МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ 2010 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ

2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр                     Дугаар 202                                                              Улаанбаатар хот 

Хөтөлбөр, төлөвлөгөө
батлах тухай

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Төлөвлөгөөнд тусгасан ажлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт даалгасугай.

3. Улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнд тулгуурлан жижиг, дунд үйлдвэр байгуулах ажлыг төсөл сонгон шалгаруулах замаар, онолын суурь судалгаа явуулах ажлыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу байгууллагыг санхүүжүүлэх, грант олгох хэлбэрээр тус тус гүйцэтгэхийг холбогдох сайд нарт даалгасугай.


              Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.ЭНХБАЯР  
              Боловсрол, соёл, шинжлэх
              ухааны сайд                                                                       А.ЦАНЖИД

Засгийн газрын 2000 оны 202 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт


МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ
2010 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны өнөөгийн байдал

Оюун ухааныхаа хүчээр нийгмийн баялгийг хэрхэн бүтээж, ашиглаж байгааг өнөөдөр аливаа улс орны хөгжил дэвшлийн илэрхийлэл гэж үзэж, шинжлэх ухаан, технологийн чадамжаар нь тухайн орны хөгжлийн түвшинг хэмждэг болжээ.

Шинжлэх ухаан, технологийн чадамж гэсэн ойлголтын дор өндөр мэргэшил бүхий эрдэмтэд, судлаачид, судалгаа, туршилтын ажлын багаж, материал, мэдээллийн хангамж, оюуны бүтээлийн сан хөмрөг, түүний ашиглалт, үр өгөөж, оюуны өмчийн баталгаажуулалт, хамгаалалт, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүй, эдийн засгийн зохицуулалт, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо зэрэг хүчин зүйлийг цогц байдлаар уялдуулан авч үзэж байна.

Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага нь байгаль, нийгмийн шүтэлцээнд тулгуурласан, хүний өдөр тутмын өсөн нэмэгдэж буй оюуны болон эд материалын хэрэгцээг бүрэн хангах, экологийн тэнцвэрийг хадгалах, сэргээх, энерги, ресурсийг дээд зэргээр хэмнэхэд чиглэгдсэн, шинжлэх ухааны багтаамж ихтэй үйлдвэрлэл, технологийг бий болгоход оршиж байна. Иймээс ч сүүлийн 10 жилийн байдлаас үзэхэд авсаархан, хөнгөн, эрчим хүч, материалын хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автоматжисан, компьютерийн удирдлага бүхий электроникийн технологи асар их хурдтай хөгжиж иржээ. Өндөр температурын хэт дамжуулалтын материал судлал, биотехнологи, генийн инженерчлэл, квант оптикийн зарчимд тулгуурласан электрон хэрэгслийн зохион бүтээлт гэх мэт шинжлэх ухааны чиглэл орчин үеийн судалгаа, туршилтын ажлын гол жинг татаж байна.

Иймд манай орны хувьд шинжлэх ухаан, технологийн чадамж, хөгжлийн түвшингээрээ дэлхийн улсуудын нийтлэг жишигт уялдаж, тэднээс хэт хоцрохгүй байхын тулд дэлхий нийтийн мэдээллийн глобалчилалд хамрагдан, шинжлэх ухааны салбар дахь олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага аяндаа урган гарч байгаа билээ.

1998 оны байдлаар хүрээлэн, төв, корпораци зэрэг бие даасан буюу тусдаа санхүүжилт бүхий эрдэм шинжилгээний 40 байгууллагад нийтдээ 2936 хүн ажиллаж байгаагаас 2623 нь судалгаа, туршилтын үндсэн ажилд хамрагдаж байна. Манай оронд 1918 эрдэмтэн бэлтгэгдсэний дотор шинжлэх ухааны доктор 237, дэд доктор 1681 байгаа бөгөөд эрдэмтдийн 46,4 хувь буюу 890 нь эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд ажиллаж байна. Гэвч манай улсад эрдэм шинжилгээний ажилтны тоо сүүлийн 10 жилд 1,5 дахин буурч, дундаж нас 40 гарч, 30 хүртэлх насны залуу ажилтны эзлэх хувийн жин 20 хувьд хүрчээ.

Мөн оны судалгаанаас үзэхэд манай эрдэм шинжилгээний байгууллагуудад лабораторийн шинжилгээ, туршилт-үйлдвэрийн зориулалттай 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2000-аад нэр төрлийн 3000 орчим тоног төхөөрөмж суурилагдсан боловч эдгээрийн 50-иад хувь нь 1950-1980 онд, 30 гаруй хувь нь 1981-1990 онд, 18 хувь нь 1991 оноос хойшхи хугацаанд тус тус ашиглалтад оржээ.

Эрдэмтэд, судлаачид явуулж буй судалгаа шинжилгээнийхээ ажлын талаар гаднаас мэдээлэл авах, гадагш мэдээлэх ажлыг өнөөгийн шаардлагын түвшинд хүргэж шуурхай бөгөөд цэгцтэй явуулах боломж төдийлэн сайн бүрдээгүй байна.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь таруу сийрэг манай орны хувьд бүсчилсэн хөгжлийн бодлого чухал ач холбогдолтой бөгөөд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа ч мөн үүнд уялдаж, тухайн бүс нутагтаа үйлчилж байх учиртай. Гэтэл манай эрдэм шинжилгээний байгууллагууд үндсэндээ улсынхаа нийслэл хотод төвлөрч, гагцхүү ХААИС-ийн харьяанд буюу бүтцэд байгаа, бүсийн шинж чанартай 8 салбар, станц мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлгийн чиглэлээр судалгаа, туршилтын зарим ажил явуулж байгаа боловч улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаагаас болж тэдний ажлын цар хэмжээ бага, хөрөнгө, санхүүгийн чадавхи хомс байгаа болно.

Манай улсад эрдэм шинжилгээний ажлыг 1991 оноос эхлэн гэрээ, захиалгын үндсэн дээр, шинжлэх ухаан, технологийн төслийн хэлбэрээр явуулж, жилд дунджаар 3-5 жилийн хугацаа бүхий 300 гаруй төслийн хүрээнд судалгаа, туршилтын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн гурван жилд буюу 1997-1999 онд дууссан ажлын хүрээнд гэхэд 80-аад технологи, 100 гаруй шинэ нэрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж бий болгож, 900-гаад ном, товхимол, арга зүй, зөвлөмж гаргасан боловч хөрөнгө хүчний хомсдол, захиалагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалан судалгаа, туршилтын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил үндсэндээ хийгдэхгүй, үүнд нийцсэн эдийн засгийн нөхцөл бүрдээгүй байна.

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг зах зээлийн харилцаанд нийцүүлж хөгжүүлэх, түүний чадамжийг дээшлүүлэхийн тулд төр, засгаас сүүлийн жилүүдэд нэлээд арга хэмжээг авсан болно. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас “Патентын тухай” /1993/, “Зохиогчийн эрхийн тухай” /1993/, “ШУА–ийн эрх зүйн байдлын тухай” /1996/, “Шинжлэх ухаан, технологийн тухай” /1998/ , “Технологи дамжуулах тухай” /1998/ хуулиуд болон Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлан гаргасан юм.

Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, технологийн түвшинд үнэлгээ өгөх, технологи дамжуулах, эрдэм шинжилгээний байгууллага байгуулж бүртгүүлэх, тэдгээрийн шинжлэх ухаан, технологийн чадавхийг үнэлэх, эрдэм шинжилгээний ажлыг тайлагнах, шинжлэх ухааны докторын зэрэг олгох гэх мэт харилцааг зохицуулсан нэлээд хэдэн журам, дүрэм, зааврыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гарган мөрдүүлж байна.

Түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах асуудал тус орны өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд томоохон байр суурийг эзэлж байгаа юм. Тухайлбал, 1995 онд шинэчлэн баталсан "Боловсролын тухай", "Дээд боловсролын тухай" хуулиудад шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлж боловсролын зорилгыг хэрэгжүүлэх, суралцагчдад шинжлэх ухаан, техник, технологийн тодорхой чиглэлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд дээд боловсролын агуулгыг чиглүүлэх, дээд боловсролыг дипломын, бакалаврын, магистрын, доктор(Ph.D)-ын зэрэглэлтэй болгож, докторын зэргийг их сургууль олгож байх, сургалт, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний цогц үйл ажиллагаа бүхий дээд боловсролын байгууллагыг нэгдэл хэлбэрээр байгуулах, дээд боловсролын байгууллага нь эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх эрхийг хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгагдсанаас гадна Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор эрдэм шинжилгээний 70 гаруй байгууллагыг 22 хүрээлэн, төв болгож өөрчлөхдөө тэдгээрийн тэн хагасыг их сургуулиудын харьяалалд оруулсан болно.

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны хууль зүйн орчин бүрдүүлэх, менежментийг боловсронгуй болгох талаар ийнхүү зарим эхлэл байгаа боловч эдийн засгийн баталгаа, санхүү, урамшууллын хөшүүрэг бий болгох, үүнтэй холбогдсон харилцааг зохицуулах асуудал үндсэндээ шийдэгдээгүй байгаа юм.

Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

1. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 55 дугаар тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого"-д уг бодлогын зорилгыг тодорхойлохдоо "экспортод чиглэсэн зах зээлийн эдийн засагтай, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах, улмаар түүний тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэхэд гол хүчин зүйл болохуйц түвшинд хүртэл нь шинжлэх ухаан, технологийн чадавхийг хөгжүүлэхэд оршино" гэж заасан.

2. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн "Нэг"-ийн 4-т "Шинжлэх ухаан, технологийн үндэсний чадамжийг дээшлүүлэн хөгжлийн харьцангуй шинэ давуу тал олж авах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэмтэд, судлаачдын бүтээлийн үнэлэмжийг өсгөх зорилтыг хэрэгжүүлнэ" гэж тусгагдсан.

3. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны өнөөгийн байдлаас үзэхэд шинжлэх ухааны салбарын зах зээлийн харилцааг гүнзгийрүүлэх, бүтцийг боловсронгуй болгож хавсарга судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл рүү чиглүүлэх, улмаар уг салбарт өөрийгөө санхүүжүүлэх үйл ажиллагааны тогтолцоог бий болгож төлөвшүүлэх шаардлага гарч байна.

Иймд Монголын шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдлыг харгалзан, шинжлэх ухааны талаархи төр, засгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)”-ийг дэвшүүлэн тавьж байна.

Гурав. Хөтөлбөрийн зорилго

1. Байгалийн эрдэс баялаг, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн арвин их нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах өргөн уудам газар нутаг, хүн амын боловсролын харьцангуй өндөр түвшин зэрэг үндэсний давуу талуудад тулгуурлан, ардын уламжлалт арга, шинжлэх ухааны орчин үеийн ололтод түшиглэсэн үндэсний дэвшилт технологи, шинэ бүтээгдэхүүн бий болгох, гадаад орны тэргүүний технологийг эх орны байгаль, эдийн засгийн нөхцөлд тохируулж үр өгөөж сайтай ашиглах замаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулахад чиглэгдсэн үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд оюуны хүчийг дайчилж хөгжлийн харьцангуй шинэ давуу тал олж авах.

2. Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг зохистойгоор хослуулах, өөрийнхөө хөрөнгө хүчээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг явуулж чадахуйц бүтцийг бий болгож хөгжүүлэхийн зэрэгцээгээр иргэдийн танин мэдэхүй, амьдрах ухааныг дээшлүүлэх, дэлхийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрсэн түвшинг ахиулахад онолын суурь судалгааны ажлыг чиглүүлэх.

3. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг 2010 он гэхэд улс орны эдийн засгийг тогтворжуулан сэргээх, бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн түүний экспортын баримжааг төлөвшүүлэхэд нөлөөлж чадахуйц түвшинд хүргэх.

Дөрөв. Хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх судалгаа, туршилтын ажлыг дараахь тэргүүлэх чиглэлд голлон төвлөрүүлж явуулна. Үүнд:
• монгол орны амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийн нөөц баялаг;
• ардын уламжлалт болон үндэсний дэвшилт технологи;
• биотехнологи;
• химийн технологи;
• электроник, мэдээллийн технологи;
• шинэ материал, машин үйлдвэрлэлийн технологи;
• эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр ашиглах технологи;
• монгол хүний хөгжил, шинжлэх ухааны боловсрол;
• онолын суурь судалгаа.

Тав. Хөтөлбөрийн үндсэн зорилтууд

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл бүрийн хүрээнд дараахь үндсэн зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:

• "Монгол орны амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийн нөөц баялаг" чиглэлээр:

-манай орны амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийн байршил, нөөц, үнэлгээ, экологийн онцлог, хөдлөл зүйг тодорхойлох, түүнийг зохистой ашиглах арга, хэлбэр, боловсруулах чиглэл, байгаль хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах, сэргээх үндэслэлийг тогтоох;

-түүхий эдийн нөөцөд тулгуурлан бүс нутгийг хөгжүүлэх стратегийн үндэслэл болон нөөцийг олборлох, ашиглах, нөхөн сэргээх, арвижуулах арга замыг тодорхойлох.

• "Ардын уламжлалт болон үндэсний дэвшилт технологи" чиглэлээр:
-мал, ургамлын гаралтай түүхий эд боловсруулан хүнс, ахуйн зориулалттай бүтээгдэхүүн хийж байсан ардын уламжлалт аргад шинжлэх ухааны үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийг баталгаажуулах, сэргээж дэлгэрүүлэх, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн ололттой хослуулан үндэсний дэвшилт технологи бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

-гадаад орны тэргүүний технологи, техник хэрэгсэл, ноу-хауг авч ашиглахаас гадна тэдгээрийг эх орны байгаль, эдийн засгийн нөхцөлд тохируулан нутагшуулах замаар үндэсний технологи болгож эзэмших;

-ноос, ноолуур, арьс, шир зэрэг стратегийн ач холбогдол бүхий уламжлалт түүхий эдийг дотооддоо гүн боловсруулж дэлхийн түвшинд хүрсэн үндэсний технологиор экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох.

• "Биотехнологи" чиглэлээр:
-мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг ферментаци, биохими, эсийн болон генийн инженерчлэлийн зэрэг аргаар боловсруулж хүн, мал эмнэлгийн зориулалттай эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, импортыг орлуулах;

-эсийн болон генийн инженерчлэлийн аргаар өндөр ашиг шимтэй мал, амьтан, таримал ургамал гарган авч, өсгөж үржүүлэх;

-бичил биетнийг өсгөвөрлөх замаар уураг, амин дэмийн агууламж ихтэй бактер, ферментийн бэлдмэл бий болгон хөнгөн, хүнсний үйлдвэрлэлд ашиглах;

-автоматжисан горимын уян технологи бүхий дэлхийн стандартын жижиг үйлдвэр (Pilot Plant) байгуулан эх орны түүхий эдэд тулгуурласан эм, биобэлдмэл үйлдвэрлэж гадаад зах зээлд шууд гарахад чиглэгдсэн шинжлэх ухаан, технологийн чадавхи, олон улсын эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх.

• "Химийн технологи" чиглэлээр:
-нефть, нүүрс, эрдэс чулуулгийн гүнзгий боловсруулалт бүхий бүтээгдэхүүн, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай шинэ бодис бий болгож үйлдвэрлэх.

• "Электроник, мэдээллийн технологи" чиглэлээр:
-эрчим хүчний удирдлага, хяналтын электрон техник, мэдээллийн электрон хэрэгсэл, сансрын холбоог ашиглах багаж төхөөрөмж зэргийг зохион бүтээж нэвтрүүлэх;

-шинжлэх ухаан, боловсролын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах, мэдээллийн технологийг боловсронгуй болгож олон улсын нийтлэг жишигт хүргэх, эрдэм шинжилгээний бүх байгууллагыг интернетийн сүлжээнд хамруулах;

-ном дамжуулах компьютерийн систем бүхий эрдэм шинжилгээний зориулалттай төвлөрсөн номын сан (Digitel Library), квант оптикийн зарчмаар ажилладаг супер компьютерийн төв байгуулах.

• "Шинэ материал, машин үйлдвэрлэлийн технологи" чиглэлээр:
-үнэт, өнгөт, холимог, ховор металл, жонш, газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, цэвэршүүлэх;

-электроникийн болон цахилгаан техникийн зориулалттай керамик, оптикийн чиглэлийн шинэ материал гаргаж үйлдвэрлэх;

-металл эдлэл, машины эд анги, хялбар хийц, хөдөө аж ахуйн техникийн сэлбэг хэрэгсэл, механикжуулалтын тоног төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэх, бага оврын трактор угсрах, улмаар үйлдвэрлэх.

• "Эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр ашиглах технологи" чиглэлээр:

-нар, салхи, ус, биохий зэрэг эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийн нөөцийг бүсчилэн судалж, тухайн газар орны байгаль, экологийн нөхцөлд тохирсон техник, тоног төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэх замаар төв, орон нутгийн жижиг хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах.

• "Монгол хүний хөгжил, шинжлэх ухааны боловсрол" чиглэлээр:

-монгол хүний геном, түүний онцлог, монголчуудын боловсрол, хүмүүжлийн түүхэн уламжлал, оюун ухаан, авъяас билэг, хүмүүнлэг сэтгэлгээний төлөвшил, биологи-экологийн уялдаа шүтэлцээг судласны үндсэн дээр монгол оронд эрүүл чийрэг бие бялдартай, оюуны өндөр чадавхитай, авъяас төгөлдөр иргэнийг үв тэгш хөгжүүлэх хүчин зүйлүүдийг тодорхойлох;

-байгаль, үзэгдэл, юмсын зүй тогтолд тулгуурласан монгол хүний танин мэдэхүйн сэтгэлгээний уламжлалыг сэргээн хүүхэд ахуйгаас нь төлөвшүүлж хөгжүүлэх, манай иргэдэд шинжлэх ухааны цэгцтэй мэдлэг олгох үйл ажиллагааны арга, хэлбэрийг амьдралын зорилго, сонирхол, нас, хүйс, орчны онцлогт нь нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэл сайтай тогтоох;

-шинжлэх ухааны боловсон хүчин бэлтгэх сургалтын тогтолцоог бий болгох, оюутан, сурагчдын дундаас тодорхой үе шатанд нь сонголт хийж шавь сургалт явуулах, бусад дэвшилт арга, хэлбэрийг нэвтрүүлэх замаар дотоод, гадаадын нэр цуутай эрдэмтдийн халаа залгамжийг бэлтгэх асуудлын онол, арга зүйн үндсийг бүрдүүлэх, уг асуудлыг хэрэгжүүлэх.

• "Онолын суурь судалгаа" чиглэлээр:
-иргэдийн танин мэдэхүй, мэдлэгийн түвшин, амьдрах ухааныг хөгжүүлэхэд суурь судалгааны үүргийг дээшлүүлэх;

-үзэгдэл, юмсын зүй тогтол буюу жам ёсыг илрүүлж тогтоох, шинэ онол, мэдлэгийг бий болгох;

-тухайн шинжлэх ухааны болон судлагдахууны онолын өмнө тулгарч байгаа зарчмын шинж чанартай асуудлуудыг гүнзгийрүүлэн судалж, мэдлэгийн хүрсэн түвшинг ахиулах.

Зургаа. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нийтлэг арга хэмжээний чиглэл

Хөтөлбөрийн зорилго, үндсэн зорилтуудыг хангахад чиглэгдсэн нийтлэг шинж чанартай дор дурдсан чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

А. Шинжлэх ухаан, технологийн чадамж, удирдлагын тогтолцоо

-шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, хөрөнгө, хүчийг хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдээр явуулах судалгаа, туршилтын ажилд голлож төвлөрүүлэх (Судалгаа, боловсруулалтын ажлын цаашдын чиглэлийг нэгдүгээр, магистрант, докторантурт суралцуулах замаар шинжлэх ухааны салбарт шинээр бэлтгэх боловсон хүчний жагсаалтыг хоёрдугаар, шинээр байгуулах, өргөтгөх дундын ашиглалт бүхий лаборатори, төвийн жагсаалтыг гуравдугаар хавсралтад тус тус жишиг болгож үзүүлэв);

-хавсарга судалгааг гэрээ захиалгын дагуу явуулж нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан үр дүн гаргах, түүнд тулгуурлан үндэсний жижиг, дунд үйлдвэр байгуулж хөгжүүлэх замаар шинжлэх ухааны салбарт технопарк, технополисын бүтцийг бий болгох (Судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурлаж байгуулах жижиг, дунд үйлдвэрийн жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтад жишиг болгож үзүүлэв);

-шинжлэх ухаан, үйлдвэрийн байгууллагуудын хооронд мэдээллээр зуучилдаг, тэдэнд хууль эрх, эдийн засаг, менежментийн талаар зөвлөлгөө өгдөг, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр санхүү, эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг, сургалт явуулдаг байгууллага бий болгох, түүний үйл ажиллагааг төрөөс дэмжих арга замыг тодорхойлох;

-томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд өөртөө хэрэгтэй судалгаа, туршилтын ажлыг өөрийнхөө хөрөнгө хүчээр явуулж байж чадахуйц салбар дундын шинж чанартай шинэлэг бүтцийг бий болгож хөгжүүлэхэд чиглэгдсэн эрх зүй, эдийн засаг, урамшууллын тогтолцоо бий болгох;

-хавсарга судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагыг лаборатори, туршилтын баазыг нь бэхжүүлэх замаар зохих хэмжээний үйлдвэрлэл явуулж орлого, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар өөрийгөө санхүүжүүлэх чадавхитай болгох;

-улсын захиалгаар буюу Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг бизнесийн хүрээнийхэнд сурталчлах, технологи дамжуулах хэлбэрээр үйлдвэрлэгчдэд борлуулах, гэрээгээр шилжүүлэх, жижиг, дунд үйлдвэр байгуулах ажлыг төсөл захиалагч яамд болон Шинжлэх ухаан, технологийн сан зохих хууль тогтоомжийн дагуу гардан зохион байгуулдаг байх;

-шинжлэх ухааны боловсон хүчнийг гадаад, дотоодод бэлтгэх, дадлагажуулах ажлыг өргөжүүлэх, шинжлэх ухааны боловсрол эзэмшүүлэх шинэлэг арга хэлбэрүүдийг бий болгож нэвтрүүлэх, шинжлэх ухааны салбарт ажиллагч эрдмийн зэрэгтэй боловсон хүчний тоог 2005 онд 2600, 2010 онд 3000-аас доошгүйд хүргэх;

-эрдэм шинжилгээний ажилтны статусыг хуульчилж тодорхойлох, оюуны үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтдийн эдийн засаг, төр, бизнесийн үйл ажиллагаан дахь оролцоог өргөтгөх, эрдэмтэд, судлаачдын нийгмийн хамгааллыг сайжруулж, тэдний цалин хөлсний өсөлтийг тогтвортой хангах;

-улс орныг бүсчилж хөгжүүлэх үзэл баримтлалд уялдуулан шинжлэх ухаан, технологийг бүс нутагт хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, одоогийн бааз болон орон нутгийн хүч хөрөнгөд тулгуурлаж бүс нутгийн мэдлийн судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, тэднийг бүс нутгийн захиалга, санхүүжилтээр ажиллуулах, улмаар өөрийгөө санхүүжүүлдэг болгох, бүс нутагт судалгаа, туршилтын ажлын үр дүнг нэвтрүүлэхэд зориулсан аймаг, хот дундын болон бүс хоорондын сан байгуулах;

-шинжлэх ухааны салбарт хувьчлал явуулах боломж, онцлог нөхцөлийг судалж, хувьчлах арга хэлбэр, тавих шаардлага, болзлыг тогтоох, уг үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, хувьчиллыг хэрэгжүүлэх;

-хувийн хэвшлийн салбарт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх сонирхол төрүүлэхүйц эдийн засаг, урамшууллын хөшүүрэг бий болгох замаар уг үйл ажиллагааг төрөөс дэмжих;

-судалгаа, сургалт, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааны зохистой хослол бий болгох зорилгоор энэ чиглэлийн байгууллагуудыг зуучилж холбохоос гадна тэднийг хамтын гэрээ, тохиролцооны үндсэн дээр ажиллуулах, сонирхогч байгууллагуудын баазад тулгуурласан цогцолбор бий болгох, ийм цогц үйл ажиллагаатай нэгжийг шинээр байгуулах.

Б. Шинжлэх ухааны салбарын зах зээлийн харилцаа, санхүүжилт

-шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг явуулахдаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэхийн зэрэгцээгээр төрийн зохицуулалт, дэмжлэг болон эрэлт-нийлүүлэлт, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлах;

-үйлдвэр, аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг татварын ялгавартай тарифаар дэмжих;

-шинжлэх ухааны үр дүн, ололт, дэвшилт технологи нэвтрүүлэх ажлыг дэмжих, урамшуулах чиглэлээр банк-зээлийн тогтолцоо бий болгож хөгжүүлэх;

-судалгаа, туршилтын зориулалтаар явуулсан банк-санхүүгийн үйл ажиллагааны орлогын тодорхой хувийг шинжлэх ухааны салбарын санхүүжилтэд зарцуулах;

-гадаадаас оруулж байгаа техник, тоног төхөөрөмжид дэвшилт технологийн шаардлагыг хангуулах, технологийн хамгаалалт, гаалийн хяналтыг сайжруулах, гадаадаас үйлдвэрлэл, техник, технологи оруулах төсөл, тооцооны хянан магадалгаанд эрдэмтдийн оролцоог өргөтгөх;

-технологийн түвшинг тодорхойлох замаар технологи дамжуулах үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт хийж байх үнэлгээ-мониторингийн алба байгуулж ажиллуулах;

-шинжлэх ухааны салбарын урсгал зардалд зориулж улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу дотоодын нийт бүтээгдэхүүний 1,5-аас багагүй хувьд хүргэх зорилтыг дэс дараатай хэрэгжүүлэх, тухайлбал энэхүү харьцааг 2002-2005 онд 0.6-1.5, 2006-2010 онд 1.6-2.0 хувь болгох;

-шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг тухайн жилийн шаардлагад нийцүүлж уг салбарын урсгал зардалд зориулсан улсын төсвийн хөрөнгийн 15-30 хувьд хүргэх.

-хандив, тусламж, зээл, өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг төсвийн бус эх үүсвэрийн хөрөнгө хуримтлуулах ажлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас улсын хэмжээнд жил бүр уялдуулан зохицуулж, уг хөрөнгийн нийт хэмжээг шинжлэх ухааны салбарын тухайн жилийн урсгал зардалд зориулсан улсын төсвийн хөрөнгийн 20-иос багагүй хувьд хүргэхээр зохион байгуулж байх;

-бүс нутагт явуулах шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг орон нутгийн төсөв хөрөнгөөр санхүүжүүлдэг эдийн засаг, санхүүгийн тогтолцоог бий болгох;

-шинжлэх ухаан, технологийн хөгжилд зориулж хандив, тусламж үзүүлсэн дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, импортоор нийлүүлэх эрдэм шинжилгээний ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, туршилтын зориулалттай мал, газар зэргийг холбогдох татвар, төлбөрөөс чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх, оюуны бүтээлийг үнэлэх, борлуулах, үр өгөөжийг нь тооцож урамшуулах, зохиогч, патент эзэмшигчийн эрхийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх;

-төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудын туршилтын үйлдвэрлэлээс олсон орлогыг тухайн байгууллагад төсвийн бус орлогын хэлбэрээр үлдээж байх;

В. Шинжлэх ухааны мэдээлэл хангамж

-шинжлэх ухаан, технологи, боловсролын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах, шинжлэх ухаан, боловсролын салбарын дотоод, гадаад мэдээллийг боловсруулах, дамжуулах, ашиглах, түгээх үйл ажиллагааны технологийг боловсронгуй бөгөөд шуурхай болгон сайжруулж олон улсын нийтлэг жишигт хүргэх;

-шинжлэх ухааны академийн хэмжээнд эрдмийн мэдээллийн сүлжээ, сан, эрдэм шинжилгээний супер компьютерийн төв байгуулах, эрдэм шинжилгээний бүх байгууллагыг интернетийн локаль сүлжээнд хамруулах;

-эрдэм шинжилгээний төв номын санг байгуулж, гадаадаас ном, сэтгүүл, тайлан, бусад эх материалыг ном дамжуулах компьютерийн үйлчилгээ, факс, микрозөөгчөөр захиалан авдаг үйлчилгээтэй болох;

-эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагыг тойм, лавламж, тоо баримтат мэдээллээр үйлчлэх төрөлжсөн үйлчилгээг бий болгох;

-батлан хамгаалах салбарт явуулах судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж, аюулгүй байдлыг хангах мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх.

Г. Гадаад хамтын ажиллагаа

-Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд гадаад орон, олон улсын байгууллагуудын дэмжлэг, туслалцаа авах, гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж өргөжүүлэх зорилгоор энэ чиглэлийн цогц үйл ажиллагааг хамруулсан мастер төлөвлөгөөг хөгжилтэй орны экспертүүдтэй хамтран олон улсын эрх зүйн хэм хэжээнд нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх, уг асуудлыг хандивлагч орнууд, олон улсын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

-Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын байгууллагаас үзүүлэх зээл, хандив, тусламжийн хөрөнгөөр судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурласан жижиг, дунд үйлдвэр, гадаадтай хамтарсан болон байгууллага дундын ашиглалт бүхий лаборатори, төв байгуулах асуудлыг тухай бүр үндэслэл, тооцоо сайтай тавьж шийдвэрлүүлж байх;

-олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтарч судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, олон улсын шилдэг /экселент/ лаборатори, төв, ажиглалтын станц зэргийг хамтран байгуулж ажиллуулах буюу тэдний үйл ажиллагаанд өргөн оролцох, гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

-олон улсын академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, түүний агуулга, төрлийг гүнзгийрүүлэх;

-эрдэмтэд, судлаачдыг гадаад орон, олон улсын байгууллагын шугамаар зохиож байгаа хурал, семинар, уулзалтад оролцуулах, мэргэжилтэн солилцох, түр болон удаан хугацааны томилолтоор гадаадад ажиллуулахад зориулсан зардлыг нэмэгдүүлж, байгууллагын төсвийн 8-10 хувьд хүргэх.

Долоо. Хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр

Хөтөлбөрийг дор дурдсан хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд:

1. шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтэд зориулан батлагдсан улсын төсвийн хөрөнгө;

2. шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалтын зардал;

3. төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага буюу Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг борлуулсны орлого, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласны эхний 3 жилийн дундаж үр ашгийн 15 хүртэлх хувь;

4. орон нутгийн төсөв;

5. дотоод, гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зориулан олгосон хөрөнгө, хандив, тусламж;

6. Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааны орлого.

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, арга хэлбэр

1. Хөтөлбөрийг 2001-2010 онд хэрэгжүүлнэ.

2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хугацаа, хөрөнгө санхүү-гийн хувьд 2001-2005, 2006-2010 он гэсэн хоёр үе шаттайгаар дүгнэж авч үзнэ.

3. Салбар дундын шинж чанартай буюу эрх зүй, эдийн засаг, менежментийн ерөнхий зохицуулалт хийх шаардлага бүхий нийтлэг арга хэмжээг Засгийн газрын төлөвлөгөөгөөр, шинжлэх ухаан, технологийн салбарын хэмжээнд гүйцэтгэх, цаг хугацаа, хөрөнгө зардлын хувьд нарийвчилж тооцсон ажлуудыг яамны төлөвлөгөөгөөр тус тус зохион байгуулж хэрэгжүүлнэ.

4. Засгийн газрын төлөвлөгөөг хөтөлбөрийн хамт Засгийн газар батална.

5. Яамны төлөвлөгөөг хөтөлбөр батлагдсаны дараагаар түүнд уялдуулж эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл зэрэг байгууллагын түвшинд нарийвчлан боловсруулж нэгтгээд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батална.

6. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч хөтөлбөр болон тухайн шатны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарвал уг асуудлыг Засгийн газар болон Засгийн газрын эрх бүхий гишүүн шийдвэрлэнэ.

Ес. Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийн үр дүнгийн үндсэн шалгуур нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн түвшний дараахь үзүүлэлтүүд байна. Үүнд:
-хүний нөөцийн чадавхи, сорилт, туршилт, үйлдвэрлэлийн бааз, мэдээллийн хангамж, нийт зардал зэрэг шинжлэх ухаан, технологийн чадавхийн өсөлт;

-шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зарцуулж байгаа хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь;

-шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөл, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлснээс олсон үр ашгийн өсөлт;

-хөтөлбөрийн үндсэн зорилтуудын хүрээнд гүйцэтгэсэн нийт ажлын цар хэмжээ, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол.

---оОо---


Засгийн газрын 2000 оны 202 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт


"МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ
2010 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ
ХӨТӨЛБӨР"-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

№ Гүйцэтгэх ажил Хугацаа Хариуцагч
I.Хөтөлбөр, түүний хэрэгжилтийг сурталчлах, төлөвлөх, мэдээлэх талаар
1 Хөтөлбөр болон түүний хэрэгжилтийн явцыг хэвлэл мэдээллээр тогтмол сурталчлах 2001 оноос БСШУЯ, ШУА
2 Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэх ажлыг эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухаан, үйлд-вэрлэлийн нэгдэл зэрэг байгууллагын түвшинд нарийвчлан тодорхойлж, яамны нэгдсэн төлөвлөгөө гарган мөрдүүлэх, биелэлтийг нь жил бүр дүгнэж байх 2001 оны I улиралд БСШУЯ, ШУА
3 Хөтөлбөрийн хэрэгжилтийг төв, орон нутагт зохион байгуулж явц, үр дүнг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байх 2001 оноос БСШУЯ, ШУА
П.Хөтөлбөрийн санхүүжилт, шинжлэх ухаан, бизнесийн холбоог сайжруулах талаар
1 Шинжлэх ухаанд зориулж хөрөнгө нийлүүлсэн, хандив, тусламж үзүүлсэн байгууллага, иргэдийг энэ зориулалтаар гаргасан хөрөнгийн нь хэмжээгээр татвар, төлбөрөөс чөлөөлж, туршилтын үйлдвэрлэлээс орсон орлогыг шинжлэх ухааныг санхүүжүүлэхэд зориулж байх асуудлыг тус тус боловсруулж шийдвэрлүүлэх 2001-2003 ХЗДХЯ, СЭЗЯ, БСШУЯ
2 Хувийн хэвшлийн салбарт шинжлэх ухаан, технологийг өөрийн хөрөнгөөр хөгжүүлэх сонирхол бий болгохуйц эдийн засгийн тогтолцоо бий болгох 2001-2003 Засгийн газар
3 Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг татварын ялгавартай тарифаар дэмжих журам гаргах 2001-2002 СЭЗЯ, ҮТЕГ, БСШУЯ
4 Импортын техник, тоног төхөөрөмжид дэвшилт технологийн шаардлагыг хангуулах, технологийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор гаалийн хяналтыг хүчтэй болгох, гадаадаас үйлдвэр, технологи, техник оруулж ирэх төсөл, тооцоо, импортын үйл ажиллагаанд эрдэмтдийн оролцоо, хяналтыг өргөжүүлэх 2001 оноос БСШУЯ, ГХЯ, СЭЗЯ, УГЕГ
5 Шинжлэх ухааны ололт, үр дүн, дэвшилт технологи нэвтрүүлэх асуудлыг бизнесийнхний үйл ажиллагааны нэг шалгуур үнэлгээ болгож хэвшүүлэх 2001 оноос БСШУЯ, ХХААЯ, ҮХЯ, ДБЯ
6 Хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн болон төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил жилийн үндсэн чиглэл, төсөвт тусгаж хэрэгжүүлэх 2001-2010 СЭЗЯ, БСШУЯ, ГХЯ
7 Хүрээлэн, корпораци, их сургуулийн лабораторийн тоног төхөөрөмжийн хангамж, чанарын байдалд үнэлгээ өгч, шинэчлэлтийг дэс дараатай хийх 2001-2003 БСШУЯ, СЭЗЯ, ГХЯ
Ш.Шинжлэх ухааны эрх зүйн орчин, мэдээлэл хангамжийг сайжруулах талаар
1 Эрдэм шинжилгээний ажилтны эрх зүйн байдлын тухай хууль гаргуулах 2001-2002 БСШУЯ, ХЗДХЯ, ШУА, НХХЯ
2 Судалгаа, туршилтын ажлын тухай мэдээлэл солилцох, ашиглах, борлуулах үйл ажиллагааг өргөжүүлэх, түүний эрх зүйн үндэс, технологийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний бүх хүрээлэнг интернетийн сүлжээнд холбох, эрдэм шинжилгээний зориулалттай тусгай номын сан, супер компьютерийн төв байгуулах 2001-2003 БСШУЯ, ШУА, СЭЗЯ, ГХЯ
IY.Шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэх, менежмент, бүтцийг сайжруулах талаар
1 Эрдмийн зэрэгтэй боловсон хүчнийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх, гадаад хамтын ажиллагааны хүрээнд боловсон хүчний мэдлэг чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх, олон улсын түвшинд сертификатжуулах ажлыг хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, үндсэн зорилтуудад уялдуулж зохион байгуулах 2001-2010 БСШУЯ, ШУА, СЭЗЯ, ГХЯ
2 Судалгаа,сургалт,үйлдвэрлэл,бизнесийг зохистой хослуулж явуулах зорилгоор холбогдох байгууллагуудын дунд зуучлан үйлчилдэг үйл ажиллагааны тогтолцоог бий болгох, боломж бүхий байгууллагуудын баазад тулгуурлан, түүнчлэн шинээр төв, орон нутагт цогцолборууд байгуулж ажиллуулах, шинжлэх ухаан, технологийг бүс нутагт хөгжүүлэх арга хэмжээг улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогод уялдуулан зохион байгуулж хэрэгжүүлэх 2001-2010 БСШУЯ, СЭЗЯ, ШУА, төв, орон нутгийн холбогдох бусад яам, байгууллага
3 Томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд өөртөө хэрэгтэй судалгаа, туршилтын ажлыг өөрийнхөө хөрөнгө хүчээр явуулж байж чадахуйц салбар дундын шинж чанартай шинэлэг бүтцийг бий болгож хөгжүүлэхэд чиглэгдсэн эрх зүй, эдийн засаг, урамшууллын тогтолцоо бий болгох 2001-2003 БСШУЯ, ҮХЯ, СЭЗЯ, ШУА
4 Хавсарга судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагыг лаборатори, туршилтын баазыг нь бэхжүүлэх замаар зохих хэмжээний үйлдвэрлэл явуулж орлого, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, улмаар өөрийгөө санхүүжүүлэх чадавхитай болгох; 2001-2010 БСШУЯ, СЭЗЯ, ШУА
5 Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнд тулгуурлан үндэсний жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгууллага дундын ашиглалт бүхий судалгаа, туршилтын лаборатори, төв байгуулах замаар манай оронд технопарк, технополисын бүтэц бий болгох 2001-2010 БСШУЯ, СЭЗЯ, ГХЯ, ДБЯ,ХХААЯ, ҮХЯ
6 Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэгдсэн банк-санхүүгийн тогтолцоо бий болгож төлөвшүүлэх 2001-2005 Холбогдох яам, байгууллага7 Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд гадаадын орон, олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаа авах, гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж өргөжүүлэх зорилго бүхий мастер төлөвлөгөө боловсруулах асуудлыг хандивлагч орнууд, олон улсын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх 2001-2002 ГХЯ, СЭЗЯ, БСШУЯ, ШУА


Засгийн газрын 2000-12-27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор
батлагдсан "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг
2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн
хоёрдугаар хавсралт

МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛАХ
ЗАМААР ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ШИНЭЭР БЭЛТГЭХ
БОЛОВСОН ХҮЧНИЙ ЖАГСААЛТ

№ Мэргэжлийн чиглэл Боловсон хүчний тоо Зардал (сая.төг)
Бүгд 2001- 2005 2006-2010 Бүгд 2001-2005 2006-2010
1 Физик 25 12 13 166 72 94
2 Математик 25 10 15 168 60 108
3 Хими 20 10 10 132 60 72
4 Биологи 18 8 10 120 48 72
5 Ургамал судлал 9 4 5 60 24 36
6 Газарзүй, геоэкологи 12 5 7 80 30 50
7 Хэл шинжлэл 18 8 10 120 48 72
8 Түүх 9 5 4 60 30 30
9 Эдийн засаг 6 3 3 40 18 22
10 Гүн ухаан, улс төр, эрх зүй, сурган хүмүүжүүлэх 20 10 10 132 60 72
11 ХАА-н мэргэжил 20 10 10 132 60 72
12 Анагаах ухаан 43 20 23 285 120 165
13 Палеонтологи 8 3 5 54 18 36
14 Геологи, уул уурхай 10 5 5 66 30 36
15 Одон орон судлал 6 3 3 40 18 22
16 Газар зүйн мэдээлэл 6 3 3 40 18 22
17 Дүрс боловсруулалт 4 2 2 26 12 14
18 Уул уурхайн техник, технологи 13 5 8 88 30 58
19 ХАА-н техник, технологи 22 8 14 42 14 28
20 Барилга, архитектур 15 6 9 43 17 26
21 Хөнгөн үйлдвэрийн техник, технологи 14 5 9 32 12 20
22 Сэргээгдэх эрчим хүчний техник, технологи 15 6 9 44 18 26
23 Эрчим хүчний техник, технологи 12 5 7 29 13 16
24 Хүнсний үйлдвэрлэлийн техник, технологи 15 7 8 32 13 19
25 Электрон техник, машин судлал 14 6 8 44 18 26
26 Шинжлэх ухаан, техникийн мэдээлэл 24 10 14 40 14 26
27 Цэргийн мэргэжил 100 40 60 600 240 360
Нийт дүн 503 219 284 2715 1115 1600

No comments:

Post a Comment