О.Чулуунбат: Хурдан хөдлөхгүй бол турж үхэх нь

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/2359-ochuluunbat-xurdan-xodloxgui-bol-turj-uxex-ni.html

2008 оны 11-р сарын 20, Пүрэв гариг, 00:00 Өглөөний сони
-Арилжааны банкууд өндөр хүүгээр хадгаламж авах нь буруу-
-Хэдэн жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоод дампуураад нийгмийг нэлээд цочролд оруулж байсан. Дампуурахынхаа өмнө хадгаламжийнхаа хүүгээр уралдаж, үйлчлүүлэгчдийг ихээхэн хошууруулж байлаа. Гэтэл сүүлийн үед банкуудад яг иймэрхүү байдал ажиглагдах болов. Тэд зүгээр байдаг байгаа?
-Иргэдийн их хэмжээний хадгаламж банкуудад бий. Тэгэхээр энэ банкууд ер нь найдвартай юу, үгүй юү. Банкууд сайн ажиллаж байнауу, үгүй юү. Банкуудад хүндрэл гарах уу, үгүй юү гэдгийг төрийн зүгээс байнга харж, хяналт тавих ёстой. Яг ийм жишгээр бүх дэлхий даяараа ажиллаж байгаа л даа. За тэгээд ард түмэнд байдлыг урьдчилан хэлж, сануулж, зөвлөж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл манай төрийн зохицуулах байгууллагууд санхүүгийн аливаа асуудлыг ил тод, нээлттэй байлгах ёстой гэж боддог. Яагаад гэвэл төр засаг болоод санхүүгийн байгууллагууд ард түмний эрх ашгийн төлөө л ажилладаг юм шүү дээ.



Та бүхэн санаж байгаа бол Хадгаламж зээлийн хоршооны үед “Хэт өндөр хүүтэй хадгаламж авч байгаа бол сэжигтэй шүү. Ийм их ашигтай бизнес өнөөдөр монголд лав байхгүй” гэдгийг би олонтаа сануулж байсан. Түүнтэй адил арилжааны банкууд ингэж их өндөр хүүгээр хадгаламж аваад байх нь буруу. Ингэж өндөр хүүгээр хадгаламж авч байгаа бол дараа нь ялгаагүй өндөр хүүгээр зээл өгөх болно. Өндөр хүүгээр зээл өгнө гэдэг нь Монголын бүх юмыг үнэтэй болгоно гэсэн үг. Нөгөө инфляцийн чинь эх үүсвэр тодорхой хэмжээгээр санхүүжилтийн зардлаасаа болоод өндөр өртөгтэй болоод байна шүү дээ. Жижигхэн жишээгээр аваад үзэхэд нэг жинсэн өмдийг 10 мянган төгрөгөөр урдаас авч ирдэг байсан бол одоо хоёр хувийн хүүтэйгээр авч ирэх болно. Зээлийнх нь хугацаа хоёр, гурван сараар удааширвал бүр ч нэмэгдээд явчихна. Энэ жишгээр бүх бараа, арилжаа наймаа, хөрөнгө оруулалтын санхүүжилтын зардлыг нэмснээс болоод инфляци өсөөд байхталтай.

Тиймээс би 2000 оноос авахуулаад арилжааны банкуудын удирдлагуудад “Та нар аль болох хөрөнгийн эх үүсвэр цуглуулах зардлаа багасгах тал дээр ажиллаач ээ. Битгий уралдаж хүүгээ нэмээд бай. Тэртэй тэргүй та нар хүүгээ багасгалаа гээд энэ мөнгө чинь ийшээ, тийшээ гараад явчихгүй. Монгол хүн монголдоо л мөнгөө хадгалуулж, монголдоо л мөнгө нь эргэлдэнэ” гэж хэлдэг байсан.

-Банкууд зээл өгч чадахгүй, өгсөн ч өндөр хүүтэй бол тэнд ямар нэгэн асуудал байна гэсэн үг-
-Уг нь банкууд зээл гаргаж байж дундаас нь ашиг олдог. Гэтэл сүүлийн үед банкууд зээл гаргахгүй, зүгээр л хадгаламж татах боллоо. Ингэхээр яаж ашигтай ажиллах гээд байгаа юм бол оо?
-Би саяхан арилжааны банкуудын үйл ажиллагааны талаар мэдэгдэл хийсэн. Уг нь би мэдэгдэл хийх ёстой албаны хүн нь биш ч энэ салбарт олон жил ажилласан хүнийхээ хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Ер нь бол банк санхүүгийн зах зээл дээр ямар нэгэн түгшүүр байх ёсгүй. Ялангуяа иргэдийн хадгаламжтай холбоотой түгшүүрийг зарлаж болохгүй, Хэрвээ арилжааны банкууд зээл өгч чадахгүй, өгсөн ч өндөр хүүтэй байвал тэнд ямар нэгэн юм болж байна гэсэн үг. Тиймээс үүнийг ард түмэнд үнэн зөвөөр нь тайлбарлаж өгөх ёстой. Одоогийн байдлаар энд юу болоод байгаа юм бэ гэвэл арилжааны банкуудын эх үүсвэр нь хуучин байнга нэмэгдэж, өсч байсан бол тэр нь зогсонги байдалд орсон. өөрөөр хэлбэл арилжааны банкууд руу мөнгө орж ирэх нь багассан. Эсвэл арилжааны банканд байгаа хадгаламжаа иргэд эргүүлэн аваад байна. Аваад гэрийнхээ шкаф юм уу матрасан доороо хийж, нэг бол ажлынхаа сейфинд хадгалах болсон. Жишээ нь гадаадын компаниуд Монголын банкнаас мөнгөө татаад Хонг Конг, Сингапур эсвэл өөрийнхөө орон нутгийн банкууд руу шилжүүлэх болсноос мөнгөний эх үүсвэр дутагдсан. Ийм л хүндрэл Монголын арилжааны банкууд дээр гарснаас биш арилжааны банкууд дампуурах нь гэж ойлгож болохгүй.
-Зээл гаргах чадваргүй болно гэдэг банк дампуурах тийшээ хандсаны илрэл биш гэж үү?
-Арилжааны банкууд дампуурахаар эрсдэлтэй муу зээл нь ихсэж, эрсэдсэн хэмжээгээр дүрмийн сангаас нь хасалт хийгддэг. Дүрмийн сан гэдэг нь банк байгуулсан хүмүүсийн өөрсдийнх нь халаасны мөнгө шүү дээ. Тэр мөнгө нь байхгүй болохоор банк дампуурдаг. Банк дампуурчихвал иргэд айх шаардлагагүй. Учир нь банкыг үүсгэж, хувь нийлүүлсэн хүмүүс хамгийн түрүүнд хохирлоо хүлээгээд эрсдлийг нь аваад гардаг. Харин энэ үед Төв банк болон төр засгийн зүгээс гадаад, дотоодод өгсөн бүх зээлийг нь хурааж авах ёстой. Зээлийг нь цуглуулаад эргүүлээд иргэдийн хадгаламжийг тараагаад өгчихдөг хууль дэлхийн бүх улс оронд үйлчилдэг. 1997, 1998 оны үеийн манай арилжааны банкууд дампуурахад үлдсэн хадгаламжуудыг нь 2003-2005 онд Монголбанк сайтар ажилласныхаа хүчинд бараг бүгдийг нь буцаан олгосон. Тийм учраас иргэд үүнд санаа зовох шаардлагагүй.

-Дэлхий даяар мөнгөний проблем үүсч байхад монголд ч ялгаагүй үүснэ-
-Банкуудын хувьд бид “дампуурахгүй” гээд л байгаа. Дампуурсан тохиолдолд төр эрсдлийг нь даана гэдэг тайлбарыг тавьдаг болсон?
-Ёр нь бол бусад улс оронд хадгаламжийг тодорхой хэмжээгээр төрөөс даатгасан практик бий. АНУ-д ч бий, бусад оронд ч байдаг. Манай улсын тухайд намайг Монголбанканд байх үед л энэ хуулийн төслийг бичээд УИХ-д өргөн барихаар ярьж байсан. Гэхдээ одоо л УИХ-аар хэлэлцэгдэж байна. Харамсалтай нь жаахан унжирч, сунжрах болсон. Үүнийг бид хурдан батлах ёстой. Тэгсэн тохиолдолд иргэд тодорхой хэмжээгээр тайвширч, төрдөө итгээд, арилжааны банкуудад мөнгөө хадгална шүү дээ.
-Нийгэмд үүсээд байгаа түгшүүр иргэдийг банкнаас мөнгөө буцаан авахад хүргэж, харин банк үүнээс болж мөнгөгүйдээд байгаа юм аа даа?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн зах зээл дээрх хямрал Монголд ч үүсч магадгүй энэ тэр гээд байсан шүү дээ. Тэр үед л манай төр засаг, ялангуяа зохицуулах байгууллагууд нь маш тодорхой мэдэгдэл хийж, иргэдийг тайвшруулах хэрэгтэй байсан. “Хүндрэл гарч болно. Бид энэ хүндрэлийг засч, залруулах бүрэн чадвартай” гэдгээ мэдэгдээгүйн улмаас ийм байдалд хүрчихлээ.
-Тэгвэл эцсийн бүлэгтээ банкууд дампуурахгүй гэж ойлгож болох уу?
-Банкууд дампуурах биш л дээ. Банкуудын мөнгө багасаж, төлбөр тодорхой хэмжээгээр удааширч, хойшилсон нь ямар ч хүнд мэдэгдэхүйц харагдсан болов уу.
Улаанбаатар хотын барилга бараг зунжин, намаржингаа зогссон. Ерөөсөө нэг ч барилга дуусаагүй. Хамгийн наад зах нь Сүхбаатарын талбайг тойрсон хэдэн барилгууд хэр удаж байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ бүгдийг хараад хүн бүхэн учрыг нь ойлгоно шүү дээ. Гадныхан ч гэсэн Монголд мөнгөний хомсдол бий болжээ гэдгийг харж байгаа. Дэлхий даяараа мөнгөний проблем үүсч байхад Монголд ч гэсэн энэ асуудал үүсч л таарна. Харин үүнийг харсан ч хараагүй юм шиг явдаг зарим хүмүүсийн хувьд монголчуудаа хуурч байгаагаас ялгаагүй хэрэг юм.

-Эдийн засгийн хямрал манайд нөлөөлөхгүй гэж байгаа нөхдүүд төөрөлдүүлэх гэж байна-
-Ер нь дэлхийн эдийн засгийн хямрал Монголд шууд утгаараа нөлөөлөхгүй гэж мэргэжлийн хүмүүс нь хэлээд байх юм. Уг нь бодит амьдрал дээр нөлөөлөөд л байх шиг санагддаг. Харин та юу хэлэх вэ?
-Нөлөөлж байгаа гэдэг нь маш сайн харагдаж байна шүү дээ. Хэнд ч ойлгомжтой энэ зүйлийг би дэлгэрэнгүй яриад хэрэггүй байлгүй дээ.
-Яахав, таны яриа сонирхолтой л байна шүү дээ?
-Адгийн наад зах нь УИХ дээр арилжааны банкуудад мөнгө байршуулах талаар яригдаж эхэлсэн. Мөнгө дутагдаад байгаа учраас хөгжил удаашрах нь гэдэг асуудал ч хөндөгдөх болсон. Олон байшин барилга баригдахгүй зогсоно гэдэг нь хөгжил удааширна гэсэн үг биз дээ. Гэхдээ байшин барилга баригдахгүй зогсонги байдалд орсноор хэдэн улсууд барилгагүй л үлдэнэ биз гэж бодож болохгүй. Үүн дээр ажиллаж байгаа маш олон хүн цалин, орлогогүй болж, энэ олон барилгын арматурын төмөр, туйпуу, цементийг үйлдвэрлэдэг манай үйлдвэрүүдийн бизнес зогсонги байдалд орсон. Эдгээр хүмүүс ажилгүй болсноор дэлгүүрүүдийн бараа таваар, хүнсийг худалдаж авах нь багасч, автобусанд улам бүр чихэлдэх болно. Эдийн засгийн хямрал бүх нийгэм даяараа ингэж л тархдаг.

Саяхан би хэдэн үйлдвэрийн дарга нартай уулзахад бүгдийнх нь бизнес багассан гэж байсан. Энэ бүхэн хүндрэлийн шинж тэмдэг мөн биз дээ. Чухамдаа дэлхийн эдийн засгийн хямрал Монголд шууд нөлөөлөхгүй гэдгийг ямар учир шалтгаанаар хэлээд байгааг мэдэхгүй юм. Зэсийн үнэ 8000 байсан атлаа 3500 болчихоод байхад дэлхийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлөхгүй гэж байгаа улсууд эсвэл ард түмнийг төөрөгдүүлэхийг санаархаж байна. Миний хувьд бүх болж байгаа зүйлийг ард түмэндээ илэнгүй далангүй мэдээлэх нь төрийн хүний үүрэг гэж боддог шүү.

-Мөнгө хүүлдэг ч бай банкны мөнгө эргээд ирдэг бол төсвийн мөнгө тэр чигтээ гардаг-
-Төсвийн 300 гаруй сая төгрөгийг арилжааны банкуудад суулгаж өгөх талаар та түрүүн ярьсан. Яагаад төсвийн мөнгийг арилжааны банкуудад хэрэглүүлэх гээд байгаа юм бэ?
-Төсвийн мөнгө, арилжааны банкуудын мөнгө хоёр зарчмын ялгаатай. Үүнийг уншигчид, иргэд мэдээд авчихвал их чухал л даа. Арилжааны банкны мөнгө голцуу гараад хүүтэйгээ эргэж ирдэг. Тэгэхдээ ямар нэг бүтээн байгуулалт хийж байгаад эргэж ирдэг. Харин төсвийн мөнгөний ихэнхи нь зүгээр тараагддаг. Энэ хоёрын хооронд ялгаа их бий. Тиймээс төсвийн мөнгийг хүүхдийн мөнгө, гэр бүлийн мөнгө, ямааны мөнгө, гурилын мөнгө, бензиний мөнгө гээд эргэж ирэхгүйгээр тараасан нь дээр үү, эсвэл банкинд байршуулчихаад тэр нь бизнес болж буцаад хүүтэйгээр төлөгдөөд байсан нь дээр үү гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн гол нь төсвийн мөнгө гарчихаад эргэж ирдэггүй.
-Төсвийн мөнгийг хумих бодлого барина гэж байгаа. Тэгэхээр аяндаа гараад эргэж ирдэггүй төсвийн мөнгө хэмнэлттэй болох нь?
-Ер нь бол ажиллаж, хөдөлмөрлөж, сэтгэж чадаж байгаа хүн л амьдарна. Төсвөөс мөнгө горьдож амьдрах цаг биш шүү гэдгийг нийтээрээ ойлгох хэрэгтэй. Гэтэл хүүхдийн мөнгө, гэр бүлийн мөнгө, тэтгэврийн мөнгө, ямааны мөнгө гээд хөдлөхгүйгээр мөнгө аваад байвал бид мөхөх тал руугаа явна.
-Дээрх 400 сая төгрөгийг хэзээнээс банкуудад байршуулж эхлэх вэ. Тэгэхдээ төр ямар нэг эрсдэл хүлээх вий гэдгийг тооцоолсон л байх?
-Монголбанк арилжааны банкуудад мөнгө өгөөд эхэлчихсэн. Дахиад ч зөндөө мөнгө тавьж болно гэж би бодож байгаа. Эрсдэлгүй юм гэж хэзээ ч байхгүй. Аливаад эрсдэл хийх зоригтой байх хэрэгтэй. Төр эрсдлээс айгаад байвал юу ч хийж чадахгүй шүү дээ. Ард түмний төлөө эрсдэл хийхэд айгаад байх юу байна аа. Ард түмний төлөө, бүтээн байгуулалтын төлөө, хөгжлийн төлөө эрсдэл хийх улс төрийн зоригтой байх хэрэгтэй.
-Сангийн яамны 76 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршсан байгаа. Эдгээр мөнгийг төр эргүүлэн татвал банкуудад яаж нөлөөлөх бол?
-76 тэрбум төгрөг бол арилжааны банкуудын хувьд жоохон мөнгө. Үүнийг эргүүлэн татсанаар дампуураад байхгүй. Гэхдээ дэлхийн бүх орны Засгийн газар өөрсдийнхөө илүүдэл мөнгийг маш сайн эргүүлж чаддаг. Бас Засгийн газрын бодлогыг дэмжиж явдаг банкууддаа мөнгөө байршуулсан байдаг. Энэ бол зөв практик. Манайх үүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

-Хурдан хөдлөхгүй бол турж үхэх нь-
-Ингэхэд зэсийн үнэ 3500 болтлоо уначихсан энэ үед төр засгийн түшээд гадныхантай хийх гэрээ хэлцлээ түргэлүүлье гээд байгаа нь зарим талаараа хардалтыг төрүүлдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Хамгийн сайхан байх үед яагаад нэг ч хөрөнгө оруулалт оруулж чадаагүй вэ гэдэг асуудал дээр ард түмэн хардах хэрэгтэй. Монголд хамгийн ашигтай байх үед нь хэд хэдэн сайхан үйлдвэр бариад авчихаж чадахгүй, ийм л тогтолцоотой улс болчихож. Миний хувьд олон жилийн туршлагатай улс төрч биш. Анх удаа УИХ-ын гишүүн болж орж ирснийг та бүхэн мэднэ. Гэхдээ ийм жижигхэн улс атлаа удаан, болхи, шийдвэр гаргахдаа маргаантай, төвөгтэй улс төрийн тогтолцоог бид сонгосон нь харамсалтай. Дэлхийн эдийн засгийн хямрал болоод байгаа трактор шиг аймшигтай хорин том гүрэн хоорондоо яриад энэ асуудлыг яах вэ гээд шийдвэрээ гаргаж байхад манайх хүүхдийн тоглоом шиг эдийн засагтай мөртлөө өнөөдрийг хүртэл шийдвэрээ гаргаж чадахгүй байна гэдэг нь хөшүүн, хойрго улс төрийн тогтолцоотой болсны шинж.

Тиймээс бид энэ бүхнийг өөрчлөхөөс нааш хурдан хөгжиж чадахгүй юм шиг байна. Маш хурдан шийдвэр гаргах юман дээр хэдэн жил болдог атлаа маш нухацтай ярих юмыг заримдаа долоохон хоногт баталчихдаг. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулаад аль болох гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Харин золоор нөгөө мундаг хөдөлгөөнүүд чинь сүүлийн үед бүгдээрээ чимээгүй болчихлоо. Тэд улсын хөгжилд аймаар их саад хийсэн болохоор чимээгүй байх нь аргагүй. Зэсийн үнэ 8000 доллартай байх үед зөндөө олон хөрөнгө оруулалт хийчихсэн бол өнөөдөр маш их ашигтай ажиллах боломж бидэнд байсан.
-Тэр үед нь дорвитойхон хөдлөөгүй байж одоо хөдлөөд эхлэх нь харамсалтай?
-Хөдлөхөөс өөр арга алга. Тэгэхгүй бол бид турж үхэх гээд байна. Уг нь тухайн үед их аятайхан вариант гаргаад ирж болох байсан. Одоо ч гэсэн бүр ядуурахаасаа өмнө бушуухан шийдвэр гаргаж л баймаар байна.

-Хятадад эрэлт хэрэгцээ байвал манай бүх бараа борлогдоно-
-Аливаа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хасагдах нь зах зээлийн жам. Магадгүй өнөөдөр яаран гэрээ хийчихвэл нэг, хоёр жилийн дараа зэс, алтны үнэ нэмэгдвэл яана?
-Би тэр тал дээр сэтгэгдэл нэлээн өөдрөг яваа. Яагаад гэвэл Хятадын эдийн засаг маш хүчтэй хөгжиж байгаа. Манайх голцуу Америк, Европын том том зах зээл гэхээсээ илүү Хятадын эдийн засагтай илүү холбоотой ажилладаг. Хятадад л эрэлт хэрэгцээ байвал манай бүх бараа борлогдоно. Жишээ нь Хятадын Засгийн газар саяхан эдийн засгаа идэвхжүүлэх зорилгоор 590 сая долларын төлөвлөгөө баталсан. Үүгээр маш их хэмжээний бараа таваар, металл, түүхий эдийг Монголоос болон гадаадаас авах санхүүгийн эх үүсвэр Хятадад бий болж байна гэсэн үг. Үүнийг монголчууд ашиглах ёстой. Хэрвээ бид Хятадын зах зээл рүү бараагаа сайтар борлуулаад байвал манай эдийн засаг сайн хөгжөөд байх бололцоотой.

Ер нь бол монголд үйлдвэр байна гэдэг нь монголчуудад л ашигтай. Энэ олон ажилгүй улсууд ажилтай болно. Мөн тэдгээр үйлдвэрүүд Монголын бүх зүйлийг хэрэглэж эхэлнэ. Цахилгаан, ус, зам, автобус гээд бүгдийг хэрэглэхээс гадна татвар төлдөг болно. Энэ бүхэн манай улсад л орж байгаа орлого.Гэхдээ тухайн үйлдвэрийн эзэн баяжчихна гэдэг манай монголчуудын эвгүй зан байдаг. Бид үүнээсээ болж алдаад байгаа юм. Хажуу талын хүн чинь сайн амьдарч байж чиний амьдрал дээшилнэ шүү гэдэг ойлголт бидэнд ерөөсөө суудаггүй. Тухайлбал би гуталчин байлаа гэж бодоход бүх хүмүүс ядуу байх нь надад орлого, мөнгө авч ирэхгүй. Тэгэхээр манай найзууд баяжаад бүгдээрээ олон гуталтай болох тусам миний орлого нэмэгдэнэ шүү дээ. Түүнтэй л адил гэж ойлгох хэрэгтэй.

1 comment:

  1. САЙН ӨДРӨӨ
    Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


    ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
    Нэр......
    Дунд нэр .....
    2) Хүйс: .........
    3) Зээлийн хэмжээ: .........
    4) Зээлийн хугацаа: .........
    5) Улс: .........
    6) Гэрийн хаяг: .........
    7) Гар утасны дугаар: .........
    8) Имэйл хаяг ..........
    9) Сарын орлого: .....................
    10) Мэргэжил: ...........................
    11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
    Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
    Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com

    ReplyDelete