http://www.tsahimurtuu.mn/index.php/urtuuchid/item/130-stanford-%D0%B4-%D1%81%D1%83%D1%80%D1%87-%D0%B1%D1%83%D0%B9-liberty-center-%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%86-%D0%BE%D1%8E%D1%83%D0%BD%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB-%D3%A9%D0%B3vv%D0%BB%D1%8D%D0%B2
Liberty Center-ийн Оюунгэрэл, Stanford-д сурахаар явж буй Оюунгэрэл
хэмээн Цахим Єртөөгөөр цоллуулж байхаас нь энэ нэгэн бүсгүйг эчнээ мэдэх
болж хийж бүтээж явааг нь ч Интернетийн мэдээллийн их савнаас эрж хайж
олж харж өөрийн хирээр үнэлж дэнсэлж бахархан хүндэлж явдаг болсон
билээ.
Сүлжээгээр оюун бодлоо уралдуулагч залуус тодорхой сэдвүүд
дээр эргэн эргэн ярилцаад байгаа нь анзаарагддаг. Тийм сэдвүүд ихэнхдээ
түүх, соёл, латин галиг, урд хөршийн талаархи үзэл бодлууд гэх мэт
байдаг ч бас хачирхалтай нь энэ бүсгүйн нэр харагдахаар элдэв яриа
өрнөөд байдгийг олонхи маань мэдэж буй. Ингээд сүлжээний та бидний эчнээ
танил болсон энэ бүсгүй чухам юуг бодож сэтгэж хийж бүтээж явааг
өрөөлөөр дамжуулалгүй өөрөөс нь сонсож Та бүхний оюунд толилуулахаар
энэхүү ярилцлагыг авлаа.
- Tаны эрдэм номын ажил
олз омог ихтэй биз дээ. Саяхан л Стэнфордод орох нь гээд цахим
өртөөгөөр шуугиж байсан санагдах юм. Цаг амархан өнгөрөх юм даа.
-
Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм. Одоо ердөө сар хагасын дараа
төгсөх гэж байна. Энд ирэх гэж нэлээд ажил болсныхоо үр ашгийг хүртэж
мөнгө төгрөгөнд санаа зоволгүйгээр хичээлээ хийж, их ч зүйл сурч
байна. Намайг интэрнэтээр гуйлга гуйлаа, буруу зөв хүний нэр барилаа
гэж нэлээд шуугиж байсан асуудал бараг мартагджээ. Харин надад тус
болсон хүмүүс байгууллагуудад талархлаа илэрхийлж дуусашгүй. Стэнфорд
улиралын хуваариар сургалтаа явуулдаг болохоор амрах зав чөлөө бараг
гарсангүй байсаар төгсөх нь.
- Цахим өртөө сүлжээгээр
ирэх тантай холбогдсон захидлуудаас ямар ч байсан таныг хөдөө нутгаас
ирж ардчиллын төлөө зүтгэж байсан, бас ардчилсан хүчний хариуцлагатай
албанд ажиллаж байсан хүн юм байна гэж ойлгосон
-
Цахим Єртөөний зарим гишүүд намайг ардчилалын лидер болох гэж өөрийгөө
дөвийлгөлөө гэж буруу ойлгож бухимдсан л даа. Энд нэг тайлбар хийх нь
зүйтэй байх. Америкчуудад би өөрийгөө 1991 оноос ардчиллын төлөө
ажилласан гэж танилцуулахаар намайг тэр хувьсгалын эхний эгнээнд
явсан хүн мэтээр хүлээж авч ойлгочихдог, гэтэл Монголчуудын зарим нь "чи
1990 онд хаана явсан" амьтан бэ гэх нь холгүй болцгоодог. Миний хувьд
гэвэл 1991 онд Сэргэн Мандалын нам гэж байгуулагдах үед түүний Хөвсгөл
аймгийн анхны даргаар ажиллаж анх улс төрийн намд орж эхэлсэн. Манай
Хөвсгөл аймаг 90 оны партизан олонтой газар, тэндхийн хэн нь ч намайг
нэгдүгээр эгнээнд яваагүйг хэлж чадна, харин хоёрдугаар эгнээд орж
ирснээсээ хойш өөрөө өөртөө , үзэл бодолдоо тууштай яваа гэдэг нь үнэн.
Харин хөдөөнийх гэснээс би нээрээ хөдөөний хүн шүү. Єглөө
найман цагт ирдэг нэгдлийн сүүний машинд 30 үнээний сүү тушаахын тулд
үүрийн 3 цагт босдог саальчин эгчийнхээ үнээг ивэлгэж хөл нүцгэн
өссөн. Єдрийн халуун наранд оодогнох тугал бярууны хойноос хөлс
нулимстайгаа гүйж харайж явсан жинхэнэ хөдөөний хүүхэд гэдгээрээ хаана ч
бахархдаг. Хотын хүн болох гэж нэг их яараагүй ч Улсын нийгмийн
даатгалын газарт ажиллах болсноор 1993 оноос Улаанбаатарт анх суурьшсан.
Гэхдээ миний бас нэг орон гэр Хөвсгөлийн Мөрөн хотод бий, зун
хүүхдүүдтэйгээ Хөвсгөлийн гэртээ очиж амардаг.
- Эрх
чөлөө төв хэмээх төрийн бус байгууллагыг эх орондоо байхдаа ажиллуулж
байсныг тань мэдэх юм. Ер нь энэ байгууллага маань ямар зорилго чигтэй
зохион байгуулалттай газар байна даа. Дорвитой хийсэн, хийж байгаа
ажлууд нь юу бол.
- Намайг Монголд байхад улс төр,
нийгмийн чиглэлээр сурч буй оюутнууд манай төвтэй танилцах гэж их ирдэг
байлаа. Тэд нар голдуу л "багш маань танай төвийг шинэ үеийн төрийн
бус байгууллагын нэг сайн хэлбэр гэсэн, яаж ажилладагаа ярьж өгөөч"
гэж ирдэг байлаа. Би орчин үеийн ямар ТББ-ын хэлбэрт бид багтаад
байгаагаа тухайн үед сайн ойлгодоггүй байсан л даа. Харин энд ирэнгүүт
олон улсын харилцааны онол, хүний эрхийн улс төр гэх мэтийн хичээлүүд
дээр манай төв шиг байгууллагуудын тухай тусгай сэдэвт хичээл орж
байсан. Энд зааснаар бол бид мэдээлэл дээр голлож ажилладаг өмгөөллийн
чиглэлийн байгууллагад хамаарах юм. Гишүүдийн нэгдэл дээр бус харин
үнэт зүйлс дээр тулгуурласан "бага оврын", бага зардлаар ажилладаг
төрийн бус байгууллага. Ийм байгууллагуудыг англиар transnational
advocacy group гэж нэрлэдэг юм байна. Манай их дээд сургуулиудын
оюутнууд манай төвийн чухам тэр шинж чанарыг судалж явсан болов уу гэж
одоо эргээд бодож байна. Эндхийн хичээлүүд дээр төвийнхээ хийж байсан,
хийж байгаа ажлыг жишээ татаж ярихад үнэхээр хаанахын ч TNAG-ээс
дутахгүй сайн жишээнд тооцогдож байсан гэдгийг хэлэхэд таатай байна.
Хамгийн сонирхолтой нь манай үйл ажиллагааны хэлбэр, дотооддоо мөрддөг
ёс зүйн хэм хэмжээ маань яг л энд зааж байгаа тэр олон улсын стандарт,
шинэлэг зүйлүүдтэй анхнаасаа л адил явж ирснийг мэдэхэд их сайхан
байсан. Бидний хийсэн болон хийж байгаа ажлууд манай www.libertycenter.org.mn гэсэн вэб дээр байгаа.
-
Нэгэнт та ардчилсан хүчний нэгэн төлөөлөгч тул олон хүний сонирхож
байгаа бас дэлгэж дэврээж яридаг зүйлээс шууд асууя л даа. Ардчилсан
хүчнийхэн арынхаа залгамж халааг бэлдэхгүй өөрсдийгөө ардчиллыг
өмчлөгчид гэж ойлгосон хүмүүс гэж яригддаг. Энэ талаар та ямар бодолтой
байна. Ер нь боловсон хүчний бодлого, залгамж халааг гаргаж ирэх
тогтолцоо одооны эвсэлд хир байна даа.
- Маш
сонирхолтой асуулт байна. эхлээд "залуу халаа бэлтгэх" гэдэг ажлын
гарал үүслийг бодъё л доо. Єрсөлдөөнийг хориглосон, үг хэлэх эрхийг хааж
боосон, хувь хүний характер төлөвших болон улс төрчийн хувьд өсөж
хөгжих орон зай хомс тийм нийгэмд хойч үеийн удирдагчдыг бэлтгэхийн
тулд энэ ажил шаардагдах нь гарцаагүй. Єөрөөр хэлбэл ардчилал байхгүй
нийгэмд юм уу, дотоод ардчилалгүй намд залуу халаагаа бэлтгэх нь
удирдлагынх нь шууд хариуцах ажил гэж ойлгож болно. Ардчилалын үед бол
өрсөлдөөний орчинг шударга байлгах явдал л удирдагчдын хийж чадах
хамгийн сайн ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт. Ардчилсан намын дотоод
ардчилал Хувьсгалт намынхаас хамаагүй сайн боловч төгс төгөлдөр болж
чадахгүй л байна.
Xарин ардчилалын лидерүүд зайгаа тавьж
өгөхгүй байна гэсэн утгатай шүүмж мэр сэр харагддаг, Энэ бол
үндэслэлгүй дүгнэлт. Жишээлбэл Баабараас мундаг бичдэг залуугийн
нийтлэлийг сонинууд хэвлэж өгөхгүй, Баабар түүнийг нь нийтлүүлэхгүй гэж
зүтгээд байгаа бол ингэж гомдоллож болох юм. Ардчилалын тухай
Элбэгдоржоос илүү илтгэдэг болчихсон байтал илтгэлийнх нь билетийг
заруулахгүй, заалан дахь тогийг нь Элбэгдорж таслуулаад байгаа бол бас
ингэж гомдол мэдүүлж болох. Гэтэл аль аль тийм алхам хийх хүмүүс биш
байдаг. Ийм болохоор үнэхээр л тэр хэдээс аль нэг талаараа илүү гарч
байж товойж тодрох ёстой болохоос биш тэд нарыг зайгаа тавиад өгөөч,
битгий ардчилалыг өмчлөөд байгаач гэж гоншигнож байж өөртөө орон зай
гаргана гэвэл ичгүүртэй л дээ. Їүн дээр нэмээд хэлэхэд залуу улс
төрч гэж хэн бэ гэдэг бас их сонин асуудал. Манай ардчилалынхны хувьд
нийгмийн халаа сэлгээ таарсан, улс төр рүү залуугаараа орох бүх боломж
гэнэт гарч ирсэн тийм хүмүүс.
Эд нар маань хэзээ хөгшинд
тооцогдох вэ гэдэг бол бүр сонин. Би одоогийн ардчилалын лидерүүдийг
70-80 хүртлээ залуучуудтэй эн тэнцүү өрсөлдөх чадвартай гэж үздэг.
Тэгээд ч тэдний үеийнхэн Монголын хүн амд их онцлог байр суурьтай
хэсэг л дээ. 1950-1970 оны хооронд Монголд baby-boom болсон учраас энэ
онуудад төрсөн залуусын их хэмжээтэй ажиллах хүчний ачаар ардчилалын
эхний жилүүдийн эдийн засгийн бэрхшээлийг бид амархан даван туулж,
ахмадуудаа тэтгэврийн мөнгөөр таслаагүй гарч чадсан. Гэтэл 70-аад
оноос хойш Монголд төрөлт тасралтгүй буурч ирсэн. Єсөлттэй жилүүд нь
хангалттай олон биш. Ийм нөхцөлд baby-boom үеийнхнийг тэтгэвэрт гарахын
цагт тэтгэвэрийн сангийн хөрөнгө, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө
босгох гэдэг эдийн засгийг сөхрүүлсэн хүнд асуудал болно. Европ, Америкт
ийм асуудлаас болж тэтгэвэрийн насыг 65 хүргэж сунгаж байсан, одоо
бүр 70 болгох тухай хуулийн төслүүд яригдаж байна. Эрүүл мэндийн
даатгалын хөрөнгө нь удахгүй банкрот болчих гээд айлгаж байна. Манайх
шиг оронд ийм бэрх асуудал тулгарах цагт бидний байдал бүр хүнд болно.
Иймд залуучууд одоогийн 40-50 настангуудыг тэтгэвэрт гарахгүйгээр олон
жил ажиллах чадвартай байгаасай гэж хүсэх хэрэгтэй. Тэгвэл бид нэг
талдаа хүн ам цөөтэй ч ажиллах хүчээ нэмэгдүүлж чадна, нөгөөтэйгүүр
тэтгэвэрийн сангийн ачааллыг хөнгөрүүлнэ. Ер нь өөрөөсөө ах хүний орон
зайг эзлэх тухай мөрөөдөхдөө аргаа ядсан "Нараямын тухай домог"
зохиолгүйгээр, арай цар хүрээтэй хамтрах тухай бодох цаг болсон шүү.
Жишээлбэл өнөөдөр францаас эхтэй алдарт Estee Lauder фирмийн эзэн
Estee Lauder нас барсан тухай мэдээг San Francisco Chronicle
нийтлэхдээ. "she was believed to be 97" (түүнийг 97-той байсан
гэцгээдэг) гэсэн сонин өгүүлбэр оруулсан байна л даа. Estee Lauder
гэгч насыг нь таахын аргагүй сайхан харагддаг эмэгтэй байж гэж
ойлгогдож байгаа биз дээ. Бас SF Chronicle сонин хүний нас чухал биш
гэсэн радикал үзэлтэйгээ ганц өгүүлбрээр харуулаад амжлаа.
-
Ардчилалын эх оронд номын дуу сонсож явна. Монгол оронд буй
ардчилалын амжилт ямар байна гэж үзэж байна вэ? Зарим хүмүүс хуучин
Зөвлөлтийн орнуудтай харьцуулахад хамаагүй илүү дээр гэх, зарим нь Зүүн
Европын орнуудаас хол хоцорч явна гэх. Ардчиллын амжилтыг бусадтай
хаьрцуулж ойлгохоос гадна өөрсдөө энэ үгийнхээ утга учрыг хир ухаарч
амьдралдаа хэвшүүлж буйг нь бас анхаарах хэрэгтэй тал байна уу?
-
Ардчилалын нэг таних тэмдэг нь сонголт хийх боломж байдаг. Сонголт
хийх бололцоо хэр зэрэг түвшинд байна вэ, хэнд ямар сонголт байна вэ
гэдгээр болон хүмүүс сонголтоо ямар хэмжүүрээр хийж байна вэ гэдгээр
ардчиллаа хэмжиж харж болно. 1990 оны 5 сарын 26-ны өдрийн анхны чөлөөт
сонголтыг саная л даа. Биднд эгнээндээ цөөн залуучуудыг нэгтгэсэн
гурван намыг эвсэл, тэднээс ч цөөн гишүүнтэй МСДН болон МАХН гэсэн
үндсэн сонголт байсан. Одоо эхний хоёр нь нийлээд АН гэсэн том нам
болж, МАХН хэвээр байж байна бас шинэ намууд байна. АН-ын хувьд тооны
хувьд ч чанарын хувьд ч сайжирсан байна, МАХН-ын хувьд үзэл баримтлал
нь өөрчлөгдөж СоцИнтерний гишүүн болжээ. өөрөөр хэлбэл бид туршлагагүй
залуу нам, туршлагатай коммунист нам гэсэн сонголтоос аль аль нь
ардчилалаар имиж хийж буй өрсөлдөхүйц тэнцүү хэмжээний том хоёр намаас
сонголт хийх болж байна. Эндээс үзэхэд энэ намуудын аль нь ч ялсан
ядахдаа имижээ бодоод ардчилалын төлөө ажиллана гэдэг нь харагдаж
байна. Сонголт маань арай дөнгүүр болжээ гэсэн үг. Гэхдээ хараахан
бидний хүсээд байгаа хэмжээнд хүрээгүй нь ойлгомжтой. Харин сонгож буй
хэмжүүр маань ямар хэмжээнд байна вэ гэдэг бол судлаачлын хариулах зүйл.
Олон хүнээс асууж байж мэдэх асуудал. Та 1990 онд дэлгүүрийн лангуу
хоосон байхад баялаг бүтээдэг нийгэм байгуулахын тулд саналаа өгсөн бол
таны ардчилсан сонголт хийх гараа өндөр хэмжүүртэй байжээ. Харин
өнөөдөр хувийн машин, байшин, газартай болсон хойноо ямар хууль
батлуулахын төлөө саналаа өгөх вэ гэдгээр нь хувь хүний сонголтын
хэмжүүр өссөн буурсан эсэхийг дүгнэж болно.
Ардчилалын өлгий
гэгддэг Америкт саяхан болтол сонгуульд хар арьстнууд орох эрхгүй,
сонголтыг хүний гарал үүсэл, хүйс, арьсны өнгөөр ялгаварлаж хийдэг
байсан. Мартин Лютер Кинг "I have a dream" гэдэг алдарт үгэндээ
"бидний үр хүүхдийг арьсны өнгөөр нь биш ааш характерийнх нь агуулгаар
хэмжих цаг ирнэ гэж би мөрөөддөг" гэж 200 гаруй мянган америкчуудийн
өмнө хэлж байсан нь дөнгөж 41 жилийн өмнөх үйл явдал. Америк хэдийгээр
300 жилийн ардчилалын түүхтэй боловч үүнээс 200 гаруй жил нь арьсны
үзлийн он жилүүд, өөрөөр хэлбэл сонголт нь ядуу хязгаарлагдмал бөгөөд
сонгох хэмжүүр нь ямар нэг моральны доголдолтойгоор өнгөрсөн гэсэн
үг. Їүнийгээ түүхэндээ үнэнээр нь бичиж үлдээсэн. Судлаачид нь урьд
өмнөх алдаануудаа бүх талаас нь судалж, хэвлэл мэдээлэл нь тэрийг нь
байн байн сануулсаар байдаг тул одоо иргэдийн сонголт хийж буй үзүүлэлт
нь үнэхээр өндөр болсон байна. Манайхны хувьд барууны ардчилалын 300
гаруй жилийн туршлагаас аль сайныг нь сурахын зэрэгцээ өөрсдийнхөө
түүхийг аль болохоор дэлгэрэнгүй, тал бүрээс нь үнэнээр нь бичиж
үлдээх нь маш чухал. Тэгвэл бид урагшилж байна уу, ухарч байна уу
гэдгээ байнга харж бусадтай ч харьцуулж чадах боломжтой.
-
Нутгаас гарахаар Монголоо их санадаг шиг байгаа юм. Хүний нутагт
байхдаа хэр санавдаа? Элбэгдорж гуай нэгэнтээ "Монгол нэг өнгөөр
харагддаг" гэсэн. Танд яаж харагдаж байх юм?
-
Удирдлагад нь олон жил ажиллаж байгаа болохоор би Элбэгдоржийг дарга
гэж яриад сурчихсан юм, эвгүй санагдвал уучлана биз дээ. Би даргыг
бодвол энд цөөхөн сар болоод буцах гэж байна, нутгаа санах зав гаргаж
амжаагүй л байна. Хичээлийнхээ хажуугаар энэ хавийнхаа хотуудад олон
нийтийн арга хэмжээ, оройн курсуудад Монголын тухай яриа хийх ажилд
нэлээд дайчлагддаг. Удахгүй эндхийнхээ орон нутгийн ТВ-д бас
ярилцлагад уригдсан. Эндхийн хүмүүс голдуу Монголын тухай ямар ч
ойлголтгүй байдаг. Орос Хятад хоёрын завсар бас өөр орон байсан юм уу
гэсэн байдалтай уулзаж байгаа улсуудад чинь АН, МАХН гээд яриад
эхлэлтэй биш, үнэхээр л Монголоо нэг л өнгөөр дүрсэлж танилцуулахаас
өөр арга байхгүй. Гэхдээ ардчилсан улс орон дотор байдаг зөрчил
тэмцэл манайд ч бас бий гэдгийг би хэлж л яваа. Хамгийн сайхан нь
эндхийн хүмүүс маш олон талын асуудлыг сонирхож янз бүрийн асуулт асууж
миний яриаг хөнгөвчилж өгдөг, тэр болгонд хариулт өгөхөд заримдаа
Цахим өртөөний уншигчдын явуулж буй шуурхай мэдээллүүд их хэрэг болдог
шүү. Єнгөрсөн долоон сарын хугацаанд Bay Area-ийн зургаан арга хэмжээ,
Стэнфордын оройн ангийн таван хичээл дээр уригдаж яриа хийсэн.
Явахаасаа өмнө зүүн эрэгт нэг , эндээ хоёр арга хэмжээнд орж яриа хийх
төлөвлөгөөтэй байна.
- Таны яриа ямархуу хэлбэрээр явагддаг вэ, яаж Монголын тухай яриа хийх урилга авдаг, Америкчууд юуг илүү сонирхдог тухайд?
-
Нэг газар яриа хийхэд тэнд ирсэн аль нэг сонсогч төрсөн сэтгэгдлээ
бусадтай хуваалцаж улмаар өөр уулзалтанд оруулахаар зуучилсан байдаг.
Ийм замаар л нэлээд олон урилга авсан. Яриагаа эхлэхдээ хэнд, ямар
орчинд юуны тухай голлон ярихаас хамаарч Монгол маягийн сюрприз бэлдэж
очдог. Жишээлбэл, Санта Круиз хотод болсон нэг арга хэмжээнд орохдоо
60-аас дээш насны эмэгтэйчүүд ирэх гэж байгаа тухай мэдээлэл аваад
Норовбанзад гуайн дуулсан Гоолингоо дууг сонсгож яриагаа эхэлсэн.
Дууныхаа өмнө тэр дууг Норовбанзад гуай 65 настай байхдаа дуулсан, энэ
нь хайрын тухай ардын дуу гэхчилэн тайлбарласан. Сонсогчид Норовбанзад
гуайн хоолойны сайхан, дууных нь залуу өнгийг гайхаж Гоолингоон аяыг
биширч байсан. Яриагаа иймэрхүү санаандгүй зүйлээр эхэлдгийн учир гэвэл
би америкчуудын монгол хүний дотоод сэтгэл рүү өнгийх хүслийг нь юуны
түрүүн төрүүлэхийг хичээдэг. Тэгж чадсан уулзалт яриа их сонирхолтой
өрнөж хүмүүс биднийг илүү их хүндэтгэж ханддаг. Бас нэг удаа Монгол
Орос хоёр орны харьцааны тухай голлон сонирхсон хүмүүст яриа хийхээр
очихдоо мөн л Норовбанзад гуайн дуулсан Саруул тал гэдэг уртын дуугаар
яриагаа эхэлсэн юм. Тэр дуунд шавартай намагтайг нь мэдээгүй ч саруул
талыг туулахаар шийдсэн, санаа бодлыг нь таниагүй ч итгэхээр шийдсэн
эгэл хүний тухай гардаг. Энэ дууг сонссон хэн ч монгол хүний өмнө
олонтаа тулгардаг уужим хэрнээ туулахаас өөр гарцгүй орчлонг төсөөлж
болохоор. Ийм дуу сонсоны дараа ямар ч америк хүн монголчуудын 1921 онд
хийсэн сонголт, түүний дараа тохиолдсон түүхийг хүйтнээр шүүмжлэх
биш, харин ойлгох, харамсах, хүндэтгэх сэтгэлээр ханддаг. Тэр тусмаа
1990 оны сонголтыг бүр ч гүнээ хүндэтгэж ханддаг. Аз болоход Чингис
хааны тухай саяхан гарсан америкийн судлаач Jack Weatherford гуайн ном
12-14-р зууны тухай чадал буурай тайлбар хийх ажлаас намайг сайн
чөлөөлж, манай түүхийг гадаадынханд ойлгуулахад их тус болж байна.
"Genghis Khan and the making of the modern world" гэдэг номыг заавал
уншаарай гэж өртөөчиддөө хэлмээр байна. Энэ номын талаар шуурхай
мэдээлэл явуулсан гишүүдэд баярласан шүү. Нэг барьж авбал салахын
аргагүй сайхан бичсэн ном байна лээ.
- Одоо хичээл
номоо дуусгаад нутаг буцах нь. Хийж бүтээхээр санаж сэдсэн, тэсэж ядсан
ажлууд их гэдэгт эргэлзэхгүй байна. Нууц биш бол зарим нэгээс нь
сонирхуулахгүй юу.
- Ємнө нь хийж чадаж байсан
ажлаасаа гадна шинээр судалгааны чиглэлийн ажлууд хийх санаа их байна.
Ер нь сайн судлаачдын үлдээсэн нухацтай баримтууд боловсролын төдийгүй
ардчилалын маш үнэтэй өв байдаг юм байна. Ийм ажилд өөрийн хувь
нэмрийг оруулах бодолтой болсон. Дээр нь бас нэг хувийн төлөвлөгөө
гарч ирсэн. Гэр бүлтэй болох төлөвлөгөө. Түүнтэйгээ ажлаа хэрхэн
зохицуулах талаар сайн шийдэлд хүрээгүй л байгаа. Гэхдээ ажлаас хойш
суухгүй ээ.
- Эцэст нь танаас эмзэг ч байж болох нэг
зүйл асууя. Таныг цахим өртөө сүлжээгээр их л олон янзаар бичих юм. Энэ
бүгдийг юу гэж хүлээж авч байна даа. Улмаар та даян дэлхийгээр таран
суугаа Монголчууддаа энэ өөрийгөө элдвээр дуудуулдаг сүлжээгээр
дамжуулан юу гэж хэлэхсэн бол?
- Асуултын чинь сүүлийн
хэсгээс эхэлье. Элдвээр дуудуулдаг сүлжээ гэж та хэллээ. Энэ
сүлжээнд би баярлаж байна. Анх энэ сүлжээг байгуулагдсан тухай мэдээг
сониноос уншаад интернэт гэж юу юм бол, цахим сүлжээ гэж яадаг юм бол
гэж боддог байснаа бодоход би бүр сайжраад энэ сүлжээгээр элдвээр
хэлэгддэг хүн болчихож. Тэрнээс гадна цахим сүлжээ маань хэнд жинхэнэ
боломж олгож байгаа вэ гэхээр над мэтийн хэлүүлж байгаад нь биш харин
хэлж байгаа нөхөрт л өөрийгөө таниулах боломж олгож байгаа юм. Танай
сүлжээгээр би өөрийгөө бүдүүлэг гэж бусдад таниулах уу, соёлтой гэж
таниулах уу гэдэг бол цэвэр миний арван хурууны мэдлийн асуудал. Танай
сүлжээгээр би өөрийнхөө нэрээр өөрөөрөө байх уу, нэрээ нуугаад үл
танигдагч байх уу гэдэг ч бас л тухайн хүний шийдэх хэрэг. Сүлжээ
түүнийг цензурдахгүй. үүнд л сүлжээний гоо сайхан нь байгаа юм. Танай
сүлжээний ачаар чи олон хүний санаа бодлыг таньж байна. Танай сүлжээ
хоёр хэмжүүртэй "саруул тал"-ыг гурван хэмжүүрт авчирч өгч байна.
Сүлжээний цөөхөн хэдэн гишүүд намайг таньж мэдээгүй хэрнээ элдвээр
хэлэхийг яарсан тохиолдол бий. Їнэнийг хэлэхэд би өөрийгөө бусдад
таниулахуйц нөлөө бүхий албан тушаал хаших нь битгий хл нэг газраа
удаан тогтож байгаагүй болохоор намайг хүссэнээрээ төсөөлдөг биз. Би
арван таван жил ажиллахдаа нийт арван дөрвөн төрлийн ажил хийж явлаа.
Їүнээс найм нь үндсэн ажил долоо нь илүү цагийн ажил байсан. Їүний
дотор туслахын ажил миний карьерийн хамгийн сонин хэсэг. Учир нь
туслахын ажил бол зөвхөн даргад нь л харагддаг ажил учраас хүн туслах
хэмээх сүүдэрт орших байр суурины ёс зүйн хэм хэмжээг хадгалахын
зэрэгцээгээр хувь хүнийхээ орон зайг нийгэмд олж авахын тулд бусдаас
илүү их ажиллаж, илүү их характер гаргах хэрэгтэй болдог. Би чухамхуу
туслахын ажлынхаа хажуугаар нийгэмд ямар нэг хэмжээгээр танигдсандаа
баярладаг. Мэдээж хүмүүс намайг туслах гэдгээр нь биш харин их дээд
сургуульд багшлаж байснаар минь, төрийн бус байгууллага удирдаж, нийтлэл
бичих, орчуулга хийх, курс санаачилж байснаар минь таньдаг. Харамсалтай
нь зориггүйгэсээ болж бичсэн нийтлэлийнхээ ихэнхийг нууц нэрээр
хэвлүүлж сайн санаат сэтгүүлч нараас "нэрээ бүү нуу" гэсэн сургааль
сонсож явлаа. Мөн туслах байсныхаа төлөө соёлтой гэж олонд хүндлэгддэг
зарим сайхан залуучуудаас басамжлал, доромжлолын үг сонсож л байсан.
Тэрэнд сэтгэл шархалж, сөргөлдөж маргалдаж байгаад эцэстээ эвлэрч л
явлаа. Иймд цахим өртөөгөөр намайг элдвэр хэллээ гээд би бусдыг хариу
буруутгахгүй. Гэхдээ өөрийн маань олж авсан өчүүхэн нэр хүнд бол
миний илүү цагаар ажиллаж олсон хөдөлмөрийн минь үр дүн учраас тэрнийгээ
би хаана ч харамлаж өмөөрмөөр санагддаг. Эн дашрамд хэлэхэд сүлжээний
олон гишүүд надад дэмжсэн, урам өгсөн захидал бичдэгт би маш их баярлаж
явдаг шүү. Эцэст нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа
танай сүлжээгээр дамжуулан аз жаргал хүсч халуун дотно мэдчилж байгааг
хүлээн авна уу. Цахим өртөөний хэлэлцүүлэг мэдээллүүд улам хөгжиг.
Таны энэ хариултыг хараад хоёр зүйл дээр бодлоо илэрхийлмээр санагдлаа л даа.
1.
Цахим Єртөө хэнд боломж олгож буй вэ гэвэл бүгдэд яг адил энэ тэнцүү
олгож буй. Харин хэн боломжийг хэрхэн ашиглаж өөрийгөө бусдад хэрхэн
таниулж буйд л учир нь байгаа юм болов уу гэж боддог юм.
2. Єөрөө
танай сүлжээ гэж нилээд хэллээ. Эхэндээ танай сүлжээ гэж байсан хүмүүс
сүлжээний боломж бололцоог ашиглаж анд нөхдийг олж нөхөрлөн өөр
хоорондоо хамтран ажилласаар удахгүй манай сүлжээ гэж бодож сэтгэж ярьж
хэлцдэг болчихдог. Тэгэхээр таныг ч мөн удахгүй Цахим Єртөөний бий
болгож буй боломж нөхцлийг ашиглан бодол зорилго нийлэх анд нөхдөө энэ
сүлжээнээс олж нөхөрлөж хамтран ажиллаж манай сүлжээ хэмээн хэлэх
болтлоо сэтгэл тань дотносох болтугай хэмээн хүсье.
Танай
сүлжээ гэснээс би сэтгэлгээгээ өөрчлөх цаг нээрээ болчихсон байна
шүү. Сүлжээгээ бүтэн жил ашиглаж байж "танайх"-аараа явж байсан байна.
Муухай юм боллоо. Ингээд л сүлжээний гишүүдээс сурч ухаарах юм гарч
ирээд байдаг юмаа. Сүлжээнийхээ ажлыг та бүхэн үндсэн сургууль,
албаныхаа хажуугаар л амжуулдаг биз, Монголчуудынхаа төлөө илүү цагаар
ажиллаж байгаад чинь баярлалаа,
Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд гүнээ талархая.
Ярилцсан Д.Цэрэнбат. Их Британиаас
No comments:
Post a Comment