Ураны олдоц алт, мөнгөнөөс арвин ч...

http://news.gogo.mn/r/82857 2011 оны 2-р сарын 2 Ураны олдоц алт, мөнгөнөөс арвин ч... Хүн төрөлхтөн анх 200 гаруй жилийн өмнө ураныг нээжээ. Дэлхийн 20 км зузаан давхаргад 300 их наяд тонн уран байдаг гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл ураны олдоц алт, мөнгөнөөс ч арвин агаад Монголын уул толгодын боржин чулууны тонн тутамд 25 грамм уран агуулагддаг байна. Тонн тутамд агуулагддаг тэрхүү уран 125 тонн нүүрстэй тэнцдэг гээд бодохоор чамлахааргүй баялаг яах аргагүй мөн. Уран бусад төрлийн ашигт малтмалын ордуудад ихээхэн хэмжээгээр агуулагддаг байна. Уран хэмээх металлын талаар Монголчуудад ойлголт тун багын дээр мэдлэг, мэдээлэл ч хангалтгүй байна. Гэхдээ тэртээ он жилүүдийн түүхээс харахад судалгаа, шинжилгээний ажлууд тасралтгүй үргэлжилж байсан бололтой. Анх ураны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, анхны геологич, доктор О.Чулуун Монгол Улсад ураны найман төрлийн орд бий хэмээн үзжээ. Түүний дараа геологич Б.Мөнхтөр Гурванбулагийн ураны ордоор судалгааны объектоо сонгон ажиллаж, эрдмийн зэрэг хамгаалсан байна. Мөн С.Авирмэд, П.Очирбат зэрэг эрдэмтэд Монгол дахь ураны ордууд дээрх үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгүүд, ордын дундаж агуулга зэрэг судалгааны талаар бичиж нийтлүүлсэн удаатай аж. 1980-аад оны эхээр геологич Д.Гарамжав орос хэлээр ураны тойм судалгааны гар бичмэл үйлдэж байжээ. Түүнд ураны ордын үйлдвэрийн төрлүүдийн жагсаалт багтсан аж. Энэ нь бидний гарт ашиглагдаж буй 2007 онд шинэчлэгдэн гарсан ОУ-ын ураны ордын инструкцээс хол зөрөөгүй юм байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг хамарч ураны судалгаа хийгдсэний дүнд ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажлуудыг илрүүлэн тогтоосон байна. Геологийн тайлан материалуудын 18 хувийг 1991-1992 онд Монголын талд шилжүүлж өгсөн бөгөөд бусад нь ОХУ-д хадгалагдаж байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын Цөмийн энергийн газарт бүртгэл бүхий 130 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлыг дэлхийн хэмжээнд салбартаа эхний 10 байранд ордог нэр хүндтэй, гадны томоохон байгууллагууд хийж гүйцэтгэж байгаа аж. Манайхныг ашигт малтмал, ялангуяа ураны талаар ямар ч мэдлэггүй байх үед Мардайн ураныг оросууд цөлмөөд явчихсан гэж хүмүүс ярилцдаг. 1971 онд хуучнаар ЗХУ тус ордод хайгуул хийж, 1974 онд илрүүлжээ. Таван жилийн дараа буюу 1981 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ЗХУ манай Засгийн газартай "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ураны орд ашиглах тухай" хэлэлцээр байгуулсан байна. Түүнээс хойш 1988-1995 оны хооронд нийт 510.6 мянган тонн хүдэр олборложээ. Тус ураны ордуудыг түшиглэн 1982-1988 онд "Эрдэс" олборлох үйлдвэр байгуулан төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай зэрэг олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн байдаг. Дээрх уурхай нь хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай байжээ. Тухайн үед хийсэн бүтээн байгуулалтын ажил нь манай оронд олон талын үр ашиг өгснийг мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, төмөр зам, ус дамжуулах хоолой зэрэг нь тухайн үедээ хийж чадсан томоохон ажлын нэг юм. Зөвхөн төмөр зам ч гэлтгүй үйлдвэржилтийн амьдралыг даган сургууль, цэцэрлэг гээд жинхэнэ хөгжил цэцэглэлт явагдаж байсан түүхэн үе Мардайд байжээ. 1990-ээд онд Концессын гэрээ дуусгавар болоход тус гэрээнд тусгагдсаны дагуу Мардайн ордыг түшиглэн боссон бүтээн байгуулалт, хөрөнгө манай орны мэдэлд шилжсэн. Мардайн ордод одоогоор 800 метрийн гүнтэй гурван хоолой, 130 гаруй км төмөр зам гээд олон зүйл үлджээ. Энэ орд ашиглагдаж эхэлснээс хойшхи тооцоогоор 456 сая гаруй долларын ажил хийгдсэн агаад, 600 мянган тонн хүдэр экспортлогдсон гэнэ. Манайд ураны чиглэлээр "Cameco Mongolia" LLC, Arevamongol LLC, Denison Mines Corp, East Asia Minerals Corp, болон Khan Resources Inc зэрэг геологи уул уурхайн байгууллагууд судалгаа явуулсан байдаг ажээ. Канадын "Хан ресорсиз"" компани Дорнодын ураны ордын ашиглалтын, Хүдрийн голын хагасыг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг. Манай улс буюу Төрийн өмчийн хороо дүрмийн сангийн дагуу 21 хувийг, ОХУ мөн 21 хувь, үлдсэн 58 хувийг эзэмшдэг. “Дорнод Гурванбулаг", "Мардайн гол", "Дорнод"-ын ордуудын нөөцийн талаар хийсэн ОХУ-ын судалгааны ажлыг одоогийн өрөмдлөгийн үр дүнтэй харьцуулахад ураны агуулгыг багасгасан, хүдрийн биетийн хязгаарт нөөцийн хэмжээг зориуд багасгасан байдал ажиглагдаж байжээ. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийх айлчлалынхаа үеэр "Дорнод уран" ХХК-ыг үүсгэн байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ нь бас л нийгэмд хардлага сэрдлэг төрүүлж, ОХУ-д ураны ордоо найр тавиад өгчихлөө, энэ ордоороо барьцаалагдчихлаа гэсэн мэдээллийг араасаа дагуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр "Дорнод-Уран" хамтарсан компанийг Монголын тал 51, Орос 49 хувиар эзэмшихийг эцэслэн шийдвэрлэсэн. Харин "Дорнод-Уран" компанийг байгуулахдаа гуравдагч хөрөнгө оруулагчийг идэвхтэй оролцуулна гэсэн тохиролцоонд хүрчээ. Ураныг олборлохдоо түүхийгээр гадагш зөөхгүй, дотооддоо нэмүү өртөг шингээж, боловсруулсан шар нунтаг хэлбэрээр зах зээлд нийлүүлнэ. Үүнээс гадна "Дорнод-Уран" компани Монголд 1000 ажлын байрыг шинээр бий болгоно гэнэ. Тус салбарт үндэсний 250 мэргэжилтнийг гадаадад бэлтгэх сургалтын бүх зардлыг тус компаниас даахаар болжээ. Монголчууд 51 хувьдаа мөнгө төлөхгүй гэдгээрээ бас давуу талтай яриа хэлэлцээр болсон. Энэ хувь нь Мардайн ордын лиценз байх бол Оросын тал өөрсдийн 49 хувьдаа ногдох хөрөнгө оруулж үйлдвэрийг байгуулах юм. "Дорнод-Уран" компани нь зөвхөн Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулахаар болсон. Оросын "Риа Новости", "News.ru" сайтуудад "Талууд Монгол улсын Дорнод аймаг дахь Дорнод, Гурванбулаг гэсэн хоёр ордыг эзэмших хувь хэмжээг тохирчээ. Монгол-Орос тус бүр 21 хувийг эзэмших бөгөөд хяналтын багц буюу 58 хувь нь Монголын стратегийн ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарласан хууль гарахаас өмнө лиценз авсан Канадын Хан ресорзес компанид оногдоно" гэж мэдээлсэн байна. Цөмийн энергийн газраас энэ мэдээллийг эрс үгүйсгэж байв. Оросууд яагаад ураны ордыг сонгов гэдэг асуудал урган гарч байна. Орос улс өөрөө хангалттай урантай аж. "ОХУ Байгалийн хязгаараас хэрэгцээт ураныхаа 96 хувийг гаргаж авдаг. Жижигхэн Буриадад л гэхэд ураны 13 орд газар байгаагаас ганцхан Хиагдын уурхай нь 27000 тонн буюу 40 жил ашиглах нөөцтэй гэсэн. 1.5 сая тонн ураны нөөцтэй Казахстан улс өнгөрсөн жил 13500 тонн ураны исэл олборлож энэ салбартаа дэлхийд тэргүүллээ" гэж хэвлэлд мэдээлж байсан. Килограмм ураны исэл 100 гаруйхан ам.доллар гээд бодохоор тийм өндөр үнэтэй, ховор эд огт биш бололтой. Гагцхүү цэрэг, стратегийн өндөр ач холбогдолтой учраас л цөмийн зэвсэгтэй том орнуудын хоорондох өрсөлдөөнийг өдөөж байна гэж тайлахаас өөр аргагүй. Хар тугалганаас бараг хоёр дахин хүнд, гангаас хатуу, газрын гүний энэхүү металлиас хүн төрөлхтөн цацраг идэвхт изотоп гарган авч зэвсэг үйлдвэрлэдэг. Нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг, энергийн гайхамшигтай эх булаг уран ертөнц дахинаа эмээж айх шалтгаан дагуулдгийг бид мартах учиргүй. Тэртээ 1945 онд америкчууд Хирошима хотод атомын бөмбөг хаясан. Түүнд агуулагдаж байсан грамм ч хүрэхгүй U235 хэмээх ураны изотопоор асаасан гал хоромхон зуур 200 мянган хүнийг үнс болгосон гашуун түүхийг дэлхий нийт мартаагүй байна. Одоо ч түүний ул мөр бүрмөсөн балраагүй, атомын бөмбөгийн хор хөнөөлөөс болж эдгэшгүй өвчнөөр шаналж, цөхөрч яваа хүн олон бий. Манай улс "учир битүүлэг" энэхүү металлиас болгоомжлоход илүүдэхгүй юм. Ураны олдоц алт, мөнгөнөөс арвин ч... Д.Төмөр

No comments:

Post a Comment