А.Ундраа: “Mainichi” cонин АНУ, Японы хог хаягдлыг Монгол Улс авна гэж үндэслэлгүй мэдээлэл гаргасан

Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд, доктор А.Ундраатай ярилцлаа.

-Монголын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булах гэрээ хийж байсан гэх мэдээлэл "Maini­chi" сонинд нийтлэгдсэн. Үнэн чанартаа АНУ, Япон, Монгол гурван улсын дунд чухам ямар гэрээ хэлэлцээр хийгдэж байсан юм бэ?

-Манай улс цөмийн түлшний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын тулд АНУ, Япон улстай хамтран ажиллах боломжийг су­далж, гурван улс энэ талаар ярил­цаж эхэлсэн нь үнэн. Энэ бол манай талын санаачилгаар ашигт малтмалаа аль болох үр өгөөжтэй ашиглах бодлогын хүрээнд эхэл­сэн хамтын ажиллагаа. "Mainichi" сонин АНУ, Японы хог хаягдлыг Монгол Улс авах гэж буй мэтээр бичсэн нь үндэслэлгүй мэдээ юм. Миний мэдэж байгаагаар хэзээ ч АНУ, Японы зүгээс манайд хандаж цөмийн хаягдлаа манайд булшлах тухай асуудал тавиагүй. Хамгийн гол нь Монгол Улс гадны хог хаягд­лыг оруулж ирэх нь хуулиар хориг­лосон зүйл. УИХ-аас 2009 онд Цөмийн эрчим хүчний тухай хууль болон цөмийн салбарыг хөгжүүлэ­хэд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Мөн Засгийн газраас цөмийн салбарт гадаад орнуудтай хамтран ажил­лах хөтөлбөрийг баталж, цөмийн эрчим хүч болон цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, бо­ловс­руулах чиглэлээр анхны гараа эхэлж, энэ салбар дөнгөж эхлэл шатандаа явна. Энэ бодлого чиглэ­лийн хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай хамтран ажиллах эхлэл тавигдаж байна. Засгийн газраас ураны ашигт малтмалыг боловс­руу­лан аль болох нэмүү өртөг шингээн, эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг болох зорилт тавин ажиллаж байна.



-Манай улс өөрсдөө цөмийн түлш хийх тухай яригдаж эхлэх­тэй давхцан Японы "Mainichi" сонины сурвалжлагч Монголд ирж сурвалжлага хийсэн нь цаа­наа ямар учир зорилготой гэж үзэхээр байна?

-"Mainich" сонины сурвалжлагч ямар учиртай ингэж бичсэнийг би мэдэхгүй байна. Манай улсын хувьд АНУ, Японы цөмийн хог хаягдлыг авна гэсэн гэрээ, хэлэл­цээр хийж байгаагүй, явагдаа ч үгүй. Тэгэхээр энэ сурвалжлагчийг би их хариуцлагагүй ажиллажээ гэж бодож байна. Япон өөрийн хог хаягдлаа гадаадын улс орон руу илгээх бодолгүй байгаа тухай Япон улсын Гадаад хэргийн сайд мэдэг­дэл хийсэн байгаа. Нэр хүндтэй дэлхийн хэмжээний том сонин Монголын ч тэр, Японы ч тэр бод­ло­гоос зөрсөн мэдээлэл гаргаж бай­гаа нь харамсалтай хэрэг. Манай зүгээс энэ талаар хариуцаж ажил­ла­даг гол байгууллага болох Цөмийн энергийн газар, Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдэгдэл хийсэн байгаа.

-"Mainichi" сонинг манай ул­сын Засгийн газраас шүүхэд өгөх гэж байгаа гэсэн үү?

-Эхний байдлаар Засгийн газ­рын хэрэгжүүлэгч агентлаг болох Гадаад харилцааны яамнаас "Mainichi" сонинг залруулга хийнэ үү гэсэн захидал явуулсан.

-Арабын Эмиратын нэгдсэн улсад өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд айлчлал хийх үеэр цөмийн түлш нийлүүлж буцаа­гаад хаягдлыг нь авна гэсэн хэлэлцээр хийсэн гэж яригдаад байгаа. Та цуг явсны хувьд ямар мэдээлэлтэй байна?

-Тэнд энэ тухай 20 минутын уулзалт болсон. Гэрээ, хэлэлцээр гэхээсээ илүүтэй ирээдүйд хамтарч ажиллах саналыг тавьсан гэж ойл­госон. Ерөнхий сайд тэр үед гурван өгүүлбэр хэлсэн. Тэгээд айлын тал сонирхож байна. Цаашдаа ярилцъя гэж тохирсон. Эрчим хүч­ний гол эх үүсвэр цөмийн түлш. Манайх ураны баялгийг нэг удаа ашиглаад хаяхдаа биш. Цөмийн түлшний хаягдлыг дахин ашигла­даг жишиг дэлхий нийтэд бий. Цөмийн түлшээ нийлүүлчихээд буцааж авалгүйгээр зөвхөн нэг удаа ашиглаад хаях юм бол өөрс­дийнхөө боломжийг хааж байна гэсэн үг. Ирээдүйн 50-100 жилийн дараахь эдийн засгийн боломжийг харж байгаа хэрэг.

-Ойрын жишээнээс харахад ОХУ цөмийн түлш хийхэд онц­гой­лон ач холбогдол өгч, ихээхэн хөрөнгө хаяж байна. ОХУ, БНХАУ-ын хувьд цөмийн түлшээ зарчи­хаад эргээд цөмийн хаягдлаа өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ буцааж авдаг юм уу?

-Тэр үнэн. Түлш нийлүүлсэн орон нь эргүүлж хаягдлаа авах гэдэг нь олон улсын практикт бай­даг зүйл. ОХУ цөмийн салбарын тэргүүлэгч орнуудын нэг. Цөмийн циклийн бүх шат дамжлагыг хийдэг, цөмийн түлш хийхэд ч онцгой анхаарч байна. Тус улс цөмийн түлш нийлүүлээд буцааж авч бай­сан тохиолдол бий. ОХУ цөмийн цахилгаан станцаа нийлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж бай­гаа­гаас гадна уран хөрвүүлэх, баяжуулах үйлчилгээ үзүүлэх, цө­мийн түлш нийлүүлэх, хэрэглэсэн түлшийг буцааж авах, дахин бо­ловсруулах зэрэг маш өргөн хү­рээтэй ажиллаж байна. Орос өөрөө нийлүүлсэн түлшийг авч хадгалахдаа ч гэсэн өндөр төлбөр­тэйгээр хийж байгаа нь энэ салба­рыг хамгийн ашигтай болгож бай­гаа юм. Би ОХУ-ыг маш алсыг харсан бодлого явуулж байна гэж бодож, дэмжиж байна.

-ОХУ, БНХАУ цөмийн хог хаягд­лаа манай улсын хилийн ойролцоо булдаг гэх мэдээлэл байдаг?

-Тийм мэдээлэл байдаг. Бас манай улсын ойролцоо уран бая­жуулах, газрын ховор элемент ялгах, цөмийн түлшийг дахин бо­ловс­руулах, хог хаягдлыг булшлах зэрэг олон үйлдвэр комплексууд байдаг тухай интернэтээр бага сага судалж байсан.

-Манай улс ураны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орны нэг. Нэгэнт ураны нөөцтэй орны хувьд ирээдүйд цөмийн түлш хийх нь хөгжлийн ямар давуу талуудтай байх вэ?

-Манай улс зэс, нүүрс, алт, уран болон бусад ашигт малтмалын арвин их нөөцтэй орон. Ашигт малтмалыг зөв зүйтэй олборлох, аль болох нэмүү өртөг шингээн, түүхий эд биш бараа бүтээгдэхүүн экспортлогч болох нь манай улсын эдийн засагт маш хэрэгтэй. Бүр зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

-Дэлхийд жижигддэг Монгол Улс цөмийн түлш хийх том амбиц гаргасан нь бусад зарим улс орны зүгээс тааламжтай бус байдлаар хүлээж авах хандлага гарч байгаа нь илхэн. Манай улсын цөмийн салбарын хөгж­лийн гол зорилго юу байх ёстой вэ?

-Том амбиц гэж үнэн хэллээ. Энэ нь манай улсын хувьд гаргаж байгаа маш зоригтой алхам юм. Ийм зоригтой ажиллаж байгаа, зорилго тэмүүлэлтэй байгаад нь улс орноороо бахархаж байна. Мэдээж үүнийг хэлэх нэг хэрэг, хийх бол амаргүй. Амаргүй гэдгийнх нь зөвхөн нэг жишээ бол "Mainichi" сонинд гарсан нийтлэл юм. Буруу зөв ойлгох улс гарнаа гэдгийг энэ харуулж байна.

-Ер нь манай улсыг цөмийн түлш хийлгүүлэхгүй байх сонир­хол бусад улс оронд бий юу?

-Ийм сонирхол байхыг үгүйс­гэхгүй. Хөгжингүй орнууд нэмүү өртөг шингээх ажлыг аль болох өөрсөндөө авах хүсэлтэй байгаа байх. Газрын тосоор жишээ тата­хад ямар ч газрын тос байхгүй мөртлөө газрын тос боловсруулах үйлдвэр барьснаараа түүхий эдтэй орнуудаас илүү ашигтай мөнгө, орлоготой байгааг Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орны жишээ­нээс харж болно. Тэд байгалийн баялагггүй ч гэсэн түүхий нефтийг гаднаас авч дотооддоо боловсруу­лах замаар үйлдвэрлэлд тулгуур­ласан эдийн засгийг хөгжүүлж чадсан.

-Одоо тэгээд Монгол, Япон, АНУ-ын цөмийн түлш хийх гэрээ хэлэлцээр ямар шатандаа яваа вэ?

-Анхан шатандаа яваа ажил. Ажил хэрэг болтлоо хол байна. Засаг төр, ард иргэдийн нэгдмэл санаа, улс нийтийнхээ өмнө тавьж чадах нэгдмэл том зорилго байж бид хөгжинө. АНУ, Япон бол манай гуравдагч хөрш. Бидэнтэй адил ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, нээлттэй улсууд юм. Тиймээс түлш­ний гэрээ хэлэлцээр хийгдвэл тэр нь хэвлэл мэдээллээр дамжин зах зээлд зарагдах нь дамжиггүй.

-Та АНУ-д багш, профессо­роор ажиллаж байсан, чиглэ­лийн­хээ топ 10 эрдэмтний нэг. Таны нүдээр Монголын хувьд цөмийн салбарт анхаарах асууд­лууд юу байна?

-Би АНУ-ын "Stanford"-ын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал бодлого судлалын төвд зочин профессороор ажиллаж байсан. Монголын ураны салба­рын зохистой хөгжлийн талаар судалгаа хийсэн. Тэнд Нобелийн шагналтай Richter гэдэг эрдэмтэн бид хоёр үүн дээр ойр дотно ажил­ладаг байлаа. Мөн "Stanford"-ын их сургуулийн Олон улсын бодлого судлалын тэнхимд "Цөмийн эрчим хүчний бодлогын орчин үеийн асуудлууд" сэдвээр хичээл заадаг байсан. Цөмийн зэвсэгтэй улс орнууд, цөмийн эрчим хүчний салбарын олон жилийн туршлага­тай улсууд болон манай улстай адилхан энэ салбарыг шинээр хөгжүүлж буй олон улс орныг харьцуулан судалж, хичээл сур­галтандаа тусгадаг байлаа. Миний бодлоор манай цөмийн салбарт юуны түрүүнд мэдлэгтэй боловсон хүчин маш их хэрэгтэй байна. Мөн ураны ашигт малтмалаа нэмүү өртөг шингээн, үүн дээрээ тулгуур­лан мэдлэгт суурилсан эдийн зас­гийн шинэ салбарыг хөгжүүлэх боломж бидэнд байна. Үүнд Казахстаныг үлгэр жишээ болгон дурдаж болно. Хэдийгээр Фүкүши­ма­гаас болж дэлхий нийтээр цө­мийн салбарын хөгжил удаашрах төлөвтэй. Жишээлбэл ХБНГУ-д бүх нийтийн эсэргүүцэл гарч станцуу­даа хаах шийдвэр гараад байгаа ч Франц, Япон, БНХАУ, Энэтхэг гээд олон улс орон нэгэнт зогсохгүй, цаашид өргөжүүлнэ гэдэг нь тодор­хой байна. Тиймээс дэлхийн зах зээлд бид бүтээгдэхүүнээ ний­лүүлж болох өргөн талбар байгаа юм.

-Монгол Улс ирээдүйн хөгж­лийг харсан бодлогын чанартай ажил явуулахад хойшоо чангааж байгаа асуудлууд юу байна?

-Цөмийн салбарт аюулгүй ажил­лагаа юунаас ч чухал. Тий­мээс салбарыг хянах болон хөг­жүүлэх хоёр функцийг салгах, бие даасан байдлыг хангах хэрэгтэй юм. Саяхан Олон улсын Атомын энергийн экспертүүд ирээд мөн тийм дүгнэлт өгч байна. Одоо бол манайх өөрөө өөрийгөө хянадаг системтэй байгаа ч торгуулийг үзэмжээрээ тавьж, лицензийг танил талдаа олгож байна гэсэн гомдол тасрахгүй байгаа нь нууц биш юм. Цаашлаад энэ асуудлыг Ерөнхий сайд ч анхааралдаа авч алдаа мадгийг залруулах үүрэгтэй. Бид байгалийн баялгаа боловсруулах тал дээр өөрсдөө л хичээл зүтгэл гаргахгүй бол хэн ч гаднаас ирж бидэнд хийж өгөх вэ дээ. Ураныг түүхий эд болох хүдрээр нь биш, дор хаяж шар нунтаг болгон гар­гахаар экспортын тухай хуулиндаа тусгасан нь маш сайн хэрэг. Цааш­лаад улам нэмүү өртөг шингээх, хөрвүүлэх, баяжуулах зэргээр түлш үйлдвэрлэх нь эдийн засгийн шууд бус олон давуу талтай. Дээр дурд­сан газрын тос боловсруулах үйлдвэртэй хэн байна тэнд техно­логийн хөгжил байгаа шиг цөмийн салбарт ч гэсэн бид зорилгоо зөв тодорхойлоод тууштай ажиллавал амжилтанд хүрэх нь гарцаагүй. Энэ бол Монголын хөгжлийн нэгэн чухал түлхүүр юм.

-Байгалийн баялаг ашиглахад хамгийн их сүйддэг нь байгаль орчин. Цөмийн салбарт байгаль орчин хийгээд хүн амд эргээд сөрөг нөлөө нь тусах вий гэсэн айдас иргэдэд бий?

-Ер нь цөмийн салбарын бай­галь орчинд хамгийн халгаатай алхам нь уул уурхайн хэсэг гэж үздэг. Бусад ашигт малтмалд ялгаа­гүй. Уул уурхайг тэргүүлэх стандартын дагуу явуулах, нөхөн сэргээлт хийх нь чухал. Нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөг бүр уурхай ажиллаж эхлэхээс өмнө гаргасан байх нь олон улсын тэр­гүүлэх стандарт болж байна. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний борлуу­лалтаас шимтгэл хуримтлал үүсгэн нөхөн сэргээлт хийх санхүүжилтийг бэлтгэж авах чухал. Баялгаа өөрс­дөө боловсруулж зарах нь зөвхөн байгаль орчинд мөрөө үлдээдэг уул уурхайн алхмаар зогсохгүй ашигт малтмалдаа тулгуурлан бусад үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртгийг Монголд авч үлдэх гол арга зам гэж бодож байна. Бид хичнээн амаргүй байсан ч үндэсний үйлд­вэрлэлийг хөгжүүлэхийн төлөө явах л ёстой. Тэгж байж ирээдүй хойчдоо өндөр хөгжилтэй, хүн ард нь мэдлэг боловсролтой өндөр орлоготой тийм нийгмийг үлдээх болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад таныг дарамталж айл­ган сүрдүүлсэн гэх яриа сон­согд­сон. Та энэ талаар хариулт өгөөч?

-Буруу ташаа бичих дэвэргэх, гүтгэх зэрэг зохисгүй үйлдлүүд гарч байгаа. Би эрдэмтэн хүн. Урьд нь улс төрийн ажил хийж явсангүй. Онц сурч, аав ээждээ багш нартаа магтуулж явснаас биш гүтгүүлж явсангүй. Тиймээс намайг гадны улсын хог хаягдлыг авчрах гэж байгаа мэтээр гүтгэж бичсэн нь надад амаргүй байсан. Үнэн гэдэг өөрөө юунаас ч хүчтэй учраас би амгалан тайван байна.

Б.ДОЛЗОДМАА

No comments:

Post a Comment