Эх сурвалж: http://sonin.mn/?p=121529
Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн , ШУА- ийн физик технологийн хүрээлэнгийн захирал, академич Б. Чадраатай ярилцлаа.
-Японд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл сэтгэл хэрдхийлгэж байна. Таны хувьд Япон Улс, тэр дундаа сэндайчуудтай дотно харилцаатай. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө Японы ард түмэн, сэндайчуудад байгалийн хүнд гамшиг тохиолдеон явдалд харамсаж, эмгэнэл илэрхийлж байна. Би өөрөө, ялангуяа Сэндайд олон удаа очиж дотно байдгийн хувьд үнэхээр сэтгэл түгшдэг юм байна.
Сэндайчууд монголчууд бидний эрдмийн ертөнцийг сайн мэддэг төдийгүй өргөн харилцаатай байсаар ирсэн. Сэндайн их сургууль, эрдмийн хүрээлэн, шинжлэх ухааны академи манай олон эрдэмтэн, доктор, профессор, багш, оюутнуудыг 20-иод жил сургаж байна.
Тэндээс ч мөн олон доктор, профессор, Сэндайн их сургуулййн ректор нь хүртэл манай улсад хүрэлцэн ирж байсан. Далайн хөвөөнд байсан нэн эртний түүх, дурсгалын газар, сүм, дугана, хийд, музейнууд бүгд гамшигт өртсөн байх. Ер нь Японд албан ёсоор ажиллаж байгаа монгол хүмүүсийн талаас илүү нь Сэндайд оршин суудаг гэдэгт эргэлзэхгүй байна.
-Энэ удаагийнх шиг газар хөдлөлт тийм ч олон тохиолдоод байдаггүй.
-Ийм хэмжээний газар хөдлөлт дэлхий дээр тун ховор. Энэ удаа далайн ус дээш өргөгдөж, тэр чигээрээ урсан орж ирсэн байгаа юм.Үндсэндээ тэндхийн юмс хэдхэн мөчийн дотор далай дор орчихож байгаатай л адил. Сэндай бол хэдэн уулын дунд орших тэгш тал газар.
Хот бараг далайн төвшин дээр байдаг учраас илүү амархан ийм их хэмжээний ус тэр чигээрээ орж ирсэн. Харин монголчууд бид ийм хэмжээний газар хөдлөлттэй хоёр ч удаа нүүр тулсан байдаг. 8-9 баллын хүчтэй газар хөдлөлт ямар байдгийг монголчууд мэднэ. Гагцхүү бид үүнийг мартаж болохгүй.
-Монголд ч гэсэн сая Японд болсонтой дүйх хэмжээний газар хөдлөлт олон жилийн өмнө болсон гэдэг. Чухам хаана газар хөдөлсөн юм бэ?
-1957 онд Баянхонгор аймгийн Богд сумын Бага Богдод найм гаруй баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтөөр тэр сүрлэг уулыг тэг дундуур нь хага татаж, талхыг хутгаар зүссэнтэй адилтгамаар том хагарал үүссэн. Энэ хагарал одоо ч бий. Мөн 1905 оны Булнайн газар хөдлөлтийн үед үүссэн 300 гаруй км үргэлжлэх хагарал одоо ч хэвээрээ.
-Японд асуудал ёстой л дор дороосоо ундарч байна. Тэр дундаа атомын цахилгаан станц, түүний цацраг идэвхт бодисын аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Таныг саяхан энэ чиглэлээр тус улсад ажиллаад ирсэн гэж сонссон. Японы атомын цахилгаан станцуудын талаархи мэдээллээсээ хуваалцахгүй юу?
-АНУ-д 20 гаруй жилийн өмнө Трее маил ланд, Украинд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч байсан. Японы атомын цахилгаан станцууд бол энэ үеийн атомын цахилгаан станцаас өөр, өндөр технологиор хийгдсэн, эрс ялгаатай. Японы атомын цахилгаан станцуудын суурилуулсан хүчин чадал 50 орчим мянган мегаватт. Монголын эрчим хүчний нийт хүчин чадлаас бараг 100 дахин их эрчим хүчийг зөвхөн атомын цахилгаан станцаас гаргаж авдаг.
Би сар гаруйн өмнө Японд очиж атомын цахилгаан станцын ашиглалтын байдал, техник, технологийн ололт, амжилттай дэлгэрэнгүй танилцсан. Аваар, осолгүй ганц эрчим хүчний үүсвэр гэж ажиллагсад нь хэлж байсан. Одоо яригдаж байгаа Фукушимагийн атомын цахилгаан станц хамгийн анхны станцуудын нэг юм билээ. Япончууд анхны атомын цахилгаан станцуудаа шинэчилнэ гэж байсан. Харамсалтай нь шинэчлэхээс нь өмнө гамшиг дайрлаа.
-Ер нь атомын цахилгаан станц гэж юу болох талаар энгийнээр тайлбарлавал?
-Атомын цахилгаан станц гурван том бүрдэлхэсэгтэй. Нэгдүгээрт цахилгаан гаргах ердийн генератортой байна. Ийм генератор манай ТЭЦ-1У-т ч бий. Хоёр дахь бүрдэл хэсэг нь уурын турбин. Энэ ч мөн манайд станцад бий. Энэ турбин халсан уураар ажиллана. Турбины голыг цахилгааны генератортой холбосон гол байх бөгөөд тэр гол эргэнгүүт цахилгаан гардаг юм. Харин халсан уурыг гаргадаг гурав дахь бүрдэл хэсэг бол атомын реактор.
Реакторыг атомын цахилгаан станцад байршил, эзлэхүүнээр нь авч үзвэл 10 орчим хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, станцын ихэнх хэсгийг уурын турбин, генератор болон бусад зүйл бүрдүүлдэг хэрэг. Атомын реакторын үүрэг нь их хэмжээгээр халсан уурыг гаргаж турбин цехэд оруулах ёстой. Халсан уурыг гаргахын тулд реакторын халуун тогоон дотор байдаг ураныг задалж, гинжин урвал явагдана. Энэ явцад их хэмжээний дулаан үүснэ. Яг энэ урвал явагдаж байгаа бортгоны гадна талд ус байдаг юм.
Ус, урвал хоёрын завсар байгаа металл нь маш их халж, энэхүү халсан ширэмнээс нь хоолой дундуур урсах ус халж, уур үүсч байгаа юм. Тэр уур л турбин уруу орж байгаа юм шүү дээ. Реакторын халуун тогоо нь хамгийн тэсвэртэй металлаар хийсэн битүү бортогоор хучсан байдаг. Үүний гадна талд устай хоолой явж байгааг санах хэрэгтэй. Хоолойн гадна талд эдгээрийг битүүлсэн бортоготой. Энэ бол реакторын хэсэг. Реакторын гадна талд метр хагасын зузаантай их хэмжээний метал оролцсон ердийн бус цемент, бетоноор хийсэн бүрхүүл байгаа.
Ингээд харахаар атомын реактор гурван давхар хамгаалалт дунд байгаа юм.
-Тэгэхээр атомын реактортой хамаг зүйл холбогдох нь ээ?
-Дэлхийн аль ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл атомын реактор нь дэлбэрсэн гэж мэдээлээгүй. Манайхан л дэлбэрч байх шиг байна гэж яриад байгаа юм шиг байна. Хэдийгээр хуучивтар реактор ч гэлээ тэсч үлдэнэ гэдэгт найдаж байгаа. Ер нь Японы юм болгон өндөр найдвартай хийгддэгийг эндээс харж болно. Сэндайн тэр олон байшингуудыг живүүлсэн байхад хэвээрээ л үлдсэн байна шүү дээ.
Үүнийгээ ч мэддэг ард түмэн нь ямар тайван, бие биеэ өөд нь татсан, сэтгэл санаагаар унаагүй байгаа нь харагдаж байна шүү дээ. Япон хүн гэж ямар болохыг, тэдний хийсэн зүйл ямар байдгийг энэ гамшиг бас давхар үзүүлж байна уу даа гэж бодож байна. Атомын реакторыг дэлбэрээсэй гэж хэн хүсэх вэ дээ. Гэхдээ эл гамшгаас би болон дэлхийн олон цөмийн физикчид нэг зүйлд олзуурхаж байгаа.
-Юунд тэр вэ?
-Ийм том гадны нөлөө, аюул осол болж байхад атомын реактор хэчнээн хугацаагаар тэсч байгааг хар л даа. Энэ бол цөмийн физикийн шинжлэх ухааны талаас атомын цахилгаан станц ямар мундаг хэмжээнд ажиллаж болдгийг туршиж байгаа том туршилт. Хүн өөрөө үүнийг биет байдлаар туршиж чадахгүй. Цөмийн эрчим хүч хөгжихөд, атомын цахилгаан станц байгуулах үйл явцад чухал ач холбогдолтой зүйл боллоо гэж хэлэх гээд байна.
-Магадгүй дэлбэрвэл яах вэ?
-Үнэхээр дэлбэрнэ гэж хэлэхээс эмээж байна, нүгэл болно шүү. Дэлбэрэхгүй байх гэж найдаж байна. Дэлбэрвэл аюултай шүү дээ. Үүнийг нуух зүйл алга. Реактор дэлбэрсэн гэж хэн ч хэлэхгүй байгаа гэдгийг дахин хэлье. Хэлээгүй болохоор дэлбэрээгүй гэсэн үг. Дэлбэрвэл дэлхий шуугина. Хоёрдугаарт, тэнд хүн, амьтанд нэн их хохирол учруулна.
-Гэхдээ цацраг идэвхт бодист хүмүүс хордсон талаар мэдээлж байгаа шүү дээ. Тэр нь чухам юунд хордсон гэсэн үг вэ?
-Ямар нэг шинэ юм гараад ирэхээр хаана, юу болов гээд эхэлдэг шүү дээ. Жишээ нь, Дарханы Хонгор суманд мөнгөн усны хордлого боллоо гэхэд энд тэндгүй хаана мөнгөн ус хэрэглэж байна гээд л гарч өгсөн. Японд ч мөн адил бүх нутгаар цацраг идэвхт бодис хаана илэрч байна гэдгийг хэмжиж байгаа юм. Урьд нь ч сайн хянадаг байсан. Атомын реактор дэлбэрээгүй тохиолдолд цөмийн уран, тори гэх мэт цацраг гараагүй гэсэн үг.
Энэ бол баталгаатай. Харин реакторын гадна талын давхарга дахь ус халаах, хөргөх үүргийг гүйцэтгэж байсан хэсгээс түр зуурын цацраг туяагаар бохирдсон байж болох юм. Тэр бол богино настай. Дэлбэрэлт болсны дараа цацраг идэвхт бодис 1000 нэгж байсан бол дөрвөн цагийн дараа 70 болсон шүү дээ. Мөн тэнд бүс тогтоож байгаа нь олон улсын хууль дүрэм, журмын дагуу заавал авах ёстой арга хэмжээ.
-Гэтэл манайхан ялангуяа шийдвэр гаргагчид атомын цахилгаан станцтай болохоос тун ч бэргэцгээдэг. Энэ удаагийн үйл явдал ч болгоомжлолыг илүү бататгаж мэдэх юм. Үнэхээр атомын цахилгаан станц байгуулах нь эрсдэлтэй алхам биш гэж үү?
-Атомын эрчим хүчийг ашиглах явдал сүүлийн таван жилд онцгой хурдтай хөгжиж байна. Ганцхан жишээ хэлье. Дэлхий дээр одоогоор 420 орчим атомын цахилгаан станц ажиллаж байна. Харин сүүлийн хоёр жилийн дотор улс орнууд 337 атомын цахилгаан станцыг шинээр барихаар техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байна. Үүний дотор Монголоос бусад Хятад, Вьетнам гэхчилэн бүх социалист гэгдэж байсан орнууд хэд хэдэн атомын цахилгаан станц барихаар болчихлоо.
Үгээгүй ядуу Бангладеш хүртэл 2014 он гэхэд дөрвөн том атомын цахилгаан станцынхаа түрүүчийг хүлээж авахаар бэлтгэж байна. Хуучирсан реактор ийм байгаа юм чинь шинэ нь энэ зэргийн юмыг тоохгүй. Маш найдвартай. Саяхан очиж үзсэн хүний хувьд ингэж хэлж байна шүү дээ. Улс орнууд өөрийн хөрөнгийг эрчим хүчний эх үүсвэр бүрдүүлэхэд их хэмжээгээр зарцуулж байна. Улс орон хөгжье гэвэл хамгийн түрүүнд эрчим хүчний эх үүсвэртэй болох ёстой. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр ажилгүйдэл, гуйланчлалаас салахгүй.
Үүний төлөө эрчим хүчийг хөгжүүлэх ёстой. Ингэхдээ атомын цахилгаан станцыг сонгож байгаа нь орчин үеийн атомын цахилгаан станц асар найдвартай, өндөр төвшинд технологи нь боловсруулагдаж байгаа экологид аюулгүй явдал. Аваар гарах магадлал нь саяны нэгтэй тэнцүү болсон. Харин монголчууд бид л болдоггүй юм гээд л орилоод сууж байна. Социализм хөгжөөд 80 жил болоход дэнгийн гэрэлтэй үлдсэн ганц орон Монгол байлаа. Яг тиймэрхүү байдлаа л санагалзаад байна.
Бүх эрдэс баялаг, баатарлаг өвгөдийнхөө бэлтгэсэн үүцийг шороо, дагалдах элементтэй нь шууд гаргах хувилбар бодож сууна. Үүний цаана Монгол Улс тэсэх үү, үгүй гэдэг асуудал гарч ирнэ. Бурхнаас бидэнд уран гэгч атомын цахилгаан станцын түлшийг нь бэлэглэсэн шүү дээ. Одоо энэ түлшээ ашиглахын тулд атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Уранаа гадагш гаргачихаад ирээдүйд ямар ч хувилбаргүй үлдэж болохгүй. Бид их хэмжээний нүүрстэй гээд л байна. Нүүрс бол шүтэх баялаг мөн үү гэвэл мөн.
Гэхдээ нүүрс химийн аж үйлдвэрийн түүхий эд болохоос шатааж, үнс нурам болох учиргүй. Манай экологи ч дийлэхгүй. Учир нь нь нүүрсийг шатаахад асар их хэмжээний нурам гарна. Нурманд нь баяжсан цөмийн цацрагийг үүсгэдэг уран, тори байдаг. Бүр их хэмжээгээр шүү. Америк, Оросын судлаачдын хэлж байгаагаар ижил чадалтай атомын болон нүүрсний цахилгаан станцыг харьцуулахад нүүрс атомынхаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулдаг нь тогтоогдсон.
-Тэгвэл атомын цахилгаан станц байгуулах асуудлаар санал нэгдэж чадвал Монголд байгуулах боломж хэр ойрхон байна вэ?
-Амархан. Хамгийн ойроос жишээ аван хэлэхэд социалист орнуудын мэргэжил нэгтнүүд маань “Танайх хамгийн их урантай мөртлөө атомын цахилгаан станц яагаад барьдаггүй юм бэ” гэж шүүмжилдэг юм. Нөгөө талаас бүх дэлхий атомын цахилгаан станцыг сонгочихсон байна. Харин хөрөнгийг Монголын Засгийн газар гаргадаггүй. Гэхдээ атомын цахилгаан станц бариад өгье гэсэн улс орон өдий төдий байна. Атомын цахилгаан станц барихад дэмжих, туслах, хөрөнгө гаргах олон улсын банк, санхүүгийн байгууллага, сан олон бий.
Учир нь энэ чинь онцгой салбар. Хүн төрөлхтний түүхэнд хоёр том хувьсгал болсон. Үйлдвэрийн болон интернэтийн хувьсгалын дараагаар одоо эрчим хүчний хувьсгал болж байна. Энэ хувьсгал сэргээгдэх эрчим хүч болон атомын цахилгаан станцын үндсэн дээр бий болж байгаа. Ийм хувьсгалаас хойш суусан орнуудын хөгжил бусдаасаа улам л холдоно гэсэн үг. Эдгээр шаардлагыг бодолцон атомын цахилгаан станц барих нь зайлшгүй чухал. Гэтэл ийм салбарын мэдлэг, боловсролгүй эсэргүүцэгчид тэс өөр юм яриад сонсохыг ч хүсэхгүйгээр бусдыг уриалан дуудаж байна.
Үүнд туйлын харамсч байна. Монголоо авч үлдэхийн тулд хамгийн хүчирхэг цахилгааны эх үүсвэртэй болох ёстой. Тэгж байж л уурхайнуудаа ашиглана. Их баялагтай орон гэж Өмнөд Африкийн олон орныг дэлхий даяараа шогшроод л байсан. Өмнөд Африк алт, алмаз, газрын тос гээд манайхаас ч их баялагтай. Тив алгассан компаниуд “Та нар цахилгаангүй юм чинь аваачиж боловсруулна” гээд зөөгөөд л байсан.
Харамсалтай нь баялгийг нь зөөгөөд дууссан. Өмнөд Африкт овоолготой шороо, ажил ч үгүй, үйлдвэр ч үгүй, хүмүүнлэгийн тусламжаар аж төрдөг гуйлгачин ард түмэн л үлдсэн шүү дээ.Энэ бүгдийг би очиж нүдээр харсан хүн л дээ. Бид ийм л торгон ирмэг дээр тулчихаад байгаа юм. Монгол уурхайнуудаа ашигласны дараа үйлдвэрүүдээ хөгжүүлнэ. Ажилгүйдэл багасна. Монголчууд их мөнгөтэй болно. Их мөнгөтэй хүмүүс элбэг сайхан амьдарна. Хүчирхэг болно. Хүчирхэг байна гэдэг нь ямар нэг орны хараат бус амьдрахын нэр.
Уранаа түшиглээд атомын цахилгаан станц барьчихвал геополитикийн энэхүү сонирхолтой орон зай дээр байгаагийн хувьд дэлхийд анхаарал татах хүчирхэг орон болж чадна гэж америк, япон, оросууд ч хэлж байгаа. Монгол Улс дахин 2000 жил оршин тогтнох ёстой.
Б. Номин
Эх сурважл: “Монголын үнэн”
No comments:
Post a Comment