2009 оны 3-р сарын 23, Даваа гариг, 13:48 Зууны мэдээ
Уншсан: 1293
Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.
-ОРЛОГЫГ НЬ ТООЦОХГҮЙ, ЗАРЛАГААР НЬ ЯЛЛААД БАЙВАЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХЭН АЖИЛЛАХ ЮМ--Чулуунбатын гэх тодотголтой гурван зүйл анги бүхий хэргийн талаарх шуугиан он дамжсаар өдийг хүргэлээ. Та өөрийгөө хамгаалах хангалттай нотлох баримттай гэдэг ч хэрэг хаашаа шийдэгдэх нь тодорхойгүй байна?
-Намайг Монгол банканд ажиллахаа больсноос хойш гурван зүйл анги бүхий хэргээр шалгах хэрэгтэй гэж Төвбанкнаас хүсэлт гаргасан юм билээ. Нэгдүгээрт, "Алтан Дорнод Мон гол" компаниас Монголбанк гурван тонн алтыг хадгаламжид авч, татвараас зугтах боломж олгосноороо улсад хохирол учруулсан. Иймээс 7-10 жилийн ял сонсгоно гэж байсан. Хоёр-дугаарт, "Кредит Траст" банканд 10 сая долларын хадгаламж байршуулсны дараа банк нь дампуурсан. Улсад хохирол учруулсан гээд 7-10 жилийн ял сонсгоно гэсэн. Иргэдэд зориулан хямд үнэтэй орон сууцны хорооллын мөнгө босгохоор гадаадын байгууллагатай гэрээ байгуулсан, дараа нь энэ гэрээ цуцлагдаж, торгууль төлсөн гэсэн гурван зүйл ангиар надад хэрэг нээсэн.
-Монголбанкнаас гомдол гаргасан гэдгийг нэг л сайн ойлгохгүй юм. Та тэнд 20 гаруй жил ажилласан байхад?
-Монголбанкныхаа асуудлынхаа учрыг олоогүй, эсвэл албаар улс төр хийх гээд ингэсэн гэдгийг би сайн ойлгохгүй л байна. "Алтан Дорнод Монгол"-ын хувьд хугацаа нь дуусаад, улсын төсөвт 15 тэрбум төгрөгөөр илүү ашиг орсон. 2006 онд энэ компани нэг унци (31,1035 гр) алтыг 600 доллараар тооцож татвараа төлөх ёстой байсан юм. 2007 оны арван хоёрдугаар сард надтай байгуулсан гэрээгээр хадгаламжийнх нь хугацаа дууссан. Тэр үед алтны үнэ 930 доллар болчихсон байсан. Ингэснээр улсын төсөвт 15 тэрбум төгрөгийн ашигтай гарсан юм л даа, Тэр гурван тонн алтыг хадгаламжид авснаар хар замаар ороогүй, төлөх ёстой татвараа бүгдийг улсад оруулсан. Харин Монголд олборлогдоод, тушаагдаагүй 20 гаруй тонн алт хар замаар алга болж нэг ч төгрөгийн татвар төлөглөгдөхгүйгээр гадаад руу гарсан биз дээ. Үүнтэй харьцуулахад Монголбанкны хийсэн үйлдэл маш зөв болсон. Би тэр үед шалгалт хийж байгаа хүмүүст нь "Энэ огт гэмт хэрэг биш ээ. Харин ч улсад маш их ашигтай" гэдгийг тайлбарласан. УИХ-ын Байнгын хороодын хуралд ч ингэж л хэлсэн. "Ядахад надад баярлалаа гэдэггүй юм гэхэд уучлалт гуйх л учиртай даа" гэж би бодоод явж байна.
-Гэхдээ банканд мөнгө байршуулсан нь үнэн биз дээ. Алдсан тэр мөнгөний асуудал шийдэгдээгүй болохоор шүүх цагдаадаа тулсан юм биш үү?
-"Кредит Траст" банкны хувьд мөнгө байршуулсан нь үнэн. Арбитражийн бүх шийдвэр Монголбанкны талд гарсан. Араас нь хөөцөлдөхөд мөнгөө бүрэн авах зам нь нээгдчихсэн. "Москвад очоод тэр мөнгө юу болж байгааг хөөцөлдөөч" гэж би Л.Пүрэвдорж ерөнхийлөгчид хүсэлт тавьсан. Манайхаас анхны төлөөлөгч очиход л хэдийнэ 59 сая рубль жил гаруйн өмнө төлөгдчихсөн байсан. Тийм баримтыг ч үзүүлсэн байна лээ. Мөнгө нь төлөгдчихөөд байхад Монголбанк яагаад хөөцөлдөөгүй юм бол гэж би гайхаад байна. Энд ямар ч гэмт хэргийн үйлдэл байхгүй. Монгол Улс ч гадаадад мөнгөө төлөхгүй удах тохиолдол олон. 1991 онд Италиас авсан зээлийг би 2004 онд шийдэж л байсан, Энэ хооронд Монголын Ерөнхий сайд эсвэл, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт эрүүгийн хэрэг нээснийг санахгүй юм. Уг нь ийм хэргийг арбитражийн шүүхээр шийддэг. Гэтэл заавал эрүүгийн хэрэг үүсгэж шийддэг газар Монголоос өөр байдаггүй байх. Тэр мөнгөнөөс би хувьдаа авсан ч юм уу, завшсан, хувийн хэрэглээндээ зарцуулсан бол эрүү-гийн хэрэг үүсгэх байх. Надад хувьдаа завшсан юм байхгүй.
-Тэгвэл гурав дахь хэрэг буюу Тандирс" хорооллын хэрэг яагаад мандчихав аа. Мөнгө угаахыг оролдсон гэхчлэнгээр хүмүүс янз бүрээр ярьдаг. Үнэхээр тэгсэн юм уу?
-Тандирс" хорооллыг санхүүжүүлэх гэрээнд би гарын үсэг зурсан нь үнэн. Дараа нь үүнийг мөнгө угаах хэрэг гэж тайлбарлаад цуцалсан байна лээ, Би 29 жил банкны системд ажиллалаа. Бүх насаараа л ийм маягаар мөнгө босгосон. Тэр бүгд амжилттай болсон байхад ганц энэ санхүүжилтийг л босгохгүй байя гэсэн хүсэл тэр хүнд байсан байх. Би 1993,1996 онд Монголбанканд байхдаа алтны хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Ингэхдээ гадаадын санхүүгийн байгууллагаас 10-30 сая долларыг Эл-Сигээр л босгосон. 2000 оноос хойш алтны компаниудыг Эл Сигээр санхүүжилт босгож л байлаа. Дөргөний усан цахилгаан станц барья гэхэд Монголбанкны өмнөөс 30 сая долларын ийм гэрээнд гарын үсэг зурж байсан. Хятадын Синошүрээс Монголын арилжааны банкуудын авах 100 сая долларын Эл-Си-д би бас гарын үсэг зураад болж л байсан. Яагаад зөвхөн ганц энэ, нийгэмд, улаанбаатарчуудад маш чухал төслийн санхүүжилтийн Эл-Си-г мөнгө угаах үйлдэл гээд цуцалсныг ойлгохгүй байна. Гэхдээ энэ цуцалсан үйлдэл гээд цуцалсныг ойлгохгүй байна. Гэхдээ энэ цуцалсан үйлдэл 2007 онд буюу намайг Төвбанкинд ажиллахаа больсноос хойш хагас жилийн дараа болсон. Тэгэхээр үүнд би хариуцлага хүлээхгүй.
-Тэгвэл хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Та илүү тодорхой яривал ямар вэ?
-Энэ гэрээг цуцалсан хүн л хариуцлага хүлээнэ. Би 2006 оны аравдугаар сард ажлаасаа гар-сан. Би Монголбанканд зургаан жил ажиллахдаа 125 тэрбум төгрөгийн орлого оруулж, 60 тэрбумын зарлага гаргасан. Цэвэр ашиг нь 65 тэрбум төгрөг. Ямар ч хүнд хэлсэн илт мэдэг-дэхээр цэвэр ашиг байгаа биз дээ. Ийм байхад яагаад улсад хохирол учруулсан гээд надад хэрэг үүсгээд байгааг ойлгохгүй байна. Ашгийг нь чимээгүй авчхаад зарлага гаргахаар нь хохирол учруулсан гээд эргүү-гийн хэрэг үүсгэж болохгүй биз
дээ.
дээ.
-Үүсгэсэн эрүүгийн хэрэг Таныг УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх сургаар л дэгдсэн гэхэд буруудахгүй байх. Монголбанкны ерөнхийлөгч Чулуунбат гэж олон нийт төсөөлдөг байснаас биш МАХН-ын гишүүн гэдгээр тань харна гэж бэлтгэ ч үгүй байсан үе. Таныг УИХ-ын гишүүн болоход дургүйлхсэн хүмүүс ер нь бий болов уу?
-Энэ бүхэн улс төртэй холбоотой байж болох юм, Гэхдээ улс төртэй хэчнээн ч холбоотой байсан гэсэн энгийн, санхүүгийн, хууль эрхзүйн салбарт ажилладаг хүмүүс ойлгохоор үйл ажиллагаа, сайшаахаар үр дүн байгаа биз дээ, Намайг одоо буруутгах юм бол Монголын бүх Сангийн сайдад ял оноож болно, Монголбанкны бүх ерөнхийлөгчийг шоронд хийж болно, Надад хандаж байгаа энэ зарчмаар бол А.Батсүх бүр том хэрэгт холбогдох болох нь ээ дээ. Монголын муудсан банкуудад 240 тэрбум төгрөг өгчихсөн юм чинь, Тэднээс зарим мөнгө нь төлөгдөж ирэхгүй бол А.Батсүх үүнийг ганцаараа идчихсэн гэж ял оноож болохгүй биз дээ.
-УИХ-ын гишүүний тань бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа хэргийн шүүх хурлыг эхлэх байх тийм үү?
-Намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө энэ асуудал яригдсан учраас би ямар нэг хориг саад тавихыг огт бодоогүй, Би гэмт хэрэг хийгээгүй, Ажил үүргээ сайн биелүүлсэн, санхүүгийн маш сайн үр дүнтэй учраас өөртөө итгэл дүүрэн байсан, Би хувьдаа мөнгө идээгүй, Надад компани ч байхгүй. Монголбанкны бүх гүйлгээ доллар, центээрээ компьютерт олон жил хадгалагддаг, шалгаж ч болно, 1991-2000 онд Монголбанк улсын төсөвт нэг л тэрбум төгрөг тушаасан. Би 2000-2006 онд 65 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Тэгэхээр би энэ улсыг ашигтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хичээсэн байгаа биз дээ. Эсвэл сайн ажиллаж болдоггүй юм уу. Ямар ч байгууллагаас зардал, гарлага гардаг шүү дээ. Би ийм том орлого олж байгаа юм чинь зар лага гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтан байсан юм шүү.
-АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР 10-ЫГ БАЙГУУЛААД Ч ОДООГИЙН ХЭЭЛ ХАХУУЛИЙГ ДАРЖ ЧАДАХГҮЙ--Зарим хүн Таныг УИХ-ын гишүүн гэхээсээ илүү Монголбанкны ерөнхийлөгч гэсэн нүдээр одоо ч хардаг байх. Харин таны хувьд улс тор төсөөлж байснаас ямар байна?
-Би энэ парламентыг сайн эсвэл муу гэж харьцуулмааргүй байна. Улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж чадах бүрэлдэхүүн мөн үү, биш үү гэдгээр нь л дүгнэх ёстой. Үүгээр нь дүгнэж хэлэхэд эрт байна.
-Та МАХН-ын эдийн засгийн бодлогыг тодорхойлоход оролцдог намын цөөн гишүүний нэг. Харин Та бодлогод нь хэрхэн ханддаг вэ?
-Намын эдийн засгийн бодлого надад хэрхэн ойлгогдож байгаагаар л би саналаа илэрхийлж байгаа. Би зөвхөн намын бодлого бариад суудаггүй, шүүмжлэлтэй юмыг нь ч шүүмжилж байгаа. Тэгж байж зөв бодлого тодорхойлогдох ёстой биз дээ.
-Яг ямар бодлогыг нь шүүмжилдэг гэж. Та зоригтойгоор хэлж чадах уу?
-Монголын төрд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ дэмжих бодлого муу байна. Аль болохоор амрыг хичээсэн, ажлын тасалгаанд суухыг бодсон, хүнд сурталтнуудыг дэмжсэн, бизнес, хувийн хэвшлийнхнийг гомдоосон бодлого яваад байгаа юм уу гэсэн зовиур байна, Хэрэв ийм бодлого удаан үргэлжлэх юм бол Монгол Улс яваандаа өрсөлдөх чадваргүй эдийн засаг бол-но. Бүгдэд нь татвар ногдуулаад л, бүгдийг нь янз бүрийн шалгалтаар дарамтлаад байхаар материаллаг үйлдвэрт ажиллах хүмүүс нь ашиггүй болоод байна. Ингэхээр хувийн хэвшилд ажилласнаас төсвийн байгууллагад манаач болсон нь дээр гэдэг ойлголт гараад ирлээ. Бидэнд конторт суусан цагаан цамцтай, цаастай ажилладаг хүнээс илүү материаллаг үйлдвэрт уул уур-хайн бүтээгдэхүүн гаргадаг, барилга байшин барьдаг, хувцас хунар оёдог, идэвхтэй хүмүүс хэрэгтэй байна: Монгол Улс Хонгконг болон гадаадын бусад улс шиг үйлчилгээний салбар хөгжсөн орон болох болоогүй ээ. Төсөвт ажилласнаас хувийн хэвшилд хөдөлмөрлөсөн нь хамаагүй ашигтай гэдгийг ойлгох болсон тэр цагт л бид хөгжинө.
-Засгийн газраас агентлагуудынхаа тоог нэмсэн биз дээ. Та үүнд ч бас их шүүмжлэлтэй ханддаг байх нь ээ. Төрийн ажлыг хялбаршуулахад үүнээс өөр сонголт байсан болов уу?
-Манайх шиг ийм жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай оронд Засгийн газрын ийм их зохицуулалт хэрэггүй. Хөдөө аж ахуй, байгаль орчныг хариуцсан яамдад ой мод, ус, мал аж ахуйн гээд адилхан функцтэй агентлаг олон байна. Тэнд ямар ч материаллаг баялаг бүтээдэггүй хүнд сурталтнуудын тоо л нэмэгдэж байгаа юм. Бизнесийг шалгаж, торгож ажиллах нөхцөлийг нь хүндрүүлж, зөвшөөрөл өгөхгүй удаадаг, хээл хахуулийн замаар хөдөлдөг ийм л нийгмийн давхаргатай болж байна шүү дээ. Манай улсад ийм олон төрийн агентлаг бий болчихсон юм чинь хээл хахуулиа яаж барж, дарж, дийлэх юм бэ. Бид Авлигатай тэмцэх газар 10-ыг байгуулаад ч дийлэхээргүй том хээл ха-хуультай, авлигатай төрийн үйлчилгээ, зохицуулалт, мөн төрийн өмчтэй болчихлоо.
-Таныхаар энэ олон яам, агентлагийг цэгцлэх боломж бий юу?
-Засгийн газар үүний тулд зоригтой саналыг УИХ-д оруулах ёстой.
-Засгийн газар гэснээс тэдний боловсруулсан хямралыг гэтлэх төлөвлөгөөг УИХ хэрэгжүүлэхээр боллоо. Хэрэгжилтэд нь Та УИХ-ын гишүүн биш эдийн засагчийнхаа хувьд хэрхэн хандаж байна?
-Нэгдүгээрт, их хоцорч орж ирсэн. Манайхыг тойрч гарна гээд байсан хямрал маань биднийг дайраад гарч байна, Хямралын төлөвлөгөөг ажиглавал Засгийн газар дангаараа биеэ даагаад юм хийчихмээр харагдаж байна. Бид хямралаас хурдан гаръя гэвэл нийгмийн бүх гишүүн, иргэдэд нь таатай бизнес хийх, ажил эрхлэх, хууль эрх зүйн, мөнгө санхүүгийн орчин бүрдүүлж өгөх ёстой. Харин ганц Засгийн газар аварна гэвэл худлаа. Засгийн газар гадаадаас 1,5 тэрбум доллар олж ирээд аварчихна л гэж байна. Энэ бүтэхгүй л дээ. Монгол хүн бүрт бизнес хийх, чөлөөтэй хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлж байж хямралаас гарна. Агентлаг, хороодод зангиа зүүгээд сууж байгаа хүмүүс хүрз бариад нүүрс ухсан нь хамаагүй ашигтай гэдгийг мэдрэхээр орчин бүрдсэн тэр цагт л бид хямралаас гарна.
-Гаднаас мөнгө зээлэх нь зөв эсвэл буруу гэдэгт гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Зарим нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий гэж ч зовниж байгаа нь харагддаг. Энэ бүхнээс жирийн иргэд аль нь үнэн бэ гэдгийг мэдэхээ больчих шиг боллоо?
-Бид аль олдож байгаагаас нь л мөнгө авах хэрэгтэй. Монголчууд бүгдээрээ хүнд байдалд ороод ажилгүйдэлд нэрвэгдээд, орлогогүй байгаа нь л бидний үндэсний аюулгүй байдалд хамгийн муугаар нөлөөлнө. Тэгэхээр энэ байдлаасаа гарахын тулд авч байгаа арга хэмжээ нь яагаад аюулгүй байдалд муугаар нөлөөлөх ёстой гэж. Харин ч хамгийн сайнаар нөлөөлөх юм биш үү. Гэхдээ манайх шиг улсын Засгийн газарт гадаадынхан бэлэн мөнгө өгөхгүй л болов уу. Монголын Засгийн газраас нь илүү арилжааны банкнууд, хувийн компаниудаар нь дамжуулан мөнгө өгвөл хөгжиж магадгүй гэсэн ойлголт зах дээр бий болчихлоо, ОХУ-ыг хар л даа манай Засгийн газарт биш банкуудад мөнгө өгч байна. Засгийн газарт нь өгчхөөр авилга эсвэл халамж болчих гээд байгаа болохоор аргагүй шүү дээ. Хятадаас ч манайд оруулах мөнгө тийм замаар л ирнэ. Ингэж иргэдийгээ хамаагүй хавтгайруулан халамжлаад, мөнгө санхүүгээ тооцоогүй тараагаад байдаг Засгийн газрын гар дээр мөнгө бараг тавихгүй дээ. Тиймээс бид бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Бодлогоо өөрчлөх нь Монголын өрхүүдийн 25 хувьд магадгүй их хүндээр тусна. Тэр 25 хувь гэдэгт би цагаан цамцтан, хүнд сурталтнуудыг хэлээд байна.
-ОУВС-ГИЙНХНЫ ДУНД МОНГОЛЫН БАНК САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ТАЛААР ОЙЛГОЛТГҮЙ ХҮМҮҮС Ч БИЙ--Хямралаас гарах бас нэг алхам нь Төвбанк бодлогын хүүгээ өсгөсөн явдал гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэж байгаа. 9,75 хувьтай байсан хүү одоо 14-т хүрлээ. Энэ алхам Таны хувьд зөв үү?
-Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоё гэвэл энэ хийх ёстой алхам. Өнөөдрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг харвал байдлыг улам хурцатгахаар, муу үр дагавартай шийдвэр болчихлоо. Манай улсын бизнесийн улирал эхэлж байна. Энэ үед Төвбанк бодлогынхоо хүүг өсгөснөөр зээл улам хүртээмжгүй болно, хүртсэн ч маш их өртөгтэй болно, Компаниуд ажил хийхээсээ илүү хүлээзнэнэ. Цонхоор харагдаж байгаа дутуу баригдсан барилгуудын нэг нь ч үргэлжлэхгүй байх. Уул уурхайн компаниуд энэ жилдээ ажил хийхээргүй төлөвтэй болох нь. Бүх төрлийн татвар орж ирэх нь багасна. Тэгэхээр конторт суудаг цагаан цамцтанууд, хүнд сурталтнууд төсөв гэдэг найдвартай мөнгө өгөөд байдаг байгууллага биш юм байна гэж ойлгоно. Дэлхий даяар Засгийн газар, Төвбанкууд инфляцийг орхиод зах зээл рүүгээ, иргэд, бизнесийнхэндээ мөнгө хүргэж байна. Бид бас ухаантай, хөг жилтэй орнуудын ухаантай бодлогыг харж, өөрийнхөө нөхцөлд тохируулан хэрэглэх хэрэгтэй шүү дээ.
-Монголбанк хүүгээ дахин өсгөхөөс өмнөхөн ерөнхийлөгч нь солигдлоо. Тогтоол шийдвэр нь одоо ч олны дунд шүүмжлэл дагуулсаар байна. Төвбанкныхаа ноён нурууг Та хэрхэн харж байна?
-Миний бодлоор нуруу нь хугарчихсан, хөл нь тушигдчихсан байх шиг. Ханш нь ч тогтож өгөхгүй, хүүгээ өөрсдөө тодорхойлдоггүй хүн хэлэхээр л өөрчилдөг. ОУВС намайг Төвбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад хүүгээ нэм, мөнгөний нийлүүлэлтийг багасга гэж зөндөө л санал болгосон, Бид Монголын нөхцөлдөө таарсан бодлогоо л явуулах ч ёстой шүү дээ.
-Таныг А.Батсүх ерөнхийлөгчтэй уулзаж, зөвлөгөө өгч санал солилцдог байсан гэж би дуулсан. Харин Та Л.Пүрэвдорж ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байна даа?
-Л.Пүрэвдорж гуай бол манай сайн санхүүчдийн нэг. Хүмүүстэй санал бодлоо ч сайн солилцдог. Тиймээс нийгмийн олон давхаргын сонирхолд нийцсэн бодлого явах байх гэж бодож байна.
-Таны энэ үг Монголын-хоо амьдралд нийцсэн бодлого явуулах шаардлагатай гэсэн санаатай чинь зөрөөд байх шиг. Та бөөрөнхийлөөд байна уу даа?
-Бодлогын хүү өсөхөд Л.Пүрэвдорж гуайг ярихаасаа илүү ОУВС-тай заавал тохиролцсон байх ёстой гэсэн Зас-гийн газрын байр суурь нөлөөлчхөв үү гэж бодож байна. Засгийн газар ОУВС-тай гэрээнд гарын үсэг зуръя гэвэл Монголбанк оролцохоос аргагүй л дээ, Гэхдээ Л.Пүрэвдорж гуай Ерөнхий сайдтай хэрхэн тохиролцсон юм бол. Би Төвбанкинд ажиллаж байхдаа Ерөнхий сайдтай^Монголбанк ОУВС-гийн хооронд тохирох юм, тохирохгүй юм гэж бий шүү. Аль болох Монголын нөхцөлд нь тааруулж байя" гэсэн ам тохироотой ажиллаад болж л байсан.
-Монголбанк, Засгийн газар улсынхаа дотоод байдлыг ОУВС-д сайн ойлгуулж чадаагүй гэж зарим эдийн засагч шүүмжилдэг. Та ч бас энэ тухай яриад байна уу?
-Магадгүй. Кейнс, Фрийдлэндийн онолын ном уншсан хүмүүс, л манайд ирээд ийм зөвлөмж өгчихлөө. Харин тэд зах зээл дээр хэр их ажилласан туршлагатай юм бүү мэд. ОУВС-ийнхны дунд манай банк, санхүүгийн системийн талаар ойлголтгүй хүмүүс ч байдаг юм шүү.
-Та тэднийг туршлагагүй гэх гээд байна уу?
-Тиймээ. Монголын нөх-цөлд таарсан туршлага байхгүй байж магад.
-Гэхдээ манай улс ОУВС-гаас 224 сая доллар зээлэх гэж байгаа шүү дээ. Энэ мөнгө улсын төсвийн цоорхойг нөхөж, эдийн засгийг тогтворжуулна гэж ярьсан. Засгийн газар, Монголбанк ч үүнд итгэлтэй байгаа?
-224 сая доллар чинь манай өнөөдрийн эдийн засгийн тогоон дотор юу ч биш. ОУВС манай тогоог маш жижигхэн гэж ойлгоод байх шиг. Гэтэл маш их томорчихсон шүү дээ. Зүйрлэвэл, 224 сая доллар аяга цайнд чимх будаа хийж байгаатай л адил. Гэтэл манай аяганд атга будаа хийх хэрэгтэй байна. Тэгж байж л бидэнд идчихээр юм гарна аа даа. Тэгэхгүйгээр чимх будаа хийгээд юу гарах юм, юу ч гарахгүй, ОУВС манай эдийн засгийг 10-15 жилийн өмнөхөөрөө л дүрслээд байх шиг байна. Монголчуудад "Холын хамаатнаасаа илүү ойрын хөрштэйгөө хамтарч ажилла" гэдэг зүйр үг бий. ОХУ манай байдлыг дүгнэж үзээд 300 сая, Хятад хоёр тэрбум доллар өгөхөөр ярьж байна. Эдгээр орны эдийн засагт Монгол Улс энэ хэрээр хэрэгцээтэй байгаа болоод л тэр шүү дээ. ОУВС-гийн бодлогыг тодорхойлдог бусад том гүрний хувьд Монгол Улс бараг шаардлагагүй түнш учраас л 200-хан сая доллараар үнэлэгдээд байна.
-Өөрөөр хэлбэл, Та ОУВС-гийн зөвлөмжөөр бодлогын хүүг өсгөх шаардлагагүй байсан гэж үзэж байгаа юм уу?
-Тийм. Гэхдээ ОУВС-аас өгдөг зөвлөмжөөс "Хавтгайруулан халамжлахаа зогсоо" гэдэг нь хамгийн сайн зөвлөмж. Бид заавал тэднээр хэлүүлэлгүй бүр өмнө нь хавтгайрсан халамжаа зогсоосон бол төсвийн алдагдал ийм их хэмжээнд хүрэхгүй байсан юм. Төсвийн алдагдал ДНБ-ийн зургаан хувьд хүр-лээ гэдэг мэдээлэл гадаад захад маш муу сигнал болж тарсан. Ингэснээр гадаадын компаниуд хөрөнгөө татаж эхэлсэн. Мөнгөний бодлого нь ч муу болчихсон, хамаг
зээлээ хаачихсан байсан. Бүх юм муу болчихсон хойно ОУВС-д хандахаар хэлсэн, санал болгосныг нь авахаас аргагүй шүү дээ.
зээлээ хаачихсан байсан. Бүх юм муу болчихсон хойно ОУВС-д хандахаар хэлсэн, санал болгосныг нь авахаас аргагүй шүү дээ.
-Та энэ бүхний үр дагаврыг хэрхэн харж байна?
-Яахав, бид нэг жил юу ч хийхгүй хүлээгээд л өнгөрөх байх. Мэдээж, бидний хувьд урт хугацаа, маш их боломжоо алдана.
-Бодлогын хүү өссөн нь төгрөгийн ханшийг тогтворжуулж чадах болов уу?
-Чи үүнийг өөрөө дүгнээд биччих, шийдвэр гарснаас хойш ямар байгааг.
-Гэхдээ би Тан шиг 20 гаруй жил энэ салбарт ажилласан туршлагагүй учир дүгнэлт өгч чадахгүй шүү дээ?
-Би 20 гаруй ажилласан мөртлөө ойлгохгүй, гайхаад л байна шүү дээ.
-Төгрөг улам үнэгүйдвэл хэн хариуцлага хүлээх бол. Монголбанк уу?
-Мөнгөний бодлогын тухайд бүх асуудалд Монголбанк 100 хувь хариуцлага хүлээнэ. Мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн зас-гийн амьдралд Засгийн газраас хоёр дахин хүчтэй байгууллага шүү дээ. Зас-гийн газар жилдээ хоёр их наяд төгрөгийг удирдан зохион байгуулдаг: Монголын банкны салбарт дөрвөн орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа. Үүнийг Монголбанк зөв удирдан зохион байгуулах боломжтой л байсан.
-Ер нь бид ОУВС-аас зээл авах шаардлага байсан уу?
-Миний бодлоор бидэнд тийм шаардлага байгаагүй. Монгол Улс өөрөө зах дээрээс зээл авах бололцоотой байсан. Гэхдээ одоо ханш уначихсан, муудсан эдийн засагтай тул хэн ч биднийг тоохгүй, Ингээд л ОУВС-тай ярилцахаас аргагүй боллоо.
-Монголын 2009 оны эдийн засгийн лагшин танд хэрхэн харагдаж байна?
-Өнөөдрийнх нь байдлаар харж байна. Бизнесийн улирал эхэлж байна. Ямар ч ажил хийх, хөдөлмөрлөх чадваргүй, эмнэлгийн хэлээр бол хэвтрийн байдалд байна. Сэхээн амьдруулах руу арай орчхоогүй. Уг нь тариа, дуслыг нь хийгээд хөдөлгөмөөр л санагдах юм.
No comments:
Post a Comment