Томчууд гэрээ хийх эрхийг "Рио тинто"-д эсвэл "Чайналко"-д өг гэж ширүүхэн дуугараад байх юм

http://economics.gogo.mn/news/57533 2009 оны 8-р сарын 5 Томчууд гэрээ хийх эрхийг -Түүнчлэн хэн гэдэг нь мэдэгдэхгүй нөхөр xaaнaac ч юм бэ гарч ирээд Монгол улсын парламентыг хуралдуулах жишээтэй- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ид өрнөж байна. Ёстой л дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэгчлэн хоёр парламент, гурван ч Засгийн газрын нүүр үзсэн Оюутолгойн асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Монголчууд Оюутолгой гэдэг цуутай "хүүхнээ" хадамд гаргах санаатай сүүлийн хэдэн жил сүрхий дуулиан шуугиан дэгдээлээ. Гэвч "бэр гуйгчид" хадмуудаа хатуу гэж халширсан уу, эсвэл "хүүхнийг" нь хэрэглээ өндөртэй хэмээн эмээсэн үү, юутай ч өнөөг хүртэл худ бололцож хурим найр хийх нь битгий хэл хадаг өгч, сүй тавьсан юмгүй л явна. Уг нь хэдэн жилийн өмнөөс хүргэнд нэр дэвшээд байгаа "Айвенхоу Майнз" гэдэг компани "Рио Тинто" нэртэй "хойд" аавынхаа хамтаар Оюутолгойн эцэг эх болох Монгол Улсын Засгийн газартай ураг барилдахаар хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан. Гэвч хүргэний талаас хэрэв та нар Оюутолгойгоос 34 хувийг эзэмших гэж байгаа бол бидэнд дөрвөн төрлийн татварын хөнгөлөлт үзүүл хэмээн "инж" нэхсэн юм. Иймэрхүү үүх түүхтэй гэрээний талаар эрдэмтэн, докторууд, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд ийн ярьж байна. Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц, МУИС-ийн багш, доктор С.Авирмэд, Ардчилсан Үндсэн хуулийг тогтоогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цог, "Эрс шинэчлэл" хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхбат, Л.Баярхүү, Уул уурхайн инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Владимир, Эрдэс баялгийн үндэсний корпорацийг үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун нарыг дугуй ширээнээ урьж ярилцлаа. -Та одоо яригдаж байгаа хувилбарт хуульч хүнийхээ хувьд үгээ хэлнэ үү? Л.Цог: Захидалд энэ гэрээг батлах юм бол Монгол орныг арван цагаан буяныхаа мөрөөр алхах замдаа орно гэжээ. Хэрвээ батлахгүй, парламентын шийдвэрээр явбал Монгол Улс арван хар нүглийнхээ жимээр орно гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл, манай улсыг хязгаарлагдмал, бөглүү газартаа ганцаараа үлдэнэ гэж айлгасан байна. Тэгэхээр бүхэл бүтэн тусгаар улсын төрийг тэд нар мэддэг болоо юу. Монголчуудын газрын хэвлий дэх баялгийг хэнтэй яаж, ашигтай хуваахаа бид өөрсдөө мэдвэл яасан юм. Яагаад заавал гадны улсын байр суурийг сонсох ёстой гэж. Хэрвээ тэд үнэхээр Монголын ард түмний эрх ашгийг үл хүндэтгэж байвал Засгийн газар болоод холбогдох албан тушаалтнууд татгалзахаас яагаад айгаад байгаа юм бэ. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл хөрөнгө оруулалтын гэрээний асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Миний мэдэхийн дөрөв, тав дахь удаагаа буцаагдаж байна шүү дээ. Тэгэхээр ингэж олон дахин "төрхөм"-дөө буцаж байгаа нь хоёр талын нөхдүүдтэй холбоотой. Мөн манай улстөрийн хувьд ч гэсэн алдаатай дүгнэлт болж байгаа юм. -Яагаад тэр билээ? -Хамгийн энгийн жишээ гэхэд л аль аль тал нь техник эдийн засгийн үндэслэлээ нарийн тооцож гаргаагүй байж юу яриад байгаа юм бэ. Ингээд хэлээд байвал ноцтой олон асуудлыг хөндөж чадахаар байна. Ч.Хурц: Tөp засаг ийм хүмүүстэй юм ярих нь ичмээр -Монголын төр хөрөнгө оруулалтын 34 хувийг эзэмшинэ гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Зарим хүн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг "Айвенхоу майнз", "Рио Тинто"-той биш Хятадын "Чайналко" компанитай хийвэл манай улсад ашигтай гэдэг мессеж явуулаад байна? Л.Баярхүү: Тийм юм байхгүй ээ. Онцолж хэлэхэд, Оюутолгой бол дэлхийд зартай болж байгаа том орд. Үүнийг ч дэлхийн томоохон компаниуд хүлээн зөвшөөрдөг. Ийм байхад энэ ордод хөрөнгө оруулагч олдохгүй гэвэл ёстой гэнэн асуудал болно биз. Тэгэхээр манайд л ашигтай хувилбар санал болгох юм бол хэн ч байсан яах вэ дээ. Ч.Хурц: Надад онцгойлон хэлэх үг байна. Юу гэвэл энэ хоёр компанид Монгол Улсын парламентад хандан ингэж захиа бичих эрх мэдэл байгаа болов уу. УИХ өөрийн гэсэн Дэгийн тухай хууль болон хэзээ, хэрхэн, ямар нөхцөлд яаж хуралдах ёстой вэ гэсэн нарийн дэг жаягтай шүү дээ. Тэгэхэд гадны ганц улс захиа бичихэд л УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад хуралдах юм гэнэ (инээв). Үүнээс юу харж болохоор байна гэвэл наанадаж эдгээр улс хууль зүйн боловсролгүй юм байна. Ийм л хүмүүстэй манай Засгийн газар хэлэлцээний ширээний ард цаг заваа үрээд суугаад байгаа юм биш үү. Тэгээд ч энэ хоёр улс манайд хандан УИХ-аа үтэр түргэн хуралдуул гэж хэлэх эрх байхгүй. Хамгийн гол нь эдгээр улсын ингэж хэлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнээс салбарлан гарсан хууль дүрмийн эсрэг үйлдэл юм. Тэгэхэд манай учир мэдэхгүй хэдэн залуу үүнийг нь хөхүүлэн дэмжээд парламентыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна гээд УИХ-ын Тамгын газарт албан бичиг хүргүүлээд сууж байх юм. Үүнийхээ нарийн учрыг ч мэдэхгүй л яваа даа. Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, эдгээр улсын боловсруулсан төсөл, санаа нь одоо хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хаана юу хийх гээд байгаа нь хэнд ч ойлгомжгүй байна шүү дээ. -Таны бодлоор Засгийн газраас илгээх захианы хариу ямар байх ёстой вэ? -Тэдэнд ямар нэг хариу илгээх нь буруу. Гэхдээ Засгийн газар төдийгүй УИХ ч хариу өгч болохгүй. Харин олон улсын буюу ердийн хуульчид үүнд хариу өгөх ёстой. Тэгэхээр манай төр засаг ийм хүмүүстэй юм яриад суух нь ичмээр байгаа биз. Тэгэхэд манайхан эдгээр компани хэнийг төлөөлөөд байгаа нь тодорхойгүй байхад тэр ч бүү хэл хэлэлцээ хүртэл хийнэ гээд суугаад байх юм. Энд бүгдийг нэгтгээд ганц юм хэлэхэд, хэрвээ Засгийн газар захианы дагуу УИХ-ыг хуралдуулах юм бол хууль зөрчсөн хэрэгт унана гэдгийг хатуу хэлчихье. Тэгээд ч Засгийн газар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулна гэж юу байх вэ. Захианы талаар хошуу нэмэрлэмээр байна. Тодруулбал, бүрэн эрхт тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт шууд оролцон УИХ-ыг доромжилсон, ард түмнийг нь басамжилсан ийм л утгатай захидал. Тиймээс бид захидал бичсэн хүмүүст тодорхой асуулт тавьж, мэдэгдэл гаргах болно. -Гэрээний хувь хэмжээний талаар. Таны байр суурийг сонирхвол? -Энэ уурхайгаас хэдий хэмжээний ашиг олж, ард түмэн хэзээ өгөөжийг нь гар дээрээ тавих юм гээд наад захын бүх асуудал тодорхой болгоогүй байхад Засгийн газар хэлэлцээ хийгээд суугаад байх юм. Ёстой юугаа яриад байгаа нь бүү мэд. Тэгэхээр эхний ээлжинд ямар ч байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байсан. Тэгтэл хаврын чуулганаар хамгийн гол асуудал болох үүнийг бас л санаатай орхигдууллаа. Ч.Хурц: 5.4, 5.5 бол лоббидож оруулсан заалт -Магадгүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрийнхөө талд ашигтай хувилбараар хийхийн тулд зайлшгүй Ашигт малтмалын тухай хуульд гар дүрэх ёстой байсан гэдгийг олон хүн хэлж байсан. Гэтэл УИХ өнгөрсөн хугацаанд уг хуулийг яагаад хэлэлцээгүй юм бэ. Үүний цаана улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол байна уу, эсвэл...? Ч.Хурц: Өөрийнхөө газар нутаг дээр байгаа ашигт малтмалаа "айл"-аар заалган хувь заяаг нь шийддэг ёс хаана байна. Ямар ч гэрээ, хэлэлцээг хийхдээ өөрсдөө нөхцөлөө тавьдаг болохоос биш одоогийн ярьж байгаа шиг ийм асуудал байж болохгүй. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 5.4, 5.5 бол тусгай захиалгаар лоббидож оруулж ирсэн заалт мөн. Үүнийг Монгол Улс хэзээ ч мөрдөж болохгүй. Энэ заалтыг хасаагүй тохиолдолд гэрээний талаар ярихад бас л эмгэнэлтэй байна даа. Мөн гэрээний нөхцөлд "Энэхүү гэрээний хавсралт нь техник, эдийн засгийн үндэсээр нөөц тооцно" гэсэн байдаг. Тэгэхээр нөөц бага гэсэн үг. Ийм юм өнөөгийн нийгэмд хаана байдаг юм бэ. Гэхдээ гэрээг ямар ч нөхцөлд байгуулж болно. Эцсийн эцэст ямар ч гэрээнд гарын үсэг зурсан л бол түүний ард хариуцлага хүлээх хүн байх ёстой. Муугаар бодоход олон улсын шүүхэд хэн нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох вэ. Яах вэ эрх биш УИХ л очихгүй нь лавтай. Засгийн газар улайх байлгүй дээ. Үүгээр би юу хэлэх гээд байна гэвэл Монгол Улсын Засгийн газар кабинетын системээр ажиллаж байна. Хэрвээ тийм биш бол яахаараа ганц гэрээнд гурван сайд гарын үсэг зурдаг юм бэ. Магадгүй хожим нь гурван сайдын хоёр нь зөвшөөрсөн, нэг нь толгойгоо сэгсэрсэн байхад хэнээс хариуцлага нэхэх юм. Тэгээд ч Монголын төрийг гурван сайд төлөөлдөг болоо юу. Иймэрхүү юмыг нарийн хэлэлцэх учиртай. Хэрвээ энэ гэрээг буруу хийвэл Монгол Улс "Айвенхоу Майнз" компанийн харьяа болж мэднэ шүү. Яагаад гэвэл аливаа улсын эдийн засгийн байдал нь үндэсний аюулгүй байдлынхаа хамгийн гол тулгуур нь юм. Тиймээс бид ийм аюул учрах вий гэсэндээ л энэ талаар яриад, сануулаад байна. Х.Владимир: Ч.Хурц гуайтай санал нэг байна. Тэгээд ч аливаа тусгаар тогтносон улс орон ямар нэгэн гэрээ, хэлэлцээг хийхдээ өөрсдөө нөхцөлөө тавьдаг болохоос биш одоогийн ярьж байгаа шиг хүний үгээр явдаг ёс ямар улсад байна вэ. Ийм асуудал байж болохгүй. Бас нэг асуудал бол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж л дараагийн асуудлыг ярих хэрэгтэй. Д.Энхбат: Хорвоо дээр хоёрхон компани байгаа биш дээ -Хятад улс манайд төмөр зам тавьж өгөх тухай асуудал үндсэндээ шийдэгдсэн. Тэгэхээр гэрээний зах зээл урд хөршид өрнөх нь тодорхой болчих шиг боллоо? Л.Баярхүү: Энэ бол тодорхой асуудал шүү дээ. Үүнтэй хэн ч маргахгүй, ойлгомжтой зүйл. Тэгээд ч "Рио тинто", "Айвенхоу майнз" олон жилийн өмнө манай урд хөрштэй үгсэн тохирч Монгол Улсын баялгийг Хятадад төвлөрүүлэх асуудлыг ярилцсан. Өөрөөр хэлбэл, манай улсын газрын хэвлий дэх баялгийг Хятад руу зөөнө гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, хорвоо дээр ямар хоёрхон компани байгаа биш дээ. Энэ бол аргаа барсан хүний үг мөн биз. Үүнийг бас бодолцох л ёстой асуудлын нэг шүү. Мөн нэг асуудлыг хөндөхөд, манай нөхөд ч хэлж байна. УИХ өөрийн гэсэн чуулах дэгтэй, журамтай. Тэгтэл хэн нэгнээс захидал ирэнгүүт хуралдах ёс байхгүй гэдгийг хэлмээр байна. Тэгээд ч парламент гэдэг бол бидний төлөөлөл. Хамгийн сонирхолтой нь УИХ санаа бодлоо тодорхой хэлээд албан ёсоор байр сууриа илэрхийлчихсэн байхад биднийг ингэж доромжилж байгааг төрийн өндөрлөгүүд хараандаа аваасай гэдгийг давтаж хэлмээр байна. Д.Энхбат: Ер нь гол зарчим бол Монголчууд Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх гээд байгаа болохоос биш гэрээг батлах гэсэн юм биш. Үнэн чанартаа гэрээ байгуулж болно бас эсрэгээрээ байж ч болох шүү дээ. Харин Оюутолгойг хэнтэй, хэрхэн, хэдийд ашиглах гээд байгаа нь Монголчуудын эрхийн асуудал. Энэ утгаараа бид тухайн ордын эзэн учраас шалгуур, нөхцөлөө өөрсдийн эрх ашгийн хүрээнд тавих ёстой. Тэгтэл томчууд гэрээ хийх эрхийг "Рио тинто"-д эсвэл "Чайналко"-д өг гэж ширүүхэн дуугараад байх юм. Үүнийг хэн бидэнд хэлээд, тушаагаад байгаа юм бэ. Түүнчлэн хэн тэдэг нь мэдэгдэхгүй нөхөр хаанаас ч юм гарч ирээд Монгол Улсын парламентыг хуралдуулах тушаал буулгах жишээтэй. Уг нь Монголын ард түмэн ч дуртай үедээ парламентыг хуралдуулж чаддаггүй шүү дээ. Энэ бол тогтсон нарийн дэг журам, зарчимтай гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Асуудал ийм л байна. Хэрвээ энэ хоёр компани манай улсын дотоод асуудал буюу УИХ, хэзээ хуралдахыг зааж өгөх гээд байгаа юм бол эхлээд бидний төлөөлөлд нэг бүрчлэн заагаад өгчих. Дараа нь бид ч гэсэн тэдний ойлгохгүй байгаа асуудлыг хэлээд өгчихье. Эцэст нь хэлэхэд, хэдэн мянган жилийн түүхтэй тусгаар улсад иймэрхүү компаниуд асуудлыг заах болоогүй шүү. Л.Цог: Нэмж ярихад, хөрөнгө оруулагч тал УИХ-ын гишүүдтэй санаа бодлоо уулзаж, ярилцах хүсэлт гаргажээ. Үүнийг тодруулбал, одоогийн хэлэлцэж байгаа хувилбараас цааш яриа үүсвэл юу болохыг бид 100 хувь тааж байна. Шулуухан хэлэхэд, нөгөө л авлига, хээл хахуулийн замаар орно гэсэн үг. -Х.Владимир гуайгаас уул уурхайн инженер мэргэжилтэй хүний тань хувьд асуумаар байна л даа. Хөрөнгө оруулагч талаас гарган тавьсан Оюутолгойн ордын гэрээний концевци хэр үндэслэлтэй хийгдсэн бэ? Х.Владимир: Гэрээний төслийн тооцоо, үндэслэлийг мэргэжлийн хүний хувьд сайн мэдэж байна. Үнэнийг хэлэхэд, ордыг ашиглах концевци тодорхой хийгдээгүй шүү дээ. Мөн захидалд дурьдсан шиг үсрэнгүй хөгжилд хүрэх нарийн тооцоо, судалгаа байхгүй гэдгийг хэлмээр байна. Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, хөрөнгө оруулагч тал өнгөн дээрээ техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэх боловч нарийн тооцоог гаргаагүй байгаа. Нөгөөтэйгүүр, бид хамгийн сүүлд батлагдсан нөөцөнд тооцоо хийж үзсэн. Тэгэхэд дэлхийн зах зээлд зэсийн үнийг хамгийн бага ханшаар бодоход л одоогийн яригдаж байгаа хувилбар "айл"-ын талд ашигтай байгаа юм. Тиймээс төслийг батлуулах гэж ингэж улайран зүтгэж байгаа нь гадаад, дотоод аль аль талдаа луйвар яваад байгаа юм биш үү. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, хэрвээ төслийн хүрээнд ямар нэгэн луйвар, булхай байхгүй юм бол гэрээний бүх үзүүлэлтийг яагаад олон нийтэд дэлгэж цахим хуудсанд тавихгүй байгаа юм бэ. О.Сэлэнгэ

No comments:

Post a Comment