Р.Тогоо: Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд таниулахыг зорьж явна

http://news.gogo.mn/r/61816
2009 оны 11-р сарын 5
Р.Тогоо: Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд таниулахыг зорьж явна

Бид энэ удаа Физик математикийн шинжлэх ухааны доктор Р.Тогоог урьж ярилцлаа. Тэрбээр дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг юм.

-Хэрхэн эрдэм шинжилгээний ажилтан болсон бэ?
-1975 онд МУИС-ийн физик математикийн факультетийн физикийн ангийг дүүргэж Шинжлэх ухааны академийн физик техникийн хүрээлэнгийн их энергийн тасагт эрдэм. шинжилгээний ажилтнаар орж одоог хүртэл ажиллаж байна.

-Тэр үед тийм том газар очиж ажиллахад ямар эрдэмтэд тосч авч байсан бэ?
-Намайг тэр үед ороход авъяаслаг эрдэмтэд олон байсан. Одоогийн академич Ц.Баатар, Б.Чадраа, Н.Далхажав, Д.Түвдэндорж, Г.Шархүү гэх мэт. Би тэднээс их зүйлийг сурч мэдсэн. Тэнд очоод шууд Дубнатай холбоотой хоёр метрийн пропант хөөст камерын аргаар зурган мэдээллийг боловсруулах хамтын ажиллагаанд орж ажилласан.


Энэ хамтын ажиллагаа бол социалист орнуудын 12-13 лабораторийг нэгтгэсэн 100 гаруй эрдэмтдийг хамарсан байсан юм. Энэ нь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн 50 гаруй жилийн хөгжлийн түүхэн дэх хамгийн том ажиллагаа байсан. Оросын эрдэмтэд үүнийг маш сайн зохион байгуулсан, их ч олон эрдэмтдийг төрүүлсэн. Энэ хамтын ажиллагааны хүчинд манай улсаас ч олон арван эрдэмтэн мэргэд төрсөн.

-Эрдэм шинжилгээний байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа ямар бүтээлүүд хийв?
-Кумулятив эффектийг судлах туршлагын материал болох 5585 тохиолдын статистик бүрдүүлж, шинэ мэдээлэл гаргасан. Мөн хоёрдогч бөөмсийн үүсгэвэр адрон кластер илрүүлэх шинэ арга боловсруулж, хоёрдогч адронуудын кластерчлагдах зүй тогтлыг анхдагч энерги болон бай, бөмбөгдөгч цөмийн атомын жингээс хамаарах хамаарлыг системчлэн судалж, адронуудын бүлээр үүсэх үндсэн асуудлыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой асуудлыг шийдвэрлэсэн. Релятив цөм-цөмийн мөргөлдөөнөөр хүчтэй харилцан үйлчлэлтэй нэгэн зэрэгцээ цахилгаан соронзон үйлчлэл илрэх өвөрмөц онцлогийг судалж тогтоосон. Тоочоод байвал эрдэм шинжилгээний 150 гаруй ажил хэвлүүлсэн.

-Эрдэмтдийн бүтээлийг нэг удаа хийгээд орхидог зүйл биш гэж ярьдаг?
-1975-1984 онд өөрийн багш Н.Далхажавын удирдлага дор Физик техникийнхээ хүрээлэнд фото эмульсийн судалгааны ажилд мөн оролцсон. Олон баримт мэдээлэл цуглуулж одоо хүртэл судалж л байна. Бидний судалгааны ажил танин мэдэхүйн маш их ач холбогдолтой. Түрүүний дурьдсан Дубнагийн Их энергийн лабораторид 11 жил ажиллахдаа 1989 онд дэд эрдэмтэн, 1993 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Манай улсын гурван эрдэмтэн олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаагийн нэг нь таныг гэсэн?
-Академич Ц.Баатарын идэвх санаачилгаар зохион байгуулсан "УЛБА" бүлэгт хамаарагдах Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Физик Технологийн Хүрээлэнгийн эрдэмтэд Герман улсын Хамбург хот дахь цөмийн судалгааны “DESY" төвийн Н1 хамтын ажиллагаанд Б.Хүрэлбаатар, Ц.Баатар бид гурав ажиллаж байна. Бид олон улсын эрдэмтэдтэй хамтран харилцан үйлчлэлийн системийн энерги нь 319 ГэВ- ийн энергитэй электрон протоны мөргөлдөөнөөр үүссэн саармаг гаж бөөмсийн шинж чанарыг судалсан. Мөн тэдгээр бөөмсийн хөндлөн огтлол, тэгш хэмт биш чанар, тэдгээрийн харьцааг дамжуулалтын импульсын 100ГэВ2 -аас бага утганд бусад туршлагаар гарсан үр дүнтэй харьцуулаад, хүчтэй харилцан үйлчлэлийн гол онол болох квант хромодинамикийн дээд эрэмбийн засварыг тооцоолсон ЖАНГО (DJANGON) онолыг загвараар сайн тодорхойлогдож буйг илрүүлсэн.

Үүнээс гадна дээрх харилцан үйлчлэлээр эерэг пион солилцох нөхцөлд тохирсон анхдагч протон нейтрон болох үзэгдлийн судалгааг хийж байна. Академич Ц.Баатарын Монголын физикч эрдэмтдийг дэлхийн тавцанд гаргасан гавъяаг төр үнэлэх нь гарцаагүй байх.

-Сүүлийн үеийн эрдэмтдийг гэртээ ажлаа хийдэг гэдэг. Эрдэмтэн хүнд ажлынхаа байранд ажиллахад арай илүү дөхөмтэй биш үү?
-Хамгийн гол нь Хүрээлэнгийн интернэт маш олон компьютер залгагдсан байдаг тул удаан, олон улсын төвүүдтэй холбогдон ажиллах ямар ч бололцоогүй. Тийм учраас гэртээ интернэт тавиулчихаад "DESY"-д байгаа юм шиг ажлаа хийж байгаа. Ялангуяа, үдээс өмнө ажилахад амар байдаг. Орчин үед эрдэм шинжилгээний ажил компьютерээр хийгддэг шүү дээ.

-Монголчууд эрдэм шинжилгээний ажилтан, судалгаа шинжилгээ гэхээр гадаад улс орнуудад байдаг гэж ойлгодог. Гэтэл түрүүний таны хэлдгээр дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа шүү дээ?
-Яг үнэн. Манайхан тийм ойлголттой байдаг. Эрдэм шинжилгээний ажлын хамт олныг яаж бүрдүүлэх вэ, удирдлага нь яаж ажиллах ёстой гэдгийг бид "DESY"-д ажиллаж байхдаа сайн мэдэрсэн. Харин манайд энэ байдал учир дутагдалтай байдаг. Гэтэл тэр байгууллагын удирдлага 400 гаруй хүнийг хэн нь ямар ажил хийж байна гэдгийг хянаж, дээр нь эрдэм шинжилгээнийхээ ажлыг явуулж, удирдаж байдаг. Манайханд эрдэмтдийн, судалгаа шинжилгээний тухай тийм ойлголт байна аа гэдэг чинь эрдэмтэд өөрсдийнхөө ажлыг нэг их тайлагнадаггүйтэй холбоотой, нөгөөтэйгүүр удирдлага зохион байгуулалтын асуудалд, суралцах зүйл нэлээн бийг илтгэж байгаа хэрэг.

Бидний эрхэлж буй "DESY"-гийн судалгаа шинжилгээний ажил, түүний арга зүй, туршлага нь их энерги, эгэл бөөмийн физикийн салбарт шинээр ашиглалтад орох орчин үеийн туршлагуудад Монгол эрдэмтэд орох бололцоог хангаж өгч байна. Түүнээс гадна Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд таниулахыг зорьж явна.

-Та "DESY"-д Монгол Улсаа төлөөлж ажиллаж байгаагийн хувьд энэ байгууллагын үүсэл, хийж судалж буй ажлын талаар товчхон дурьдахгүй юу?
-1959 оны арванхоёрдугаар сарын 18-нд үүсгэн байгуулагдсан. Энд 40 гаруй орны 28 лабораторийн 400 орчим эрдэмтэд ажилладаг. "DESY" нь кристаллаас кварк хүртэлх объектын бүх шинж чанарыг судалдаг байгууллага. Дэлхийн материйн бүтцийг болон эгэл бөөмийн хэсгийг судалдаг тэргүүлэх байгууллага юм. Энэ оны дөрөвдүгээр сараас 2010 оны мөн сар хүртэл олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Бид ч гэсэн өөрсдийн оролцсон бүтээлээ эмхтгэж "DESY"-гийн 50 жилийн зориулан гаргах гэж байна.

С.Туул


No comments:

Post a Comment