МИАТ нислэгийн үнээ буулгахгүй гэв

http://politics.news.mn/content/124248.shtml
МИАТ нислэгийн үнээ буулгахгүй гэв
2012 оны 10 сарын 31

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд МИАТ компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Төрийн өмчит МИАТ компани нь Ази, Европ руу олон улсын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ Европ руу үйлдэж байгаа нислэгийн зам урт, шатахуун ихээр зарцуулдаг нь алдагдал хүлээхэд хүргэдэг байна. Ер нь шатахууны үнийг бусад орныхтой харьцуулахад өндөр. Тодруулбал, дэлхийд нэг тонн онгоцны шатахуун 1050 ам.долларын үнэтэй бол Монголд 1500 ам.доллар. НӨАТ-ыг оруулан тооцвол 1650 ам.доллар болох аж. Энэ нь Монголд нийлүүлэгдэж байгаа онгоцны шатахууны үнэ бусад орныхоос 40 орчим хувиар өндөр гэсэн үг юм. МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны тайлбарласнаар тус компани 2000-2010 оны хооронд зөвхөн Европын нислэгээс 73 тэрбумын алдагдал хүлээжээ. Засгийн газрын төвшинд эл асуудал хөндөгдөж ирсэн ч Герман улс руу хийх нислэг хэвийн үргэлжлэх ёстой хэмээн үзсэнээр өнөөг хүртэл нислэг хэвийн үргэлжилж буй юм байна.


Нөгөө талаас агаарын тээврийн салбарт сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн гурван компани орж ирж, үйл ажиллагаа явуулах болжээ. Нэг талдаа өрсөлдөөн бий болох бололцоог олгосон ч зарим нэг зүйлд анхаарлаа хандуулахгүй бол цаашид нислэгийн аюулгүй ажиллагаанд хүндрэл учирч болох талтайг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас анхааруулга өгсөн аж. Учир нь МИАТ болон хувийн гурван компани жилдээ 1.2 сая зорчигчийг тээвэрлэх боломжтой ч хүчин чадлынхаа ердөө 30 хувийг ашиглаж иржээ. Энэ нь нийлүүлэлт, эрэлтийн харьцаа алдагдсантай холбоотой. Хувийн компаниудын хувьд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүйгээс 20 тэрбумын алдагдал хүлээгээд байгаа тухай энэ үеэр хөндөгдлөө. Цаашид эл байдал үргэлжилсээр байвал нислэгийн аюулгүй байдал алдагдах талтай тухай МИАТ компанийн удирдлага анхааруулав.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Агаарын тээврийн салбарт хувийн компаниуд орж ирэх нь зөв. Эрсдлээ өөрсдөө хүлээгээд хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Өрсөлдөөн бий болоогүй цагт үйлчилгээний үнэ буурахгүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд монголчууд МИАТ компаниар үйлчлүүлэхдээ хамгийн өндөр үнэтэй үйлчилгээ авч ирсэн. 2-3 цагийн нислэгт 600 гаруй мянган төгрөг төлдөг байх жишээний. Тийзнийхээ үнийг буулгахгүй байгаа нь нэг талдаа өрсөлдөөн бий болоогүй, нөгөө талдаа МИАТ компанийн зардал өндөр байдагтай холбоотой. Хувьчлалын асуудал ямар шатандаа яваад хариулт хүссэн юм.

МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон “Хэрвээ үнэ буулгах юм бол бид алдагдалд орно. Үнийн алдагдалыг нөхөхөд хэцүү. Агаарын тээврийн салбарт төр, хувийн компаниуд үйлчилгээ үзүүлснээр нэг талдаа үнэ буурч, зорчигч хүссэн үйлчилгээгээ авч болох ч нислэгийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа хэсэг хугацааны дараа Монголын агаарын тээвэр гадаадын тээвэрлэгчдийн эрхшээлд орох эрсдэлтэй. Эхлээд тэд үнээ буулгах ч хэсэг хугацааны дараа буцаагаад өсгөхийг үгүйсгэх аргагүй. Засгийн газрын төвшинд МИАТ компанийн 49 хувийг хувьчлах шийдвэр гарсан. Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэн 5-6 онгоцтойгоор нислэг үйлдэх боломжтой. Энэ утгаараа тодорхой хувийг хувьчлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Ганбат “Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гурван ч компани ашиггүй ажиллаж байна гэдэг мэдээлэл хийлээ. Зардал, үр ашгийг сайн нягталж байж, хийх ёстой мэдэгдэл” гэсэн бол УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “МИАТ-д ганц компани шатахуун нийлүүлж ирж. Яагаад ганцхан компаниас шатахуунаа хангаж ирэв. Нефть импортлогч олон аж ахуйн нэгж бий, тэднээс хамгийн хямд үнэ санал болгож байгааг нь сонгох ёстой юм биш үү. Тэгсэн хэрнээ шатахуунаас алдагдал ихээр хүлээдэг гэсэн гомдол тавих нь зохисгүй байна” гэсэн юм.

Ц.Орхон захирлын тайлбарласнаар МИАТ компани нь онгоцны шатахуун нийлүүлэх компанийг тендэрээр шалгаруулдаг аж. Тендэрт хамгийн бага санал ирүүлсэн компанийг тодруулах ёстой. Хэдийгээр таван ч компани онгоцны шатахуун импортлох эрхтэй ч МИАТ-аас тавьдаг нөхцлийг дан ганц “Сод монгол”, “Роснефть” компаниуд хангаж иржээ. Бусад компаниуд үнийн санал ирүүлдэг ч өмнөх хоёр компанийнхаас үнэтэй тусдаг. Маш холоос бүтээгдэхүүнээ тээвэрлэх болдог нь өрсөлдөх чадваргүй болгодог аж. Тиймээс МИАТ компани өөрсдөө онгоцны шатахуун импортлох эрхийг авах хүсэлтэй байгаагаа Уул уурхайн яаманд илэрхийлсэн тухайгаа энэ үеэр онцоллоо. Хэрвээ эл санал биеллээ олбол МИАТ компани нь хувийн хэвшлийн компаниудын авч байгаа онгоцны шатахууны үнээс даруй 50 ам.доллараар хямдаар авах бололцоо бүрдэх гэнэ.

Мөн тус компани нь ирэх жилээс эхлэн шинэ агаарын хөлөг авахаар гэрээ байгуулжээ. Хөрөнгийн эх үүсвэрийг зээлээр шийднэ гэж үзсэн. Ямар ч байсан АНУ-ын Экзим банкнаас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч эх үүсвэрийн тодорхой хувийг шийдэх бол үлдсэнийг Хөгжлийн банкны зээлээр шийдэж өгөх хүсэлтийг Засгийн газар тавиад буй юм байна. Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс ч тусламж үзүүлэхээ амлажээ. Нисгэгч нарыг бэлтгэх тухайд жилдээ 10 гаруй хүнийг гадаадад сургадаг. Ирэх жил ч мөн тооны нисгэгчийг бэлтгэхээр болоод байгааг энэ үеэр дуулгалаа.

Г.ДАРЬ

No comments:

Post a Comment