МИАТ-ийн ”Амийг” Солонгосуудаар тасдуулах эсэхийг засгийн газар л мэднэ

http://www.sonin.mn/news/gemt-hereg/9860
Нийтэлсэн: 2012-11-20 09:51:39
Зах зээлийн шуурга олон аж ахуй нэгжийн хаалгыг "таглаж" байсан түүх олон. Харин Засгийн газар нь панзчин шиг байж, худалдаа үйлчилгээний салбарыг "хөмөрдөг" тохиолдол бол шинэ түүхийн эхлэл юм. Ийм л "шинэ"цаг үеийн шуурганд МИАТ компани өртчихөөд байгаа тухай их багаггүй өгүүлэх болов. Уг нь, "даахгүй нохой булуу хураана" гэдэг шиг төр өөрийн гэсэн ийм олон компани, үйлчилгээний байгууллагатай байхын хэрэггүй л дээ.

    Хамгийн гол нь хэнд очих, хэрхэн ашиглах тухай нь л олон хүн "зөн билгээ" уралдуулсаар өдийг хүрлээ. Тэгээд ч энэ саар мэдээллийн хажуугаар МИАТ компани дандаа л хэл ам таталж байх юм. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн ачаа тээврийн тарифыг үндэслэлгүй нэмсэн тухай олон сар ярив. Мөн тийзтэй холбоотой маргаан лав тасрахаа байсан.

    Гэхдээ хэдий ийм байлаа ч аль ч оронд иргэний агаарын тээвэр гэдэг онцгой чухал салбарт тооцогддог. Төрийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж байдаг юм билээ. Гэтэл манай төр МИАТ-д туслах нь байтугай харин ч өөрөөсөө зайлуулж, хэн нэгэн этгээдэд хувьчлал нэрээр бэлэглэх гэж байгаа нь даанч харамсалтай. Харин ч иргэд зорчигчид илүүтэй тэтгэж байгаа гэвэл зохих биз. Тиймдээ ч Засгийн газраас МИАТ компанийн 49 хувийг хувьчлах тухай шийдчихсэн.

    Уг нь, МИАТ компани хойшид ашигтай ажиллах ирээдүй байгаа. Адаглаад л хэдхэн жилийн дараа манай улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулна. Тээвэрлэлтийн хөл энэ тэр гэхгүй учир онгоцны түлш одоо байгаагаас тавин хувиар хямдрах нь гарцаагүй. Мөн бусад тээвэрлэгч МИАТ-ийн "ачаанаас" үүрэлцээд ирэхээр төрд гай болохгүй биеэ даагаад ашиг олох боломжтой юм.

    Тэрчлэн Монгол Улсад ирэх гадны жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, дэлхийн хэмжээний аялал жуулчлалын бүс нутаг болох магадлал бий. Тэгээд ч хоёр жилийн өмнө 58 тэрбум төгрөгийн орлогтой ажиллаж байсан бол өдгөө 104 тэрбум төгрөгт хүргэсэн тухай баримт ч бий. Тэгвэл МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны хэлснээр энэ оны байдлаар 9000 цагийн нислэг, 420 мянган зорчигч, 160 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэнэ.

    Харин өнгөрсөн онд 139 тэрбум төгрөг зарцуулж 130 тэрбум төгрөгийн орлого олж таван тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй "Шатахууны үнэ бидний төлөвлөж байснаас их хэмжээгээр нэмэгдэж байна. Хэрэв үнэ нэмэгдээгүй байсан бол компанийн зардал өнгөрсөн онд 8.5 тэрбум төгрөгөөр буурч, таван тэрбум төгрөгийг ашигтай ажиллах байсан" гэлээ.

    Түүний энэ тооцоог үгүйсгэх аргаггүй юм. Учир нь дэлхийн бусад оронд шатахууны тонн тутмын үнэ дунджаар 1150 ам.доллар байхад манай улсад НӨАТ-ыг тооцохгүйгээр 1500 ам.долларт тулж ирчихээд байгаа билээ. Ядахад МИАТ-д ганцхан компани шатахуун нийлүүлдэг гэж байгаа. Нефть импортлогч аж ахуй нэгж дэлхий даяар дүүрэн байхад хамгийн хямд үнэ санал болгож байгааг нь сонгоогүй нь харин тэдний алдаа байх.



    Түүнчлэн тус компани удахгүй "Боинг" загварын гурван онгоц авахаар болжээ. Үүнийг шийдэх гарцыг АНУ-аас жилийн зургаан хувийн хүүтэй зээл өлгөснөөр нээж байгаа бол үлдсэн мөнгийг нь "Хөгжлийн банк"-ны зээлээр шийдүүлэхийг тус компанийн удирдлагууд хүсч байгаа. Үүнд харин Засгийн газар ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Уг нь, нийслэлийн автозам нөхөхөд "Хөгжлийн банк"-ны данс уруу савраа дүрчихдэг юм чинь энэ асуудалд бол хойрго хандахгүй байх магадлал өндөртэй.

    Одоогийн байдлаар агаарын тээврийн компани ашигтай ажилладаг юм байна гэсэн "мессеж" гадна дотнын олон бизнесмений чихэнд хүрснээр манай улсад агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван компанитай болов. Энэ нь мэдээж иргэдэд үр нөлөөтэй байх магадлалтай. Учир нь дээрх компаниуд хөлөө олчихвол өрсөлдөөн дундаас тийзний үнэ хямдрах боломжтой. Харин үүнээс илүүтэй үндэстний хэмжээнд яригдах сөрөг тал бас бий.

    Учир нь солонгосын талууд манай иргэний агаарын тээвэрт ноёрхол тогтоох эртний бодол бий. Тиймдээ ч Сөүл-Улаанбаатарын чиглэлд МИАТ-аас гадна "Корейн эйр" хүн тээвэрлэж буй. Тун удахгүй "Аsiana" компани орж ирэхээр дээр дооргүй лобби хийж байгаа ч сураг бий. Олон хүний ам дамжсан энэ мэдээлэл бол үнэний хувьтай.

    Үгүйдээ л "Аsiana" компанийн зүгээс МИАТ, "Корейн эйр" хоёрыг монопол тогтоож байна хэмээн гомдол БНСУ-ын талд гарган МИАТ-ыг 2,0 орчим, "Корейн эйр"-ийг дөрөв гаруй тэрбум вонноор торгуулах шийдвэрийг гаргуулаад амжсан гэдэг. Энэ нь цаанаа төрийн оролцоотой байхыг ч бас үгүйсгэх аргагүй юм.

    Өөрөөр хэлбэл "Аsiana" компанийн 30 хүртэлх хувийг солонгосын төр эзэмшдэг ажээ. Тэгэхээр тэдний бодлого тодорхой. Хэрэв "Корейн эйр", "Аsiana" хоёр дөрөө харшуулаад үндэсний тээвэрлэгч болох МИАТ-ыг шахаад эхэлбэл маш товчхондоо дуусна. МИАТ компани дахиж босч ирэхгүй болтлоо нам даруулна. Үүнийг цөөн үгээр хэлбэл үндэсний агаарын тээврээ үгүй хийх аюул ойрхон байна гэсэн үг л дээ.

    Тэгээд ч зах зээлийг нь булаах гэж байгаа солонгос компаниудын хувьд тийзний үнээ харьцангуй хямд байх нь гарцаагүй. Харин МИАТ компани бол төрөөс тогтоосон ханшаас гажих учиргүй. Тэгэхээр энэ бүх асуултын тэмдэг дагуулсан таавруудын хариуг "шинэ" Засгийн газар л тайлна. Тэд буруу алхам хийвэл, "Хувьчлах л ёстой" хэмээн дайраад хэтэвч зузаантайг нь сонговол агаарын тээврээр зорчсон иргэдийн амийг БНСУ хариуцах болчихоод байгаа юм.

Д.Булган
Эх сурвалж: "Үнэн.мн"

No comments:

Post a Comment