МИАТ шатахуунаа импортлох санал тавьжээ

http://www.mongolnews.mn/i/36657

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захи рал Ц.Орхон үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийв. Түрээсийн дөрвөн онгоцоор Ази, Европын орнууд руу нислэг хийж буй уг компанийн орлого цаа шид нэмэгдэх хандлагатай ч алдагдал хүлээсэн хэвээр байгаа гэнэ.
Тухайлбал, Европ руу хийдэг нислэгээсээ тэд 71 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд буй аж. Тэд зарлагынхаа 30 хувийг шатахуун, 10 хувийг ажилтнуудын цалинд зориулдаг. Ганцхан “Содмонгол” компаниас шатахуунаа нэг тонныг нь НӨАТ тооцоогүй үнээр 1500 доллараар авдаг юм байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр тонн шатахуун 1050 доллар байдаг, манайх 40 хувь илүү үнээр авч буй аж. 
МИАТ 2010 онд шатахуунд 23, 2011 онд 41, энэ онд 57 тэрбум төгрөг зарцуулжээ. Европын нислэг хол учраас зардал их, улмаар алдагдал хүлээх болжээ. Нэг ёсондоо шатахуунаас хараат “хямрал” нүүрлээд буй юм байна. Жил бүр тендер зарладаг ч Оросын Эрхүү, Ангарск буюу арай ойроос шатахуун авдаг “Содмонгол” л хямд үнэ санал болгодог учир арга буюу түүнийг сонгодгоо тэр ярина лээ. Тиймээс цаашид өөрсдөө шатахуун импортлох саналаа УУЯ-нд тавьсан аж. Д.Ганхуяг сайд уг саналыг нь судалж байгаагаа хэлэв. Агаарын тээврийн зах зээлд МИАТаас гадна хувийн гурван ч компани бий. Манай улс жилдээ 400 мянган зорчигч тээвэрлэх эрэлттэй ч нийлүүлэлт нь түүнээс гурав дахин хэтэрсэн, хувийн компаниуд онгоц нь байгаа ч нислэг хийх зах зээлгүй учраас их алдагдал хүлээдэг гэх мэтээр тэр салбарын зовлонгоо ярьж, төрөөс агаарын тээврийн салбарт тодорхой, зөв зохицуулалт хийж өгөхийг хүсэв. Ингэж байж үндэсний авиа компаниа авч үлдэнэ, үгүй бол энэ маягаар алдагдал хүлээсээр байвал 2-3 жилийн дараа Монголын авиа компаниуд дампуурч, гаднынханд байраа тавьж өгөхөд хүрэх нөхцөл үүсчээ.
МИАТ эрсдэлээ үүрэхийн оронд зөвхөн өөрийгөө бодож байна гэсэн шүүмжлэл зарим гишүүн хэлсэн. Хэдий асуудал байгаа ч тэд ирэх жилээс өөрийн өмчийн онгоцтой болохоор ажиллаж эхэлжээ. Цаашдаа паркийнх нь 50 хувь өөрийн, 50 хувь түрээсийнх байх төлөвлөгөө гаргасан аж. Одоо түрээсэлж буй хоёр том, хоёр жижиг онгоцны түрээс 2013-2016 онд дуусна. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеэр гэрээ хийсний дүнд ирэх оны зургадугаар сард түрүүчийн онгоцоо 100.3 сая доллараар худалдаж авахаар болжээ. Үүний урьдчилгаа 37 сая долларыг дотоодын арилжааны банкуудаас зээл аван төлсөн. Үлдэгдлийг төлөхийн тулд АНУ-ын ЭКСИМ банкнаас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авахаар ярьж буй юм байна. Үүний тулд Засгийн газар баталгаа гаргах шаардлагатай болж. Мөн Хөгжлийн банкнаас жилийн долоон хувийн хүүтэй зээл авсан гэнэ. МИАТ-ийн ажилтны тоо олон улсын жишгээс 2-3 дахин их байгаа аж. Үүндээ анхаарахыг гишүүд зөвлөв. Хувьчлалын тухайд Ц.Орхон “49 хувийг нь хувьчлах байр суурьтай байгаа. Хувийн авиа компаниуд хамтарвал олон улсын компаниудтай өрсөлдөнө” гэлээ.

С.УУЛ

No comments:

Post a Comment