2011 оны 2 сарын 2
Монгол
Улсын Засгийн газар Тавантолгойн тендерийг хэрхэн явуулахыг олон
нийтийн зүгээс анхааралтай ажиглаж буй. “Эрдэнэс MGL”-ээс Тавантолгойн
орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа юм. Нэгдэх
нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар
олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй
тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр хаасан бол Цанхийн баруун
хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах
эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг уржигдар буюу
нэгдүгээр сарын 31-нээр тасалбар болгожээ. Уг тендерт оролцохоор гадаад,
дотоодын 15 оролцогч материалаа ирүүлснийг “Эрдэнэс MGL” компани
хүлээж аваад Үнэлгээний хороонд шилжүүлсэн байна. Эдгээр оролцогчдыг
нэрлэбэл, Шинхуа Энержи, Мицуи корпораци /БНХАУ, Япон/, “Монголын Алт”
групп /Монгол Улс/, “Арсэлор Миттал лимитед” /Люксенбург/, “И-Тай” групп
/Өвөрмонгол, БНХАУ/, Пибоди Энержи /АНУ/, Эн Плас /ОХУ/, “Фортискю
Металс” групп /Австрали/, Вале /Бразил/, “Оросын төмөр зам” нийгэмлэг
/ОХУ/, “Сумитомо”, “Иточу”, “Сожитц”, “Марубени” группын хамтарсан
консорциум /Япон/, “Корес” группээр ахлуулсан БНСУ-ын компаниудын
нэгдэл, “ Мэско Стийл лимитед” /Энэтхэг/, Интернэшнл Коул Вентчур
лимитед /Энэтхэг/, “Монголын автозамын нэгдэл” консорциум /Монгол/,
“Экстрата” групп /Австрали/, “Эрдос Чэнлон” групп /БНХАУ/, Сигнум
Индастриал корпораци /Монгол/ нар юм. Энэ талаар “Эрдэнэс MGL”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодрууллаа.
-Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг тасалбар болгож, хүсэлтээ ирүүлсэн 15 оролцогчийн материалыг Үнэлгээний хороонд шилжүүлсэн. Тендерийн ялагч хэдийд тодрох бол?
-Үнэлгээний хороо оролцогчдын материалыг хүлээж аваад дөнгөж танилцаж эхэлж байна. Үүнийхээ дараа хураангүй жагсаалтыг гаргана. Хураангүй жагсаалтыг гаргахын тулд дээрх 15 оролцогчийн ирүүлсэн материалтай маш сайтар танилцах ёстой. Тиймээс Үнэлгээний хорооныхонд хугацаа мэдээж шаардагдана. Хураангуй жагсаалтыг ямар хугацаанд гаргах вэ гэдэг Үнэлгээний хорооны ажлаас шалтгаалах юм. Хураангүй жагсаалт гарч ирсний дараа хэлэлцээрийн шат явагдана.
-Хураангүй жагсаалтыг Үнэлгээний хороо гаргалаа, тэгээд ялагчийг хэн тодруулах юм бэ?
-Засгийн газраас Тавантолгойн асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг хураангүй жагсаалтад багтсан аж ахуйн нэгжийг хэлэлцээрт урьж, санал бодлыг сонсох юм. Тэгээд урьдчилгаа хөрөнгө, тавьж буй санал, нөхцөл зэрэг олон зүйлийг харгалзан үзэж ялагчийг тодруулах болно. Ажлын хэсэгтэй хийх хэлэлцээрээс л хамаг зүйл шалтгаална.
Ж .ЭРХЭС
No comments:
Post a Comment