Ховд аймагт цацрагийн аюул нүүрлэх болсон тухай

Монголд цацрагийн аюул нүүрлэхэд бэлэн болжээ
          Монголд цацрагийн аюул нүүрлэхэд бэлэн болжээ


Монголд цөмийн хаягдал авчирч булшлах гэнэ гэсэн яриа намжаагүй байна. Энэ өдрүүдэд ийм үл ойлгогдох, үнэн эсэхэд эргэлзмээр хэл амны хажуугаар харин Ховд аймагт цацрагийн аюул нүүрлэх болсон тухай мэдээ чих дэлслээ. Тус аймгийн нутагт Хөшөөтийн уурхай гэж хэрүүлийн алим болсон нэг уурхай бий. Гадаадынхны эзэмшдэг орд газар юм. “Мон Эн Ко” гэх компани энд цацраг идэвхит үүсгүүр ашиглан газар өрөмдөх гэж байгаа ажээ. Аюул тарьж болзошгүй ийм зүйл хэзээ хил давж орж ирснийг манай тагнуулын байгууллага нууцлаж байгаа бололтой. Тус компани ямартай ч өнөөдөр нарийхан хуруу шилний дайтай жижигхэн цацраг идэвхит үүсгүүртэйг мэргэжлийн хяналтынхан нотолж байна. Цацраг идэвхит үүсгүүрийг ган хошуутай өрмийнхөө үзүүрт хийж өрөмдлөгө хийхэд олон зуун метр газрыг хялбархан нүхэлж орхидог ажээ. Үүнийг ашиглах технологи тун нарийн. Гэтэл энэ аюултай үүсгүүр харуул хамгаалалт муутай газарт байгаа нь хүмүүсийг түгшээж эхэлжээ. Компаний удирдлагууд нь хамгаалалтаа чангатгах талаар анхаардаггүй нь бүр ч аймшигтай. Аймгийн удирдлага нь Засгийн газар, Ерөнхийлөгч хүртэл бичиг сачиг илгээсэн сурагтай. Гэвч бодитойгоор хийсэн юм алга байна. Цацраг идэвхит бодис бол малын шүлхийтэй адилгүй. Манайхан ийм аюулаас айхгүй байгаа нь тэнэглэл гэхээс өөр юу гэхэв. Японд атомын цахилгаан станц гэмтэснээс болж ямар асуудал үүсээд байгаа билээ дээ. Энүүхэн хойно маань Чернобылийн атомын цахилгаан станцын ослын гамшиг одоо ч үргэлжилсээр байна. Тиймээс бид үхэл зовлон тээгч энэ үүсгүүрийг ном журамд нь оруулах хэрэгтэй боллоо. Үүний зэрэгцээ Ховдод бас өөр газарт цацраг идэвхит үүсгүүр байгаа гэнэ. Ховдын Багшийн их сургуульд ийм үүсгүүртэй юм байна. Тус сургуулийн лабораторид үүсгүүрийг хадгалж байгаа ажээ. Сургалтын зориулалттай гэх энэ цацраг идэвхит үүсгүүрийн хамгаалалт мөн ялгаагүй сул дорой. Ийм нөхцөлд Онцгой байдлын ерөнхий газрынхан юу хийж суугааг бүү мэд. Хүн амаа цианит, натри, мөнгөн усаар хордуулахын хажуугаар цацраг алдаж эхэлбэл монголчуудын удмын сан, генд ноцтой аюул учруулна. Энд гамшиг нүүрэлсэн эхний өдрүүдэд хэдэн хүн талийгаач болох тухай таамаг дэвшүүлэх нь илүүц юм. Гагцхүү үлдэгсэд нь хэдэн үеэрээ ийм эмгэнэл тээх болно.

Х.Тулга

No comments:

Post a Comment