Оюу толгойг луйвардуулах гэрээ хийх гэж байна

http://news.gogo.mn/r/3840 2007 оны 7-р сарын 26 Өнгөц харахад: 1/манай талд тус компанийн хувь­цааны 34 хувийг үнэ төл­бөргүй эзэмшүүлж /3,124 тэрбум ам.доллар: 100 х 34/= 1.062 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас чөлөө­лөх; 2/ ”Айвенхоу Майнз, Мон­голиа Инк” дангаараа дэд бүтэц байгуулах; 3/Оюутол­гой­гоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэл авто зам тавих; 4/тус ордыг ашиглах бүх хугацаанд бүх төрлийн татвар хураамж ногдол аш­гаар манай төсөвт 15.5 тэрбум ам.доллар оруулах зэрэг нь боломжийн гэрээ мэт сэт­гэгдэл төрүүлэх боловч, 32 сая тонн зэс, 1000 шахам тонн алтны нөөцтэй, хэдэн зуун тэрбум доллараар үнэ­лэгдэх Оюутолгойн орлоготой харьцуулахад дурдсан өгөө­жүүд нь юу ч биш, нүд хуурах төдий орлого юм. Эдгээр өгөөж дээрээ нэмж, тус компани хайгуул хийсэн 400 сая ам.дол­лараа­раа барьцаалж дарамталж, Оюутолгойн ордыг дээрэмдэх нөхцөлөө тулгасныг нь Засгийн газрын ажлын хэсэг хүлээн зөвшөөрчихөж. Оюутолгойд хайгуул хий­сэн 400 сая ам.доллар дээрээ нэмж, 2.724 тэрбум, нийт 3.124 тэрбум ам.долларын хөрөнгийг “Айвенхоу Майнз, Монголиа Инк” хамтрагчидтай оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Зэс алтны дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж, Оюутолгойд оруул­сан хөрөнгөө 4-11 жи­лийн хугацаанд нөхөх нь тус орд өндөр үр ашигтайг нотолж байна. Ил уурхайг 2010, далд уурхайг 2014 онд тус тус ашиглалтад оруулж, 2010-2055 онд ажиллах 45 жилийн хугацаанд манай төсөвт бүх төрлийн татвар төлбөр ху­раамж, хувьцааны ногдол ашгаар 15.5 тэрбум ам.дол­лар оруулна гэснийг нь 45 жилд хуваахад нэг жилд 344.4 сая ам.доллар болж, манай хоёр жилд гадаадаас авдаг зээл тусламжтай тэнцэж, мөн өнөөдрийн валютын нөөцөөс гурав дахин бага орлого юм. Уул уурхайн эдийн зас­гийг сайн мэддэг туршлагатай эрдэмтэн С.Авирмэд “Оюу­тол­гойн ордыг ашиглахад 200-250 тэрбум ам.долларын орлого олж, хамгийн багаар бодоход түүний 50 хувь буюу 100-125 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох боломжтой” гэсэнтэй манай төсөвт оруу­лах 15.5 тэрбумыг харьцуу­лахад нийт ашгийн 12.4-15.5 хувь болж, тус ордын ихэнх ашгийг луйвардуулах гэж байгаа нь нотлогдож байна. Луйвраа нуухын тулд “Айве­ноу Майнз”-ынхан Оюутол­гой­гоос олох бодит ашиг ор­ло­гоо чанд нууцалж байна. Гадаадынхны шахалт шаард­лагаар ашигт малт­малын алдаатай хууль ба­талж, Тогтвортой байдлын гэрээ гэгчээр “Бороо Гоулд”-д 20 орчим тонн алтаа ямар ч татвар төлбөргүй зувчуулсан гашуун сургамжаа давтаж одоо “Айвенхоу Майнз, Мон­голиа Инк”-д хэдэн зуун тэр­бумаар үнэлэгдэх баялгаа луйвардуулах хөрөнгө оруу­лалтын гэрээ байгуулах гэж байна. Арвин их нөөцтэй, страте­гийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудын хувь­цаа­ны 51-ээс дээш хувийг Засгийн газар эзэмшиж, их ашиг орлого олж, эдийн засаг, нийгмээ урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдан хөгжүүлж, ДНБ-ээ 20-30 дахин нэмэг­дүүлж, ард түмнийхээ аж амьдралыг дунд зэргийн хөг­жил­тэй орнуудын хэмжээнд хүргэж баяжуулж, ажилгүй­дэл, ядуурлыг устгахаар бид мөрөөдөж, хамгийн их найд­вар тавьж буй Оюутолгой маань бүтэлгүйтэж дампуу­рах нь. Оюутолгойд Монголын төр, засаг ямар ч эрх мэдэл эдлэхгүй нь “Эрдэнэс МГЛ-төрийн өм­чит” ХХК /Монголынх/ “Айвен­хоу Майнз Оюутолгой, Мон­голиа Инк” ХХК, “Айвенхоу Оюутолгой лимтэд” компани хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруу­лалтын гэрээ байгуулах гэж байна. Нийт 646.300 ширхэг хувь­цааны 34 хувь буюу 219.742 ширхгийг Монголын Засгийн газарт үнэ төлбөргүй өгч, үлдэх 66 хувь буюу 426.552 ширхэг хувьцааг “Айвенхоу Майнз, Монголиа Инк” хамт­раг­чидтайгаа эзэмшихээр тохиролцжээ. Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ есөн гишүүнтэй байхаас эзэмших хувьцааны харьцаа­гаар гурвыг нь Монголын Засгийн газар, зургааг нь хамтрагч хоёр компани то­милж, мөн тэд ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, дэд захир­луудын орон тоонд хүнээ томилж, Оюутолгойн ордын бүх эрх мэдэл бүхэлдээ га­даа­дынхны гарт орж, тэд үйлдвэрлэл, техник техно­логи, санхүү, хөрөнгө оруу­лалт, гадаад дотоод худалдаа, ашиг хуваарилалт гэх мэт бүх асуудлыг өөрсдийн эрх аш­гийн тулд дур зоргоороо шийдвэрлэх бүрэн эрх эдэл­нэ. Монгол Улсын төр засаг ямар ч эрх мэдэлгүй үлдэх нь. Ингэж Оюутолгойн арвин их нөөц ч, түүнийг захиран зарцуулах эрх мэдэл ч ха­рийн ноёдод шилжих язгуур шалтгаан нь байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн өмчид байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг мугуйдаар зөрчиж, хайгуул хийсэн зар­далд барьцаалагдаж, хайгуул хийсэн этгээдэд орд газрыг механикаар эзэмшүүлэхээр ашигт малтмалын алдаатай хууль баталсны балаг юм. Эдийн засгийн зарчмаар хайгуул хийсэн этгээдэд уг ордыг ашиглуулахгүй бол зардлыг нь төлж, хамтран ашиглавал зардлыг нь ху­ваал­цах ёстой. Гэтэл энэ зарчмыг зөрчсөнөөс болж өмчөө /нөөц баялгаа/ бусдад шилжүүлж сөрөг үр дагаврыг нь амсаж сууна. Би энэ та­лаар олон удаа бичсэн бо­ловч, төрийн түшээд ухаарч буруу ойлголтоосоо буцаа­гүйгээс ийм ноцтой алдаанд хүргэсэн. Монгол Улсыг хохироох гэрээний заалтууд Манай Засгийн газар “Ай­вен­хоу Майнз, Монголиа Инк”-тэй хийх гэрээний тө­сөлд улс орны эрх ашгийг хохироох заалтууд нэлээд байна. 1.5-д “…Гэрээ хүчин тө­гөл­дөр болсон өдрөөс хойш хөрөнгө оруулагчид илүү таатай нөхцөл олгох аливаа хууль тогтоомж, олон улсын гэрээ Монгол Улсад батлагдвал тухайн таатай нөхцөлийг эдэлнэ” гэж. 2.31.2-д “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсны дараа батлагдсан хууль тогтоомж, эсвэл давхар татварын гэрээгээр тогтоо­сон хувь хэмжээ нь энэхүү гэрээнд заасан албан тат­варын хувь хэмжээнээс доогуур эсвэл хөрөнгө оруу­лаг­чийн төлбөл зохих татварыг бууруулахаар доо­гуур тогтоосон албан татварын хувь хэмжээ, тат­варын бууралт нь хөрөнгө оруулагчид мөн адил үйл­чилнэ” гэж татвар төлбөр буурвал “Айвенхоу Майнз, Монголиа Инк” компанид эд­лүү­лэх, нэмэгдэл түүнийг дагаж мөрдөхгүй байх онцгой давуу эрхийг тус компанид олгохоор гэрээнд зааж, га­даад, дотоодын хөрөнгө оруу­лагч­дад ижил тэгш хандах тухай албан татварын болон ашигт малтмалын хуулиудын заалтыг зөрчсөн байна. 2.3.1-д “Оюутолгойн /”Айвенхоу Майнз, Мон­голиа Инк” компанийн гэх нь зөв байх/ борлуулах нийт алтыг олон улсын зах зээлийн үнэд өрсөлдөхгүй үнээр Монгол Улсын Төв банкинд худалдахаар са­нал болгосон тохиолдолд Оюутолгойн үйлдвэрлэсэн алтыг Үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө” гэжээ. Нэгд, зах зээлийн нийтлэг зарчмыг зөрчсөн, хоёрт, Мон­гол­банк дэлхийн зах зээлийн үнээс нэг их зөрүүгүй, зөвхөн зардлаа нөхөх төдий үнээр алт худалдаж авдаг, гуравт, хэрэв Монголбанкинд худалд­сан алтыг үнийн өсөлтийн 68 хувийн татвараас чөлөөлөх юм бол алтаа худалддаг бүх компани мөн чөлөөлөгдөж улс орныг хохироох буруу жишиг тогтох учир энэ заал­тыг “Айвенхоу Майнз, Мон­голиа Инк”-тай байгуулах гэрээнд тусгаж яасан ч болох­гүй гэж үзнэ. 2.3.2-д “энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хуга­цаанд Оюутолгой төслөөс /”Айвенхоу Майнз Мон­голиа Инк” компанийн гэх/ олборлосон, үйлдвэр­лэ­сэн нийт зэсийн хүдэр бо­лон зэсийн бүтээгдэхүүн дор дурдсан тохиолдолд үнийн өсөлтийн албан тат­вар ногдуулахгүй байх. Үүнд: 1/ ил уурхай үйлдвэр­лэлийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд… 2/ хөрөнгө оруулагч дан­гаараа, эсвэл нэг болон түүнээс дээш гуравдагч талтай хамтран Монгол Улсад зэс хайлуулах үйлд­вэр барьж байгуулахад үнийн өсөлтийн татвар төлөхгүй тухай тохирол­цов” гэжээ. Монгол Улс дан ганц эрдэс түүхий эд экспортолж, бус­дын түүхий эдийн хавсарга байх бус, зэс цайр төмрөөрөө эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэр­лэж, нүүрсээ коксжуулж экспортлох бодлогод “Айвен­хоу Майнз, Монголиа инк” компани дөрөөлж /барьцаалж/ зэсийн үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлүүлэх са­наарх­лыг нь манай ажлын хэсгийнхэн зөвшөөрч гэрээ­ний төсөлд тусгасан байна. Энэ нь эдийн засгийн хувьд тус компанид үлэмж ашигтай, Монгол Улсад хохиролтой нь ойролцоо тооцоогоор нотлог­дож байна. Монгол Улс “Айвенхоу Майнз, Монголиа Инк” компа­ни­гүйгээр дангаараа юмуу бусад хөрөнгө оруулагчтай хамтарч зэс боловсруулах үйлдвэр байгуулах боломж буй. Энэ дашрамд өгүүлэхэд зэс алтны үнийн өсөлтийн албан татвар нь зайлшгүй байх шударга татвар боловч, хэлбэр нь зохистой бус учир онцгой албан татвар болгож өөрчлөх хэрэгтэй байгаа юм. 15.3-д “энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хоорондын зөрүү заалт гарсан тохиол­долд энэхүү гэрээний заалт, нөхцөлийг даган ба­рим­тална” гэж “Айвенхоу Майнз, Монголиа Инк” ком­панид давуу эрх олгосон, эрх ашгийг нь илүү их тусгасан, Монгол Улсыг хохироосон, барьцаалж басамжилсан, шударга бус гэрээний заал­туудыг Монгол Улсын хууль тогтоомжоос дээгүүр тавьж, түүнд захируулах гэсэн бай­на. Энэхүү гэрээг энэ заал­туудаар нь баталбал УИХ хөрөнгө оруулалт, татварын болон ашигт малтмалын хуу­лиудыг өөрчлөх ба өөр ямар нэгэн хууль батлах, Засгийн газар тогтоол шийдвэр гаргах­даа тус компанитай байгуул­сан гэрээний заалтуудыг ба­римт­лах болж байна. Яавч энэ гэрээнд ийм заалт байж бо­лох­гүй. Энэ талаар хуульчид үгээ хэлэх байх. Ямар ч гэрээнд оролцогч талуудын хүлээх үүрэг ха­риуц­лага, гүйцэтгэх ажлын хуваарь, оруулах хөрөнгийн хэмжээ, хамтарч хэрэгжүү­лэх ажлыг маш тодорхой заадаг бол энэ гэрээнд тийм системтэй заалт байхгүй, эх захгүй холион бантан хутга­сан зүйл-заалтууд байна. Мөн гэрээний үг өгүүлбэр үл ойл­гог­дох болхи, компанитай гэрээ хийхийг төсөлтэй гэрээ байгуулах гэх мэт техникийн шинжтэй ташаарал их байна. Дүгнэж өгүүлэхэд, харил­цан ашигтай, шударга бус, “Айвенхоу Майнз, Монголиа Инк” компанид давуу эрх олгож, нөөц баялгаа дээрэм­дүүлэх нөхцөл бүрдүүлсэн хийгээд энэхүү гэрээний заалтуудыг Монгол Улсын хууль тогтоомжоос дээгүүр тавьсныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар ахлагчтай ажлын хэсэг зөвшөөрч тохи­ролц­сонд харамсаж байна. Сангийн сайд Н.Баярт­сайхан гэрээний далд тооцоо буюу тус ордыг ашигласнаар олох ашиг орлоготой харьцуу­лахад Монгол Улсад юу өгө­хийг тооцоогүй, өнгөц өгөөжид хууртаж, Монголд ашигтай гэрээ болсон гэж хоосон магтаж сууна. Ажлын хэсэг, гэрээ бай­гуулж буй компанийнхаа бэл бэнчин, хөрөнгө чинээ, нэр хүнд, найдвартай эсэхийг тодруулж тогтоогоогүй болол­той юм. Улс орон дамнасан луй­варчидтай гэрээ хийж байгаа ч юм билүү. Хохиролтой гэрээ хийхэд хүргэсэн бодит шалтгаанууд Улс орноо хохироох гэрээ хийхэд хүргэсэн бодит шалт­гаа­нуудыг тайлбаргүй тоочих төдий авч үзье. Нэгд, мордохын хазгай гэгчээр уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого­гүй­гээр ашигт малтмалын алдаатай хууль баталснаас болж, өнөөдөр “Айвенхоу Майнз, Монголиа Инк” компа­ни­тай улс орноо хохироох гэрээ хийхэд хүргэлээ. Хоёрт, Үйлдвэр, худал­даа­ны яам Оюутолгойн ордод хайгуул хийж тогтоосон нөө­цийг гадаадын экспертийг оролцуулан шалгаж дүгнэж, үнэлж баталж, түүндээ үндэс­лэн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж, мөн түүнээ баримталж гэрээний өөрийн төсөл боловс­руу­лаагүй, “Айвенхоу Майнз, Монголиа Инк” компанийн тавьсан санал, шахалт шаард­лагыг наймаа хийх маягаар хэлэлцэж тохиролц­сон нь ажиглагдаж байна. Гуравт, гэрээний төсөл хэлэлцэхэд шилдэг эрдэмтэн мэргэжилтнүүд, ТББ-ын тө­лөөл­лийг оролцуулаагүй, зөв­хөн ажлын хэсгийн мэргэжил боловсрол туршлага дутмаг залуучууд маш нууц байдалд, явцуу хүрээнд хаалттай ажил­ласны дээр Засгийн газар онцгой анхаарч, төсөлд гадаад дотоодын мэргэжилт­нүүдээр санал дүгнэлт хийл­гэл­гүй ор нэр төдий хэлэлц­сэн болж, УИХ-д өргөн мэ­дүүл­сэн. Дөрөвт, өмнө өгүүлснийг давтан хэлэхэд байгалийн нөөц баялаг ард түмний мэ­дэлд, төрийн өмчид байна гэсэн Үндсэн хуулийн заал­тыг зөрчиж хайгуул хийсэн зардалд барьцаалагдаж тө­рийн өмчийг хайгуул хийсэн этгээдэд өмчлүүлэх буруу ойлголт нь “Айвенхоу Майнз, Монголиа Инк” компанитай байгуулах хөрөнгө оруулал­тын гэрээнд тусгагдсан зэрэг шалтгаанаар Монгол Улс хохирох гэж байна. Оюутолгойг харилцан ашигтай ашиглах хоёр хувилбар Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэж, “Айвенхоу Майнз”-ынхыг дээгүүр тавь­сан тэгш бус, шударга бус энэхүү гэрээг УИХ батлахгүй нь ойлгомжтой. Тэгээд яах болж байна вэ гэвэл миний бодож байгаагаар хоёр хувил­бар байна. Нэгдэх нь бие бүтээг­дэхүүн хуваах хувилбарыг “Айвенхоу Майнз, Мон­голиа Инк”-д санал болгох. Тус ордыг ашиглах эхний таван жил буюу 2010-2015 онд манай тал олборлох зэс алтны 40 хувь, “Айвенхоу Майнз, Монголиа Инк” хамт­рагчийн хамт 60 хувь, 2016-2020 онд 50:50 хувь, 2021-2025 онд Монголын тал 60, нөгөө талууд 40 хувиар тус тус бие бүтээгдэхүүн хуваа­хаар тохиролцож Ерөнхий гэрээ байгуулах. Уурхайн геологийн нөх­цөл, хүдрийн гарц, зах зээлийн үнэ борлуулалт, орлого зар­лага, үр ашгийн өөрчлөл­түүдийг харгалзан бие бүтээг­дэхүүн хуваах хувийг өөр­чилж болох юм. Бие бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр хамтарч ажил­лахад компанийн менежмен­тийг “Айвенхоу Майнз, Мон­голиа” “Айвенхоу Оюутолгой лимитэд” хоёр хариуцаж Мон­голын тал Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүнийг томилж, компанийн үйл ажил­лагаанд хяналт тавих үүрэг­тэй оролцоно. Харин санхүү­гийн баримтад гарын үсэг зурдаг хоёр дахь хүн нь Мон­голын төлөөлөгч байх ёстой. Ерөнхий гэрээг арван жилээр байгуулж, түүнд бие бүтээгдэхүүн хуваах, үйлд­вэр, дэд бүтэц байгуулах болон техник технологид хө­рөнгө оруулах, хамтран ажил­лах талууд тус бүрийн хийх ажил, гүйцэтгэх үүрэг хариуц­лага, хамтарч шийдвэрлэх арга хэмжээ, байгаль орчныг нөхөн сэргээх гэх мэт үндсэн асуудлыг тусгах ёстой. Хэрэв бие бүтээгдэхүүн хуваах хувилбарыг хамтарч хоёр компани хүлээж авахгүй бол тэдэнтэй хамтарч ажил­лахыг зогсоож, хайгуул хий­сэн зардлыг нь төлж, мөн зардлаар бэлтгэсэн ил далд уурхайнуудыг бусад объек­тын хамт Монгол Улсын Зас­гийн газар авах хэрэгтэй. Хоёр дахь хувилбар. Бие бүтээгдэхүүн хуваах нөх­цөлийг хамтрагч ком­паниуд хүлээж авахгүй бол манай Засгийн газар Оюутолгойн ордыг ашиглах төслийг бо­ловс­руулж, олон улсын тен­дер зарлаж, сонирхож буй Орос, Австралийн болон бу­сад улсын компанийг орол­цуулах. Харин Оюутолгойд гадаадын хоёроос дээшгүй компанитай хамтран ажиллаж Монголын тал хувьцааны 51-ээс дээш хувийг эзэмших ёстой. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойд хөрөнгө оруулах санхүүгийн эх үүс­вэрийг дотоод нөөцөө дайч­лах, тус ордоос хуваарилах ногдол ашгаа барьцаалж, хамтрагч талуудаас болон хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгуул­лагаас урт хугацаатай, бага хүүтэй зээл авах замаар бүрдүүлж болох юм. Стратегийн ордуудыг ашиглах талаар авбал зохих арга хэмжээ Дараахь арга хэмжээ ава­хыг УИХ, Засгийн газарт зөв­лөж байна. Нэгдүгээрт, уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлалыг боловсруулан баталж, түүнд байгаль орчныг авах юмгүй болтол сүйтгэдэг, химийн хорт бодисоор газрын хөрс, ус, ургамал, агаар, хүн мал, амьт­ныг хордуулдаг, төсөвт орлого оруулдаггүй шахам, гадаад, дотоодын луйварч­дын үүр уурхай болсон олон жижиг, дунд ордуудын дий­лэнхийг хааж, хэмжээ хяз­гаар­тай ашиглах талаар тусгах. Хоёрдугаарт, уул уур­хайн шинэ бодлогодоо тул­гуур­лан ашигт малтмалын хууль дахь улс орны эрх ашигт үл нийцэх алдаатай заалтуудыг яаралтай өөрчилж залруулсны дараа хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуу­лах, өмнө байгуулсан тогт­вор­той байдлын гэрээнүүдийг цаг алдалгүй цуцлах. Гуравдугаарт, Оюутол­гой болон бусад стратегийн ордуудын техник-эдийн зас­гийн үндэслэлийг гадаадын экспертийн оролцоотой хянаж үнэлж дүгнэж батлах. Дөрөвдүгээрт, страте­гийн ордуудыг ашиглах төс­лүү­дийг яаравчлан боловс­руулж, олон улсын тендер зарлах. Тавдугаарт, татвар, төл­бөр, хураамж, татварын хөн­гө­лөлт урамшууллыг тав таван жилээр тогтвортой мөр­дөж бизнесийн тааламжтай орчин бүрдүүлэх, өөрч­лөгд­сөн өсөлт бууралтыг тухай бүр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад дагаж мөрдүү­лэх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтний зөвлөлийн гишүүн, доктор, профессор Г.ПҮрэв­баатар

No comments:

Post a Comment