Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал

http://www.president.mn/mongolian/node/163
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев 2009 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв.

Улаанбаатар хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Д.А.Медведев нар ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол Улсын Их Хурлын Дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Улсын Их Хурлын удирдлага болон Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр нартай уулзав.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан бүрэн ойлголцох, бие биенийхээ үндэсний эрх ашгийг уламжлан хүндэтгэх үзэл санаагаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн түншлэлийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны нэгдүгээр сарын 20-ны гэрээ, 2000 оны арваннэгдүгээр сарын 14-ний Улаанбаатарын болон 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны Москвагийн тунхаглалуудын үндсэн дээр амжилттай хөгжиж байгаа Монгол, Оросын харилцааны ерөнхий байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч нар эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамтын тэмцэл, энхийн бүтээн байгуулалтын явцад улам батжин бэхжсэн хоёр орон, ард түмний хоорондын уламжлалт найрсаг харилцаа холбоо онцгой шинж чанартайг тэмдэглэв. Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө 1921 онд мөр зэрэгцэн тэмцэж, 1939 онд түүнийг Халхын голд хамгаалсан, Эх орны дайны жилүүдэд фашизмын эсрэг хамтран тулалдаж явсан бүх хүний дурсгалыг талархан хүндэтгэлээ.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний дайчин нөхөрлөлийн яруу тод, бөхөшгүй хуудас болсон Халхын голын байлдааны хамтын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үеэр болсноороо онцгой ач холбогдолтой юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Д.А.Медведев нар энэхүү ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо зохион байгуулсан баярын арга хэмжээнд оролцлоо.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглээд өөр хоорондоо байнгын харилцаа холбоотой байх, янз бүрийн түвшинд улс төрийн идэвхтэй яриа хэлэлцээг тогтмол явуулах, төр засгийн бүх байгууллага, улс төрийн нам, төрийн бус байгууллага хоорондын харилцан ажиллагааг бүх талаар бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг 2011 онд, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ байгуулсны 20 жилийн ойг 2013 онд хамтран өргөн тэмдэглэхээр тохиролцлоо.

Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны байдлыг хэлэлцээд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээг 1 тэрбум ам.долларт хүргэх талаар Монгол, Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэв.

Талууд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэтийн ирээдүй бүхий төслүүдийн талаар хэлэлцээд эдүгээ үйлчилж буй хөтөлбөрийн хугацаа дуусахтай холбогдуулан худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны шинэ хөтөлбөрийг 2010 онд боловсруулан байгуулахаар тохиролцлоо. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол, Оросын бизнесийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар, Москвад зохион байгуулж байх болно.

Ерөнхийлөгч нар хоёр орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг харилцан ашигтай нөхцлөөр нийлүүлэх механизмыг цаашид боловсронгуй болгохын төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд өөр хоорондын худалдааг чөлөөтэй болгох асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, зарим барааг хөнгөлөлттэй нөхцлөөр харилцан нийлүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах монголын талын санаачилгыг судалж үзэхээр тохиролцов.

Ерөнхийлөгч нар стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилттой уялдуулан хоёр талын харилцааны гэрээ, хэлэлцээрүүдийг данслах ажлыг сэргээх, энэ хүрээнд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг авч үзэхээр тохиролцов.

Тээврийн дэд бүтэц, ураны болон ашигт малтмалын бусад орд газрыг ашиглах салбарын хамтарсан төслүүдийг зохих ёсоор урагшлуулах шаардлагатай гэж үзлээ. Эдгээр тохиролцоог хэрэгжүүлэх ажилд аль болохоор түргэн орох үүднээс шаардлагатай алхам хийхэд бэлэн байгаагаа Талууд илэрхийлэв.
Ерөнхийлөгч нар дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөхцөл байдалд “Эрдэнэт Үйлдвэр”, “Монголросцветмет” зэрэг хамтарсан компаний үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн Монгол, Оросын хувь нийлүүлэгчдийн үйл ажиллагааг нааштай үнэлээд, техникийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалтын хэтийн ирээдүй бүхий шинэ төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдгээр хамтарсан үйлдвэрийн чадавхийг дээшлүүлэх сонирхолтой байгаагаа нотоллоо.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (“УБТЗ” ХНН) нийгэмлэгийг далайцтай шинэчлэх, түүний дотор “УБТЗ” ХНН-ийг байгуулах тухай 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн засгийн газар хоорондын хэлэлцээрийг зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу шинэчлэн байгуулах нь хамгийн тулгамдсан зорилтын нэг гэж Талууд онцоллоо.

Ерөнхийлөгч нар Монгол Улсын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх салбарт хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг тэмдэглээд “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хоёр талын эрмэлзлийг нотоллоо. Энэ зорилгоор чиглэсэн зорилтот зээл олгох нөхцлийг даруйхан тохиролцох ажлыг үргэлжлүүлнэ.

“УБТЗ” ХНН болон Монгол, Оросын “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ий үндсэн дээр 1520 мм өргөн цариг бүхий Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохиролцлоо.

Талууд “УБТЗ” ХНН-ийг хөгжүүлэх, Монгол Улсад төмөр замын шинэ дэд бүтэц байгуулах монгол-оросын хамтарсан төслийг хэрэгжүүлэх Үзэл баримтлал”-ыг анхааралдаа авч, зохих төслүүдийг хөрөнгийн эх үүсвэрээр, түүний дотор Монголын нутаг дэвсгэр дэх эрдэс баялгийг ашиглах замаар хангах арга хэмжээ авах болно.

Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар Монгол, Орос, Хятадын хоорондын дамжин өнгөрөх тээврийн тухай ерөнхий хэлэлцээр боловсруулах ажлыг түргэтгэхийг гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Энэ нь хоёр талын төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар эрчим хүчний бүх төрөл чиглэлээр монгол-оросын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, стратегийн ач холбогдолтой энэ салбарт үр ашигтай, тогтмол яриа хэлэлцээ эхлүүлэх зорилт дэвшүүллээ.

Ерөнхийлөгч нар “Дорнод уран” хамтарсан компани байгуулах тухай засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурсныг өндөр үнэлээд, энэхүү хэлэлцээрийг монгол-оросын стратегийн түншлэлийг бэхжүүлэх чухал хэсгийн нэг гэж үзэв. Талууд зохион байгуулалтын арга хэмжээг богино хугацаанд дуусгах, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын бодит ажлыг эхлүүлэхийг өөрсдийн эрх бүхий байгууллагуудад үүрэг болголоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс руу байгалийн хий дамжуулах хоолой барих асуудлыг хамтран судалж боловсруулах тухай санал гаргалаа.

Монголын тал орон сууцны барилгын салбарт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлж, “Москва” цогцолборын гуравдахь хэсгийг байгуулах, мөн Монголын Засгийн газрын “100000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оросын компаниудыг оролцуулах боломжийг авч үзэхийг санал болголоо. Ерөнхийлөгч Д.А.Медведев Улаанбаатар болон Дархан хот дахь орон сууцны 8 байрыг монголын талд шилжүүлэх шийдвэрийг нотоллоо.

Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, энэ салбарыг эдийн засгийн талбар дахь хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн нэг гэж үзэж байна. Ерөнхийлөгч нар Монгол Улсаас Оросын Холбооны Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийг сайжруулах хамтарсан ажлыг түргэтгэн, хөдөө аж ахуйн хамтарсан үйлдвэрүүдийг байгуулах явдлыг дэмжихээр тохиролцлоо. Оросын тал Монгол Улсын Засгийн газрын “Атар-3” хөтөлбөрийг дэмжиж байгаагаа дахин илэрхийлээд, Монголын хөдөө аж ахуй болон энэ салбар дахь хоёр талын хамтын ажиллааг хөгжүүлэх зорилгоор “Россельхозбанк” НХК-ий шугамаар 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох тухай зарчмын шийдвэрээ нотоллоо.

Ерөнхийлөгч нар хөдөө аж ахуйн салбарт судалгаа шинжилгээний ажил хийх, түүний дотор шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, мөн Монгол Улсад орчин үеийн тэргүүний технологитэй газар тариалан-аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах талаар хамтран ажиллах нь тэргүүлэх ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Оросын тал сансрын салбарт, тухайлбал, газар дэлхийг алсын зайнаас тандах, хиймэл дагуулын холбоо, сансраас байрлал тогтоох хиймэл дагуулын системийг ашиглах, сансрын технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэллээ.

Байгаль орчны салбарт нягт хамтран ажиллах нь Монгол, Оросын харилцааны чухал хэсэг гэж үзэв. Талууд хил дамнасан усыг ариглаж хамгаалах, биологийн олон төрөл зүйлийг хэвээр байлгахад хамтын хүчин чармайлтаа төвлөрүүлж, ой хээрийн түймэр зэрэг хил дамнасан байгалийн болон техногений чанартай онцгой нөхцөл байдал гарсан үед бие биедээ шуурхай мэдээлж, мэдээлэл солилцож байна. Хөвсгөл, Байгаль нуурын экологийн цогцолбор судалгааг үргэлжлүүлж, Увс нуур, Онон-сохондын сав газрыг хил дамнасан тусгай хамгаалалттай бүс болгохоор шийдвэрлэлээ.

Ерөнхийлөгч нар Монгол, Оросын хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх үүднээс хамгийн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад орчныг бий болгох тодорхой төлөвлөгөө боловсруулахаар тохиролцлоо. Энэ нь хоёр талын нийт харилцааг бэхжүүлэх эрх ашигт үйлчлэх болно.

Цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Талууд тэмдэглэв. Энэхүү хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг энэ оны 8 дугаар сарын 5-8-нд Улаанбаатар хотноо болсон засгийн газар хоорондын холбогдох ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм. Хоёр улсын Төрийн тэргүүн нар «Дархан-2» цэргийн хамтарсан сургуультай танилцаж, Монгол, Оросын цэргийн албан хаагчдын үйл ажиллагаанд өндөр үнэлэлт өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Хоёр орны ард түмний оюун санааны болон соёлын ойр дотно уламжлалт хэлхээ холбоог хадгалж бэхжүүлэхийн төлөө байдаг Монгол Улс, Оросын Холбооны Улс нь хүмүүнлэгийн салбарт, түүний дотор багш, шинжлэх ухааны ажилтан, аспирант, дадлагажигчид солилцох, хоёр орны их дээд сургуулиудад суралцах тэтгэлэг олгох, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах болно. Монголын иргэдийг оросын сургуулиудад элсүүлэх тоо хэмжээг цаашид нэмэгдүүлэх асуудлыг авч үзэхээр боллоо.

Монголын тал үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу Оросын боловсролын байгууллагын салбаруудыг өөрийн нутаг дэвсгэрт байгуулан ажиллуулахад цаашид ч тал бүрийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Талууд хүмүүс, олон нийтийн байгууллага, түүний дотор эх орон нэгтнүүдийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагуудын хоорондын харилцаа холбоо нь соёл, боловсрол, шинжлэх ухаан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, залуучуудын солилцоо, спортын салбарт идэвхжиж байгааг сайшаагаад монгол хэлийг Оросын Холбооны Улсад, орос хэлийг Монгол Улсад сурч судлахад, тухайлбал холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх болов. Соёлын өдрүүдийг тогтмол харилцан зохион байгуулах, Монгол Улсын аймгууд болон Оросын Холбооны Улсын субъектуудын хоорондын соёлын харилцаа холбоог өргөжүүлэх, киноны хамтарсан их наадам хийж байхаар тохиролцлоо. Д.А.Медведев Улаанбаатарт урьд өдөр нь нээгдсэн Оросын төвд зочиллоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улс нь түүхэн шударга ёсонд үнэнч байж, Дэлхийн хоёрдугаар дайны үр дүн хөдөлшгүй гэдэг байр сууринаас хандан түүхийг мушгин гуйвуулах оролдлого гаргуулахгүй байх зорилгоор шинжлэх ухааны байгууллага, түүхийн нийгэмлэгүүдийн шугамаар хамтран ажиллана.

Талууд адил буюу ижил төстэй байр сууриа иш үндэс болгон харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудал, түүний дотор дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын үүрэг ролийг бэхжүүлэх, дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын үр дагаварыг даван туулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч нар Олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй мөрдөх, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүний хууль ёсны эрх ашиг, үндэсний бүрэн эрхийг хүндэтгэх зэрэг зарчим, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гол зохицуулах үүрэгтэйгээр аюулгүй байдалд учирч байгаа занал, сорилтуудтай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах хамтын арга хэмжээ нь XXI зууны дэлхийн дэг журмын үндэс суурийг бүрэлдүүлэх ёстой гэдэгт итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан Талууд аюулгүй байдал, хөгжил дэвшил болон хүний эрхийг хангах асуудлыг харилцан уялдаа шүтэлцээтэйгээр шийдвэрлэх арга зам эрэлхийлсэн НҮБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч нар дэлхийн санхүүгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, одоогийн валют-санхүүгийн системийг өнөөгийн бодит байдалд нийцүүлэх замаар олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүнийг хөгжлийн адилхан боломжоор хангах эрх ашгийн үүднээс хамтран ажиллах эрмэлзлээ онцоллоо.
Ц.Элбэгдорж, Д.А.Медведев нар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудын өргөн хүрээтэй зөвшөлцлийн үндсэн дээр Аюулгүйн Зөвлөлийг нь илүү өргөн төлөөлөл, үр нөлөөтэй болгох зорилгоор өргөжүүлэх асуудлыг оролцуулан, НҮБ-д нэлэнхүй шинэтгэл хийх явдлыг дэмжиж байгаагаа нотлов.

Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх явдал олон улсын энх тайван, аюулгүй байдалд урьдын адил аюул занал учруулж байгааг харгалзан Монгол Улс болон Оросын Холбооны Улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (ЦЗҮДГ)-г дэмжиж байгаагаа дахин нотолж, уг гэрээг цаашид бэхжүүлэх талаарх олон талын хүчин чармайлтыг сайшаагаад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах тухай түүний тулгуур гурван бүрэлдэхүүн хэсгийн нэгдэлд үндэслэн энэхүү баримт бичгийн үүрэг ролийг дээшлүүлэх чиглэлд ажиллах шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв. Талууд ЦЗҮДГ-ний хэрэгжилтийг хэлэлцэх Бага хурлыг 2010 онд туйлын үр дүнтэй зохион байгуулахад тус дөхөм үзүүлнэ.

Дэлхий дахинд цөмийн зэвсгээс ангид бүсүүд байгуулах нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэх чухал арга хэрэгслийн нэг гэдгийг Ерөнхийлөгч нар онцлон тэмдэглэв. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь энэ үйл явцад ихээхэн хувь нэмэр болж байна гэж Д.А.Медведев мэдэгдлээ. Талууд Төв Азид Цөмийн зэвсгээс ангид бүсийн тухай гэрээ 2009 оны гуравдугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болсныг бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл хэмээн үзэж сайшаав.

БНАСАУ 2009 оны тавдугаар сарын 25-нд цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Талууд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1695,1718 болон 1874 тоот тогтоолуудыг чанд мөрдөж, цэргийн цөмийн хөтөлбөрүүдээсээ татгалзахыг Пхеньянд уриаллаа. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах, Зүүн-хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор яриа хэлэлцээний үйл явцыг сэргээхэд үйл ажлаа чиглүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэллээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар терроризм, бусад шинэ аюул занал, сорилттой тэмцэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлээд Дэлхий нийтээр терроризмыг эсэргүүцэх НҮБ-ын стратегийг тууштай хэрэгжүүлэх, терроризмын эсрэг түгээмэл конвенцуудын хэм хэмжээг ханган биелүүлэх, олон улсын терроризмын эсрэг түгээмэл конвенцийг тохиролцох ажлыг түргэн дуусгахыг уриаллаа.

Терроризм үзэл санааны хувьд байнга өргөжин тэлж буйд сэтгэл түгшиж байгаа Монгол Улс, Оросын Холбооны Улс нь терроризмыг өөгшүүлэх явдлыг гэмт хэрэгт тооцохыг уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1624 тоот тогтоолыг хэлбэрэлтгүй мөрдөх, террорист үзэл суртлыг таслан зогсоох үр нөлөөтэй хэрэгслийн хувьд иргэншил, соёл, шашин хоорондын яриа хэлцлийг өрнүүлэх, энэ зорилтыг шийдвэрлэхийн тулд ажил хэргийн хүрээнийхэн, мэдээллийн хэрэгслийг хамарсан иргэний нийгмийн боломж чадавхийг татан оролцуулахын чухлыг нотоллоо.

Талууд бүс нутгийн хэмжээнд шинэ сорилт, аюул заналыг хазаарлан зогсоох талаар нягт хамтран ажиллах явдлаа үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улс бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны уур амьсгалыг бататгах талаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Терроризмын эсрэг бүсийн байгууллагаас гаргаж байгаа хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улс нь хамтын зарчим, олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон бүс нутгийн бүх улс орны эрх ашгийг харгалзах үндсэн дээр Ази-Номхон далайн бүс нутаг (АНДБН)-т аюулгүй байдлын ил тод, эрх тэгш тогтолцоог бий болгохын төлөө байна. Талууд эдүгээ байгаа интеграцийн чуулгууд, юуны өмнө ШХАБ болон АСЕАН-ы Аюулгүй байдлын асуудлаархи бүсийн чуулга уулзалтын хүрээнд АНДБН-т олон талт нэгдлүүдийн түншлэлийн сүлжээ байгуулах, нягт хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэллээ. Оросын Холбооны Улс “Ази-номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны чуулга уулзалтад оролцогч болох гэсэн Монгол Улсын хүсэл эрмэлзлийг сайшаагаад уг чуулга уулзалтын бүрэлдэхүүнийг тооны хувьд өргөжүүлэх талаар АНДЭЗХА-нд санал нэгтэй шийдвэр гаргасан тохиолдолд Монголын холбогдох хүсэлтийг дэмжихээ мэдэгдлээ.

Ерөнхийлөгч нар ШХАБ-ын хүрээнд харилцан ажиллахын чухлыг тэмдэглээд тус байгууллагын хүрээнд эрчим хүч, тээвэр болон бусад тэргүүлэх салбарт хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар гишүүн орнууд болон ажиглагч улсуудын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх асуудлаар цаашид мэдээлэл солилцох, хоёр болон олон талын зөвлөлдөөн хийж байхаар тохиролцлоо.

Ерөнхийлөгч Д.А.Медведев халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Оросын Холбооны Улсад төрийн айлчлалаар зочлохыг урив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгыг талархан хүлээн авав. Айлчлалын тодорхой товыг дипломат шугамаар тохиролцох болно.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ


ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.А.МЕДВЕДЕВ



Улаанбаатар хот, 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр

No comments:

Post a Comment