Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.
-Манай улс хямралын үеэр ОУВС-д хандаж 18 сарын хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөр дуусч байгаа гэл үү?
-Тийм ээ. Монгол Улс ОУВС-гийн хамтран хэрэгжүүлсэн эдийн засгийг тогтворжуулах "Стэнд бай" хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Дэлхийн санхүүгийн хямралаас үүдэж Монгол Улсын Засгийн газар санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг болгохоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Уг хөтөлбөрийн үнийн дүн нь ойролцоогоор 242 сая ам.доллар.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн гарсан бэ?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд макро эдийн засгийн байдал илт сайжирсан. Төгрөгт итгэх итгэл нэмэгдэж, гадаад валютын арилжааны зах зээл тогтворжсон, инфляцийг буулгасан гээд тоочоод байвал эерэг үр дүн олон бий л дээ.
-ОУВС-гийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх үү?
-ОУВС-тай хамтран тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусаад байна. 2005-2008 онд л гэхэд хөтөлбөр хэрэгжүүлээгүй. Заавал хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Гэхдээ ОУВС-тай хамтран ажиллах нь үргэлж нээлттэй байгаа.
-Та саяхан Вашингтон хотноо ОУВС, Дэлхийн банкны уулзалтад оролцоод ирсэн. Энэ үеэр ОХУ-ын Сангийн дэд сайд "Монголчууд их өрийн үлдэгдлээ төлөхөөр болсон" гэсэн мэдэгдэл хийлээ. Ийм тохиролцоо хийсэн юм уу?
-Уг асуултад хариулахаас өмнө өрийн талаар цухасхан дурдъя. 1949-1991 оны хооронд тухайн үеийнхээр бол БНМАУ ЗХУ-ын Засгийн газраас 11.8 тэрбум шилжих рублийн зээл авсан. Тодруулж хэлбэл, үүний 9.6 тэрбум нь үндсэн өр, 2.2 тэрбум нь хүү байсан юм билээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд байсан С.Касьяновтой хэлэлцээ хийн, улмаар харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, 11.8 тэрбумын шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болсон.
Гэхдээ үүн дотроосоо "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой 260.3 сая шилжих рублийн өрийг шууд чөлөөлсөн бол бусдыг 97.8 хувиар хөнгөлөөд, 2.2 хувийг төлсөн байгаа. Харин энэ гэрээтэй холбоотойгоор "Монголросцветмет нэгдэл"-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт 2003 онд багтаан шийдэх ёстой байж. Гэтэл заасан хугацаанд шийдээгүй үлдсэн байна.
-Их өрийг тэглэсэн, ямар ч үлдэгдэл байхгүй гээд байсан биз дээ?
-Харин Монгол Улсын Засгийн газар 2009 оны наймдугаар сар хүртэл буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах хүртэлх хугацаанд энэ их өрийн асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн ойлголттой байсан. Тэгтэл айлчлалын өмнөхөн Оросын талаас "Монголросцветмет" нэгдэлтэй холбоотой их өрийн үлдэгдэл бүрэн шийдэгдээгүй байгаа тул эцэслэн шийдвэрлэх ёстой" гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн манай улсад хийх айлчлалын өмнөхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцсон ажлын уулзалтаар энэ асуудлыг шийдэх ёстой юм байна. Өмнөх өрийг шийдвэрлэсэн 97.8 хувиар хөнгөлүүлээд үлдсэнийг нь төлчихвөл болох юм гэсэн шийдвэрийг өгсөн. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн 2009 оны наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалт болсон. Хоёр Ерөнхийлөгч энэ асуудлыг хоёр сарын дотор шийдвэрлэе, энэ нь хоёр орны цаашдын хамтын харилцааг зогсонги байдалд оруулаад байна гэж ярьсан байгаа. Үүнтэй холбогдуулаад ОХУ-ын талаас 2009 оны аравдугаар сарын 6-нд Истанбулд болсон ОУВС, Дэлхийн банкны уулзалт дээр "Монголын тал 180 сая ам.долларын өрөө шийдээгүй. Энэ талаар алхам хийхгүй байгаа. Тийм учраас Парисын клубт өгнө" гэсэн мэдэгдлийг тус улсын Сангийн дэд сайд нь хийсэн.
-Гэхдээ Парисын клубт өгөөгүй биз дээ.
-Тийм л дээ.
-Энэ мэдэгдлээс хойш манай тал өрийг барагдуулах талаар эрчимтэй ажиллаж эхэлсэн хэрэг үү?
-2009 оноос хойш ОХУ-ын Сангийн сайдтай гурван удаа хэлэлцээ хийсэн. Тэгээд "Монголросцветмет"-тэй холбоотой 162 сая ам.долларын өр, дээр нь манай клиренгийн өр гээд 10 сая ам.доллар нэмэгдсэн. Нийтдээ 172 сая ам.долларын өрийн асуудлыг их өрийн зарчмаар буюу 97.8 хувийг нь хүчингүй болгоод үлдсэн гурван сая орчим ам.долларыг төлөх тохиролцоог хийж шийдвэрлээд хоёр улсын Сангийн сайд нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ асуудлыг Вашингтонд болсон хэвлэлийн хурал дээр ОХУ-ын Сангийн дэд сайд мэдэгдсэн. Энэ өрийн асуудлыг Монголын талд маш ашигтайгаар шийдвэрлэж байгаа. Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр болж батлагдах юм.
-2003 онд их өрийг тэглэхдээ хоёр хувь болох 250 сая ам.долларыг төлөхөөр болсон. Энэ мөнгийг барагдуулсан юм уу?
-Төлөөд их өрийн асуудал бүрэн шийдэгдсэн. Тэр үед байгуулсан санамж бичигтээ "Монголросцветмет"-тэй холбоотой асуудлыг энэ ондоо багтаан шийднэ гэж тусгасан юм байна лээ. Гэвч 2003 ондоо ч амжиж дуусгалгүй явсаар өдийг хүрсэн.
-Та Вашингтон хотноо ээлжит уулзалтад оролцохоор явахаасаа өмнө ОХУ-ын Сангийн сайд А.Кудринтай өрийн үлдэгдлийг барагдуулахаар тохиролцсон юм байна. Яагаад мэдээлэхгүй байсан юм бэ?
-Бид нар үр дүн тодорхой болсны дараа мэдээлэл хийе гэж бодож байсан юм. ОХУ-ын тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад мэдээлэл хийсний дараа Монголын талаас олон нийтэд мэдээлье гэж ярилцсан.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Ямар ч өр байхгүй. "Монголросцветмет"-тэй холбоотой бүртгэлийн асуудал л байсан. Одоо болтол бүртгэлийн асуудлаа шийдээгүй нь ОХУ-ын ч алдаа. Манай тал асуудлаа зөвөөр ойлгуулж чадахгүй болохоор л өрөнд унаад байна" гэсэн байна лээ. Сангийн яамны зүгээс асуудлаа зөвөөр ойлгуулж чадахгүй байгаа юм биш биз дээ?
-Ер нь их өрийн асуудлыг ямар нэгэн байдлаар улс төржүүлэх хэрэггүй. Их өрийн асуудлыг шийдсэн нь түүхэн гавьяа гэж хэлж болно. Хэрэв энэ өрийг төлөөгүй байсан бол Монгол Улс ямар хүнд байдалд орох байв гэж сэтгүүлчид та нар бодож байв уу. Том төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийн хувьд бие даасан байдалтай байх тухай асуудал хүртэл хөндөгдөх байсныг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Гурван сая ам.долларыг хоёр улсын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн Монголын талын ашгаас суутгахаар болсон юм уу?
-Тэр өрийг яаж ч төлж болно. 180 сая ам.долларын дэргэд гурван сая ам.доллар бага мөнгө шүү дээ. Энэ Засгийн газрыг байгуулагдахад хоёр улстай өрийн асуудалтай байсан. Финлянд, ОХУ-тай. Эдгээрийг шийдсэн гэж ойлгож болно. Монгол Улсын эдийн засгийн хувьд тааламжтай нөхцөл бүрдсэн. Аль нэг оронтой өрийн асуудал байхгүй.
-Манай улс хямралаас гарч чадав уу. Эдийн засгийн байдал ямархуу байна вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд макро эдийн засгийн тогтворжуулалт, өрийн асуудал, нийт бодлогын хувьд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан. Эдийн засгийн макро түвшин маш тогтвортой болж байна. Одоо бид нар илүү ухаантай бодлого явуулж чадвал хөгжих боломж нээгдсэн. Дэлхийн бүхий л судлаачид "Хамгийн буурай хөгжилтэй орноос хамгийн богино хугацаанд өндөр хөгжилтэй орон болох боломж Монголд байна" гэж дүгнэх болсон шүү дээ.
-Өрийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцах үедээ төмөр зам шинээр барих, ураны ордыг ашиглах тухай төслийн талаар ОХУ-ын Сангийн сайдтай хэлэлцээ хийсэн гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Манай яамны дэд сайд хоёр удаа Москвад очиж хэлэлцээр хийсэн. Би өөрөө хоёр удаа очсон. Вашингтонд сая ОХУ-ын Сангийн сайд, дэд сайдтай уулзлаа. ОХУ-ын Сангийн дэд сайд нэг удаа Монголд зочилсон юм. Мөн өрийн асуудал хариуцаж байгаа хүмүүс ч манай улсад нэг удаа ирсэн. Энэ хугацаанд өрийг шийдвэрлэх гэж нэлээд ажиллалаа. Асуудлаа нууцалж байсан болохоор ташаа мэдээлэл их цацагдсан байх. Засгийн газрын хуралдаанд л гэхэд нууц асуудлын журмаар хэлэлцүүлж байлаа.
-УИХ-д 2011 оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ багасахаар туссан байна. Яагаад бууруулах болов?
-Ирэх онд улсын нэгдсэн төсвийн орлогыг гурван их наяд 56.8 тэрбум, зарлага нь гурван их наяд 250.7 тэрбум төгрөг байж алдагдал нь 193.8 тэрбум төгрөг байхаар тусгасан. Алдагдал нь ДНБ-тэй харьцуулахад 2.5 хувьтай тэнцэнэ. Хөрөнгө оруулалтаа багасгаж байгаа асуудал байхгүй. Улсын төсвөөс санхүүжүүлэх хэсэг нь нийт хөрөнгө оруулалтын жагсаалтын арван хувиар тавьсан байгаа. Тэрний нэмэгдэл санхүүжилтийг урьдчилгаа төлбөр орж ирэх хэмжээгээр санхүүжүүлээд явах зохицуулалт хийсэн.
-Хөгжлийн банк байгуулж том төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм уу?
-Хөгжлийн банк байгуулж том төслүүдийг санхүүжүүлэх байр суурь барьж байгаа. Хүний хөгжил сангаас энэ жилийн наймдугаар сарын 1-нээс 10 мянган төгрөг, 2011 оны нэгдүгээр сараас иргэн бүртээ 21 мянган төгрөг олгож эхэлнэ. 164 мянган оюутнуудын сургалтын төлбөрт 82 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгасан. Огт эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг хамруулах үүднээс 9.3 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаас олгохоор болж байгаа. Хүний хөгжил сангаас 805.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийнэ. Өмнөх онуудтай харьцуулахад 470.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Хүний гар дээр очиж байгаа бэлэн мөнгөний урсгал 30 хувиар нэмэгдэнэ гэж ойлгож болно.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль энэ хавар батлагдан гарсан учир Тогтворжилтын сан байгуулж тодорхой орлогыг төвлөрүүлэхээр болсон. 2011 онд хэр хэмжээний орлого орохоор тусгав?
-2011 оны төсвийн төсөлд нэлээд хэдэн онцлог зүйл байгаа. Энэ хуульд зааснаар анх удаагаа төсвийн орлогын нэг хувиас илүү гарсан ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн үнээр биш төсөвт тусгах ханшаар тооцож авдаг болж байгаа. Манай улсын ашигт малтмалын экспортыг харахад зэс, нүүрсний орлого нэг хувиас илүү гарч байна. 2011 онд зэсийн ханш 8425 ам.доллар байх прогноз байгаа. Татварыг бол дэлхийн зах зээлийн ханшаар тооцон авна. Харин төсөвт суулгаж байгаа үнэ нь 5983 ам.доллар юм. Боловсруулсан нүүрсний хувьд олон улсын ханш нь 128 ам.доллар байна. Үүнийг төсөвт 98.8 ам.доллараар тооцон авч байгаа. Энэ зөрүүнээс 2011 онд 164.6 тэрбум төгрөг Тогтворжуулалтын сан руу орно. Тогтворжуулалтын санд ДНБ-ий таван хувьтай тэнцэх орлого хадгалагдаж байх ёстой. Харин 10 хувиас дээш гарвал хөрөнгийг нь шаардлагатай зүйлд зарцуулахаар тусгасан. 2011 онд 164.6 тэрбум төгрөг олохоор байгаа нь ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр дараагийн жил таван хувиас дээш болох магадлалтай. Энэ нь төсөв цаашид тогтвортой байхын шинж юм.
-Ирэх жилээс гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг авахаа болино. Тиймээс орлого ихээр тасалдах юм биш үү?
-Бидний ярьж заншсан 68 хувийн татвар 2011 оноос үйлчилж эхлэхээ болино. Энэ татвараар улсын төсөвт маш их орлого ордог. Ашигт малтмалын үнэ өндөр өссөн үед ямар хувь хэмжээгээр хэрхэн татвар авах вэ гээд Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Зэс дээр аргачлалыг тооцож үзээд хувь хэмжээг нэмэгдүүлэх саналыг Засгийн газраас УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх гэж байна. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвараар нийтдээ 202 тэрбум төгрөгийг олох бололцоотой гэж тооцоолж төсвийн төсөлд тусгасан.
-Гишүүдийн саналыг авч тойрогт нь зарцуулах тэрбум төгрөгийг өнгөрсөн жилийн төсөвт суулгасан байсан. Энэ жил бас байхгүй гэж төөрөгдүүлж байгаад төсөв батлах болонгуут шургуулчих юм биш биз дээ?
-Гишүүдийн тэрбум төгрөг гэсэн ойлголт байдаггүй шүү дээ. Бид л ингэж ярьсаар чихэнд хоногшуулчихдаг. Засгийн газар төсвийг өргөн барьж УИХ-аар хэлэлцэх явцад төсвийн орлого нэмэгдэхээр тодорхой хэсгийг бүх тойрогт ижил тэнцүү хуваарилсан. Үүнийг л гишүүдийн мөнгө гэж та нар нэрлэн гоочилдог. Энэ жил тийм зүйл байхгүй. Бид нар төсвийг боловсруулах явцдаа бүх сонирхогч талуудын саналыг авдаггүй байснаас ийм зүйл гардаг юм байна гэж ойлгоод өнгөрсөн хаврын чуулган өндөрлөхөд гишүүдээс саналыг нь авсан. Аймаг орон нутгаас ирж байгаа жагсаалтыг харуулаад үүнээс хамгийн түрүүнд хийх шаардлагатай гэж үзэж байгаа вэ гээд санал авсан юм. Түүний үндсэн дээр боловсруулаад төсвийн төслийг өргөн барьсан учраас гишүүдийн мөнгө гэх асуудал гарахгүй.
-Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад өргөн барьсан байгаа. Энэ хууль батлагдсанаар ямар томоохон өөрчлөлт орох бол?
- Төсвийн хууль гэхээр хоёр зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Тухайн жилийн төсвийг батлуулж байгаа нэг хууль байна. Энэ төсвийг бүхэлд нь зохицуулж байгааг Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль гэж байгаа. Энэ хоёр хуулийг нэгтгээд төсвийн тухай хуулийн төсөл боловсруулаад өргөн барьсан байгаа. Энэ хууль хэлэлцэгдэж батлагдсанаас хойш бүх орон нутаг бие даана. Тийм учраас гишүүд орон нутаг руу мөнгө хуваарилуулъя гэсэн асуудал байхгүй болно. Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, гадаад харилцаа гээд төрийн үйлчилгээг хүргэдэг улсын төсөв, хөгжлийн төсөв гэж зааглана. Хөгжлийн төсвөө Хөгжлийн банкаараа дамжуулж уул уурхай, дэд бүтцийн төслөө санхүүжүүлдэг болно. 2011 оноос Хөгжлийн банк байгуулаад энэ банкны эх үүсвэрээр тодорхой бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлнэ гэсэн үг.
-Том төслүүд хэрэгжээд дуусахаар улсын Хөгжлийн банк нь байсаар байх уу?
-Гадаадын орнуудын туршлагыг харахад том төслүүдээ хэрэгжүүлсний дараа Хөгжлийн банкаа хувьчилчихдаг юм билээ. Манай улсын хувьд шилжилтийн үе дуусч эдийн засаг нь шинэ шатанд гарч байна. Тиймээс Хөгжлийн бодлогын хувьд төрийн үйлчилгээг хүргэдэг төсөв, хөгжлийн төсөв хоёрыг зэрэгцүүлж явах шаардлага тулгарч байна.
-Манай улс зөвхөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авдаг буурай орон байхаа болилоо гэж олон улсад тунхаглаж байгаа гэл үү?
-Монгол Улс зөвхөн хөнгөлөлттэй зээл, тусламж авдаг орноос арилжааны зээл авдаг орон болж байгаа гэдгээ зарласан. 2012 оны төсвөөс эхлээд энэ бүх зүйлээ хангана.
Д.ДОРЖПАГМА
No comments:
Post a Comment