С.Авирмэд: Санал хураахад хэн эх оронч, хэн урвагч гэдэг нь тодорхой болно

2009 оны 7-р сарын 10 http://news.gogo.mn/r/56399 С.Авирмэд: Санал хураахад хэн эх оронч, хэн урвагч гэдэг нь тодорхой болно Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх Оюутолгойн гэрээний төслийн асуудал ид өрнөж байна. Харин монголын уул уурхайн "гал тогоо"-нд олон жил нэр төртэй зүтгэсэн доктор С.Авирмэд уг гэрээний төсөлд эсрэг байр суурьтай байгаа билээ. Тиймээс эрхэм доктортой ярилцсан юм. -Оюутолгойн гэрээний төсөл нууц, хаагдмал хийгдэж байгаад батлагдах шатруугаа орчих шиг боллоо. Гэхдээ одоо ч гэсэн чуулганы хуралдаанаар гэрээний сүүлийн хувилбарыг гишүүд гар дээрээ аваагүй гэх гомдол хэлж байна. Үүнд та ямар бодолтой байна. Мөн эрдэмтэн, мэргэд та бүхэн гэрээг эсэргүүцэн үгээ хэлсэн ч үр дүн нь тааруухан харагдаж байгаа. Энэ бүхэнд та юу хэлэх вэ? -Миний хувьд бараг сүүлийн 12 жилийн хугацаанд энэ бүхэнтэй тэмцэж байна. Харин эдгээр маргаан мэтгэлцээний эх үүсвэр нь 1997 оны тавдугаар сарын 29-нд батлагдсан Ашигт малтмалын хуулиас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын уул уурхайн салбарын эмгэнэлт, гутамшигтай явдал эхэлсэн гэхэд болно. Эх орон маань үндэсний баялагаа гадны луйварчдад найр тавин лиценз нэртэй алгын чинээ цаасны өөдсөөр дамын наймааны хэрэгсэл болгосон. Уг нь Монгол орны газрын хэвлий дэх баялаг ард түмнийхээ мэдэлд байх ёстой боловч гадаад, дотоодын хэдхэн луйварчдын гараар сүйрэх шатандаа орчих шиг боллоо. -1997 онд батлагдсан хуулийн үр дүнгээс тодруулна уу? -Энэ хууль батлагдаад дөрвөөс таван жилд ямар нэгэн өөрчлөлт харагдахгүй байсан. Харин 2003-2004 оноос эхлэн булхай луйвартай олон юм анзаарагдаж эхэлсэн. Тухайлбал, 1997 оны хуулийн дагуу хийсэн анхны гэрээ бол Б.Баабар гээч нөхөр Сангийн сайд байхдаа "Бороо гоулд", "Төмөртийн-Овоо"-гийн цайрыг гадны луйварчдад ямар ч хараа хяналтгүй буюу үндсэндээ бэлэг болгон татвар төлбөргүй олгосон байдаг. Тэгэхээр энэ хуулийн гайг тухайн үед зарим нэг оюунлаг өндөр дээд албан тушаалтан, ард түмэн ч ойлгоогүй гэсэн үг. Энэ бүхний эцэст манай улс өнгөрөгч оны гүйцэтгэлээр таван жилийн хугацаанд 40 тн алт Канад руу гаргасан байдаг. Үүгээр 850 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэсэн үг. Харин манай улсын төсөвт 100-гаад тэрбум төгрөгл үлдсэн. Энэ бол үндэсний эмгэнэл. Гэхдээ энэ бол зөвхөн "Бороо гоулд"-ын жишээ. Үүгээр ч зогсохгүй цайрын ордоо урд хөрш рүү зүтгүүр зүтгүүрээр нь түүхий эдээр нь зөөгөөд дууссан. Мөн Сэлэнгэ аймгийн төмрийн өндөр агуулгатай, дэлхийд ховордсон хүдрийг хэдэн арван тонноор нь зөөгөөд дууслаа. Өөрөөр хэлбэл, эх орны минь газар шороо үнс нурам л болох нь ээ. Харамсалтай нь энэ хуулийг манай хоосон толгойтнууд гадаадын орны захиалгаар буюу Латин Америкийн хөгжингүй орнуудын жишгээр баталчихсан юм. Үүнийг л бид өөрчлөхгүй юм бол Монгол Улсын газрын хэвлий дэх бүх баялаг удахгүй гадны орнуудын эзэмшил болох нь ээ. -Гэхдээ хэдэн онд билээ дээ,энэ хуулийг өөрчлөхөөр хэлэлцсэн боловч дорвитой ажил хэрэг болоогүй? -2004 онд байх аа. Иймэрхүү оролдлого хийж байсан санагдана. Гэхдээ миний ойлголтоор гадна, дотны луйварчдыг хүчрээгүй дэг шүү. Яагаад ингэж зоригтой хэлж байна гэвэл нэр бүхий зарим том гүрний Элчин сайдууд улаан цайм манай дотоод хэрэгт оролцон "Хэрвээ танай улс энэ хуульдаа өөрчлөлт оруулах юм бол гадаадын зээл тусламж, хандив, гэрээ, хэлэлцээг чинь зогсооно" гэж шахаанд оруулдаг байв. Одоо ч гэсэн Оюутолгойн гэрээний явцад иймэрхүү юм ажиглагдаж байна. Жишээ нь "Рио Тинто" манай улсаас нүүрээ бурууллаа, гарлаа л гэнэ. Гарч л байг. Сайн л биз. Би лав хувьдаа баярлах болно. Үнэхээр тийм шударга, олон улсын хэмжээний компани юм бол ийм луйварчин шинжтэй баймааргүй юм. -Гэрээ хийх хугацааг хүн бүхэн урт байна гэх юм. Энэ нь ч үнэний ортой. 30 жилийн. хугацаанд "Айвенхоу майнз" яаж ч зангаа өөрчилж болох шүү дээ? -1997 оны хуульд 34 хувь, 30 жилийн хугацаа гэдэг юм байгаагүй. Харин 2006 онд уг хуулийг сайжруулах нэрийдлээр гадаадын захиалгаар бүр дордуулаад хаячихсан. Ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч юм болсон. Энэ аймшигтай заалтыг одоогийн УИХ-ын дэд дарга Г.Батхүү санаачилж оруулж байв. Тэгэхээр дэлхийн аль ч улсын жишигт газрын баялагаа ийм удаан хугацаагаар буюу 30 жилээр, "айлд" үнэ төлбөргүй шахуу ашиглуулдаг тухай би лав сонсоогүй юм байна. Хамгийн наад захын жишээ дурьдахад л манай "Эрдэнэт"-ийн үйлдвэр таван жилээр гэрээгээ сунгадаг. Ядаж л бусад орны жишгийг мэддэггүй юм гэхэд өөрийн улсын гэрээний хугацааг харах хэрэгтэй биз дээ. -УИХ-ын нэр бүхий гишүүд гэрээний ашигт эргэлзсэн байр суурь илэрхийлж байна лээ. Таны тооцоогоор ашиг нь хэр хэмжээтэй байна вэ? -Миний тооцоогоор 250 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 10 тэрбум хоньтой тэнцэх баялаг бий гэж бодож байна. Мөн Оюутолгойн таваарын бүтээгдэхүүнийн нэг жилд импортлох буюу 800-гаад тн зэсийг дэлхийн зах зээл дэх хамгийн бага үнээр бодоход хэд байх вэ. Ингээд бодохоор агуу баялагтай байгаа биз. Энэ их юмнаас монголчуудад хэд ногдох вэ гэхээр эхний жилүүдэд юу ч байхгүй. Мөн дараагийн таван жилд ч гэсэн ийм л жишгээр байх жишээтэй. Гэтэл энэ төслийн ашиг хувааж байгаа (Төлөөлөн удирдах зөвлөл) есөн хүний зургаа нь гадаад хүн байгаа юм. Тэгэхээр гуравхан монгол хүн яаж орилсон ч уучлаарай л гэж хэлнэ биз дээ. -Дэлхий нийтэд усны асуудал нэлээд хурцаар тавигдаж эхэлсэн. Гэтэл гэрээний төсөлд уг асуудлыг чухалчилж үзээгүй харагдсан? -Энэ үнэн шүү. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсын төрийн тогтолцоо гадныхны захиалгаар өөрийн орны эдийн засгийн тогтолцоог бусниулах оролдлого хийж байна уу гэсэн хардлага төрөх болсон. Энд ганцхан жишээ хэлэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалт юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс төрийн тогтолцоо хүртэл гадны орноос хараат болчихжээ. Хэрвээ Ашигт малтмалын тухай хуульд ийм хурц, хэрцгий заалт оруулаагүй бол бид өнөөдөр юу гэж ингэж үгээ хэлж, үсээ зулгааж суух юм бэ. Тэгэхээр үүнийг уншиж байгаа хүн энэ нөхөр чинь ус ярьж байж юун төрийн тогтолцоо болоод явчихав гэж бодож магадгүй юм. Тодруулбал, төр нь төв байгууллагуудынхаа бүтцийн зохион байгуулалтыг гадны улс орны гар хөлөөр хийж байгааг юу гэх вэ. Ус бол ашигт малтмал. Гэтэл үйлдвэр байгуулахад хэрэглэх тоног төхөөрөмж, ус, ашигт малтмал гээд бүх зүйлийг цогцоор нь авч үзэхгүй ялгаж, салгаад байх юм. Жишээ нь усыг Байгаль орчны яаманд тушаах маягтай. Нөгөө яам нь Усны хэрэг эрхлэх газар гэдэг юм байгуулж, дадлага туршлага багатай хүмүүс ажиллуулан усны нөөцийг тогтоолгож батлуулжээ. Тэгэхээр батлах гэдэг үг чинь хуучин нийгмийн үеийн томъёолол. Тэгээд ч өмчийн хувь хэмжээг төр баталдаггүй. Гэтэл усны асуудлыг төр баталчихсан байх жишээтэй. Яах вэ, энэ нь сайн муу талтай байж болох л доо. Учир нь хөрөнгө оруулагч тал усны асуудлыг хариуцахгүй байх нь. Хэрвээ үйлдвэр байгуулахад ус гарахгүй бол манай улс л усны асуудлыг хариуцах юм байна л даа. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, манай улсад гарын таван хуруунд багтах цөөн тооны усны нөөцийг тогтоох ажлаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэнтэй. Түүний нэг болох н.Баттөмөр Оюутолгойн усны нөөцийг хангалтгүй гэж дүгнэсэн байна лээ. Үүнийг гэрээ хийж байгаа эрх мэдэлтнүүд анхаараагүй л сууж байгаа даа. -Одоо яригдаж байгаа гэрээний төслийн бас нэг ээдрээтэй асуудал нь манай улс алт хайлуулах үйлдвэргүй учраас гадагш нь алтаа зөөх зайлшгүй шаардлагатай гэх юм. Бидэнд ийм үйлдвэр байгуулах боломж нь хэр байдаг юм? -Гэрээний заалт, зүйл бүхэн зөвхөн "Айвенхоу майнз"-ын эрх ашигт нийцсэн. Тэгэхээр өнөөгийн хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр гол хувилбар яригдаж байна. Тодруулбал, түүхий эдээр гаргах. Мөн хагас боловсруулсан түүхий эд буюу хүдрийг баяжуулан 30 хувийн зэс агуулсан баяжмал гаргаж авах явдал юм. Харин үүнийгээ уурхай баяжуулах үйлдвэр байгуулан урд хөрш рүү зөөх хувилбар яригдаж байна. Тэгэхээр зэс, алтаа зайлшгүй Хятадын нутаг дэвсгэрт аваачих болох нь ээ. Харин үүний оронд өөрийн эх нутагтаа ганц үйлдвэр яагаад байгуулж болохгүй гэж. Тэгээд ч эцсийн бүтээгдэхүүний үнэ болон түүхий эдийн ханшийн зөрүү ямар байх нь ойлгомжтой. -"Айвенхоу майнз"-д С.Баярын Засгийн газар бултаараа худалдагдчихжээ гэх яриа сонсогдож байна. Магадгүй тэд уг хуулийн төслийг батлуулахаар ширүүхэн ярьж байгаа нь ийм хардлага төрүүлж байж болох юм? -Ер нь өнөөгийн төр, засаг гэдэг чинь илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч мөн адил гээч нь болжээ. Бидний хэдэн нөхдийн зүгээс бүх тооцоо, судалгааг гаргаж өгсөн. Гэтэл өөрсдийн үзэмжээр л зүтгээд байх юм. Тиймээс энэ яриаг үгүйсгэх аргагүй л юм. -Та Оюутолгойн хуудуутай хөрөнгө оруулалтын гэрээг үхэн хатан улайран батлуулах гээд байгаа УИХ-ын 10-аад гишүүн байна гэж дуугарч байсан. Нууц биш бол эдгээр хүнийг нэрлээч? -За яах вэ, зах зухаас нь хэлж болох юм. Эдгээр хүний хамгийн том урвагч нь Д.Одхүү гишүүн. Энэ нөхрийг гадныхан 2000 оноос эхлэн парламентад бэлтгэж оруулсан гэх нь ч бий. Түүнээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нь муудаа ч биш яах аргагүй Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар заалт нь гадныхны захиалга байдаг. Мөн Л.Гантөмөр гишүүн, одоогийн Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Ц.Дамиран нарыг нэрлэж болох юм. Энд бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, дээдсүүд баяр наадмын өмнө өөрсдийн луйвартай гэрээ, хэлэлцээг батлуулахаар зүтгэдэг жишиг тогтсон байна шүү. Өмнөх хуулийн заалтыг ч гэсэн ингээд л улайрч гүйгээд л оруулж байсан. -Та бүхнийг гэрээний эсрэг жагсаал хийнэ гэж сонссон. Энэ талаар? -Бид уг нь их л тэвчээртэй харж, ажиглаж байсан. Өмнө нь холбогдох хүмүүст тайван замаар бичиг хүртэл хүргүүлсэн гэтэл байдал өөрчлөгдсөнгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг "76 мангуу", "76 ямаа" гэж нэрлэдэг. Миний бодлоор эх орныхоо эрх ашгийн төлөө гэсэн 20, аймшигтай урвагч 10 гишүүн байна. Харин яахаа мэддэггүй цөөнгүй нөхөд бий шүү, энэ Их хуралд. Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл саяхан УИХ-ын улс төрийн гол хүчнүүдийн бүлгийн хуралдаанаар уг гэрээний төслийг хэлэлцүүлсэн. Тэгэхэд ямар шийдвэр гаргаж байгаа юм бэ, тэдэнд эх орноо гэсэн ямар ч сэтгэл алга. Харин одоо Оюутолгойн гэрээний төсөлд санал хураахад гишүүдийн жинхэнэ үнэн нүүр царай мэдэгдэх болно. Өөрөөр хэлбэл, хэн урвагч, хэн эх оронч гэдэг нь тодорхой болно л доо. О.Сэлэнгэ

No comments:

Post a Comment