2009 оны 6-р сарын 15, Даваа гариг, 00:00 Өглөөний сонин
-Тэр үеийн давуу тал нь юу байсан юм бэ?
-Улс төр, нийгэм, хууль, эрх зүй, санхүү, мөнгөний хамгийн тогтвортой орчныг тэр үед хадгалж чадсан. МАХН дийлэнх олонх байсан учраас ямар ч асуудлыг хойшлуулалгүй шийдэж байлаа.
-Өнөөдөр мөнгөгүй, хэцүү байгааг та хэлж байна. Гэхдээ Монгол Улс их мөнгөтэй байж үзсэн. Тэр их мөнгөтэй, макро эдийн засгийн үзүүлэлт сайн байх үед ч ажилгүйдэл, ядуурал их хэвээр байсан. Тийм учраас гэнэт идэх гэдсэнд халтай, манайд их мөнгө хэрэггүй гэж үзсэн хүн олон?
-Тэр үед Засаг мөнгө ихтэй байснаас болж муудсан. Түүнээс биш Монгол Улс их мөнгөтэй байгаад муудна гэж байхгүй. Банкны салбар мөнгөтэй байвал монголчуудад л ашигтай. Харин Засгийн газар их мөнгөтэй байх ямар ч шаардлагагүй. Засгийн мөнгө ихэдсэнээс болоод хавтгайруулан халамжилж эхэлсэн нь буруу бодлого байсан. Үүнээс болоод завиар төсөөлвөл ёроолыг нь хэмх цохичихсон, цоорхой завьтай мөртлөө бид далайд гарчихлаа. Ийм завьтай цааш хол явахгүй. Тийм учраас сахилгатай төсөвтэй, стандартын мөнгөний бодлоготой, дэлхийн зах зээл хүлээн зөвшөөрөхөөр нөхцлийг бүрдүүлэх ёстой. Цэгцтэй савандаа эргээд орж байж том мөнгө авах, бүгдэд нь хишиг өгөх боломж бүрдэнэ. Өнөөдөр манай эдийн засгийн үзүүлэлтийг гадны томоохон банкирууд хараад сахилгагүй, замбараагүй, хямгач бус, хувийн зохион байгуулалтгүй гэж байна. Ер нь Засгийн газар их мөнгөтэй болно гэдэг маань Хойд Солонгос, Куба, Венесуэл мэтийн орнуудын тогтолцоо руу явж байгаатай адил.
-Засгийн газар хямралын эсрэг төлөвлөгөөнд 1.5 их ваядыг гадаад эх үүсвэрээс олохоор төлөвлөсөн боловч олж чадахгүй байна. Засаг их мөнгөтэй байх хэрэггүй юм бол энэ мөнгийг ч олох хэрэггүй юм биш үү?
-Гол нь төсөвт их мөнгө зарцуулах ёсгүй. Тийм учраас би хямралын эсрэг төлөвлөгөөг баталж байхад олсон мөнгөний өчуүхэн хэсгийг ч цалин, тэтгэмж, халамжид зарцуулахгүй, бүгдийг нь эргэн төлөгддөг бизнесийн төсөлд зарцуулъя гэдэг санал оруулсан. Энэ санал батлагдсан.
-Төсвийн 45 сая ам.долларын алдагдлыг нөхөх эх үүсвэр олдохгүй байгаа. Олох боломж хэр байгаа гэж бодож байна вэ?
-Иймэрхүү байвал чадахгүй. Мөнгө олох маш олон боломж байгаа. Бүгдийг нь хөөцөлдөх ёстой.
-Уг нь ч таван триллионд эргэлддэг ДНБ-тэй Монголын эдийн засгийг сэргээхэд тийм их хэцүү биш юм шиг?
-Аврахын төлөө ажиллаж байна.
-Та төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг харсан биз дээ. Ямар дүгнэлт өгч байна вэ?
-Сэтгэлд хүрэхгүй л байна. Монгол Улс дахиад хэдэн жилдээ муухан байна, төсвийн алдагдалтай байна шүү, та нар бидэнд мөнгө өгвөл нэмэргүй дээ гэсэн дохио хийчихээд явж байна.
-Өөрөөр хэлбэл 3.7 их наядыг зарцуулах эх орны хишгийг өгөх боломжгүй гэдгээ л тоогоор илэрхийлсэн гэж үү?
-Тийм. Яг л тийм байгаа.
-Ер нь Засгийн газрыг шүүмжлэх хүмүүс их байна шүү?
-Өнөөдөр Засгийн газар дор хаяж төрийн өмчийг бүгдийг нь хувьчлах хэрэгтэй. Төрийн өмчийн бүх компани алдагдалтай ажиллаж байна шүү дээ.
-Алдагдалтай бол дампуурчихна биз дээ?
-Дампуурах ёстой. Эрдэнэт үйлдвэр, Төмөр зам, МИАТ гээд бүгд алдагдалтай байна.
- Аль нь ямар алдагдалтай байгааг та хэлж чадах уу?
-Чадна. Эрдэнэт үйлдвэр бол бага ашигтай. Энд нэг сонирхолтой зүйл бий. Дэлхийнхээ компаниуд нийт өмчийн 10 хувиас дээш хэмжээгээр сэлбэг нөөцөлдөггүй. Гэтэл Эрдэнэт 150 тэрбум төгрөгийн сэлбэг нөөцөлсөн. Өөрөөр хэлбэл энэ нь шахааны бизнес орсны шинж. Уг нь 20-30 тэрбумаар нөөцлөхөд хангалттай.
Төмөр зам гэдэг агуу том бизнесийн машин 200-300 сая ам.долларын орлоготой мөртлөө төсөвт юу ч төлдөггүй. МИАТ 14 тэрбумын алдагдалтай. Олимп анх удаа Бээжин хотод болж, өдөр бүр нислэгтэй байсан мөртлөө МИАТ алдагдалтай ажиллана гэдэг бол маш их ухаан зарж буй хэрэг юм. Зүгээр нэг тэнэг хүн байсан бол хэвийн ашигтай ажиллуулна шүү дээ.
-Тэнэг хүн байсан бол ашигтай гэдэг нь юу вэ?
-Гадаадын нэг банкир надад «Ямар сонин юм бэ? Танайх шиг баян орныг ийм ядуу байлгахын тулд аймаар их ухаан хэрэгтэй» гэсэн. Би эхлээд ойлгохгүй байсан юм. Сүүлд ойлгосон л доо. Үнэхээр бусад орнуудад эрчим хүчний салбар хамгийн ашигтай нь байхад манай цахилгаан станцууд бүгд алдагдалтай. Хажууд нь өрсөлдөж буй Изинис ашигтай ажиллаад, үйл ажиллагаагаа явуулаад байхад МИАТ-ыг алдагдалтай байлгана гэдэг их ухаан зарах хэрэгтэй болно доо. Төмөр зам алдагдалтай гээд байхад нүүрс зөөдөг ачаа тээврийн компани ашигтай байх жишээтэй. Харин ч өндөр зардалтай нь ашигтай байна.
Тийм учраас төрийн өмчийн компаниудыг хувьчлаад, төр бүх бизнестэй зөвхөн татвараар л харьцах ёстой. Тэгэхгүй бол төрийн том түшээд өөрсдийн ах дүү, хамаатан садан, найз нөхдөө томилоод, тэднээрээ дамжуулж бизнес хийгээд муутгаад байна. Үүнийг арилгаж байж л авлига, хээл хахууль багасна. Мөн бизнесийн орчныг заавал нэг шалтгаанаар дарамталдаг байдал их байна. Бизнесийнхэн бүгд л үүнийг ярьж байгаа. Үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашдаа манай эдийн засаг улам бүр муудна.
Би зөвлөх байсан бол ийм бодлого явахгүй л байсан
-Сонгуулийн амлалтууд эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байна. Ард түмнээсээ уучлал гуйгаад үнэнээ хэлэх хэрэгтэй гэж зарим улстөрчид ярьдаг?
-Үнэн үнэн.
-Гэхдээ энэ амлалтуудыг улстөрийн намууд хийсэн. Намын цаана улстөрчид байгаа. Таныг ч мөн МАХН-ын эдийн засгийн бодлого тодорхойлогчдын нэг гэж би сонссон?
-Үнэнийг хэлэхэд би тийм зөвлөх байсан бол ийм бодлого явахгүй л байх болов уу. Гэхдээ УИХ-ын гишүүний хувьд би бодлоо хэлж байсан.
Ер нь ямар нэг амлалт өгөхийн өмнө халаасаа мэдэх ёстой. Жишээ нь би халаасаа мэдэж л хүүхдүүддээ амладаг. Аав нь чамд дугуй авч өгнө, мотоцикл авч өгнө гэх мэт. Гэтэл манайх ямар ч цалингүй, орлогогүй байж «Аав нь чамд машин авч өгнө. Байшин авч өгнө» гээд байна шүү дээ. Хэдэн сарын дараа ямар мөнгө гар дээрээ тавих вэ гэдгээ бодож амлах ёстой. Ийм тооцоотой, ухамсартай амлалт руу шилжих цаг болсон. Одоо би хөдөө орон нутаг руу явахаасаа бүр санаа зовоод байна. Сонгогчидтой уулзахаар маш хүнд байдалд орж байна шүү дээ. Юу гэж хариулахаа ч мэдэхгүй. 1.5 саяыг иргэн бүрт өгөх нь байтугай энэ жилийн төсөв биелэх үү гэдэг маань хүнд асуудал болчихоод байна. Яах вэ, хууль гаргаад цаасан дээр 1.5 саяыг өгчихөж болно л доо.
-Иргэн бүрт 1.5 саяыг олгоно гэдэг маань 3.7 их наяд төгрөг. Уг нь үүнийг өгөх бололцоо байгаа учраас намууд амласан байх?
-Уг нь өгөх боломж байгаа. Бүр асар их боломж байна. Гэвч улс төрийн тогтолцоо, одоо байгаа байдал маань үүнийг ойрын 10-20 жилдээ өгч чадахааргүй тийм л нөхцлийг бүрдүүлээд байгаа.
-Улстөрийн тогтолцоогоо өөрчилж чадах болов уу. Тийм ч амар биш байх?
-Үндсэн хуулиа эргэж харах шаардлага тулгараад байна. Олон нийтийн хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч нь, Засгийн газар нь, УИХ нь юу юу хийхээ маш нарийн тодорхойлоод, бие биеийнхээ ажилд оролцдоггүй болох хэрэгтэй юм. Ардчиллын замаар яваад 20 жил болчихоод манайх шиг ажилгүйдэл, ядуурал нүүрлэсэн улс алга. Нэг хүнд ногдох ДНБ нь 50 ам.доллар байсан Солонгос Улс 20 жилийн дараа 10 мянган ам.долларт хүргэсэн байна. Тэгэхэд манайх нэг хүнд ногдох ДНБ 150 ам.доллартай эхэлсэн байх. Өнөөдөр сайн л бол 1000 байна. Тухайлбал Оюутолгойн асуудал яагаад бүтэхгүй өнөөдрийг хүртэл байна вэ гэвэл бүх хүн түүнд сонирхлоо оруулах гэж зүтгээд байна. 76 гишүүн нэг саналтай болох хүртэл 76 жил хэрэгтэй байх. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу юу хийх ёстой, түүнийгээ Аюулгүйн зөвлөл дээр ярьдаг баймаар юм. Одоо заримдаа гадаад оронтой хийж байгаа бизнесийн гэрээ хүртэл УИХ, Аюулгүйн зөвлөл дээр очдог болж байна. Тэгэхээр Монгол Улс яаж хөгжих юм бэ? Зарим төслүүдийг алдаатай ч гэсэн эхлүүлээд явж байх ёстой. Хөгжлийн асуудлыг нэг хоногоор ч хоцроож болдоггүй. Магадгүй тухайн орон нутгийнханд ч ашигтай байж болно шүү дээ. Миний хувийн бодлоор бол Оюутолгойг хэдэн жилийн өмнө хамгийн муу хувилбараар ч болов шийдсэн бол өнөөдөр сайн шийдэл болоод явах байсан. Харамсалтай нь ингэвэл сайн, тэгвэл муу гэж маргасаар байтал дөрөв, таван жил өнгөрчихлөө.
Төсвөөр тараасан мөнгийг ийм аргаар татах ёсгүй
-Хоёулаа яриагаа банкны салбарт хандуулъя. Монголбанк бодлогын хүүгээ 14 болгож өсгөөд, саяхан 1.25-аар багасгасан. Үүнийг та зөв алхам гэж бодож байгаа юу?
-Бодлогын хүүг багасгасан биш л дээ. Энэ бол маш бага. Хүн гүйгээд цангачихсан ирэхэд нь 50-хан грамм ус өгчихөөд одоо болно гэж байгаатай л адил. Миний үед бодлогын хүү 4-5 хувиас дээш гардаггүй байсан. Гэхдээ тэр үед арилжааны банкуудад нэг их мөнгө зээлдэггүй, гаднаас мөнгө орж ирэх нь их, Монголын банкуудад мөнгө сууж үлдэх нь их байсан цаг. Одоо бол бид тэднийг үргээчихлээ.
Яах вэ, Пүрэвдорж Ерөнхийлөгч болсноос хойш Монголбанкны бодлого арай дээр болж байна. Гэхдээ л санаанд хүрэхгүй байна. Санаанд хэзээ хүрэх вэ гэхээр бүх монголчууд ажилтай, орлоготой болж, орон сууцнууд ашиглалтад ороод, хүмүүс нь хувцас хунар, машин унаагаа шинэчилдэг болсон цагт л хүрнэ. Энэ чигээрээ бүх юм царцанги хэвээр байвал бүтэхгүй.
-Бодлогын хүүг багасгавал ханш, инфляцид нөлөөлнө гээд байгаа шүү дээ?
-Манайд хүүгийн бодлого инфляцид нэг их нөлөөлдөггүй. Харин валютын нөөц за-рах, авах илүү нөлөөлдөг.
-Гэхдээ төсвийг хэт их тэлсэн учраас мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй болсон биз дээ?
-Төсвийн бодлого ч буруу байсан. Хавтгайруулан халамжлах бодлого бол маш буруу бодлого. Энэ бол том сургамж. Гэхдээ мөнгөний бодлогоор ингэж цангаах ёсгүй. Төсвөөс тараасан мөнгийг ийм аргаар татаж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл Монголд маш их мөнгө хэрэгтэй байгаа. .
-Халамжаар гарсан мөнгийг өөрөөр яаж татах ёстой гэж?
-Тэгж хамаагүй халамжлах ёсгүй. Үйлдвэрлэлд зориулах ёстой. Халамжаар өнөөдөр тараасан мөнгө маргааш Эрээн рүү явчихаж байна.
-Одоо халамжийг өгөх ёсгүй гэж хэлэх хэрэггүй болсон шүү дээ. Улстөрчид амлалтаа буцаагаагүй, цаашдаа ч халамжийн мөнгийг үргэлжлүүлэн өгөхөөр болсон. Тэгэхээр тэр мөнгийг яах ёстой юм бэ?
-Мөнгөө Монголдоо тогтоох арга бол үйлдвэрлэл.
-Сүүлийн үед арилжааны банкуудын талаар эдийн засагчид янз бүрийн дүгнэлт өгөх боллоо?
-Арилжааны банкууд дээр төлбөрийн байдал хүндэрсэн. Дэлхийд нэг хатуу стандарт байдаг. Мөнгө татан төвлөрүүлээд түүнийхээ тал хувиас илүүг зээлэнд гаргадаггүй. Жишээлбэл 100-г төвлөрүүлвэл 50-ийг нь зээлэнд гаргаж, үлдсэн 50-ийг нь төлбөр хурдан гүйцэтгэхийн тулд бэлэн мөнгөөр нь хадгалах ёстой. Намайг Төв банкны Ерөнхийлөгч байх үед энэ тоо 51, 52-оос илүү гардаггүй байлаа. Арилжааны банкууд дээр энэ стандартыг маш хатуу тавих ёстой. Мөн үүнтэй адил олон улсын банкны хорооноос баталсан зарчим ч бий. Үүнийг арилжааны банкууд хоёрхон жилийн дотор 70 гаргачихсан. Төв банкны заавал байлгах нөөц 12 хувь. Тэгэхээр цаана нь арилжааны банкуудад 18-хан хувийн бэлэн мөнгө үлдэж байна шүү дээ.
-Та зээл их гарсныг хэллээ. Тэгэхээр үүнийг Монголбанкны алдаа гэж ойлгож болох уу?
-Тийм. Одоо эргээд 1997-1998 оны байдал давтагдаж байна. Тэр үед банкуудын төлбөр гүйцэтгэх чадвар муудаж байсан. Нэг нь төлөхгүй болохоор бие биенийгээ чирч байсан. Тэр нь сургамж болж чадсангүй.
-Анод банкны асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа болохоор банкны салбарт итгэх итгэл тааруухан байх шиг?
-Энэ асуудал удахгүй тодрох байх. Анодын хувьд муу менежмент байсан, муу зээл гарсан байж болно. Банкны үүсгэн байгуулагч нарыг хулгайч гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Гүр-Аранз, Даваа, Энхтөр нар мөнгө хулгайлах ёс суртахуунтай ч хүмүүс биш, тийм амьдралын нөхцөлтэй ч хүмүүс биш. Банк байгуулж байхдаа ч, үйл ажиллагаа явуулж байхдаа ч тэд талх тариа, хоол хүнсний зардлаа бүрэн олох боломжтой хүмүүс байсан.
Ер нь банкуудын захирлыг шууд барьж шоронд хийдэг практик манайхаас өөр оронд байхгүй. Барьсан ч энэ бол эрүүгийн биш, иргэний хэрэг. Иймэрхүү байдлаар хандаад байвал цаашдаа арилжааны банкуудын эрдслийн хариуцлагыг хүлээх хүн гарахгүй.
"Алтандорнод Монгол"-той маргааш ч гэрээ хийх боломж бий
-Нэгэнт таньтай уулзсаных би тантай холбоотой хоёр зүйл асууя. Кредит Трансын 10 сая орж ирж байгаа гэж сонссон. Энэ юу болов оо?
-Хоёр жилийн өмнө орчихсон юм билээ л дээ. Монголбанк л явж хөөцөлдөөгүй болохоос биш. Сая Л.Пүрэвдорж Ерөнхийлөгчийг томилогдоход нь «Та Москва руу нэг хүн явуулаач» гэж хүссэн. Тэгээд хүн явуулсан чинь мөнгө нь төлөгдчихсөн байна гэсэн байна лээ. Үүн дээр би 7-10 жилийн ял сонсчихсон яваад байгаа. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг биш. Намайг ажлаас "гартал" энэ мөнгөний хүү нь төлөгдөөд байсан юм. Өөрөөр хэлбэл амьд актив байсан гэсэн үг.
-Банк дампуурсан болохоор л мөнгө авч чадахгүй гээд байсан?
-Банк дампуурсан ч банкнаас зээл авсан Оросын компани нь мөнгөө төлөөд явсан. Монголбанк руу мөнгөө төлөөд байхад төлөгдөөгүй гээд байсан юм билээ. Харин яагаад ингэснийг би гайхаад л байна.
-Ер нь тэгэхээр хэн нэгний хийж байсныг дараагийн хүн таслан зогсоодог байдал ажиглагдсаар байна. Таны энэ жишээнээс харахад ч Монгол төрийн бодлогын залгамж, нэгдмэл чаяар алга болжээ гэж ойлгохоор юм шиг ээ?
-Байхгүй. Яаж байх юм бэ. А.Батсүх бид хоёр зургаан жил үр дүнтэй хамтран сайн ажилласан гэж би боддог байсан. Бид хоёрын ажлыг УИХ дүгнээд, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж Монголбанкны удирдлага А.Батсүх бид хоёрт баяр хүргэж байхдаа «Банкны салбар өмнөхөөсөө өдөр шөнө шиг ялгаатай болтлоо сайжирч өөрчлөгдсөн» гэж байсан. Төрийн, дээд байгууллагаасаа тийм үнэлгээ авчихаад хоёрхон сарын дараа ялтан болох байдал үүсч байна. Энэ бол ямар ч залгамж чанар байхгүй болсныг илэрхийлж байна. Гадаадын банкирууд хүртэл «Пөөх Батсүх та хоёр чинь зургаан жил хамт ажилласан биз дээ» гээд толгой сэгсэрдэг.
-Мөн «Алтандорнод Монгол»-ын алтнаас болж таныг хэрэгт холбогдуулаад байсан?
-Надтай холбох юу байх вэ. Би «Алтандорнод Монгол»-ын гурван тонн алтыг Монголдбанканд байхдаа хадгадамжид авсан маань зөв болсон гэж боддог. Хэрвээ түүнийг аваагүй байсан бол Алтандорнод түүнийг Монголбанканд тушаахгүйгээр ямар ч татваргүй гаргах байсан. Паушокийн алтны хадгаламжийн хугацаа хоёр жилийн дараа дуусаад төлөгдсөн. Авах үед алтны үнэ 600 ам.доллар байснаа хугацаа дуусахад 930 орчим ам.доллар болж 15 тэрбум төгрөгийн ашиг гарсан. Энэ бол Монголбанкны хариуцаж байсан ажилтнуудад нь хөдөлмөрийн баатар өгчихмөөр үйлдэл болсон. Одоо харж байхад янз бүрийн хүмүүст бөөндөөд медаль өгөөд байна. 15 тэрбум төгрөг гэдэг Монгол Улсын хувьд их мөнгө. Би бол Монголбанкны алтны мэргэжилтнүүдийг шагнамаар л байгаа юм. Гэтэл эсрэгээрээ бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байсан. Дараа нь ашигтай хаалгачихсан чинь зүгээр л хэргийг нь хэрэгсэхгүй болгочихож байна. Ядаж уучлал гуйж болно шүү дээ. Батсүхийг Ерөнхийлөгч байхад нь би «Чи алтны гүйлгээг ойлгохгүй байж болно. Хүмүүсээсээ сайн асуухгүй яасан юм бэ. Тэр алтан дээр ажиллаж буй залуучуудаасаа уучлал гуйгаарай» гэж хэлж байсан.
-Эрүүгийн хэрэг үүсгэх ашиг сонирхол байсан гэж үү?
-Ямар ч мэдлэг боловсрол байхгүй, үгүй бол улстөрийн ашиг сонирхол байгаа л гэж бодож байна.
-«Алтандорнод Монгол»-ыг танаас яагаад асууж байна вэ гэхээр энэ талаар илүү төсөөлөлтэй байгаа болов уу гэж л тэр юм. Арбитрын шүүхийн дүн ирэх долдугаар сард гарах юм билээ. Монголын талд шийдэгдэх боломж хэр байгаа гэж та бодож байна вэ?
-Монголын талд гэж яриад хэрэггүй. Ер нь ийм бизнесийн маргаан win-win гэдэг зарчмаар буюу хоёулаа ашигтайгаар хэлэлцээр хийгээд, эвийн гэрээгээр дуусч байх жамтай.
-Яагаад? Бид харин ч ялах ёстой гээд хүлээгээд байгаа шүү дээ?
-Бид яллаа гэж бодъё. Паушок энд байгаа бүх юмаа""" хаяад, дампуурал зарлаад явна. Паушок жилд 3-4 тонн алт олборлоод төсөвт их мөнгө төлдөг байсан. Мөн мянга гаруй монгол ажилчинд цалин өгч, төдий хэмжээний өрх гэрийг санхүүжүүлж байгаа. Тэгэхээр Монголын тал хожих уу?
-Тэгвэл ялагдвал?
-Монгол Улс ялагдвал бүр муухай. Манай нэр хүнд маш их унана. Ялсан ч манай нэр хүнд унана. Монголын Засгийн газар харъяалалдаа байдаг нэг компанитайгаа олон улсын арбитр дээр очиж маргалдана гээд бод л доо. Үүний оронд Паушоктой эвийн хэлэлцээр хийгээд тохирч болох байсан шүү дээ.
-Эвээр ярилцах боломж одоо байгаа гэж үү?
-Маргааш ч ийм гэрээ хийх боломж байна. Чи энийг нь төл, би тэрийг нь хөнгөлье. Чи тэгээд бушуухан 1000 ажилтандаа цалингаа өгөөд, татвараа төлөөд яв гэж болно шүү дээ. Намайг Ерөнхий сайд ийм гэрээ хийгээдэх гэвэл би долоо хоногийн дотор хийнэ. Би яг ийм гэрээг италичуудтай хийж байсан. Намайг Монголбанканд байхад 2001 онд Италийн нэг даатгалын газар 18 сая доллар нэхэмжлээд Монголбанк, Засгийн газар хоёрыг Лондонгийн шүүхэд өгчихсөн байсан. Тэгээд хэлэлцээр хийгээд ямар ч мөнгө төлөхгүйгээр Монголд ашигтай, Италид ч хохиролгүй шийдэж байсан.
-Тэгээд «Алтандорнод Монгол», яагаад арбитрын шүүх дээр оччихсон гэж?
-Би бас л гайхаад байна. Мэдлэг боловсрол дутуу дулимаг байна уу, эсвэл Монголын Засгийн газрын нэр хүндийг унагая гэсэн оролдлого байна уу гэж. Сүүлийн үед гадаадын хэвлэлүүд манай Засгийн газрыг маш муугаар бичиж байна.
-Тантай ярих зүйл улам их нэмэгдэх нь. Гэхдээ ингээд өндөрлөе. Сүүлийн асуултыг танд үлдээе?
No comments:
Post a Comment