Бидний хүсч мөрөөддөг зам биш. Хоёрдугаарт, сонгууль явуулах замаар салах боломжтой. Гэвч сонгуулийг луйвардаж, засгийн эрхийг хууль бусаар авдаг болчихсон нөхцөлд ард түмэн нухацтай бодох ёстой. Сүүлийн үед бодит нөхцөл байдлыг ухамсарлан улс үндэстнээ аваръя гэсэн хөдөлгөөнүүд олноор үүсч, бий болж байна.
Ялангуяа “Эх орон, тусгаар тогтнол-Шударга ёс хөдөлгөөн”. Тус хөдөлгөөнд их хуралд суудалгүй дөрвөн нам, 20 гаруй хөдөлгөөн нэгдсэн. Улс үндэстнээ аврах хэрэгтэй байна. Энэ бол сүржин даржин гутрангуй үзэлтэй хүний үг биш шүү. Ярих цаг нь болчихсон зүйл. Энийг ард түмэн дэмжих хэрэгтэй, энэ бол Монголоо аврах найдвар. Өөр найдах зүйл үнэндээ алга. Яагаад гэвэл манай улсын баялаг, эдийн засгийн чадавхи гадны том том эдийн засгийн мафи, алуурчдын гарт газрын баялгаар дамжаад цуваад орчихлоо.
Монгол Улсын хилийг хамгаалах хэрэг, утга учир ч алдагдаж эхэллээ. Гэрээ гэдэг юм хийгээд аваад гарчихаар хэн ч маргаж чадахгүй байна. Заргалдахаар танай хуулийн дагуу л хийсэн гэдэг. Энэ ташрамд хэлэхэд 2008 оны сонгуулийг хууль бус хийсэн нь, засгийн эрхийг хууль бусаар авсан нь тодорхой. Гэхдээ энэ нөхөд төрийн эрхэнд байгаа нөхцөлд бид хууль, шударга ёсны тухай ярих нь утгагүй гэдэг нь бас л тодорхой. Үндсэндээ ирэх сонгуулиар ард түмэн бодит байдлыг ухаарч, эх орноо гэсэн сэтгэлтэй хүнд санал өгч үзэх ганц найдлага байна.
Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл эдний цаана манай газрын баялагг шунаж, гэрээ хийж буй нөхдүүд өөрсдийн тогтоосон хөлсний үнээ л үлдээхийг бодно шүү дээ. Тэд асар том мөнгө хаях нь тодорхой, одоо хаяж буй нь, тэр мөнгөнд нь манайхан орооцолдсон нь ч тодорхой. Энэ хар хүчийг авч хаяхгүй л бол Монгол эргээд сэхэх хугацаа байхгүй. Уул уурхайг дагаад бүтээн байгуулалт хийнэ гэдэг. Бүтээн байгуулалт өрнөнө. Харамсалтай нь Монголыг цөлмөөд бид өрөнд ороод л үлдэнэ гэсэн тооцоо гарчихсан байгааг нөхдүүд өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
-Дэлхийн жишигт орд газраа ашиглуулчихаад зээл авдаг жишиг байдаггүй юм билээ. Эцсийн эцэст манайд аль ч салбарт хөндлөнгийн хяналт гэж байхгүй гээд хэлчихэд болно. Хяналтыг хэн тавих ёстой юм бэ. Нөгөөтэйгүүр монголчууд хий л бухимдаад байхаас барагтай бол хөдөлдөггүй юм шиг санагддаг. Магадгүй энэ нь Монгол хүний гентэй холбоотой юм болов уу?
-Энэ бүхний эхлэл нь хамгийн анх уул уурхай газрын баялгаа хүнд цөлмүүлэх гэрээг байгуулах боломжтой хуулийг баталсан явдал юм. Гадна дотны ашгийн төлөө явж буй улсуудын бодлого их нарийн байдаг юм байна билээ. Эхлээд лоббигоор үндэстний хууль тогтоомжинд өөрсдийнхеө эрх ашигт нийцсэн хууль батлуулчихаад араас нь гэрээ хийдэг.
Хүн харахад Монголын баталсан хуулийн дагуу л хийгээд байдаг. Монголын талд ашиггүй, гадны хүнд ашигтай гэрээ хийнэ гэсэн хууль баталсан учраас тэр дагуу л гэрээ байгуулдаг. Бид заргалдахаар танай хуулийн дагуу гээд ам таглачихдаг. Үнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээ бол Монголын хувьд том луйвар. Биднийг юу ч мэдэхгүй мал, Африкийнхнаас ялгарах юмгүй гэж басамжилж байна. Тийм биш шүү. Энэ Монголд чинь мэдэх юмаа мэддэг, эх орноо гэх сэтгэлтэй олон хүн, эрдэмтэн судлаач бий.
Тэд олон жил дуугарч, эсэргүүцэж байгаа. Гэвч сонсохгүй байна. Хүний мөнгийг авч, хүний төлөө явж байгаа улс яаж ч сонсох юм билээ. Монголы ард түмний хувьд, үүх түүхээ бодсон ч ийм үхээнц байх ёсгүй л гэж би боддог. Нөгөөтэйгүүр 2008 оны долдугаар сарын нэгэнд шударга бус байна гэхээр л буудчихдаг аймшигтай нөхцлийн учрыг олоогүй тохиолдолд Монголын ард түмэн айдастай хэвээрээ л байх юм шиг байна. Бухимдал нь дотроо, цурманд орсон гал шиг байгаа болохоос биш, талбай дээр ирээд дэмжчих боломж муу байна.
Энэ бол бас л ард түмнээ басч доромжилсны үр дүн шүү дээ. Ард түмэн эрүүл саруул ухаанд итгэх ёстой. 21 дүгээр зуунд өөрсдийг нь боолчлох гэсэн бодлоготой эвлэрч болохгүй. Түүнээс гадна ард түмэн асар их төөрөгдөлтэй, эргэлзээтэй байна. Эрх баригчид бидний зөв гээд байдаг, бид буруу гээд байдаг. Хэнийх нь зөв, үнэн гэдгийг ялгах сөрөг хүчин Монголд алга. Гэхдээ энэ бүхнийг цаг хугацаа ялгаж салгаад өгөх нь тодорхой. Бид ярьж буй юмандаа бат итгэлтэй байгаа.
Яаж ч бодсон ардчилсан Монгол Улсад төр засаг нь ард түмнээ хуурч болохгүй биз дээ.
-Та салбарын сайдын албыг хашиж явсан мэргэжлийн хүн. Монголын хууль асар их цоорхойтой гэх шүүмжлэлтэй санал нийлэх үү. Ингэхэд асуудлын цөм нь хуулиндаа байна уу, аль эсвэл хэрэгжүүлэгчдэд нь байна уу?
-Наадах чинь их ерөнхий асуудал байна. Монгол Улс Үндсэн хуулийн дагуу үндэсний хууль тогтоомжоо өөрчлөөд 20 шахам жил болж байна. Мэдээж бүх хууль муу байна гэж байхгүй. Хуулин дотор амьдралд нийцээгүй багц бий. Бас хулгай, хувийн эрх ашгийн төлөө заалт оруулдаг эрх зүйн орчин ч бий. Түүнчлэн амьдралд нийцсэн хууль байлаа ч мөрдөхгүй байгаа нь бас нэг бие даасан хүчин зүйл болчихоод байгаа юм.
Зүй нь хууль тогтоомж нь ч сайн, хэрэгжүүлж буй хүн нь ч чадварлаг, шударга байх ёстой. Харамсалтай нь хуулийг биелүүлэхгүй байна. Энд нэг зүйлийг хэлэхэд хууль биелүүлэхгүй байх хүчин зүйл нь “дээр” байдаг юм. Үндсэн хуулиа нулимдаг, Үндсэн хуулиа дагаж хийх ёстой хуулийг бүрэн хийж чадахгүй мөртлөө бас зөрчдөг. Өөрт нь л хамаагүй бол нулимаад хаячихдаг. Тэгсэн атлаа ард түмэн, сонгогчдоосоо дэг журам, хууль ёс шаарддаг байж таарах уу. Энэ нь шудрага ёсонд нийцэх үү.
Хүн дотроо бодно шүү дээ, энэ өөрөө хууль сахидаггүй юм байж, намайг сахь гэдэг хэн юм бэ гэж…
Эцсийн эцэст хууль зөрчдөг нөхдийг бүлэг дээрэмчин гэхээс өөрөөр юу гэж нэрлэх юм бэ. Ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж тангараг өргөчихөөд ард түмнийхээ эсрэг явдаг. Тэгээд сонгууль дөхөхөөр ард түмэндээ жигтэйхэн хайртай болчихдог. Одоо жигтэйхэн л хайртай хүмүүс байгаа биз. Энэ бүхэнд ард түмэн хууртах вий. Нэгэнт ямар нэг нүгэл хийсэн л бол хариу зэмийг нь заавал хүлээх ёстой.
Улстөрийн хариуцлага гэдэг үүднээсээ сонгуулиар эднийг гаргахгуй байх ёстой. Энэ бол эхний хариуцлага. Тэгээд дараа нь бусад нүгэл нь уудлагдах ёстой гэж би мэргэжлийн хүний хувьд харж байгаа. Сайд, УИХ-ын гишүүд өөрийгөө муу юманд хутгалдаагүй гэж бодож байж болно. Гэхдээ тэр бүхэнтэй эвлэрээд сууж байгаа нь бас л гэмт хэрэг шүү дээ.
-Би заримдаа манайд Ерөнхийлөгчийн засаглал л хамгийн зохистой юм болов уу гэж боддог. Мэдээж давруулахгуйн тулд эргэж татах, хянах хууль зүйн орчинг нь сайн боловсруулах ёстой байх. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би 20 жилийн өмнөхөөс өөр байр суурьтай болж байна. 76 дээрэмчин гаргачихаад тэдэнтэй тооцоо бодох гэж явснаас нэг хүнтэй тооцоо хийх нь ард түмэнд хамаагүй хямдхан байх болно гэж боддог болоод байгаа. Бүх ард түмнээс сонгосон хүнийг төрийн тэргүүн гэх хэлбэрээр байлгах нэмэлтийг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй гэж боддог болсон.
Эд өөр аргагүй болгоод хаячихлаа. Мэдээж хяналт өргөн байх ёстой. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон л бол буцааж татах эрх нь нээлттэй байх ёстой. Уг нь хуулиндаа байгаа л даа. Гэхдээ хэрэгжүүлэхгүй бол юу ч биш л болдог байхгүй юу. Тиймээс болохгүй байгаа парламентыг тараах эрх мэдлийг төрийн тэргүүнд өгөх хэрэгтэй. Нэгэнт ард түмнээс сонгогдсон хүний хувьд тэр шүү дээ. Хоёрдугаарт, өнөөдрийнх шиг дампуурчихсан төрийг буцаах, эргүүлэн татахын тулд хүчтэй гар, эрх мэдэл хэрэггэй юм болов уу гэж боддог болсон.
Энэ бодолдоо огтхон ч эргэлзэхгүй байна. Өөр арга бидэнд алга. Олон нам талцаад л бие биенээ хараад л, нийгмээ таллаад ард түмнээ дайсагнуулцаад байдаг тогтолцоо руу орчихлоо. Энэ бол бидний соёл, ухамсартай холбоотой.
-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 жил өнгөрлөө. Сүүлийн үед нийгмийн шүүмжлэл их гарч байна. Гэхдээ анх ардчилалд хөл тавихдаа бидний хэн маань ч муу муухайтай улаан нүүрээрээ тулгарна гэж зориогүй. Сайн сайханд тэмүүлсэн. Ингэхэд бид яг хаана алдчихав аа?
-Олон шалтгаан бий. Өөрийн чинь хэлж буй шалтгаан бол нэг л талын шаптгаан. 1990 онд Монголын ард түмэн ардчилсан нийгэмд амьдарна, ардчилалд умбана, зах зээлд жаргана гэж бодож байсан. Монголчууд тийм л тэмүүлэлтэй байсан. 20 жилийн өндөрлөгөөс эргээд харахад Монголын ард түмний итгэл алдарч юунд ч итгэхээ болилоо. Ардчилсан нийгмийн үйл ажиллагааны зарчимд итгэхээ байж, дэмий юм байна гэж боддог болсон байна. Энэ бол эрх баригчдын явуулсан харалган бодлогын гай.
Өнгөрсөн 20 жилд амьдрал нэг суурин дээр байгаад байгаагүй нь тодорхой. Монголд олсон, бүтээсэн, дэлхийд нийцсэн жишгээр явсан олон зүйл бий. Ардчилал үндсэндээ үйл ажиллагааны том зарчимтай байх ёстой. Ард түмэн эрх мэдэлтэй, төрөө байгуулдаг, төр нь ард түмнээ сонсдог, ард түмэндээ ажлаа тайлагнадаг. Болохгүй бол ард түмэн нь буцаагаад татан буулгачихдаг ийм л тогтолцоо шүү дээ. Гэтэл тэр бүхэн байхгүй болчихсныг бүгд мэдэж байгаа.
Хоёрдугаарт, зориудаар Монголын төрийн төлөө бус, ашгийн төлөө дээшээ явсан хүмүүс улс төрд бөөгнөрөх нүх сүв гаргаад түүгээрээ дамжин дээр гараад нураагаад эхэлчихлээ. Гуравт, Монголыг баялагтай ч, төр нь олхиогүйг мэдсэн чадсан улсууд зориудаар нураахыг санаархаж байна. Бид тэдэнд хөтлөгдчихөөд байна. Мөнгөнд хөтлөгдөөд олон улстай харьцаж баялгаа гадны хүнд өгөх гэрээ байгуулдаг. Ний нуугүй хэлэхэд Монголын төр гадна давхаргатай өөрсдөө утсан хүүхэлдэйнүүдийн орогнол болчихлоо.
Эзэд нь гадна суугаад л эрх ашгаар нь боомилж байна. Нөгеөтэйгүүр бид Үндсэн хуулиа мөрдсөнгүй. 1990 онд баталсан хуулиа 2000 нураагаад Цэц нь хүчингүй болгочихоод байхад өнөөг хүртэл юу ч болоогүй юм шиг гөлийгөөд л байж байна. Тэгээд мэдээж эрх мэдэл хяналтгүй болсонтой холбоотой. Хуулиндаа заасан ч мөрдөхгүй болохоор яаж хяналттай байх юм бэ. Эцсийн утгаараа ардтүмэн чи миний төлөө яв, үгүй бол татан буулгана шүү гэх тогтолцоо Монголд байхгүй болчихлоо.
Энийг л бид ардчилал гэж хэлсэн, ойлгосон, бас тэмүүлсэн. Энэ бүхэн уруугаа харчихлаар юу болох вэ. Эдийн засаг нь өөдөлдөггүй, цөөн хэдэн хүн хагартлаа баяждаг тогтолцоо руу орчихлоо шүү дээ. Хамгийн наад зах нь бид геополитекийнхоо бодлогыг харах ёстой. Хоёр хөрш маань биднийг юу гэж харж байгаа бол. Дэлхийн том улсууд Монголыг амархан татаж болох юм байна гэж бодоод биднийг доромжилж, нулимж байгаа шүү дээ. Бид дэндүү хөөрхийлөлтэй харагдаж байгаа.
Ингэж ч юм хийх гэж дээ гэж бодож байгаа шүү дээ. Африкийн орнууд хүртэл бидэн шиг гэрээ хийхээ больчихсон. Наймаагаар ярих юм бол адгийн наймаа л хийсэн байхгүй юу. Өнөөгийн их хуралд сууж, мөнгөтэй гэж ярьдаг буй том том бизнесмэнүүдийн хэн нь ч хувьдаа ийм гэрээ хийхгүй. Яаж ийгээд хөдөлгөнө гэж юу гэсэн юм бэ. АН-ын дарга Н.Алтанхуяг яаж ийгээд хөдөлгөнө гэж байна билээ. Яаж ийгээд хөдөлгөнө гэж яг юу гэсэн үг юм бэ. Хонгилд буух уу, жорлонд буух уу, жалганд буух уу аль эсвэл алтан дээр буух уу гэдгээ мэдэж байж хөдлөх ёстой биз дээ.
Тийм түвшингийн хүн төр барина гэдэг сонин байгаа биз дээ. Тэгээд өөрийгөө голохгүй, болж байна л гэж боддог. Гэтэл ард түмэн, амьдрал болохгүйг нь нотлоод байдаг тийм л цаг үед бид амьдарч байна даа.
З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
No comments:
Post a Comment