эх сурвалж http://economics.gogo.mn/news/80968
Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэх Элчин сайд А.Ундраатай уран олборлолтын талаар цөөн хором ярилцлаа.
-Сүүлийн үед уран олборлох талаар их яригдах болсон. Ураны ордод үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин манай улсад бий болсон уу?
-Ураныг ашиглах олборлох тал дээр манай улс туршлага нимгэн. Тэр утгаараа уран бол манай улсын хувьд шинэ сэдэв болж байгаа юм. Тэгэхээр ураныг олборлоход туршлагатай улстай харилцаатай ажиллах нь чухал байгаа. Нөгөө талаас Орос, Хятад, Энэтхэг, Япон, Франц зэрэг улс нь манай улстай харилцахдаа ураны салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Үүнтэй холбогдуулж УИХ, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Тухайлбал, 2009 онд цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний тухай хууль, төрөөс баримтлах бодлого зэргийг баталсан. Мөн энэ онд гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр баталлаа. Ингэснээр ураныг олборлох эрх зүйн орчин бий болсон гэж ойлгож болно.
-Ураныг олборлох талаар хэдэн улс оронтой хамтарч ажиллахаар болоод байна?
-Хоёр улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн байгаа. ОХУ мөн Франц улс. Мөн Хятад, АНУ, Япон, Энэтхэг улсуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ бүх хэлэлцээр, санамж бичигт цөмийн салбарт хүний нөөцийг бэхжүүлж, оюутан сургах асуудал орсон.
-Манай улсад ураны хэчнээн орд байдаг юм бол?
-Уран бол стратегийн орд. Ашиглалтад ойртсон хэд хэдэн орд байна. Тодруулбал, ЗХУ-ын үед ашиглаж байсан Мардайн орд байна. Мөн Дорноговь аймгийн нутагт Францын "Арева" компани хайгуулын ажил амжилттай явуулж байна.
-Урьдчилсан байдлаар хэлэхэд манай улс жилд хэчнээн хэмжээний уран олборлох боломжтой вэ?
-Одоо энэ тухай ярихад эрт байна. Гэхдээ урьдчилсан тооцоогоор жилд 3000-5000 орчим тонн уран олборлох боломжтой.
-Мардайн орд багагүй хэл ам дагуулж байсан санагдаж байна. Энэ асуудал юу болсон юм бол?
-Мардайн ордын олборлолт тухай үедээ хаалттай явагддаг байсан. Сүүлийн үед Канадын компанийг тойрсон маргаантай асуудал бий.
-Ураныг ашигласнаар манай улсад нааштай ямар дүн гарах вэ?
-Ураныг олборлох нь бусад ашигт малтмалын олборлолтой ерөнхийдөө ижил гэж болно. Хэдийгээр цацрагийн хэмжээ харьцангүй бага байдаг ч цацрагийн хамгаалалт сайн хийх ёстой. Харин тээвэрлэхэд харьцангуй бага овортой өртөг нь өндөр учраас нэгжид оногдох тээврийн зардал бага байдаг. Өөрөөр хэлбэл, нэг килограмм ураныг тонн нүүрстэй тэнцэх үнээр экспортолдог гэж ойлгож болно. Мөн ураныг тээвэрлэхэд нүүрснээс 1000 дахин бага овортой.
Тэгэхээр манайх шиг далайд гарцгүй оронд энэ нь ашигтай болж байгаа юм. Үүнээс гадна ураныг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр манайд нарийн мэргэжлийн химич, механик инженер мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй болно. Мэдлэгийн өндөр багтаамжтай энэ салбарт эдгээр хүмүүс өндөр цалинтай ажиллах боломжтой. Бусад ашигт малтмалын салбараас ураных үүгээрээ давуу. Өөрөөр хэлбэл, манай улсад дээрх мэргэжлийн хүмүүсийг олноор бэлтгэж, өндөр цалинтай ажлын байруудыг бүрдүүлэх боломжтой юм.
-Уран цөмийн зэвсэг хийхэд гол түүхий эд болдог. Тиймээс манай нутагт ураныг олборлох сонирхолтой улсууд ямар зорилготой байгааг нь манай зүгээс хянах боломж бий юу?
-Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах нь манай гадаад харилцааны гуйвшгүй бодлого юм. Тиймээс Олон улсын Атомын Энергийн Агентлагийн гишүүн, мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний гишүүн улс юм. Үүнээс гадна цөмийн нийлүүлэгчдийн групп гэж байдаг. Үүнийг цөмийн энергийг энхийн зориулалттай ашиглах улс орнуудын гэрээ гэж ойлгож болно. Энэ мэт цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах олон улсын олон гэрээ эрх зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах болно.
-"Хан ресурс" компани Цөмийн энергийн газрын хооронд нэлээд маргаантай байгаа. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ тухай тодорхой зүйл хэлэх боломжгүй. Энэ бол шүүхийн шийдвэрлэх асуудал.
Д.Сүхбаатар
No comments:
Post a Comment