С.Баяр: Хамтраад ажил хийхэд дөхөмтэй хүн сонгогдоосой билээ 37 минутын өмнө

http://pbatjargal.wordpress.com/2009/11/14/%D1%81-%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D1%80%D0%B0%D0%B0%D0%B4-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB-%D1%85%D0%B8%D0%B9%D1%85%D1%8D%D0%B4-%D0%B4%D3%A9%D1%85%D3%A9%D0%BC%D1%82%D1%8D%D0%B9-%D1%85/
Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярын FM 101.7 радиод өгсөн ярилцлагыг товчлон нийтэлж байна.
Хөтлөгч: -Бид хэд хоногийн өмнөөс “Ерөнхий сайд С.Баяр хариулж байна” нэвтрүүлгийнхээ зар сурталчилгааг хийж нээлттэй утас ажиллуулсан. Сонсогчдоос асуулт нэлээд ирсэн. Танд хоёр нөхцөл санал болгоё. Эхнийх нь хэд хоногийн өмнө манай утсаар ирсэн асуултад хариулах, хоёр дахь нь одоо утсаа нээгээд манай нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчдын асуултад шууд хариулах.
-Аль аль нөхцөл нь байж болно биз дээ. Утасдаад асууж байгаа сонсогчийн асуултад шууд хариулъя. Танай радио сонгогчдын асуултыг урьдчилж авсан бол тэдгээрт ч бас хариу өгье.
Хөтлөгч: -Тэгвэл утсаа нээчих үү?
-Тэгье. Би өнөөдөр танай нэвтрүүлэгт Ерөнхий сайдын хувьд оролцохоос гадна МАХН-ын даргын, бас намынхаа Сонгуулийн төв штабын даргын хувьд асуултад хариулахад бэлэн байна.
Сонсогч: -Нэр дэвшигчдийн талаар янз бүрийн сурталчилгаа их явж байна. Та хувьдаа АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний хувийн бодлын тухай асууж байна, тийм үү? Хувь хүнийхээ хувьд би АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ч, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг ч аль алиныг нь он удаан жил таньдаг, мэддэг. Гэхдээ төрийн сонгууль ид өрнөж, шувтрах мөчдөө орж, улам ширүүсч байгаа энэ үед аль нэг нэр дэвшигчид хувийнхаа дүгнэлт өгөөд, хувь хүний харилцаа талаас яриад байх нь хаашаа юм бэ дээ. Хашиж байгаа ажил алба, өрнөж байгаа сонгуультай холбоотой зүйлээр ярих, байр сууриа илэрхийлэх нь зохимжтой байх аа.
Хоёр нэр дэвшигчийн хувьд алба, ажил талаас нь гэх үү дээ, товчхон хэлбэл аль, аль нь Монголын олон нийт, улс төрд танигдсан хүмүүс. Хуучны хэллэгээр бол хоёулаа л төрийн том, хариуцлагатай ажил алба хашиж байсан, хашиж байгаа улс. Мөн хоёр нэр дэвшигч хоёулаа улс төрийн том том намыг тэргүүлж явсан.
Сонсогч: -Баяр гуай, та ингэхэд өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байсан юм биш үү?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал өнгөрсөн хавар яригдаж байгаад одоо түүх болоод өнгөрсөн. Нэр дэвшигч хэдийнэ тодорсон. Тэр байтугай Ерөнхийлөгчөөр хэн тодрох вэ гэдэг асуудал өнөө маргаашгүй болчихоод байна шүү дээ. Гэхдээ сонсогч нэгэнт надаас асууж байна. Та Ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байсан уу, үгүй юү гэж. Шулуухан хэлэхэд, надад тийм бодол байгаагүй. Үүнд хэд хэдэн учир шалтгаан байдаг. Голыг нь хэлье.
Би өнөөдөр Ерөнхий сайд хэмээх наддаа ахадсан нэн хариуцлагатай алба хашиж байгаа хүн. Ерөнхий сайдын хувьд хийх ажил их байна. Хамгийн гол нэг ажил бий. Тэр нь юү вэ гэхлээр, өнгөрсөн жил би УИХ-ын сонгуульд оролцохдоо уул уурхайн том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулна. Үүнээс олсон ашгаа ард түмэндээ тэгш, шударгаар хуваарилна гэсэн том зорилт тавьж, үүрэг авчихсан хүн. Үүнийгээ хэрэгжүүлэх нь миний гол үүрэг гэж боддог. Энэ зорилт маань биелж хэрэгжээгүй байна. Хийе гэсэн ажлаа гүйцээгээгүй байж өөр ямар нэгэн ажил алба руу тэмүүлэх, бодол бэлчээх боломжгүй, зохимжгүй гэж үзсэн. Тиймээс надад энэ сонгуульд нэр дэвших, өрсөлдөх бодол анхнаасаа байгаагүй.
Сонгогч: -Ерөнхий сайдаас асуух хэдэн асуулт байна. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Энэ олон сонгуулиас болж төр, засгийн ажилд саад бэрхшээл учирч байна уу, та хэлээч. Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд дагаж явахад чөлөө өгдөг юм уу. Ямар учраас ингэж олноороо дагаж давхиад байдаг юм бэ.
-Сонгуулийн ажил төр, засгийн ажилд садаа болж байна уу гэж асууж байна. Сонгууль маань өөрөө төрийн том ажил юм. Хуулиар бол бид улс даяараа ийм сонгууль, ийм ажил хийх учиртай. Үүнийгээ л хийж байгаа. Харин ажил амьдралын талаас нь аваад үзвэл, бидний амьдралд энэ олон дараалсан сонгууль саад болж байна уу гэсэн асуултад би “тийм ээ” гэж шулуухан хариулмаар байна.
Би Ерөнхий сайдын ажлыг аваад нэг жил хагас болж байна. Байнга л сонгууль нүүрлэсэн тийм цаг хугацаа байлаа. Ерөнхий сайдын хувьд би засгийн ажил хариуцах ёстой. Хариуцсаар ч ирлээ. Засгийн олон ажлын хажуугаар сонгуулийн ажил хариуцах том үүрэг надаас бас салсангүй. 2008 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх гэж хагас жилийн ажил болсон. УИХ-ын сонгууль арай гэж дуусав уу, орон нутгийн сонгуультай золгосон. Орон нутгийн сонгуулиар зарим газар ирц хүрээгүй, дахин сонгууль хийнэ гэж шинэ жил дөхтөл бужигнасан. Энэ он гармагц Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах том ажил эхэлсэн. Ингээд аваад үзэхээр сонгуульгүй цаг гэж бидэнд бараг байхгүй болж. Үндсэндээ манай улс сонгуулийн бүгд найрамдах улс болчихоод байна шүү дээ. Сонгуулиас өөр ажилгүй шахуу.
Миний хувьд гэвэл, засгийн ажил, аж ахуйн ажил хөөцөлдөх, мөн зорьсон, амласан олон зүйлээ биелүүлэх гэж мэрийхийн хажуугаар дараалсан олон сонгуультай ноцолдож байх тийм л тавилантай Ерөнхий сайд болж таарч байна. За би ч яахав, асуудал надаар дуусдаг бол бага хэрэг. Харамсалтай нь, бид бүгдээрээ, улс даяараа сонгууль хийсээр байгаад хамаг ажлаа алдаж байна, цаг маш их үрж байна гэж санагддаг. Ийм утгаар саяны хүн асуулаа гэж би ойлгосон. Хэрэв тийм бол санаа бодлыг нь би бүрэн хуваалцаж байна.
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа би “таван төгөлдөршил”-ийн тухай саналаа дэвшүүлсэн. Олон түмэн үүнийг маань их дэмжсэн. Үүний нэг нь сонгуулийн тогтолцооны төгөлдөршлийн тухай байсан. Сонгуулиа шударга хийдэг байх, сонгуулийн тоог цөөлөх гэх мэт санаа байдаг. Энэ маань тодорхой учир шалтгааны улмаас хэрэгжээгүй байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэрэгжинэ гэж итгэж явдаг.
Би одоо юу бодож, юунд найдаж явна вэ гэхлээр, тавдугаар сарын 24-нд болох сонгуулийн энэ ажил өнгөрчихвөл цаашаа хоёр жил хагас тайван ажиллах боломж олдох болов уу гэж ихээхэн хүлээж, харж байна. УИХ-ын дараачийн сонгууль 2012 оны зун болно. Манайхан бараг хагас жилийн өмнөөс л улстөржөөд эхэлдэг шүү дээ. Тэр болтол хоёр жил хагас тайван, тогтвортой ажиллаж, санасан бодсоноо хэрэгжүүлэх, иргэд сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлэх боломж гарна гэж найдаж байгаа.
Улсын Их Хурлын гишүүд сонгуулийн сурталчилгаанд олноороо оролцож байгаа тухай асуулаа. Тэгэхлээр ийм байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд хүнээ дэвшүүлж оролцдог. Хууль нь тийм юм. Нэгэнт сонгууль хийж байгаа учраас тухайн нам бүхий л бололцоогоо ашиглаж сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцдог. Тиймээс тухайн намаас дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд сурталчилгаанд оролцох нь зүйн ёсны хэрэг. Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үндсэн ажил орхигдож бас болохгүй. Үүнийг зохицуулах л хэрэгтэй. Энэ талаар нам нь ч, УИХ-ын гишүүд өөрсдөө ч, УИХ-ын болон бүлгийн удирдлагууд ч анхаарах ёстой гэж бодож байна.
Хөтлөгч : -УИХ дээр шийдэх ёстой асуудал, хийх учиртай ажил маш их хүлээгдэж байгаа байх, тийм биз дээ?
-Тийм ээ. Гол ажил бол уул уурхайн том орд газруудыг эргэлтэд оруулах асуудал. УИХ-д өргөн баригдчихаад хэлэлцэгдэхгүй байгаа олон төсөл бий. Тэр дотор байгаа нэг том ажил бол Оюутолгойн орд газрын асуудал байна. За мөн, саяхан бид ураны олборлолт, цөмийн энергийг ашиглах талаар Монголын төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ маань бас хүлээгдэж байгаа.
Эх орны хишиг өгнө гэж бид яриад байгаа. Эх орны хишгийг хэн нэг албан тушаалтны шийдвэрээр олгохгүй. Эх орны хишиг нь яг юунаас, яаж бүрдэх, яаж олгох вэ гэдэг талаар нэгдсэн ойлголттой болох, түүнийгээ хэрхэн хүртээх асуудлыг нарийн хуульчлах ёстой. Тусгайлсан хууль гарч байж шийднэ гэсэн үг. Ийм хуулийн төсөл бэлэн болоод, УИХ-д өргөн баригдаад нэг жил боллоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхдаа удирдаж боловсруулсан төсөл. Одоогоос жил гаруйн өмнө, 2008 оны гуравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл шүү дээ. Бас л энэ олон сонгуулиас болоод хэлэлцэгдэхгүй байгаа юм. Сая сонсогч асуулаа, УИХ-ын гишүүд сурталчилгааны ажилд олноор оролцож, ажил нь цалгардаж байгаа юм биш биз гэж. Энд үнэний хувь байна. Гишүүд сурталчилгааны ажилд явах ёстой ч үндсэн ажлаа цалгардуулж болохгүй ээ гэдэг нь бас үнэн.
Сонсогч : -Хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа биз дээ. Тэргүүн Шадар сайдаар АН-ын дарга Н.Алтанхуяг ажиллаж байна. Гэтэл АН-аас нэр дэвшигч Элбэгдорж МАХН-ыг, хамтарсан Засгийн газрыг үгүйсгэж, гүтгэж олон удаа ярьж байсан. Та хамтран ажиллаж байгаа Н.Алтанхуяг сайдын талаар ямар бодолтой байдаг вэ?
С.Баяр: -АН-ын нэр дэвшигч Элбэгдоржийн ярьж, хэлж байгаа зүйл АН-ын бодлогоос заримдаа ихээхэн зөрдөг юм шиг. Хамтарсан Засгийн газрыг тэр эхнээсээ дэмжээгүй, одоо ч дэмждэггүй. Гэсэн хэдий ч Засгийн газар хамтраад дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа, ажиллах болно гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлье. Манай Засгийн газрын хэмжээнд ажилд садаа болсон улстөржилт байхгүй, цаашдаа ч гарахгүй гэж бодож байна.
Алтанхуяг сайдын тухай надаас асууж байна. Тэргүүн Шадар сайд гэдэг бол Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч гэсэн үг. Ажил үүргийн хуваариар энэ хүн олон том ажил хариуцсан. Тухайлбал Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга. Энэ чиглэлээр нэлээд ажил хийж, тэрний үр дүн ч гарч байна. Сая л гэхэд ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путинийг ирэхэд бид олон том асуудлаар хэлэлцээ хийж, албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурлаа. Энд дан ганц Ерөнхий сайд, эсвэл Хөдөө аж ахуйн сайд, эсвэл Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд чиглэл чиглэлээрээ хөөцөлдөөд бүтэхгүй шүү дээ. Энэ бүхнийг Комиссын хэмжээндээ Алтанхуяг сайд нэгтгэж ажилласны үндсэн дээр энэ том ажлууд бүтэж байгаа юм.
Нөгөө талаар Алтанхуяг сайдад Эдийн засгийн чөлөөт бүсүүд, Иргэний бүртгэл мэдээлэл гээд хариуцсан ажил олон бий. Сонгууль болохоор л бид тухайн тойрогт хэчнээн сонгогч оролцов гээд нэрсийн жагсаалт дээрээ маргадаг. Энэ асуудлыг зөв зохицуулж, хоёр нам хоорондоо сэжиг ажиг, элдэв эргэлзэх юмгүй байх учиртай. Тийм ч учраас энэ ажлыг зориуд Алтанхуяг сайдад хариуцуулсан. Дахин хэлэхэд, манай хамтарсан Засгийн газар ямар нэгэн улстөржилтгүйгээр ажлаа хэвийн явуулж байгаа.
Сонсогч: -Ард түмний амьдрал хүнд байна. Гэтэл хямралын үед манайд тусалж байгаа ОУВС-г хөөж гаргана гэж Ц.Элбэгдорж ярьсныг та телевизээр шүүмжилж байсан. Ер нь энэ мэтээр өөх өгсөн хүнтэй өглөө босоод яагаад тэр заргалдаад байгаа юм бол?
-Монгол ардын зүйр, цэцэн үг аливааг яг голоор нь олж хэлснээрээ гайхамшигтай байдгийн нэг жишээ Таны үгэнд дурдагдлаа. Телевизээр ярьж байх тэр үед миний санаанд ороогүй тун оносон зүйр үг байна /инээв/. Үнэндээ бол яг тиймэрхүү л юм болоод өнгөрлөө ш дээ.
Өнөөдөр зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтээрээ санхүү эдийн засгийн хямралд нэрвэгдээд байна. Ард түмний амьжиргаанд ч энэ нь шууд нөлөөлж байна. Ийм үед ОУВС бидэнтэй хамтарч ажиллан, төсвийн тэнцлээ хангах, үргүй зардлаа танаж багасгах нөхцөлд зээл өгье гэсэн. Бид тохиролцоонд хүрсэн. Дэлхийн хаана ч байхгүй бага хүүтэйгээр манайд зээл өгсөн. ОУВС-гаас манайд 226 сая ам долларыг жилийн 0.75 хувийн хүүтэй олголоо. Эхний мөнгө нь ороод ирсэн. Валютын ханш ойж буугаад, үнэ ханш, инфляц савласан энэ үед Монгол Улс, монголчуудад энэ зээл маш их хэрэг болж байна. Нааштай үр дүн ч харагдаж эхэллээ.
Тиймээс ОУВС-тай харилцаагаа бид улам бататгах хэрэгтэй байна. Энэ бол төрийн бодлого. Энэ бодлогыг УИХ-д суудалтай МАХН, АН хоёр хоёулаа дэмжсэн байдаг. Бүр цаашилбал, ОУВС-тай тохирох хөтөлбөрийг манай Засгийн газрын гишүүн, намын харьяаллаар бол АН-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт ихээхэн хүчин чармайлт гарган тохирч чадсан. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж гуай ч үүнд ихээхэн хувь нэмрээ оруулсан.
Гэтэл нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн нэг уулзалт дээр ОУВС-гийн талаар дэндүү зохимжгүй үг хэлсэн байна лээ. Алиалаад ч байгаа юм шиг, дамшиглаад ч байгаа юм шиг “ОУВС ахдаа баярлалаа гэж хэлээд хадаг мадаг энэ тэрийг нь өгөөд Монголоос хөөгөөд явуулах хэрэгтэй” гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Энэ бол дэндүү хариуцлагагүй, болчимгүй үг. Бид Төрийн тэргүүнээ тодруулах төрийн сонгууль хийж байгаа улс. Төрийн бодлого, өөрийг нь дэвшүүлсэн намын бодлогоос гажсан, зөрсөн зүйл нэр дэвшигч ярьж болохгүй. Наанадаж зохимжгүй, цаанадаж хор хохиролтой шүү дээ.
Хөтлөгч: -Та саяхан энэ сэдвээр телевизэд ярилцлага өгч байсан. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн үгнээс болж нөгөө тал дургүйцэж, ОУВС-тай тохирсон хөтөлбөрт өөрчлөлт орохгүй биз дээ ?
-Арай үгүй биз дээ. Элдэв буруу ойлголт нөгөө талдаа төрүүлэхгүйн тулд би энэ сэдвээр Ерөнхий сайдын хувьд зориуд ярилцлага өгсөн. Тэр ярилцлагаараа бидэнтэй хэлэлцээр хийж, хөтөлбөр баталсан нөгөө талд хандаж “ОУВС-тай харилцаагаа хөгжүүлэх төрийн бодлого маань хэвээр шүү. Хамтарсан Засгийн газар энэ чиг шугамаа үргэлжлүүлнэ” гэж ойлгуулахыг хичээсэн. Мөн нэр дэвшигч Ц.Элбэгдоржид хандаж миний зүгээс “Төрийн сонгуульдаа хариуцлагатай хандаач ээ, ярьж хэлж байгаа зүйлээ нягтлаач ээ. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж байгаа хүн, мөн Ерөнхий сайд, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүн ийм олхиогүй юм ярьж болохгүй шүү. Мөрийн хөтөлбөр, сонгуулийн зорилгоо олон түмэнд таницуулахдаа уянгын халил хийж болох хэдий ч улс орон, ард түмний хувь заяатай холбоотой асуудлаар болчимгүй, болгоомжгүй юм ярих хэрэггүй дээ” гэж түүнд би нөхөрсгөөр сануулсан. Өөр бусад асуудлаар ч Ц.Элбэгдорж дэндүү улстөржсөн, хэтэрхий эргэлзээтэй зүйл сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан байдаг. Телевизээр ярилцлага өгч байхдаа би тэр талаар нь ч Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хөтлөгч : -Чухам ямар яриаг нь та эргэлзээтэй гэж үзэж байгаа юм бэ? Таны энэ сануулгыг Ц.Элбэгдорж нэр дэвшигч хүлээж авсан болов уу? Ямар нэгэн хариу ирсэн үү?
-Хариу ирээгүй байна. Ц.Элбэгдорж ОУВС-тай холбоотой асуудлаас гадна эргэлзээтэй зүйл олныг ярьсан байсан. Жишээ нь, “Би Ерөнхий сайдаар ажиллаад анх удаа Монгол Улсын төсөв 400 жилийн түүхэнд ашигтай гарсан” гэж хэлсэн юм байна. Манай улс 1924 онд Бүгд найрамдах улсаа тунхагласны дараа л улсынхаа нэгдсэн төсөв зохиож түүнийхээ орлого, зарлага, тэнцлийг тооцдог болсон. Түүнээс биш 400, 200 жил, тэр бүү хэл 100 жилийн өмнө Монгол Улс маань нэгдсэн төсвөө зохиож, түүнийхээ тэнцлийг гаргаж байсангүй.
Элбэгдорж маань уран хэтрүүлэг, уянгын халил хийж байгаа нь энэ гээд дэндүү дэгс юм ярьчихдаг. “400 жилийн түүхэнд төсвөө ашигтай гаргасан анхны Ерөнхий сайд би байна” гээд яриад явах нь наанадаж дэндүү даруу биш, цаанадаж огт баримжаагүй, ор үндэсгүй юм ярьж байгаа юм. Гэхдээ хамгийн ноцтой нь энэ сэдэв бас биш.
Элбэгдорж нэр дэвшигч ярихдаа “Би Ерөнхий сайд байхдаа авлигатай амжилттай тэмцсэн учраас улсын төсөв ашигтай гарсан” гээд яваа. Бүр цаашлаад “МАХН-ын авлигачид өндөр хүчдэлийн шугам барина гэж 17 тэрбум төгрөг төсөвлөж аваад 5-аар нь тавьж, 12-ыг нь халаасалдаг байхгүй юу” гэж барин тавин ярьсан байдаг. Үнэхээр тийм юм болсон нь үнэн бол энэ нь авлигын ноцтой баримт юм. Аль нэг газар зүгээр нэг сонин болгож яриад, эсвэл яриагаа хачирлаад байхаар өчүүхэн зүйл яавч биш. Ноцтой баримт шүү.
“Үнэхээр тийм баримт байгаа бол цагдаа, прокурор, АТГ-т хандаач, эсвэл Ерөнхий сайд надад шууд хандаач” гэж би нэр дэвшигч Ц.Элбэгдоржоос хүссэн. Тэгж хэлснээс минь хойш хоёр долоо хоног, хагас сар өнгөрлөө. Хариу ирүүлсэн юм алга. Үүнээс үзэхэд бас л уран хэтрүүлэг, уянгын халил хийж яваа бололтой. Шулуухан хэлбэл, гүтгэлэг хийж явна. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж яваа хүн хээвнэг залдаг, гүтгэдэг байж таарахгүй.
Сонсогч : -Баяр гуай, та хоёр нэр дэвшигчийн яг хэнтэй нь харилцахад дөхөмтэй гэж боддог вэ, Ерөнхий сайдын хувьд?
-Хүнтэй харилцах ч яахав. Харилцааг бол яаж ч зохицуулж болдог. Ерөнхий сайдын хувьд гол нь хамтраад ажил хийхэд дөхөмтэй хүн сонгогдоосой билээ гэж бодож байна. Энэ бол маш чухал. Би түрүүн хэлсэн дээ. Манай улсын хувьд, манай Засгийн газрын хувьд хамгийн чухал, тулгамдсан асуудал бол уул уурхайн асуудал юм. Хөгжих, уруудах эсэх маань үүнээс л шалтгаална. Уул уурхайн төслөө улстөржиж цаг алдалгүйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлд Засгийн газраа дэмжиж, хамтарч ажиллах тийм л хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоосой билээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Хэнтэй нь хамтран ажиллахад дөхөмтэй вэ гэж надаас асууж байна. Аль нэгийг хий магтах, эсвэл муулах хэрэггүй л дээ. Бодит баримт, туулсан туршлагаа л түшиж ярих ёстой. Өнгөрсөн жил өдийд Ц.Элбэгдоржийг АН-ын дарга байхад ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулах асуудлаар УИХ дахь намын бүлгүүдээ шахаж, шуурхай ажиллая гэсэн саналыг би тавьсан. Элбэгдорж дарга эхэндээ санал нийлсэн. Үүнийгээ баталж, Төрийн ордны “А” танхимд сэтгүүлчдийг цуглуулаад бид хоёр ярьсан. Олны өмнө тангараг тавьж, эр хүний ёсоор гар барьж байсан, олон түмэндээ хамтарч ажиллана гэж амласан. Харамсалтай нь тэр амлалт хэрэгжээгүй.
Ц.Элбэгдорж маань хэлсэн үгнээсээ гэнэт буцчихдаг зантай. Сайхан ярьж, гар атгадаг, харин хэрэгжүүлэхдээ тулмагц буцчихдаг болохоор хэцүү. Зөвхөн энэ ч биш, өөр бусад чухал асуудлаар ч хэлсэн, тохирсноосоо гэнэт буцдаг түүний энэ занд шулуухан хэлэхэд би дургүй. Хэлсэн үг, авсан амнаасаа нэг бус удаа буцаж байсан хүн одоо гэнэт сүрхий дэмжээд, хамтраад, хэлсэн үгэндээ эзэн болоод явна гэдэг юу л бол. Надад бол эргэлзээтэй л санагдаж байна.
Нөгөө нэр дэвшигч, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд гэвэл, Засгийн газрыг дэмжинэ, уул уурхайн том төслүүдээ эхлүүлнэ, “Эх орны хишгийг өгүүлнэ” гээд хэлээд, сурталчлаад явж байгаа. Зүгээр нэг хэлээгүй сонгуулийнхаа албан ёсны уриа болгон дэвшүүлээд явж байгаа хүн үгнээсээ буцахгүй. Буцах ч аргагүй. Энд бол эргэлзэх юм надад алга.
Сонсогч : -FM 101.7 радио станц уу… Баяр сайдаас асуух асуулт байна. Их, дээд сургуулийг төлбөргүй болгох талаар асуумаар байна. Боловсролын чанарт муугаар нөлөөлнө гэж үзэх хүмүүс байна. Таны байр суурь ямар байна вэ?
-Боловсрол төлбөртэй, төлбөргүй байх, үүнээсээ үүдээд чанартай, чанаргүй болох гэсэн асуудлаар гадуур их маргаж байх шиг. Үнэгүй юм чанаргүй байдаг гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй юм байна. Төлбөртэй, төлбөргүй нь хамаагүй. Сургалтаа яаж зохион байгуулахаас л бүх юм хамаарна. Дэлхийн олон оронд тухайлбал, Европ, Скандинавын орнуудад боловсрол төлбөргүй. Тэглээ гээд тэндхийн боловсрол чанаргүй болчихоогүй. Харин ч дэлхийд дээгүүр орох чанартай байх шүү.
Боловсрол бол аль ч улс орны хувьд төрийн бодлогоор зохицуулагддаг том асуудал. Манай улсын хувьд, ялангуяа ийм олон залуучуудтай орны хувьд энэ бол төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой. МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр боловсролыг төлбөргүй болгох санал дэвшүүллээ, үүнийгээ шат дараатай хэрэгжүүлье гэлээ. Үүнд буруу юу байх вэ?
МАХН бол зүүн төвийн нам, дэлхийн Социнтернийн гишүүн байгууллага. Өөрөөр хэлбэл, тэр Европ, Скандинавын орнуудад эрх барьж буй намуудтай ижил чиглэлийн, ах дүү байгууллага юм. Тиймээс боловсролыг төлбөргүй болгох, ерөөс боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн чиглэлд онцгой анхаарах ёстой нам.
Нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд гэвэл боломжийг бүгдээрээ судалъя гэж багш нарт, Боловсролын яамны удирдлагуудад хандаж хэллээ гэж би ойлгосон. Боловсролоо төлбөргүй болгох асуудлыг судалъя, шат дараалан хэрэгжүүлэх арга хэмжээ байх талаас нь бодъё гэж байна. Эхлээд онц сурч байгаа оюутнуудыг төлбөрөөс чөлөөлж, дараа нь сайн сурч байгааг нь төдөн хувь чөлөөлөх гээд янз янзын хувилбар байж болно шүү дээ.
Төлбөргүй боловсрол чанаргүй байдаг гэсэн дүгнэлт хийж болохгүй. Одоо жишээ нь, манайд бүх сургууль төлбөртэй байгаа. Тэглээ гээд чанарын шаардлага хангагдаж байгаа бил үү? Үгүй. Тиймээс төлбөртэй эсэхээс чанартай эсэх нь шууд шалтгаалдаг гэх аргагүй. Би жишээ нь, боловсрол олох гэж мөнгө төлөөгүй. Н.Энхбаяр ч бас төлбөргүй боловсрол эзэмшсэн. Ц.Элбэгдорж ч гэсэн тийм. Хэрэв төлбөргүй боловсрол чанаргүй байдаг юм бол бид гурвуулаа чанаргүй боловсорсон хүн болж таарна. Бидний болон, бидний дээд үеийнхэн бүгд төлбөргүй боловсрол эзэмшсэн. Бүгд чанаргүй боловсорсон болж таарч байна уу, тэгээд? Боловсролд тухайн хүнээсээ хамаарах, төрийн бодлогоос хамаарах юм гэж бий. Хүнээс хамаарах нь тухайн хүний идэвх зүтгэл, авьяас чадвар зэрэг байх. Төрөөс хамаарах нь төрийн бодлого, төлбөрийн асуудал, зөв менежмент, зохион байгуулалт гэж би хувьдаа ойлгодог.
Сонсогч : -Байна уу? Би саналаа хэлье. Сургалт эргээд үнэгүй болдог бол сайхан л байна. Та нөхөд төдийгүй алтан үеийнхэн үнэгүй сурч байсан. Төлбөргүй боловсролоос болж муудсан юм байхгүй гэж боддог. Үүнээс гадна асуух асуулт байна. Элбэгдорж саяхан “эксель машины үнээр улсаа худалдах хүн би биш” гэж өөрийнхөө тухай ярьж байна лээ. “Эксель” машины үнээс ихийг өгвөл болно гээд байгаа юм болов уу. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Хэний ч хэл халтирдаг, алдаа мадагтай гэмээр юм хэлчихдэг шүү дээ. Тэрийг нь тойруулаад, янз янзаар мушгин гуйвуулаад байх хэрэггүй л юм, уг нь. Индэр дээр гараад үг хэлэхдээ үгээ оноогүй, өгүүлбэрээ зөв найруулаагүйгээс болж элдэв давхар утга бас гарчих гээд байдаг. Хэлж байгаа үг, өгүүлбэрээ сайн нягтлах л хэрэгтэй. Тэрнээс нэр дэвшигч Элбэгдоржийг эксель машины үнэ, эх орноо худалдах тухай тиймэрхүү утгатай зүйл ярьсан гэж би арай ч бодохгүй байна. Хэлье гэж хэлэх, хэл халтирах хоёр өөр л дөө.
Сонсогч : -Солонгосчуудаас хандив авсан эсэх тухай асуумаар байна. Хандив авсан юм уу, яасан юм бэ? Та үүнийг мэдэх үү? Энэ асуудлаар МАХН-ыг хар пиар хийж байна, тийм учраас шүүх, цагдаад танай намыг өгсөн гэх юм?
-Сүхбаатар дүүргийн сонгогчидтой саявтар уулзаж байхад иймэрхүү асуултыг надаас бас асууж байсан. Ц.Элбэгдорж хандив авсан юм уу, МАХН-ын зүгээс гүтгээд байна уу? Намын даргын хувьд та хариу хэлнэ үү гэж байсан. Энэ асуудалд уг нь МАХН, МАХН-ын дарга би гэдэг хүн холбогдол огт байхгүй юм. Гэтэл АН-ын зүгээс энэ асуудлаар манай намыг цагдаад өгсөн учраас бас холбогдолтой болж байгаа ч юм шиг. Тэгээд л Элбэгдоржийн өмнөөс хариу өгөх ажилтай болчихоод байна. Элбэгдорж хандив авсан эсэхийг МАХН мэдэхгүй. Мэдэх ч арга байхгүй. Бид Элбэгдоржийг Солонгос явуулаагүй. Тэр уулзалтад нь МАХН-аас төлөөлөгч оролцоогүй. Уулзалтын бичлэгийг хэн хийж, интернэтэд ямар нь тавьсан, уулзалтын зорилго, сэдэв нь юу байсан талаар лавтай мэдэх юм алга. Байгаль орчны сэдвээр хийсэн уулзалт гэж яриад байгаа. Тэгвэл яагаад ардчилсан хувьсгал, ашигт малтмал, байгалийн баялгийн тухай яриад байдаг билээ гээд хүмүүс асуугаад байх шиг.
Дахин хэлэхэд эдгээр асуултын хариуг МАХН мэдэхгүй. Гэтэл энэ асуудал нэгэнт олон нийтэд ил болж, хүмүүс шуугиад, тодорхой юм асуугаад байна шүү дээ. Тодорхой энэ хэдэн асуултад нь нэр дэвшигч Элбэгдорж өөрөө тодорхой хариу өгчихвөл уг нь болмоор юм. Бичлэгийн бүрэн эх гэж байдаг бол түүнийг нь үзүүлээд, тодорхой хариу өгөхөд л гүйцээ баймаар юм. Хаа байсан МАХН-ыг үүнд хутгаад, энд байгаа би тэнд явсан Элбэгдоржийн өмнөөс хариулаад байх нь уг нь утгагүй л юм.
Сонсогч : -Ц.Элбэгдорж талбай дээр бохь хаясан тухайгаа тайлбарлаж байсан. Энэ бичлэгийг МАХН-ынхан зориуд зохион байгуулж, эвлүүлэг хийсэн гэж байна лээ. Үнэн юм уу?
-Бас л өнөөх МАХН буруутай болж байх шив дээ /инээв/… Зажилдаг бохь гэдэг жижиг эд төрийн сонгуулийн үед яригдах том сэдэв биш л дээ, уул нь. Амны хөндий цэвэрлэдэг төдий зүйл биз дээ. Энэ асуудал яагаад ингэж өндөр авав, сонгуулийн үеэр яригдах сэдэв болов гэдгийг бодох хэрэгтэй. Хэн ч алддаг, бага сага буруу үйлдэл хийдэг шүү дээ. Тэр тохиолдолд “уучлаарай” гээд буруугаа хүлээгээд, хүлцэл өчөөд л өнгөрөх хэрэгтэй. Жижиг сэдвийг орхиод цаашаа явах хэрэгтэй. Гэтэл жижиг ч гэсэн буруугаа бусад руу тохон өөрийгөө зөвтгөх гэж элдэв юм ярьж, түүндээ ороогдсоноос болж, өнөө жижигхэн зүйл нь олон нийтийн ярианы сэдэв болж байх шиг.
“Нэг хүн надад бохь өгсөн, түүнийг нь би аваад зажилсан, тэгээд газар тавьсан, тэгтэл МАХН булангийн цаанаас зураг авсан, зурагтаар цацсан” гэж ярих нь утгагүй. Ямар хүүхэд биш дээ. Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа, Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн, хөндлөнгийн хүний өгснийг амандаа авч хийгээд байхдаа ч яахав дээ. Энэ бүхнийг МАХН зохион байгуулаад, араас нь отож байгаад зураг авна гэхэд хэн үнэмших юм бэ? Инээдтэй биш үү…
Сонсогч : -Элбэгдоржийг дэмжигч клуб Солонгосоос гадна АНУ-д байдаг юм биш үү. Энхбаярыг дэмжигч клуб ч гэсэн гадаадад бас байдаг гэх юм? Энэ талаар та мэдэх үү?
-Элбэгдорж нэр дэвшигчийн хувьд би хэлж мэдэхгүй байна. Түүнийг дэмжигч клуб Солонгост байгаа гээд телевизээр гараад байх шиг. Нэр дэвшигч Энхбаярыг дэмжигчдийн клуб гадаадад байдаг гэж би сонсоогүй юм байна. Ер нь бол, дэмжигчдийн клуб гадаадад биш дотооддоо, нутаг нэгт монголчуудынхаа дунд байх ёстой болов уу гэж бодож байна. Монголын төрд зүтгэж буй хэн ч гэлээ давын өмнө Монгол Улсынхаа төлөө, монгол иргэдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулж, монголчуудаасаа дэмжлэгтэй байх нь чухал биз ээ.
Сонсогч : -Хоёр нэр дэвшигчийн хооронд халз мэтгэлцээн болох уу? Ардчилсан нам түрүүлж уриалсан, санал болгосон ш дээ. МАХН хариу өгөөгүй гээд байгаа. Сураг дуулдаад л байдаг, яг тодорхой шийд гараагүй л гэх юм. Танай нэр дэвшигч, танай нам халз мэтгэлцээнээс айгаад байгаа юм уу, Баяр дарга аа?
-Ерөнхийлөгчийн сонгууль тав дахь удаагаа болж байна. Бүх сонгууль халз мэтгэлцээнтэй болж байсан. Энэ удаа ч хийж л таараа. Тиймээс үүнийг нэг их санаачлаад байх хэрэггүй. Уриалж байна гээд түрүүлж дуугарсан нь санаачилсан болчихдог ч юм бас биш. Хоёр талаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Журам, тов зэргээ тогтох ёстой. АН-аас манай штабт ирүүлсэн бичгийг би үзсэн. Гурван асуудлаар халз ярилцъя гэсэн байна лээ. Шударга ёс, боловсрол, ажлын байр гэсэн гурван асуудал байсан санагдана. Чухал л асуудлууд. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрх энэ гурваар хязгаарлагдахгүй. Олон чиглэлээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ бүх чиглэлээр ярих нь зөв.
Сонсогч: -Сонгуулийн дараа үймээн болно, долдугаар сарын 1 давтагдана гэж зарим хүмүүс ярьж байна. Энэ талаар таны байр суурийг мэдмээр байна?
-Миний байр суурь тодорхой байгаа. Монгол Улсын иргэний хувьд ийм хар дарсан зүүд шиг аймшигтай явдал бүү давтагдаасай гэж хүсэж, залбирч байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэдийнхээ амгалан тайван байдал, төрт ёсоо хамгаалахын тулд хуулийн дагуу бүхий л шаардлагатай арга хэмжээ авах үүргээ биелүүлнэ.
Монгол оронд маань “долоон сарын 1” дахин гарахгүй гэдэгт итгэж байна. 2009 оны 5 сарын 20.

No comments:

Post a Comment