Б.Энэбиш: “Чалко”-той хийсэн гэрээг ил болгох хэрэгтэй

http://economy.news.mn/content/132012.shtml
Өнөөдөр 9 цаг 48 минут
“Ярилцах танхим” энэ дугаарын зочноороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны удирдаж байсан “Эр­дэнэс Тавантолгой” ком­панийн үйл ажиллагаа тун хүнд байдалд орсон бо­лол­той. Таныг ажлаа өгөх үед нөхцөл байдал ямархуу байсан бэ, ер нь компанийн үйл ажиллагаа хэр явж бай­гаа бол?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа хүлээлгэж өгөх үед хүлээгдэж байсан урсгал ажлуудын төлбөрийг төлөөд санхүүгийн хувьд дансандаа 80 орчим тэрбум төгрөг бу­юу ойролцоогоор 60 сая ам.дол­ларын үлдэгдэлтэй байсан. Үйл ажиллагаа, нүүрсний ол­борлолт нь тогтмол явагдаж байгаа, ахисан төвшний сан­хүүжилтийн олон хувилбар дэвшүүлж хэлэлцээ хийсэн, дөхүүлсэн ийм л байдалтай хүлээлгэж өгсөн. Үндсэн үйл ажиллагаа болох нүүрс ол­борлолтын хувьд 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон, 2012 онд оны эцэс гэхэд ол­борлолтын хэмжээ 3.5 сая тонн хүрэх бүрэн  боломжтой байсан.   Компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой чу­хал цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэр бай­гуу­лах Техник, эдийн зас­гийн үндэс­лэлийг нь дуус­гасан, Баруун Цанхийн талбай дээр үйл ажиллагааг нь нээж, “Эрдэнэс Тавантолгой” энэ хэс­гийн тал­байгаас нүүрс гаргах, орлого олох болом­жийг нь нээж өгөөд гарсан даа. Зээлийн тухайд жаахан дэлгэрэнгүй хэлье.


Хятадын “Чалко” компанид ний­лүү­лэх нүүрсний борлуулалтын ор­ло­гоос 2011 онд урьдчилж авсан 250 сая ам.долларын үлдэгдэл хэ­сэг  (энэ мөнгө жилийн гурван хувийн тогт­мол хүүтэй),  2012 оны хавар тус компаниас жилийн тогтмол тав бо­лон долоон хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээл, Монголын Хөгжлийн банкнаас 7.2 хувийн хүү­тэй зээлсэн 100 сая ам.долларын зээлтэй байсан.  

-Одоо “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн үйл ажиллагааны та­лаар ямар бодолтой байна вэ, хэцүү байдлаас гарах боломж харагдаж байна уу?

-“Эрдэнэс Тавантолгой”-н төлөв­лөсөн ажил, нүүрсний олборлолт хэ­вийн явагдвал “Чалко” компаниас ав­сан нийт мөнгөө энэ 2013 оны ха­вар цаашлаад л тавдугаар сар гэхэд нүүрсээрээ барагдуулах бүрэн бо­ломжтой. Зах зээл дэх нүүрсний үнэ унаагүй бол үүнээс ч хурдан ба­рагдуулах  боломжтой байсан. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” нүүрс­ний борлуулалтын орлогоо үзнэ. Өөрөөр хэлбэл, зарсан нүүрсний ор­логоо өмнө авсан мөнгөний төл­бөрт өгч байсан нь дуусаад өөрөө орлого болгоно гэсэн үг. Нүүрсний борлуулалтын орлого 2013 онд доод зах нь 200-300 сая болно, нүүрсний үнэ өсвөл үүнээс илүү болно. 2014 он гээд уурхай өргөжиж 10 сая тоннд дөхсөн нүүрс жилдээ гаргаж чадвал орлого өмнөх оноосоо хэд дахин нэмэгдэнэ. Мэдээж олборлолт үйл ажиллагааны тодорхой зардлууд гар­на. Одоо харин үйл ажиллагаагаа хэвийн явуулах тодорхой хэмжээний нэмэлт  санхүүжилтийн хэрэгцээ бай­гаа байх. Хамтарсан Засгийн газарт улс төрийн амлалтаа биелүүлэхэд нь зориулж их мөнгө олж өгч байсан, одоо засаг нь өрийн бичиг буюу бонд гаргаад өөрөө мөнгөтэй болсон байна. Түүндээ өдөр бүр их хүү төлж байхын оронд тэр бондын мөнгөнөөсөө, эсхүл Хөгжлийн банкны олон улсын зах зээлээс зээлсэн мөнгөнөөс “Эрдэнэс Тавантолгой”-д өгвөл их л хэрэгтэй зүйл болно. Дээр миний дурьдсан “Чалко” компаниас авсан нийт 350 сая ам.долларын нүүрсний урьдчилгаа мөнгөний дийлэнх бу­юу гуравны хоёр нь УИХ, Засгийн газрын шийдвэрүүд, Сангийн яамны шахалтын үндсэн дээр Хүний хөгжил санд шилжиж, иргэдэд сар бүр 21 мянган төгрөг болж очсон байдаг. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой”, “Эр­дэнэс МГЛ” ком­паниас Хүний хөг­жил санд нийт 400 тэрбум төгрөг оруулаагүй бол улс төрийн хоёр гол нам болох МАН, АН хоёр сонгогчдод амласан мөнгөө өгч чадахгүй байсан. Одоо дарга, гишүүн  болсон нөхдүүд сонгогдож, томилогдох, цаашлаад нам нь санал авч, дарга сайд болох ч үгүй байсан болов уу. Хүмүүст мөнгө болон хувьцаа өгнө гэж амласан хоёр нам нь тодорхой. Хамтарсан засаг, түүний парламент ямар шийдвэр гаргаж төрийн өмчит компанийг шахаж байсан нь бүгд ил тодорхой болсон явдал даа.  

-“Чалко”-той хийсэн гэрээг цуцлах асуудлыг Ерөнхий сайд хөндөж байсан, анхнаасаа яагаад тийм муу гэрээ хийсэн юм бэ. Таныг удирдаж байх үед хийгдсэн гэрээ шүү дээ?

-Намайг байх үед хийгдсэн. Хята­дын төрийн өмчит хамгийн том компаниудын нэгтэй Монголын төрийн өмчит компанийн байгуулсан бизнесийн хэвийн гэрээ. Зарим дар­га, сайд нарын ярьж байгаагаас үзэ­хэд гэрээний доторхи  зарим зүй­лийг сайн ойлгоогүй юм уу, дутуу мэ­дээлэл авсан юм шиг байна билээ. “Чалко”-той байгуулсан гэрээ болон хийж байсан хэлэлцээний явцыг компанийн ТУЗ болон Засгийн газарт танилцуулж байсан. Тавантолгой ор­дыг ашиглахдаа бүтээгдэхүүний урьд­чил­сан борлуулалт хийж мөнгө олж ирэх нь зүйтэй гэсэн УИХ-ын удир­дамж 2008 оны арванхоёрдугаар сард анх гарсан байдаг, Засгийн газрын 2011 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас ч тийм үүрэг өгсөн байдаг. Борлуулалтын томоо­хон урьдчилгаа мөнгө эхэлж авах нөхцөлтэйгээр нэлээд хэдэн ком­паниудтай хэлэлцээ хийж санал авснаас “Чалко”-той тунаж үлдэж гэ­рээ хийгдсэн. Гэрээ хэлэлцээ хийсэн, зөвшөөрөл авсан, танилцуулагдсан гээд бүх юм номоороо явсан.  
        
-Нүүрсний үнэ хямдрахаар Хятадын тал хямд үнээр аваад, үнэ өсөхөөр монголчууд өссөн үнээр зарах боломжгүй гэрээ хийгдсэн юм биш үү, энэ шударга явдал мөн үү? 

-Энэ худлаа мэдээлэл Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж байна билээ. Тийм юм гэж юу байдаг юм бэ. Анх газрын хөрс ухаж эхлээд нүүрсэндээ хүрэх эхний дөрөвдүгээр давхаргын олборлосон нүүрсний эхний нэг сая тонныг тогтмол 70 ам.доллар, энэ нэг сая тонн нүүрсээ нийлүүлсний дараа зах зээлийн үнийн индексийн тохиргоог улирал тутамд хэрэглэнэ. Энэ нь зах зээлийн үнэ өсөх, буурах аль алинд нь хамаатай. 2011 оны эцсээр энэ индексийн тохиргоогоор үнэ жаахан  өсч, 71, 72 болж байсан санагдаж байна. Харамсалтай нь 2012 онд олон улсын болон Хятадын нүүрсний үнэ эрс унасан. 2012 оны гуравдугаар улиралд 66 орчим ам.доллар болж байснаа сүүлийн улиралд нь тавин хэд болсон байсан. “Энержи Ресурс” компанийн угааж баяжуулсан, жилийн өмнө 150 ам.доллараар хятадын хилийн Ганц мод боомт дээр зарагдаж байсан нүүрс 80 ам.доллар хүрэхгүй болж үнэ унасантай харьцуулах хэрэгтэй байх. Яригдаад байгаа 70 ам.доллар гэдэг бол нэгдүгээрт, хилээс 26 км-ын наана байдаг манай дамжин өнгөрөх агуулахад хүлээлгэж өгөх үнэ байгаа юм. Хүмүүс Хятадын хилийн Ганц модны  боомтын үнэтэй харьцуулж хутгаад байдаг. Хил хүртэл нэлээд зардал гардаг. Хоёрдугаарт, энэ бол зөвхөн дөрөвдүгээр буюу хамгийн дээд давхаргын түүхий, ямар ч ялгалт, баяжуулалт хийгдээгүй нүүрсний үнэ. Үүнээс бусад бүх давхаргын болон угааж баяжуулсан нүүрсний үнийг  харилцан тохиролцох ёстой. Уурхайн ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөө ёсоор уурхайн хөрс хуулалт доошоо улам гүн болж,  гуравдугаар давхаргын нүүрсэнд энэ 2013 оны хавар, зун хүрэх учиртай. Тэгээд энэ давхаргын нүүрсний үнээ тохирох бүрэн боломжтой байгаа. Уурхай өргөжөөд бусад давхаргын нүүрс олборлоход  мөн адил. Угаасаа нүүрс баяжуулах үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулах ёстой. ТЭЗҮ нь үндсэндээ дуусаж байсан одоо дууссан байх ёстой. Баяжуулах үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулаад 2014 оны дундаас угааж баяжуулсан нүүрсээ үнээ сайн тохироод зарвал бүр сайн болно. Зарим улстөрчид хэвлэл мэдээллээр таван жилийн турш нүүрсээ зах зээлийн үнээс бага, тал үнээр нь өгөх гэрээ энэ тэр гэсэн байсан. Тийм юм гэж юу байх вэ. Ер нь гэрээг нээлтэй болгож зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байх. 

-Та ажлаа өгөх үедээ “Залхсан учраас” гэж тайлбарлаж байсан. Чухам яагаад залхсан бэ гэдэг нь тухайн үед бас асуулт болж байсан, магадгүй компани ийм хүнд бай­далд орох нь гэдгийг эртнээс мэдээд, тэр үед ажлаа өгсөн юм биш биз, нэг ёсондоо хариуцлагаас зугтааж?

-Ер нь төрийн өмчит компанийн захирлын ажил их ядаргаатай хэл ам ихтэй. Тэр тусмаа “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байх. Миний бие “Эрдэнэс МГЛ” компанийг гурван жил түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үүнээс арай бага хугацаагаар удирдсан байдаг юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг  гардан үүсгэн байгуулалцаж, хоёр жил орчим хугацаанд Гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Тавантолгойн орд стратегийн чухал орд бөгөөд төсөл далайцын хувьд том учраас өдөр, цаг, минут тутамд улстөрчид, сайд дарга нар, төрийн байгууллагынхан, хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулагчид, гэрээгээр ажил гүйцэтгэгчидтэй харилцах нь амар биш шүү дээ. Түүн дотроос компанийн хуулиар бол хувь нийлүүлэгч нь болох Засгийн газар, түүний яам, сайд нар, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй харилцах нь жаахан хүнд дээ. Улс төрийн өөр нам хүчнүүд, өөр өөр санаа зорилготой, бие биенээ дийлэнхдээ өөлж, үгүйсгэсэн дарга нар, шүүмжлэгч оролцогч  ихтэй байх нь бий. Яах вэ төрийн ажлын зохих туршлага, мэдлэг байсан болохоор тухайн үедээ ажлаа амжуулж байлаа. Ар талдаа юу ч гэж хэлж мэдэх, яаж ч мэдэх улстөрчид, бас чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болохоор гадны компаниуд, хөрөнгө оруулагчидтай нэг стандартаар ярьж ойлголцох ч бас амар биш. Тавантолгой, Оюутолгой гэсэн энэ том төслийг эхлүүлэхэд гардан оролцсоноо би өөрт ногдсон хувь  зохиол гэж үздэг. Түмэн зүйлийн бэрхшээл дунд ажлаа зарчмаар нь, бас нуруутай авч явсан гэж өөрийгөө боддог юм. 

-Улстөрчид “Эрдэнэс ТТ” ком­панийг өөрсдийн сонгуулийн ам­лалтаа хэрэгжүүлэх зорил­готойгоор байгуулсан юм шиг л харагдаад байна. Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэхийн тулд л энэ компани буй болсон юм шиг. Үнэхээр тийм тал байна уу?

-Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу   байгуулагдсан компани.
-Ер нь энэ компанийн өдөр тут­мын үйл ажиллагаа, стратегийн зорилт гэх мэт зүйлс улс төрөөс хараат бус байж чадсан уу, таныг ажиллаж байх үед тухайлбал?
-Төрийн өмчит компани тул төрөөс хараат байна. Засгийн газрын, эсвэл төрийн өмчийн хорооны шийд­вэр гэдэг бол “Эрдэнэс МГЛ”, “Эр­дэнэс Тавантолгой”-н хувьд хувь ний­лүүлэгчийн шийдвэр гэсэн үг. Тэр хувь нийлүүлэгч, эзэн нь дот­роо зөрчилтэй, байнга солигдож өөрчлөгдөж байдаг нь энэ компанийн зовлон юм даа. Хөрөнгийн бирж дээр тодорхой хэмжээний хувьцаагаа арилжаалж, олон улсын хөрөнгийн бирж, олон улсын бизнесийн стан­дартын дор орж, улс төр, засгийн нөлөөллийг тэнцвэржүүлэхгүй  бол цаашдаа бүтэхгүй.  

-Та одоо хаана ажиллаж байгаа вэ. “Эрдэнэс ТТ”-тай холбоотой байгаа юу?

-Ойр зуурын эмчилгээ хийлгэж байна.

-Я.Батсуурь захирал хэр ажил­лаж байх шиг байна, таны харж байгаагаар?

-Урагшаа харж ажлаа амжуулах хэрэгтэй гэж зөвлөмөөр санагдаж байна. Намайг байхад “Эрдэнэс Тавантолгой”-гоос төр засаг нь байнга мөнгө нэхээстэй, бас хажуугаар нь том төсөл уурхай, бусад төслөө явуулах гээд зэрэгцсэн олон ажил явж байсан юм. Болгож л байсан. Одоо засаг нь жаахан дэмжээд, улс төрийн зорилгоор авсан мөнгөө буцаагаад өгчихвөл ажил хийхэд арай амар байж магад.
-Компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр гаргах асуудал одоо болтол удааширсаар л байгаа бололтой. Энэ талаар юу гэх вэ?

-Олон улсын хөрөнгийн бирж дээр компанийг гаргана гээд бүхий л шатны удирдамжийг аваад бэлтгэл ажил хийж байсан. Хөрөнгө оруулалтын банкууд, хууль, аудит, текник, нөөцийн зөвлөхүүдтэй  хагас жил гаруй маш эрчимтэй ажиллаж байсан. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьцаа олголтын асуудлаа цэгцлэх, хувьцааны нэрлэсэн үнийг парламент нь тогтоoсон болон олон улсын хөрөнгийн зах зээлийн байдал муудсан, ашигт малтмалын үнэ унасан зэргээс үүдэж энэ асуудлыг хойшлуулсан. Түр хугацаагаар л хойшлуулсан байгаасай билээ. “Чи тэр  IPO энэ тэрээ март” гэсэн зарим сайд дарга нартай мэтгэлцэх явдал миний хувьд тохиолдож байлаа. Ард иргэддээ хувьцаа олгоод, Та­вантолгойн үнэ цэн нь нэмэгдэхэээр хувьцаагаа зарж орлого олж болно гэж амлачихаад  болиулна гэж арай байхгүй байлгүй дээ. 

-Ер нь боломж харагдаж байна уу, хувьцааг богино хугацаанд олон улсын зах зээл дээр гаргах?

-Зах зээлийн байдлаа харж бай­гаад 2014 онд гаргавал зүгээр байх. Төсөл хэр урагшлах, ажил ямар явахаас их зүйл хамаарна.

-Өмнөх Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг нэрлэсэн үнэ гаргаж, хувийн хэвшлүүдэд зар­сан. Харин одоогийн Засгийн га­зар энэ бодлогыг үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хувьцааг ийн зохиомлоор үнэлсэн нь компанийн үйл ажиллагаанд багагүй төвөг удах шиг болсон?

-Ялангуяа хөрөнгийн биржид хувь­цаа арилжаалах IPO төлөв­лө­гөөнд төвөг удсан үндсэн шалтгааны нэг энэ.

-Хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-оос юу хүсэж байна вэ, та ажиллаж байхдаа хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ба­руун цанхийн уурхайд нээлт хий­сэн. Гэсэн хэдий ч энэ төдийлөн үр дүнгээ өгөхгүй байх шиг?

-Тавантолгой ордын коксжих нүүрсний үндсэн гол талбайг нь Цанхи гэж нэрлэдэг. Түүний зүүн хэсэг дээр нь “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа явуулж эхлээд хоёр жил хагас жил болж байна. Тавантолгой эргэлтэд орж эхлээд үр ашгаас нь иргэд 21000 төгрөгөөр хүртэж эхэлсэн. Одоо тэндээс миний мэдэж байгаа 2013 онд зургаан сая орчим тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Харин Баруун цанхийн талбайг ашиглаж эхлэх явдал геополитик, улс төрөөс шалтгаалж удаад бү­тэх­гүй болохоор компани өөрөө санаа­чилж уурхайгаа нээж эхлүүлсэн. Ол­борлолт хийх компаниар нь дэл­хийд нэр­тэй АНУ-ын “Пибоди Энержи” компанийг хэлэлцээнд урьж байсан. Одоо гойд ажил хийгдэхгүй байгаа бололтой. Тэнд ажил эхэлбэл компанийн санхүүжилтэд нүүрсний борлуулалт, урьдчилсан борлуулалт ч юм уу хэлбэрээр тустай бөгөөд цаг алдахгүй байхад их сайн зүйл байсан байгаа юм даа.

-Ярилцсанд баярлалаа.

Л.ЭНХДЭЛГЭР
 
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

No comments:

Post a Comment