О.Чулуунбат: Уранаа стратегийн орд болгочивол хөрөнгө оруулагчид үргэнэ

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/4952--ochuluunbat-uranaa-strategiin-ord-bolgochivol-xorongo-oruulagchid-urgene.html
Уншсан: 1128


Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг парламент хэлэлцэж эхэлсэн. Энэ тогтоолоор манай улс алт, зэсийн баялаг төдийгуй ураныг ашиглаж эхлэх юм. Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Чулуунбат ураныг стратегийн чухал ач холбогдолтой ордод хамааруулахгүй байх санал гаргасан юм. Түүнтэй ярилцлаа.
-Ураны талаар баримтлах төрийн бодлогын тухайд Та ямар бодолтой яваа вэ? Та байнгын хорооны хуралдааны үеэр сонирхолтой баримтууд дурдаж байсан?
-Уул уурхайн салбараа дэмжих нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн гол зорилго. Ялангуяа ураныг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх естой. Гадаад, дотоодын компаниудын сонирхлыг уран руу татах хэрэгтэй байна. Уран ашигтай түүхий эд. Эрэл хайгуул, олборлолтод ч хөрөнгө оруулах санал тавих ёстой, Ингэж байж л уран олборлолтыг Монголд нэмнэ. Манайх уранаар баян, Чанарын хувьд Казахстан, Австралиас муу гэдэг. Гэвч ураны үнэ өсч байгаа учраас манайд ашигтай.

-Яагаад Та ураныг стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтад оруулах хэрэггүй гэж үзэж байгаа юм бэ?
-Тусгай лиценз өгнө, бүгдийг нь стратегийн ордод хамруулиа, түүнийг төр хамтран эзэмшинэ гэвэл нэлээд олон компани ухрах болно. Одоогоор ураны хайгуулын 140 гаруй лицензийг гадаад, дотоодын компаниуд эзэмшиж байгаа. Үүнийг стратегийн ордод оруулж жижиг, томоос нь үл хамаарч бүгдэд нь төр оролцоно гэвэл компаниуд татгалзана. Аль болох олон компани Монголд ажиллаж ураны эрэл хайгуул хийвэл үр дүнтэй. Манай улс ураны түүхий эд буюу шар нунтаг гаргах юм шүү дээ. Дараагийнх нь олон шат дамжлагатай. Цөмийн эрчим хүч, зэвсэгт хэрэглэх төвшний бүтээгдэхүүнийг Монголд хийхгүй. Тиймээс олон компани оролцуулахын тулд стратегийн ордоос ангид байлгая гэж байгаа юм.
-Уран гэхээр айдас дагуулж буй. Монголчууд хяналт тавихдаа тааруу. Өндөр хяналт, шаардлага дор уран олборлох ёстой биздээ?
-Уран гэхээр хадны мангаа хэмээн ойлгож, зөвхөн төр айдаггүй, хувийн хэвшлийнхэн ойртож болохгүй мэтээр ярьж байгаа. Шар нунтаг цацраг идэвхтэй. Зөвхөн уран биш, бүх металл цацраг идэвхтэй. Яаж хадгалах, олборлох, тээвэрлэх талаар олон улсын стандарт бий. Төр маш нарийн хяналт тавьж, олон улсын стандартаар ажиллах ёстой. Үүнийг би дэмжиж байгаа. Гэхдээ хувийн компаниудын санаачилга, зүтгэлийг хязгаарлаж болохгүй. Төр бизнестэйгээ татвараар л ха-рилцдаг байх ёстой. Татвараа авъя, харин түүхий эд олборлох, боловсруулах ажилд оролцохоо болье. Хамгийн хямд, байгаль орчинд хамгийн халгүй эрчим хүчийг уранаас гаргаж авдаг. Энэ утгаараа ирээдүйтэй түүхий эд. Хоёрдугаар хэрэглээг нь би дэмжихгүй, ирээдүйгүй гэж үзэж байгаа. Тэр нь цөмийн зэвсгийн дэлбэрэх хошуунд хэрэглэдэг. Олон хошуу үйлдвэрлэдэг ч хэрэглэж буйнь цөөхөн,
-Ураныг дагаад атомын цахилгаан станц барих тухай түлхүү ярьж байгаа. Хаана байгуулах боломжтой вэ, түүхий эдээ түшиглэж таарах уу?
-Түүхий эдээ бараадах шаардлагагүй. Нүүрс шиг.., зөөх зүйл байхгүй шүү дээ. Манай IV цахилгаан станц шиг хүчин чадалтай атомын цахилгаан станц жилдээ нэг тонн хүрэхгүй уран хэрэглэнэ. Тийм учраас байршил хамаагүй, хамгийн гол нь хэрэглээндээ ойрхон байх ёстой. Бээжин, Тяньжин зэрэг Хятадын томоохон хотуудад цахилгаан экспортолж болно.
-Монгол Улсын төсөв, эдийн засагт оруулах ураны ашиг тусыг хэр үнэлж байгаа вэ?
-Төсөв, эдийн засагт оруулсан мөнгөөр нь гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог битгий үнэлээрэй. Төсөвт бага мөнгө оруулсан чхамаагүй Монголынэдийн засагт өгч буй өгөөж нь асар их. Үүгээр нь үнэлэх хэрэгтэй. Монголд хөгжил, бүтээн байгуулалт бий болгож байна. Мөнгөө зөвхөн төсөвт оруулбал дарга нарын халаасанд орж, ард түмэнд хүртэхгүй биз дээ.
-Ураны салбарт хэнтэй хамтрах боломжтой вэ. Япон, Хятадын компаниудыг онцолж байгаа юу?
-Хамтрах сонирхолтой компани байвал түлхэх хэрэггүй. Манай улсын талаар таагүй сурталчилгаа гадаадад цацдаг. Оюу толгойн гэрээ удаж байна, Паушокийн хэрэг манай улсын эсрэг сурталчилгаа болсон шүү дээ. Хөрөнгө оруулагчид үргээд байна. Гадаадын хөрөнгө оруулалттай "Бороо гоулд", "Айвөнхоу майнз", "Алтандорнод Монгол" зэрэг компаниуд шахалт үзүүлээд байвал "ВНР" шиг ма-найхаас гараад явчихна. Энэ бол дэлхийн зах зээлд очиж буй манай улсын тухай хамгийн муу дохио. .
-Манай улс ураны нөөцөөр дэлхийд 15 дугаарт ордог. Томоохон зорилт тавьбал эхний тавд, тэр ч бүү хэл тэргүүлэх саналыг зарим гишүүн гаргаж байсан. Ийм боломж бий юү?
-Байлгүй яахав. Харин стратегийн орд болгочихвол хэн түүнд хөрөнгө зарцуулах юм бэ.
-Таны саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй шүү дээ?
-Хамаагүй ээ. Би цөөнх болж УИХ-ын чуулган дээр ярих болно.

No comments:

Post a Comment