МИАТ компани олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладгаа тайлагнав

http://www.dailynews.mn/?vfile=5&vmet_id=30851&vmet_main=5398&vdate=&vl=archive
Эдийн засгийн байн­гын хороо өчигдөр ху­ралдаж МИАТ ком­па­нийн үйл ажиллагааны тайланг сонслоо. Хуралд МИАТ компанийн гүйцэт­гэх захирал Ц.Орхон бо­лон бусад удирдах ал­бан тушаалтнууд орол­цож гишүүдийн асуултад хариулсан юм.


МИАТ компанийн гүй­цэтгэх захирал Ц.Ор­хоны дурдсан мэдээл­лээр төрийн өмчит МИАТ, Иргэний нисэхийн ерөн­хий газарт төрөөс хоёр өөр байдлаар ханддаг гэнэ. МИАТ компани нь 1993 оноос хойш төрийн өмчит нэртэй ч төрөөс нэг ч удаа дэмжлэг туслал­цаа авч байгаагүй аж. Харин Иргэний нисэхийн ерөнхий газарт улсаас 200 гаруй тэрбум төг­рө­гийн хөрөнгө оруулсан байдаг гэнэ. Үүнээс ул­баалан МИАТ компани сүүлийн хэдэн жил ал­даг­далтай ажилласаар ир­жээ. Үүнд уртын нислэг буюу олон улсын тээвэр ихээхэн нөлөөлжээ. Учир нь дэлхийн орнуудад тонн нь 1050 ам.дол­ла­раар худалдаалагддаг онгоцны шатахуун ма­найд 1650 ам.долларын үнэтэй байдаг гэнэ. Олон улсын жишгээс 30 хувь буюу 600 ам.долларын зөрүүтэйгээр "Сод мон­гол" групп худалдаалж байгаа нь хамгийн их нөлөөлсөн байна. Ма­най улсад "Сод монгол" группээс өөр онгоцны шатахуун худалдаалдаг газар байхгүй учраас хэлсэн үнээр нь авахаас өөр аргагүйд хүрдэг ажээ. МИАТ компанийн хувьд байдал харьцангуй гайгүй байгаа нь энэ гэнэ. Харин жижиг авиа ком­паниуд 1700 ам.дол­ла­раар нэг тонн шатахуун худалдан авсаар байгаа нь алдагдалд орох нөх­цө­лийг нэмсээр байгаа юм байна. Тодруулбал МИАТ компани  2000-2010 он хүртэл Европын орнууд руу хийсэн нислэгтэй хол­боотойгоор нийт 70 гаруй турбум төгрөгийн ал­даг­далтай ажиллаж өрөнд оржээ. Үүн дээр өнөө жилийн дөрөвдүгээр улир­лын эхний байдлаар таван тэрбум төгрөгийн алдагдлыг ч мөн хүлээсэн гэнэ. Тиймээс эдгээр нис­лэгийг цуцлахыг хүссэн ч Засгийн газар хоо­рон­дын гэрээ, хэлцэлтэй уч­раас нислэгээ зогсоох боломжгүй гэж үзээд ал­даг­дал хүлээн ажил­ла­саар байгаа аж. Мөн ма­най улсын жилд хийх нис­лэгийн хүчин чадал нь 1.2 сая суудал бол зах зээлийн эрэлт нь дөнгөж 400 мянган үйлчлүүлэгч аж. Тэгэхээр хүчин чадал нь ихдэж, үйлчлүүлэгч нь цөөдсөн энэ байдлыг ха­лах арга хэмжээг төрөөс авах шаардлагатай бай­гаа гэж Ц.Орхон гүйцэтгэх захирал онцолж байсан. Түүний хүссэн бас нэг асуудал нь онгоц худал­дан авах тухай байв. Гэ­рээ хэлцэл нь ерөн­хий­дөө хийгдсэн ч сан­хүү­гийн байдал хүнд байгаа юм байна. Нэг ширхэг нь 130 сая ам.долларын өр­төг бүхий дээд зэрэг­лэ­лийн Боинг онгоц гурвыг худалдан авахаар тө­лөв­лөж байгаагаас эхнийх нь ирэх оны зургадугаар сард орж ирэх бололтой. Тиймээс энэхүү худалдан авалтад Засгийн газраас 30 тэрбум төгрөг өгөх шаардлагатай байна гэж байсан юм. Ингээд МИАТ компани нийт орло­гын­хоо 30 хувийг шатахуунд зарцуулдаг бас байх ёс­той үнээсээ 30 хувиар илүү үнэтэй шатахуун хэрэглэдэг учраас агаа­рын тээвэр эрхлэгчид ал­дагдалтай ажилласаар байгааг тэд дуулгаснаар мэдээлэл дууслаа.

Ингээд МИАТ ком­па­нийн удирдлагуудаас байн­гын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Төрийн оролцоотой байс­наар МИАТ ком­па­нид яаж нөлөөлж байна" гэж асуухад гүйцэтгэх за­хирал Ц.Орхон "Төрийн оролцоотой байгаагүй бол бид бизнес ангиллаа хөгжүүлж ажиллах бо­ломжтой. Өдийд алдаг­далтай бус ашигтай бол­чихсон байх байсан" гэ­сэн хариултыг өгөв. Түү­ний дараа УИХ-ын ги­шүүн Г.Уянга "Яагаад ху­вийн авиа компаниуд 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байж дам­пуурахгүй байгаа юм бол. Мөн ямар зохи­цуу­лал­таар энэ алдагдлыг арил­гах боломж байгаа бол" гэдгийг асуусан. Үүнд "Тө­рийн компаниуд байнга алдагдалтай, хувийн хэвш­лийнхэн байнга ашиг­тай ажилладаггүй ш дээ. Гэхдээ хувийн ком­паниудаас өөрсдөөс нь асуувал зүгээр байх. Бид­ний мэдэж байгаагаар хувийн авиа компаниуд 20 орчим тэрбум төг­рө­гийн алдагдалтай ажил­лаж байгаа. Мөн хөрөнгө оруулалт байдаг байх" гэлээ. Түүнээс цааш УИХ-ын гишүүн Л.Энх-Ам­га­лан, Д.Ганхуяг нарын ги­шүүд энэ салбарт хувийн хэвшлийг оруулах нь зөв гэдгийг дурдаад "Сүүлийн 20 жилийн хугацаанд мон­голчууд МИАТ ком­па­ниар үйлчлүүлэхдээ хам­гийн өндөр үнээр үйлч­лүүл­сээр ирсэн. 2-3 ца­гийн нислэгт 600 гаруй мянган төгрөг төлдөг байх жишээтэй. Тийзнийхээ үнийг буулгахгүй байгаа нь нэг талдаа өрсөлдөөн бий болоогүй, нөгөө тал­даа МИАТ компанийн зар­дал өндөр байдагтай холбоотой байх. Танай компанийг хувьчлах асуу­дал ямар түвшинд бай­гаа" гэдгийг сонирхож байв. Үүнд тус компанийн гүйцэтгэх захирал "Үнийг буулгах боломжгүй. Хэр­вээ үнэ буулгах юм бол бид алдагдалд орно. Мөн манай компанитай ижил төстэй байгууллагуудын орон тоог сонирхоход ма­найхаас гурав дахин бага хүн, хүч ажиллуулдаг юм билээ. Энэ ондоо 100 орчим ажлын байрыг цом­хотгоно. Харин Зас­гийн газрын түвшинд МИАТ компанийн 49 ху­вийг хувьчлах шийдвэр гарсан. Ер нь олон улсын түвшинд хүч үзэхийн тулд бид хувийн компаниудтай нэгдэх ёстой. Үүнийг төр засгаас шийдэх" байх гэ­дэг хариултыг өгөв.

Тэдний өгсөн мэ­дээл­лээр төрийн өмчийн МИАТ компани их хэм­жээний алдагдалтай ажил­ласаар иржээ. Үүнд холбогдох яам, Тамгын газраас анхаарч ажил­лах хэрэгтэй байна гэд­гийг байнгын хорооны гишүүд сануулж байлаа.

Л.МӨНХ

No comments:

Post a Comment